| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/0199/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/207 |
| Огноо | 2025-09-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Ө.Манзушир
Шүүгдэгч Ц.Б ,
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Н , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Б нарт холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Багануур дүүргийн *** дугаар хорих ангид сувилагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух хаягтай, урьд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, Ү овгийн Б-ын Н.
Монгол Улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 55 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух хаягтай, урьд 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Говь-Алтай аймаг дахь сумын дундын шүүхийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 22 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, Т овгийн Ц-ийн Б.
Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2025 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилижх шөнийн 01 цагийн үед Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Н-ыг Гранд караокены баруун талаар хойшоо тойрон явж байх үед нь манай найзыг зодсон байна гэж машинаас буун Б.Н-ыг барьж баван харилцан зодолдож улмаар чулуугаар зүүн шанаа хэсэгт 1 удаа цохиж хохирогчийн эрүүл мэндэд зүүн чамархайд шарх, дээд үүдэн 2, доод үүдэн 4 шүдний ирмэг хэсгийн имтрэл, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах,
Шүүгдэгч Б.Н нь 2025 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 01 цагийн үед Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэр Гранд караокены гадна хохирогч 3.А ыг мөрлөн зүй бус үйлдэл гаргаж улмаар өшиглөж унагаан босож ирэхэд нь нүүрэн тус газар нь цохиж унагаан дээрээс нь хэд хэдэн удаа дэвсэж зүүн чихний дэлбэнгийн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах, Мөн тухайн цаг хугацаанд гранд караокены баруун талаар хойшоо тойрон явж байх үед нь хохирогч Ц.Б нь машинаас буун Л.Н-ыг барьж авах үед баруун талын нүд хэсэгт 2 удаа цохиж, 1 удаа дээд уруул хэсэгт цохиж унагаан хохирогчийн эрүүл мэндэд дээд үүдэн 2 шүдний булгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
1.1. Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн “...2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр У найзын хамт grand караоке орж дуу дуулаад шилтэй 1 ширхэг пиво уусан. Тухайн караокеноос гарч байсан чинь танихгүй хүнтэй мөргөлдөөд тухайн хүнтэйгээ зодолдоод байж байсан чинь манай найз ирээд салгаад аваад явсан. Замын цаана хуучин чуулганы тэнд явж байсан араас 2 хүн орилоод дуудаад байхаар нь яваад очсон чинь нэг нь заамдаж аваад цохих гээд байхаар нь манай найз дундуур ороод салгасан. Тэгсэн нөгөө нэг танихгүй хүн бас цохих гээд байхаар нь зугтаагаад Grand караокены баруун талаар хойшоогоо эргээд засмал зам дагаад явж байсан чинь машинтайгаа урд ирээд зогсоод машинаас эхлээд нэг нь бууж ирээд зодох гээд дайрахаар манай найз дундуур ороод болиулсан. Тэгсэн нөгөө 2 хүн бас над руу дайраад байсан. Тэгсэн чинь махлагдуу дунд зэргийн нуруутай танихгүй хүн миний толгой руу чулуугаар нэг удаа цохичхоод зугтаад хамт явж байсан нэг танихгүй хүн үлдсэн. Тэр ахтай юм яриад миний толгой хагалчхаад зугтаад явчихлаа дуудахгүй гээд хэлсэн. Ирэхгүй байхаар нь араас нь явж байсан чинь цагдаад баригдчихсан байсан. Тэгээд бид нар бөөндөө цагдаа дээр ирсэн. Би 103 дээр очоод үзүүлээд боолт хийлгэсэн. Маргааш нь цус нь тогтохгүй байхаар дахиж 103 очиж үзүүлээд нэг оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 40-р хуудас/
1.2. Хохирогч З.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Г ахынд очсон. Тэнд байж байгаад Гах, Г ахын хүү Ц, бид 3 Б ахынд гэдэс аваачиж өгөх гээд явсан. Тэнд очсон чинь Б ах 1 цаг караоке оръё гэсэн. Тэгээд бид 4 машиндаа суугаад Grand караокены үүдэнд очиж зогсоод Б ах, Г ах 2 буугаад Grand караоке ороод би араас машинаасаа буугаад орох гээд явж байсан чинь 1 залуу урдаас гарч ирээд намайг мөрлөж аваад яагаад байна гэхээр нь яасан ахын дүү би ийшээ орох гэж байна гэсэн чинь андуураад байгаарай өвгөн минь гэж хэлээд өшиглөөд унагаасан, босож ирээд цохих гэсэн чинь цохиж чадаагүй. Тэгсэн чинь намайг цохиж унагаагаад дээрээс дэвсэж эхэлсэн. Миний аймхай хэсэг рүү өшиглөөд би дугарч чадахгүй ухаан алдсан. Ухаан орсон Б ах, Г ах 2 юу болсон бэ? гээд хажууд зогсож байсан. Тэгэхээр нь намайг зодчихоод явчихлаа гэж хэлсэн. Ямархуу хүн байсан хаана байна гэхээр нь дээшээ явсан гэж хэлсэн. Бид нар машинтайгаа Grand караоке дээгүүр хойшоо эргэсэн чинь намайг зоддог залуу явж байсан чинь зогсоод Б ах чи яагаад манай дүүг цохиод унагаачихсан байгаа юм гэсэн чинь андуураад байгаарай гээд Б ахыг хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэгсэн чинь Б миний бүх шүд байхгүй болчихлоо гэсэн чинь үүдэн 2 шүд нь уначихсан байна. Б ах нөгөө залууг цохисон чинь толгойноос нь цус гарч байсан. Тэгээд цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан....” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/
1.3. Гэрч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай найз Б нь хөдөөгөөс ирчихсэн байхаар нь манайх гэдэс чаначихсан байсан тэрийгээ хүргэж өгөх гээд гэрт очсон. Тэгсэн чинь караоке оруулаад өгөөч гэхээр нь Б А , манай хүү Мөнгөнцоож, бид нар Grand караокены үүдэнд очоод зогссон. Өрөө байна уу үзье гээд Б арай түрүүлээд орсон. А нь араас орох гээд явсан. Би машинаасаа буугаад машинаа ар талд хүнтэй уулзаж байсан. Манай хүү Мөнгөнцоож нь надад хандаад А ахыг хүн зодчихлоо гэхээр нь харсан чинь Grand караокены үүдэнд А газарт уначихсан ухаангүй хэвтэж байсан. Тэгээд А ыг сэргээж аваад цагдаагийн газрын урд талд Б , А ыг буулгачхаад гэр лүү явж байсан чинь Б над руу гар утсаар залгаад А зодуулаад байна гэхээр нь би монгол банкны доод талд очсон чинь А нь газарт сууж байсан. Б танихгүй залуутай зодолдоод байж байсан. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан…” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/
1.4. Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2025 оны 08 дугаар сарын 08-ны орой 10 цагийн үед манай найз Н гар утсаар залгаад намайг Grand караокед байна ирээд аваач гээд ярьсан. Тэгэхээр очоод Grand караокены өрөөнд орсон чинь ганцаараа 2 шилтэй пиво уучихсан сууж байхаар нь одоо явъя гээд хэлчхээд түрүүлж гараад гадаа нь хүлээж байсан чинь Н нь гарч ирээд танихгүй нэг ахтай муудалцаад байхаар нь би очоод салгаж аваад Grand караокены баруун талаар хойшоогоо тойроод явж байсан чинь машинтай хүмүүс хажуугаар орж ирээд урд зогсоод машинаас 3 хүн бууж ирээд манай найз Н ыг бариад авсан. Би дундуур нь ороод салгасан. Тэгсэн чинь хэн нэгэн Н ын толгой руу чулуугаар цохиод зугтаасан. Тэгсэн чинь нэг нь үлдэхээр яриад зогсож байсан чинь цагдаа нар ирээд аваад явсан. Цагдаагийн байгууллага дээр ирэхээр нь би яваад өгсөн. Н нь эхлээд Grand караокены гадна танихгүй нэг ахтай зодолдсон. Дараа нь Grand караокены баруун талаар хойшоо эргээд тухайн зодолдсон гэх хүнтэй хамт явж байсан 2 хүнтэй муудалцаж зодолдсон…” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/
1.5. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ГАО0725/347 дугаартай "1. 2. 3.А ын биед өөрийн үзлэгээр зүүн чихний дэлбэнд шарх, эмнэлгийн бичиг баримтаар зүүн талд 6-р хавирга хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүдээс зүүн чихний дэлбэнгийн шарх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Зүүн талын 6-р хавирганы хугарал нь хуучин гэмтэл болно. 4. Дээрх гэмтлүүдээс зүүн чихний дэлбэнгийн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6. Тайлбар: З.А ын биед үүсэн зүүн талын 6-р хавирганы хугарал гэмтэл нь эмнэлгийн бичиг баримтаар хуучин хугарал гэсэн тул тухайн хэрэгтэй шалтгаант холбоогүй болно” гэх /хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас/
1.6. 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 35/07-4098, 4099, 4097 дугаартай эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 24-31 дүгээр хуудас/,
1.7. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ГА00725/350 дугаартай “…1. 2. Б.Н ын бие зүүн чамархайд шарх, дээд үүдэн 2, доод үүдэн 4 шүдний ирмэг хэсгийн эмтрэл, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүдээс зүүн чамархайд үүссэн шарх, дээд үүдэн 2, доод үүдэн 4 шүдний эмтрэл гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,
1.8. Хохирогч Б.Н оос сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/
1.9. Хохирогч 3.А аас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлт, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтүүд /хавтаст хэргийн 06 дугаар хуудас/,
1.10. Хохирогч Ц.Б эс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/
1.11. 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Гранд караокены хяналтын камерт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргйин 22 дугаар хуудас/,
1.12. Хохирогч Ц.-ийн "...2025 оны 08 дугаар сарын 08-ны орой гэртээ 0,5 литрийн Агар нэртэй архийг ганцаараа уучхаад унтах гээд хэвтэж байсан чинь манай найз Г нь над руу гар утсаар залгаад гэдэс чаначихлаа авах уу гэхээр нь аваад хүрээд ир гэсэн. Тэгсэн гэдэс аваад өөрийн хүү болон Алтайтай хамт хүрээд ирсэн. Тэгэхээр би crown караоке луу ороод цаг авъя гэсэн чинь цаг байхгүй гэхээр нь Grand караокед цаг авах гээд ирсэн. Г бид 2 цаг авах гээд орсон Алтай, Ганхүүгийн хүү 2 машиндаа үлдсэн. Бид ороод цаг аваад байж байсан чинь караокены бармен нь та хоёртой цуг явж байсан залууг гадаа хүн цохиод унагаачихлаа гэхээр нь гараад ирсэн газарт Алтай нь уначихсан хэвтэж байсан. Танихгүй 2 залуу урагшаа зам хөндлөн гарч байхаар нь араас очоод яагаад хүн цохиж байгаа юм бэ? гэхэд наад пиздаа чинь хүн мөргөчихлөө гээд намайг цохих гээд байхаар нь би яваад өгсөн. Буцаж ирээд эмнэлэг явах гээд байж байсан чинь сэрсэн. Тэгээд машиндаа суугаад хойшоо тойрсон чинь нөгөө 2 залуу явж байна гээд машинаас буугаад бариад авсан чинь цохиод унагаахаар нь би очоод болиоч гээд бариад авсан чинь баруун талын нүд рүү гараараа 2 удаа цохисон, дахиад дээд талын шүд рүү гараараа цохисон чинь би газарт унасан. Тэгсэн чинь намайг нүүр нүдгүй өшиглөөд байсан. Хажууд байсан хүмүүс ирээд салгахаар би шүд цохчихлоо гэсэн чинь хиймэл шүдтэй байж гээд над руу дайрахаар нь би газраас чулуу аваад тухайн залуугийн толгой руу 1 удаа цохисон. Тэгээд би цагдаагийн газар руу алхсан...." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,
1.13. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний әдрийн ГОА0725/337 дугаартай “…1. 2. Ц.-ийн биед дээд үүдэн 2 шүдний булгаралт, буйланд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар 2 өвгөнд зулгаралт, дээд уруул, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл, дээд уруулын дотор талд өнгөц язрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4. Дээрх гэмтлүүдээс дээд үүдэн 2 шүдний булгаралт гэмтэл нь эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр буюу 10% тогтонги алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо, Бусад гэмтлүүд бүрдлээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5 дахь хэсэгт зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг тогтоох хүснэгтийн 42.1-т ерөнхий хөдөлмөрийн чадварын 10% алдагдуулна…” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон Ц.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, Б.Н-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ц.Б , Б.Н нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б , З.А , Б.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Н нь хохирогч Ц.Б 500,000 төгрөг, хохирогч З.А т 500,000 төгрөг, хохирогч З.А ын эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болох 321,678 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус нөхөн төлсөн. Мөн шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.Н-ын эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болох 156,376 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн. Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэг тогтоолгохгүй гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Н-ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Н-ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч Ц.Б-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-ийн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Н-ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Н нь хохирогч Ц.Б , З.А нарт тус бүр 500,000 төгрөг, З.А ын эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болох 321,678 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн, шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.Н-ын эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болон 156,376 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ү овгийн Б-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Т овгийн Ц-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Н , Ц.Б нарт мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н , Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6 Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Н нь хохирогч Ц.Б , З.А нарт тус бүр 500,000 төгрөг, З.А ын эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болох 321,678 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус нөхөн төлсөн, шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.Н ын эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болон 156,376 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Б , Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ