Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар  2021/ДШМ/680

 

 

 

Б.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэнд даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

яллагдагч Б.А, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Н.Баатардорж,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/695 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Солонгын бичсэн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Ат холбогдох эрүүгийн 2111000000124 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

,

Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ......тоотод нөхөр Д.Хтэй маргалдан, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас:

Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 

Яллагдагч Б.Аын өмгөөлөгч Н.Баатардоржийн “...прокурорт гаргасан гомдолд Чингэлтэй дүүргийн прокурорын газар 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаар хүсэлтийг хангахаас татгалзах тухай прокурорын тогтоол, мөн 2021 оны 3 дугаар сар 22-ны өдрийн 5/145 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш дээд шатны буюу дүүргийн Ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй гэж дурдсан бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 хоногийн дотор Улсын ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй боловч хэргийг шүүхэд шилжүүлснээр оролцогчийн эрхийг зөрчиж, гомдол гаргах эрхээр хангаагүй...” гэжээ.

Оролцогч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаар тогтоол, 5/145 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар тус тус тогтоогдож байна. Энэ Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 48 дугаартай хүсэлт хангахаас татгалзах тухай тогтоолыг өмгөөлөгч Ч.Баатардоржид 3 дугаар сарын 26-нд хүргүүлж хүлээн авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн тайлбар, хариу мэдэгдэх хуудасны тэмдэглэгээ зэргээр мөн тогтоогдож байна.

Прокурор хүсэлт хангахаас татгалзсан тогтоол, шийдвэрээ өмгөөлөгчид хүргүүлээгүй байхдаа 2021 оны 3 дугаар сарын 25-нд яллагдагч Б.Ат холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь дээд шатны буюу дүүргийн ерөнхий прокурорт гомдол гаргах эрхийг хязгаарласан нөхцөл байдал үүссэн байна гэж дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад зааснаар оролцогчийн эрхийг зөрчсөн байна гэх өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэлтэй байна гэж үзэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан яллагдагчийн өмгөөлөгч Н.Баатардорж, Д.Батбаяр нар нь мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай хүсэлтээ прокурорт дахин гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

Прокурор С.Солонго эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжинд “...прокурор хүсэлтийг хангахаас татгалзсан тогтоол, шийдвэрээ өмгөөлөгчид хүргүүлээгүй байхдаа 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр яллагдагч Б.Ат холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн...” гэж заасан нь үндэслэлгүй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор 14 дотор хянана..." гэж заааснаар яллагдагч Б.Ат холбогдох хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорт ирүүлснийг хуульд заасан 14 хоногийн дотор хянаж 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 6, 8 дахь хэсэгт заасны дагуу яллах дүгнэлтийг гардуулан өгч 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Яллах дүгнэлт гардуулсны дараа яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс хэргийн талаар хүсэлт, гомдол гаргаагүй ба хэргийг шүүхэд шилжүүлэх ажил хуульд заасан журмын дагуу явагдсан болно.

2.Яллагдагч Б.Аын ... өмгөөлөгч Н.Баатардоржоос гаргасан 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх тухай хүсэлтийг ...хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ажлын 5 хоногийн хугацаанд буюу 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ба энэ талаарх хариу мэдэгдэх хуудсаа 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гардаж авсан.

Гэтэл шүүх хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "...Гомдол гаргагчид гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үндэслэл, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг 3 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргаж болохыг тайлбарлана...” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлд заасан “Мөрдөгч, прокурорын шийдвэр,   ажиллагаанд гаргасан гомдлыг хянах” хуулийн заалтыг баримтлан хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Учир нь өмгөөлөгч Н.Баатардорж нь Б.Ат холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай хүсэлтийг прокурорын хяналтанд гаргасан бөгөөд мөрдөгч, прокурорын шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт "Хүсэлтийг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн ажиллагаа болон бусад ажиллагааны үед хүсэлт дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй" талаар заасан ба хуульд хугацаа тогтоогоогүй болно.

Өөрөөр хэлбэл хуулийн дээрх заалт нь хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хүсэлт гаргах асуудлыг журамлан зохицуулсан бөгөөд прокуророос өмгөөлөгч Н.Баатардоржийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Дүүргийн ерөнхий прокурорт гомдол гаргах эрхийг хязгаарласан нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна.

3.Яллагдагч Б.Ат холбогдох хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар нотлохоос гадна шүүх хуралдааны явцад мөн нотлох талаар заасан тул хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд шүүгчийн 2021/ШЗ/695 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

 Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Прокурор С.Солонгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Өмгөөлөгч Н.Баатардоржоос “Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг прокуророос хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хангахаас татгалзсан шийдвэрт гомдол гаргах хугацааг хуульд заагаагүй. Хуульд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед дахин хүсэлт гаргах эрхтэй талаар хуульчилсан. Дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ч гаргах боломжтой байсан. Анхан шатны шүүхээс “Дүүргийн ерөнхий прокурорт гомдол гаргах эрхийг нь хязгаарласан байна” гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв. 

Яллагдагч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв. 

Яллагдагчийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтыг ноцтой зөрчсөн. Мөн нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр” зэргийг тогтоогоогүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. ...” гэв.  

Яллагдагчийн өмгөөлөгч Н.Баатардорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Шүүхээс маш мэдрэмжтэй шийдвэр гаргасан. Прокурорын байгууллага нийтлэг ийм алдаа гаргаад яваад байгаа. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотой юм. Яллах дүгнэлт гардуулснаас хойш гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлэнэ гэсэн нэмэлт өөрчлөлт орсоноос хойш прокурорын байгууллага бүх хүсэлтийг ингэж шийдвэрлэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар би гомдол гаргах 3 хоногийн хугацаатай. 3 хоногийн хугацааг хүлээж байгаад яллах дүгнэлтээ гардуулж болох байсан. Үндсэн хуульд заасан төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхийг хязгаарласан хуулийн зохицуулалт байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Аыг “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ....тоотод нөхөр Д.Хтэй маргалдан, улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Өмгөөлөгч Ч.Баатардоржийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаархи хүсэлтийг прокурор 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хангахаас татгалзаж шийдвэрлээд энэ талаархи мэдэгдэх хуудсыг өмгөөлөгч Ч.Баатардоржид 3 дугаар сарын 26-нд хүргүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн тайлбар, хариу мэдэгдэх хуудасны тэмдэглэгээ зэргээр тогтоогдож байна.

Прокурор өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрээ өмгөөлөгчид хүргүүлээгүй байхдаа 2021 оны 3 дугаар сарын 25-нд яллагдагч Б.Ат холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “өмгөөлөгч мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;”, 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Яллагдагч нь шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхтэй.”, мөн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй.”, 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч нь мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гаргах гомдлыг хяналт тавьж байгаа прокурорт, хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаархи гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргана.” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Анхан шатны шийдвэрт дээд шатны буюу дүүргийн ерөнхий прокурорт гомдол гаргах өмгөөлөгчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал үүссэн байна гэж дүгнээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, эрүүгийн 2111000000124 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал болох 1 дэх хэсгийн 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр;”, 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг тогтоох нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.   

Иймд яллагдагч Б.Ат холбогдох эрүүгийн 2111000000124 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/695 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  прокурор С.Солонгын бичсэн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ДАРЬСҮРЭН

              ШҮҮГЧ                                                          Т.ӨСӨХБАЯР

              ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ