Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 00236

 

 

 

 

 

  2017           09              06                                                 236

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Хохирогч Д.Бямбасүрэн,

Шүүгдэгч Ч.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-д холбогдох эрүүгийн 1738000000016 тоот хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ч.Б, 1990 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд төрсөн, 27 настай, урианхай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл 2, ээжийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Ч.Б- нь 2017 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чандмань-Өндөр сумын Соёлын төвийн гадна иргэн Б.Бямбасүрэнгийн зүүн чихийг нь хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Б- нь 2017 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Соёлын төвийн гадна иргэн Б.Бямбасүрэнгийн зүүн чихийг нь хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ч.Б-гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тэгээд би бүжгээс гараад сэрүүцээд гадагшаа гараад явж байтал Бямбасүрэнг би санаандгүй шүргээд мэнд усаа мэдэлцсэн. Тэгээд байж байтал Бямбасүрэн “ах их согтуу байна” гэсэн. Бид хоёр соёлын төвийн баруун тийшээ тойроод явсан. Тэнд очоод бид хоёр  нэг мэдэхэд маргалдсан байсан. Бямбасүрэн намайг “чи явуул явчихалдаа” гэхээр нь “Бямбасүрэн гуай чи намайг чи гэж дуудаад чамайг ийм байсан гэдгийг чинь би мэдэхгүй юм байна” гэхэд Бямбасүрэн клубын үүд рүү яваад өгсөн. Би хэсэг байж байгаад Бямбасүрэнгийн араас очоод түлхээд явсан чинь Бямбасүрэн надтай барилцаж аваад намайг боогоод, би нэг зөөлөн юм ороод ирэхээр нь хазсан чинь Бямбасүрэнгийн зүүн чихийг хазсан байсан. Би чихийг нь тас хазаад хазсан чих нь хаашаа алга болсон гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Хохирогч Б.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн  шатанд өгсөн: “2017 оны 07 сарын 13-14-нд шилжих шөнө 24 цаг болж байхад би бүжгэнд ороод сэрүүцэхээр клубын үүдэн дээр гараад зогсож байтал Б- намайг шүргэхээр  нь би сайн уу гэтэл намайг барьж аваад байхаар нь би “та согтуу байгаа юм уу, энд дүүрэн хүмүүс байна болъё” гэхэд миний үгэнд ороогүй над руу дайраад байсан. Тэгээд бид хоёр салаад би хувцсаа янзлаад доошоо хараад байж байтал нүүр лүү тас хийгээд өшиглөсөн. Тэгэхээр нь яагаад намайг өшиглөж байгаа юм бэ гээд би барилцаж авсан. Тэгтэл миний толгой тархигүй цохиод байхаар нь би өөрийгөө хамгаалах гээд гар хөлөө сарвалзуулсан. Тэгээд байж байтал миний зүүн чихнээс час хийтэл хазаад автал талыг нь тас хазсан байсан. Би тухайн үед шоконд ороод нэг гараараа чихээ таглаад цусыг нь тогтоох арга хэмжээ авах гэтэл нүүр лүү ахиад нэг өшиглөсөн. Тэгээд бид хоёр салсан. ...Би чихээ бүтэн болгуулж авмаар байна. Мөн 6 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 462 дугаартай:

  1. Д.Бямбасүрэнгийн биед зүүн чихний дэлбээний тасрал, хамрын нуруу хэсгийн зөөлөн эдэд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Д.Бямбасүрэнгийн биед учирсан гэмтэл нь хазагдах үед үүсгэгдэнэ.
  3. Уг гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.8-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварын 15% тогтонги байдлаар алдагдана гэх дүгнэлт /хх-ийн 12 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ч.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Б.Бямбасүрэн нь шүүгдэгчтэй 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хэлцэл хийсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад гомдолтой гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөртэй гэж үзэх үндэслэлтэй байна.  Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилсэн боловч холбогдох материал хэрэгт авагдаагүй байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал 6.000.000 төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн 1738000000016 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-г 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Б-д оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  
  4. Эрүүгийн 1738000000016 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал 6.000.000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.АРИУНЖАРГАЛ