| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2022/01709/И |
| Дугаар | 142/ШШ2023/00421 |
| Огноо | 2023-03-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2023/00421
2023 03 20 142/ШШ2023/00421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............................................... Төрийн банк ХХК .................................. нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .......................................................Х.Д ...........................................-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 7 046 329 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн хүү 4 639 151 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч *******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Орхон салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн ******* нь Төрийн банкны Бүрэнбүст тооцооны төвөөс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 340502442820-20181005 тоот зээлийн гэрээгээр 14 980 000 төгрөгийн тэтгэврийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1,5 хувь /жилийн 18 хувь/-ийн хүүтэй авсан. Зээлдэгч ******* нь 2019 оны 06 дугаар 10-ны өдөр нас барсан. Зээлдэгчийг нас барснаас хойш төрөөс 6 000 000 төгрөгийн зээлийг төлсөн. Иргэн ******* нь зээлдэгчийн хамтран зээлдэгчээр орж, зээлийн гэрээний 2.3 дахь заалтыг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Хамтран зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй зээлдэгчийн зээл, хүүгийн төлбөрийг төлөхгүй өдий хүрсэн. Зээлдэгч нь зээлийн төлбөр тооцоог хийхгүй зээлийн төлбөрийг хэрэгсэхгүй болгуулахаар СДИХАШ шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. ******* нь зээл, хүүний төлбөрийг төлөх сонирхолгүй нь нотлогдож байна. Хамтран зээлдэгч ******* зээл, хүүгийн төлбөрийг барагдуулах мэдэгдлийг 2020 оны 07 дугаар сарын 29, 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд хүргүүлэн, гарын үсэг зуруулж хүлээлгэн өгсөн. 2022 оны 09 сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4 422 843 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2 597 312 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26 174 төгрөг, нийт 7 046 329 төгрөгийг ******* гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл сөрөг нэхэмжлэл нь тус хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байхаар заасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнийг нотлох баримт болон шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөхөөр заасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэзээнээс эхлэн зээлийн хүүг зогсоох, ямар үндэслэлээр зогсоох, хэдэн төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй тул дээрх хуулийн шаадлагад нийцэхгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаадлагын үнийн дүн тодорхойгүй тул тэмдэгтийн хураамжийн үнийн дүн тодорхойгүй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчид бүхэлд нь буюу хэсэгчилэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчилэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчилэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заасны дагуу банк хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч ******* үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болно. Иргэний хуулийн 236.1-д Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно, 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, 236.1.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн орон өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан, 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон. Зээлийн гэрээний үүрэг дээрх үндэслэлүүдээр дуусгавар болох бөгөөд үндсэн зээлдэгч нас барсан нь үүрэг дуусгавар болох, түүнчлэн зээлийн хүү зогсоох үндэслэл болохгүй болно. Мөн үндсэн зээлдэгч нас барснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болохгүй тул хүү төлөх үүрэг хэвээр үргэлжилж, зээлийг төлөх хүртэл хугацаанд хүү бодогдоно. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.1-т Зээлийг ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлэгдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно. 21.1-т Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж заасны дагуу зээлийг төлж дуусгавар болох хүртэл хугацааны хүүг банк нэхэмжлэх эрхтэй болно гэжээ.
3. Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн банкны Орхон салбарын харъяа Бүрэнбүст тооцооны төвийн ******* надад холбогдуулан гаргасан 7 046 329 төгрөгийг хариуцан төлөх хууль зүйн үндэслэл байхгүй болох талаар дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: ******* би тус банкны Бүрэнбүст тооцооны төвөөс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ямар нэгэн зээл аваагүй бөгөөд миний төрсөн эх ******* Төрийн банкны Бүрэнбүст тооцооны төвөөс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тус банкны тооцооны төвтэй тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж 14 980 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэж авсан. Уг зээлийг авахад заавал хамтран зээлдэгч байх учиртай гэсний дагуу би хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний 1.2.1-д Банк зээл эргэн төлөх хуваарийг хугацаанд зээлдэгчийн 340502442820 тоот төгрөгийн тэтгэврийн харилцах дансанд орж ирэх мөнгөн хөрөнгөөс зээлийн төлбөрийг үндсэн зээл, хүүг үл маргах журмаар шууд бэлэн бусаар төлүүлнэ. Гэрээний 1.3-т 3ээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл өөрийн тэтгэврийн дэвтэр болон тэтгэврийн картыг банкинд хадгалуулна. Гэрээний 2.1.5-д Зээлийг зээлдэгчийн тэтгэвэр, тэтгэмжийн данснаас үл маргах журмаар суутган төлүүлнэ. 2.1.6-д 3ээлдэгч нас барсан тохиолдолд зээлийн төлбөрийг нас барагчид олгох оршуулгын тэтгэмж болон нас барснаас хойш 1 сарын хугацаатай олгодог тэтгэврийн орлогоос шууд суутган авах эрхтэй. гэжээ. Хоёр талын гэрээний дээрх заалтуудаас хархад миний төрсөн эх *******д түүний тэтгэврийг барьцаалж зээл олгосон бөгөөд зээлдэгч нас барсан тохиолдолд банк ямар арга хэмжээ авах тухайгаа энэхүү гэрээндээ тодорхой заасан байж юуны учир надаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардана вэ. Тэгээд ч Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай 2020 оны 01 сарын 10-ны өдрийн хууль, 2020 оны 01 сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн бөгөөд миний төрсөн эх Данзангийн Баасанжав 1952 онд төрсөн бөгөөд 67 настайдаа 2019 оны 06 сарын 10-ны өдөр нас барсан. Дээрх хуулийн 3-р зүйлийн 3.1.1-д: Тэтгэвэр барьцаалсан зээл гэж энэ хуулийн 3.1.2-т заасан иргэний тэтгэвэрээ барьцаалан банкнаас гэрээний үндсэн дээр зээлсэн мөнгөн хөрөнгийг гэжээ. Ээж маань тэтгэврийн зээл авсан болох нь хоёр талын гэрээний нэр нь өөрөө тэтгэврийн зээл гэсэн байгаа. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т: Тэтгэвэр авагч гэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2,3 дах заалтад хамаарах тэтгэвэр авагч иргэнийг хэлнэ гэжээ. Мөн хуулийн 4-р зүйлийн 4.2-т Нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 2 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдана. Энэ хуулийн 4.1, 4.2-т заасан зээлдэгчийн 6.0 сая төгрөг түүнээс доош дүнтэй зээлийн төлбөрийг зээлдэгч өөрөө хариуцна гэжээ. Миний төрсөн эх ******* 2018 оны 09 сарын 03-ны өдөр тэтгэвэр барьцаалсан зээлийг авсан бөгөөд 2019 оны 06 сарын 10-ны өдөр нас барсан. Дээрх хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх үед тэтгэврийн зээлийн үлдэгдэл нь 4 422 843.07 төгрөг байсан учир 100 хувь төр хариуцан төлөх учиртай байсан байхад банк өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хуулийн дээр заалтыг хэрэгжүүлээгүй буруутай байж юуны учир надаас хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон шаардана вэ? Тус банк ээжийг нас барсны дараа сараас эхлээд зээлийн хүү төлөхийг шаардаж байсан учир би 2019 оны 7, 8, 9-р саруудын хүүг төлсөн бөгөөд нас барсан хүний зээлдэж авсан зээлийн хүүг зогсоодог гэхээр нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж эрхээ хамгаалуулахаар шаардлага гаргаж байсан. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ... нас барсан тохиолдолд түүний бусдын өмнө хүлээсэн үүрэг бүр мөсөн дуусгавар болохоор хуульчилсан байхад өнөөдрийг хүртэл хууль хэрэгжүүлэхгүй надад эд материалын болон сэтгэл санааны дарамт учруулж байгаад гомдолтой байна. Хуулийн дээрх заалтаас харахад хувь хүний өндөр насны тэтгэврийг тухайн хүн өөрөө авахаас түүний өмнөөс хэн нэгэн авах хууль зүйн үндэслэл байхгүй учир ******* би банкнаас зээл аваагүй, миний төрсөн эх ******* Орхон аймаг дахь Хаан банкны салбараас олон жилийн өмнөөс зээл авч төлсөөр 2018 оны 02 сарын 06-ны өдөр зээлийн үлдэгдэл 9 576 024 төгрөгийн үлдэгдэл дээрээ 2.0 сая гаруй төгрөг нэмээд нийт 12.0 сая төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан байсан. Төрийн банкнаас зээл авах үед нь Хаан банк дахь тэтгэврийн зээлийн үлдэгдэл нь 9 715 019.54 төгрөг байсан бөгөөд Төрийн банкнаас зээл авсан 14 сая төгрөгөөсөө Хаан банк дахь зээлдээ 9 715 019.54 төгрөг хийж зээлээ бүрэн хааж өөрт нь 4 200 000 төгрөг үлдсэн байна. Ер нь ээж маань зээл аваад эмчилгээндээ зарцуулдаг байсан бөгөөд би авсан зээлээс нь огт мөнгө авч байгаагүй. Төрийн банк гэрээнд заасан гээд тухайн үед оршуулгын зардал гэж өгсөн 1 000 000 төгрөг, нэг сарын тэтгэвэр гэж өгсөн 542 094 төгрөгийг бүгдийг нь суутгаж авсан. Нэгэнт Монгол Улсын тэтгэвэрээ барьцаалж зээл авсан ахмадуудын зээлийн үлдэгдлээс 6.0 сая төгрөгийг нь төр хариуцаж банкинд төлөх тухай хууль гарч аль эрт хэрэгжээд дуусчихсан байхад юуны учир намайг ингэж шалгана вэ, Иргэний хуульд зааснаар нас барснаар бусдын өмнө хүлээсэн бүх үүрэг дуусгавар болж байхад хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоод сууж байдаг банк байдаггүй байх. Төрийн банкны надаас нэхэмжилсэн 7 046 329 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Төрийн банкны Орхон салбарын харъяа Бүрэнбүст тооцооны төвийн захирал ******* ******* түүний төрсөн эх *******д тэтгэврийн зээлийг Төрийн банкны Бүрэнбүст тооцооны төвөөс 2018 оны 09 сарын 03-ны өдөр 14 980 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай олгосон зээлийн үлдэгдэл гэж 7 046 329 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч *******гийн ээж нь 2019 оны 06 сарын 10-ны өдөр 67 настайдаа нас барсан. Гэтэл зээлийн хүүг нь огт зогсоохгүй өнөөдрийг хүртэл хүү тооцож ******* зээлийн төлбөрийг төлүүлэх гэж шаардлага гаргаж байгаа нь хууль зүйд нийцэхгүй үйлдэл юм. Зээлдэгч Б.Баасанжавыг нас барах үед үндсэн зээлийн үлдэгдэл нь 10 474 930 төгрөг байсан бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгодог оршуулгын зардалд өгсөн 1 000 000 төгрөгийг зээлд нь суутгасан. Мөн 7-р сарын тэтгэврийн 542 000 төгрөгийг зээлд нь суутгаж авсан байх бөгөөд ******* 3 удаа нийт 525 752 төгрөг төлүүлсэн бөгөөд тэтгэврийн зээлийн хөнгөлөлтийг төрөөс нэг удаа төлсөн байхад юуны учир өнөөдрийг хүртэл энэ зээлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхгүй байна вэ. Тэтгэврийн зээл гэдэг бол тухайн зээлдэгчийн үндсэн эрхтэй салшгүй холбоотой бөгөөд зээлдэгч өөрөө амьд байсан тохиолдолд барьцаа барьцаа болох тэтгэвэр олгогдож байдаг. Энэ талаар Иргэний хуулийн 240-р зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний бусдын өмнө хүлээсэн үүрэг бүр мөсөн дуусгавар болохоор хуульчилжээ. Хуулийн дээрх заалтаас харахад хувь хүний өндөр насны тэтгэвэрийг тухайн хүн өөрөө авахаас түүний өмнөөс хэн нэгэн авах хууль зүйн үндэслэл байхгүй учир ******* би банкнаас зээл аваагүй учир зээлийн хүү 2019 оны 06 сарын 10-ны өдрөөс зогссонгүй, зээлийн төлбөрийг ******* хариуцах хууль зүйн үндэслэлгүй болох нь харагдаж байна. Одоо банк ******* яаж тооцоод 7 046 329 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. *******ыг 2019 оны 06 сарын 10-ны өдөр нас барах үед үндсэн зээлийн үлдэгдэл 10 474 930 төгрөг байсан бөгөөд 10 474 930-1 542 000-525 752-6 000 000=2 407 178 төгрөг үлдэж байгаа тооцоо байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 2 407 178 төгрөг байхад ******* Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.1-д заасан үндэслэлээр шаардлага гаргаж байгаа явдал нь зүйд нийцэхгүй. Иймд Төрийн банкны Орхон аймаг дахь Бүрэнбүст тооцооны төвийн шаардлагаас зээлийн хүү тооцсон 4 639 151 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Төрийн банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******ын депозит дансны харилцагчийн монгол хуулга, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээ, зээлийн өргөдөл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, депозит дансны харилагчийн монгол хуулга, зээлдэгчийн тэтгэврийн дэвтэр, Зээлийн хүү тооцох аргачлал, *******ын зээл хүү төлсөн тооцоолол, *******ын депозит дансны харилцагчийн монгол хуулга зэргийг гаргаж өгсөн
6. Хариуцагчаас: Хаан банкны тэтгэврийн зээлийн гэрээ, тэтгэврийн зээлийн өргөдөл, Хаан банкны гүйлгээний баримт, нас барсны гэрчилгээ, итгэмжлэл, *******ын зээлийн дансны харилцагчийн хуулга, 2019 оны 06 сарын 17-ны өдрийн Төрийн банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, Оршуулгын тэтгэмж олгох мэдэгдлийн хуулбар, *******гийн Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан өргөдөл, *******ын иргэний үнэмлэхний хуулбар зэргийг гаргаж өгсөн.
7. Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...******* нь Төрийн банкны Бүрэнбүст тооцооны төвөөс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 14 980 000 төгрөгийн тэтгэврийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1,5 хүүтэй авсан. Зээлдэгч ******* нь 2019 оны 06 дугаар 10-ны өдөр нас барсан тул хамтран зээлдэгч ******* үндсэн зээл 4 422 843 төгрөг, хүү 2 597 312 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 174 төгрөг нийт 7 046 329 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү... гэсэн.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...би зээл аваагүй, хамтран зээлдэгчээр зөвхөн гарын үсэг зурсан, уг зээлээс өөрт авч хэрэглээгүй, тэтгэврийн зээл нь тухайн хүний ирээдүйд авах тэтгэврийг барьцаалж олгогддог тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд түүний бусдын өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болно гэж зааснаар зээлийн төлбөрийг хариуцах үндэслэлгүй... гэж няцааж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Орхон салбарт холбогдуулан зээлийн хүүд тооцсон 4 639 151 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нар нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн банк ХХК-тай 340502442820 тоот тэтгэврийн зээлийн гэрээ байгуулан 14 980 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж авсан, тухайн зээл нь тэтгэврийн зээлийн зориулалтаар зээлдэгч *******ын ирээдүйд орох тэтгэврийг барьцаалан олгогдсон бөгөөд уг зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр ******* гарын үсэг зурснаар түүнд үүрэг үүссэн байна.
4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч банк нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Зээлдэгч ******* нь 2019 оны 06 дугаар сарын 10-нд нас барсан, зээлдэгчийг нас барснаас хойш түүний дансанд 2019 оны 6 дугаар сарын 17-нд оршуулгын зардалд 1,0 сая төгрөг, нас барсны дарааах нэг сарын тэтгэвэр 566 094 төгрөг орсныг банк зээлийн төлбөрт суутгасан. Мөн хариуцагч ******* 2019 оны 08 дугаар сарын 05-нд 210 800 төгрөг, 2019 оны 09 дүгээ сарын 27-нд 159 105 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-нд 153 316 төгрөг, нийт 523 221 төгрөг төлөгджээ.
Мөн зээлдэгчийг нас барсны дараа зээлийн үлдэгдэл төлбөр 10 391 095 төгрөг байсан ба Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2022 оны 02 сарын 02-ны өдөр 6,0 сая төгрөгийг зээлийн төлбөрөөс хассанаар 4 422 843 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөр үлдсэн байна. Үүнээс хойш 2022 оны 9 дүгээр сарын 21 хүртэл буюу нэхэмжлэл гаргах хүртэл зээлийн хүү 2 597 312 төгрөг бодогдсон байна. Иймд нэхэмжлэгч үндсэн зээл 4 422 834,07 төгрөг, зээлийн хүү 2 797 312 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 174 төгрөг, нийт 7 046 329 төгрөг гэж нэхэмжлэлээ тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй байна.
Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, хариуцагч зээлийг би аваагүй, зээлдэгч нас барсан гэдгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан.
Хариуцагчийн зээлээс би аваагүй гэх тайлбар үндэслэлгүй, тухайн зээлийг ******* хэрэглээгүй нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
5. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар нэхэмжлэгч нь хамтран зээлдэгч Х.Дүүрэнзаягаас зээлийн төлбөрийг бүхэлд нь нэхэмжилсэн байна.
Үндсэн зээлдэгч ******* 2019 оны 06 дугаар сарын 10-нд нас барсан болох нь нас барсны гэрчилгээгээр нотлогдож байна. /хх27/
6. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан бөгөөд зээлийн гэрээнд зээлдэгч нарын хүлээх үүрэг ямар байхыг тодорхой тусгаагүй, зээлдэгч нар зээлийг хэн нь яаж төлөхийг тодорхойлох боломжгүй байх тул тэдгээрийг үүрэг тэнцүү гэж үзэв.
7. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ...нас барсан... бол үүрэг дуусгавар болохоор хуульчилсан бөгөөд үндсэн зээлдэгч ******* нас барсан тул түүнд ногдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч ******* зээлийн гэрээний үүргийн тал хувь болох 3 523 168 төгрөгийг гаргуулан Төрийн банкны Орхон салбар Бүрэнбүст тооцооны төвд олгож, нэхэмжлэлээс 3 523 168 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж заасан. Талууд гэрээний 1.1.3-т энэ талаар тохиролцжээ.
Иймд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийг эргүүлж төлж дуусах хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул зээлийн хүү тооцсон 4 639 151 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 691.26 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 89 177 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжаар 71 321 төгрөг гаргуулан Төрийн банкны Орхон салбарт олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.11-д заасныг баримтлан хариуцагч ******* зээлийн гэрээний үүрэгт 3 523 168 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн Орхон салбар Бүрэнбүст тооцооны төвд олгож, нэхэмжлэлээс үлдэх 3 523 168 төгрөгийг, мөн зээлийн хүүд тооцсон 4 639 151 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127 691.26 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 89 177 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжаар 71 321 төгрөг гаргуулан Төрийн банкны Орхон салбар Бүрэнбүст тооцооны төвд олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА