Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/206

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

     Улсын яллагч Ө.Манзушир

     Шүүгдэгч Л.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овгийн Л-ийн А-д холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын сан техникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, Ш овгийн Л-ийн А .

Шүүгдэгч Л.А  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:  

          Шүүгдэгч Л.А  нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний шөнийн 02 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 14-7 тоотод хохирогч Б.Б-ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь  зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1.1. Шүүгдэгч Л.А ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/

1.2. Хохирогч Б.Б ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...2025 оны 07 дугаар сарын 21-ний шөнө гэртээ унтаж байсан чинь нагац эгч Г гар утсаар залгаад бид нарыг алах гээд байна ээж нь зугтаагаад алга болчихлоо гэхээр нь эхнэр бид хоёр яваад очсон. Гэрт нь очсон чинь ээж нь байхгүй гэрийнхээ эд зүйлийг авч шидээд байхаар нь ахын хоёр дүү ингэж болохгүй гэсэн. Ээж нь хойноос хөнжил нөмөрчихсөн гараад ирсэн. Урьд өмнө нь ээжийгээ Ад нь буудалд янхандаад явж байгаа байлгүй гэж манай эхнэрт хэлж байсан юм байна лээ. Тэрийг нь тэр орой би ээжид нь хэлсэн чинь ээж нь гэртээ ороод хоёр хүүхдэдээ хэлсэн чинь тэр хоёр хүүхэд нь намайг ална гээд бариад авсан. Орон дээр намайг унагаагаад цохиж байсан чинь тэнд байсан хүмүүс ирээд салгасан. Тэгээд гэрээс гарсан чинь А  нь шургаагаар миний зүүн талын хэсэг рүү цохисон. Цагдаа нар ирээд А ыг авч яваад эхнэр бид хоёр гэртээ очоод амарсан..., ...Ад нь миний биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. А  нь намайг шургаагаар цохиогүй. Гараараа миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж зодсон. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49, 51-р хуудас/,

1.3. Гэрч Н.Г-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...2025 оны 07 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн үед манай авга Г эгч гар утсаар залгаад А  архи уучхаад унтуулахгүй байна гэхээр нь би хоёр дүүгээ дагуулаад яваад очсон. Гэрэлмаа эгч 1 охинтойгоо байж байсан. Удалгүй Б эхнэртэйгээ хүрч ирээд байж байхад А ын ээж нь хүрээд ирсэн. Тэгсэн чинь Б  нь Жаргал эгчийг хэл амаар доромжлоод А  нь ээжийг өмөөрөөд Б тэй зодолдсон. Бид нар очоод салгасан чин Б  гараад явсан араас нь А  гараад хашааны булангаас шургааг аваад Б ийг цохих гээд явж байхад булаагаад авсан. Сүүлд нь Б  шургааг нь барьчихсан явж байсан. Удалгүй цагдаа нар А ыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

1.4. Хохирогч Б.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

         1.5. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ГОА0725/306 дугаартай “1. 2. Б.Б ийн биед зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн дээд доод зовхинд цус хуралт шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Б.Б ийн биед учирсан зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн шанаанд алимны салстад цус харвалт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 65-66-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

  Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Л.А  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй гэх хүсэлтийг ирүүлсэн, хохирогчийн эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болох 98,590 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд, хохирогч Б.Б-т хохирол, хор уршигт 132,500 төгрөг төлсөн байна.

 2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Л.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,  хохирогчийн эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болох 98,590 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд, хохирогч Б.Б-т хохирол, хор уршигт 132,500 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овгийн Л-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

         4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.А-д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,  хохирогчийн эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болох 98,590 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд, хохирогч Б.Б-т хохирол, хор уршигт 132,500 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ