Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/209

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар прокурор Ө.Манзушир,

Шүүгдэгч Д.А , А.Б , шүүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус Говь-Алтай аймгийн иргэний танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн А-ийн Б , Б овгийн Д-ийн А нарт холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн *** сумын ***-т багийн *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, *** регистрийн дугаартай, Б овгийн Д-ийн А.

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Хан-Алтай ресурс ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, аав, 2 эгчийн хамт амьдардагч, *** аймгийн *** сумын *** багийн *** тоотод хаягийн бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,  *** регистрийн дугаартай, Б овогтой А-ийн Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.А , А.Б  нар нь бүлэглэн 2025 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багийн нутаг Далангийн нуруу гэх газарт MINELAB GPZ7000 гэх бичиглэлтэй металл хайгч, Gold monster 1000 загварын хөх өнгийн металл хайгчийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлохоор хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулахаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Д.А , А.Б  нар бүлэглэн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багийн Далангийн нуруу гэх газарт 2025 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлохоор хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэрэгт бэлтгэсэн болох нь:

1.1. 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Тайшир сумын Далан 2-р баг Сүхийн хоолой гэх газар Шарга сумын ***-р багт оршин суух Д.А , Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг *** овоот *** тоотод оршин суух А.Б  нар газрын хэвлийд халдахаар бэлтгэсэн гэсэн мэдээллийг 07 дугаар сарын 29-ний 04:03-д авч хүлээн авсан” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/,

1.2. Мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-7 дугаар хуудас/,

1.3. 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн эд зүйл/ эд мөрийн баримт/-ийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

1.4. Мөрдөн шалгах ажиллааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 44 дугаартай тогтоол, мөрдөгчийн тайлбар, гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 9-21 дүгээр хуудас/,

1.5. “Угалз мэргэн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай “...малтуур, 1 ширхэг, cold monster 1000 нэртэй металл хайгч, minflabgpz7000 металл хайгч мэдрэгч нийт 2,809,600 төгрөг...” гэх үнэлгээний тайлан дүгнэлт /хавтаст хэргийн 34-40 дүгээр хуудас/,

1.6.Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн үед 2025 оны 07 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 1-2 цагийн хооронд А  нь нэг дүүтэйгээ хамт Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дэвсгэрт байрлах Далангийн нуруу гэх газарт алт гараад байна гэх сургаар мотоциклтой хүрээд ирсэн байсан. Тухайн үед А ийг дүүтэйгээ ирэхээс өмнөх Говь-Алтай аймгийн Цагдаагийн байгууллагаас жижүүрийн бүрэлдэхүүн дуудлагын дагуу тухайн газар хүрээд ирсэн байсан тул А  нь металл хайгч багаж ногоон өнгийн цүнхэнд хийж үүрсэн байдалтай цагдаа нарт баригдсан. Тухайн үед Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн ирсэн байсан тул газрын хэвлийд халдаж ухаж барьсан зүйл байхгүй. Би тухайн А  гэх залууг зүс таних төдий танина. Бусдаар хамт явж байсан хүн, А  хоёрыг сайн танихгүй. Тухайн хүмүүс нь ногоон өнгийн цүнхэнд металл хайгч багажаа хийгээд үүрсэн байдалтай гартаа нэг ширхэг төмөр малтуур барьсан байдалтай цагдаа нарт баригдсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

1.7. Гэрч Т.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дэвсгэрт байрлах Далангийн нуруу гэх нэртэй газар алт гараад байна гэх хүмүүсийн яриагаар 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 09 цаг 30 минутад Б.Г-ийн хамтаар явж байгаад Говь-Алтай аймгийн Цагдаагийн байгууллагаас жижүүрийн бүрэлдэхүүнтэй таарч 2 ширхэг gold-1000 загварын металл хайгчаа хураалгасан. Түүнээс хойш 2025 оны 07 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 1-2 цагийн орчимд А  нь нэг дүүтэйгээ мотоциклтой явж байгаад цагдаа нарт баригдсан. Тухайн хүмүүс газар ухсан зүйл байхгүй мотоциклтойгоо яваад цагдаа нартай тааралдаж баригдсан. Би А ийг танина хамт явж байсан залууг танихгүй. Би А тэй ямар нэг холбоо байхгүй зүс таних төдий. Тухайн үед цагдаа нар А ийн металла хайгч багажийг хураан авахад хажууд нь байгаагүй. А  нь ногоон өнгийн цүнх үүрсэн гартаа төмөр малтуур барьсан байдалтай цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

1.8. Шүүгдэгч Д.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

1.9. Шүүгдэгч А.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна..” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 62 дугаар хуудас/ гэсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсэж үйлдсэн байдаг.

Шүүгдэгч нар нь газар ухах малтуур, металь хайгч зэргийг ашиглан алт олборлох зорилгоор 2025 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багийн Далангийн нуруу гэх газарт мустанг-200 загварын мотоциклиор очсон боловч  цагдаагийн байгууллага үйлдлийг таслан зогсоосон байна.

Гэмт хэрэг үйлдэх сэдэл төрж, санаа зорилгоо илэрхийлэхийн дараах шат бол гэмт хэрэгт бэлтгэх явдал юм. Гэмт хэрэгт бэлтгэх үйл ажиллагаа нь идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд урьдаас төлөвлөсөн гэмт хэргийг амжилттай хэрэгжүүлэх урьдчилсан нөхцлийг бүрдүүлэх зорилгод чиглэгддэг. Гэмт хэрэгт бэлтгэх гэдэг нь тодорхой гэмт хэрэг үйлдэгдэх урьдчилсан нөхцлийг урьдаас төлөвлөж санаатайгаар (зориуд) бүрдүүлэхэд чиглэгдсэн гэмт этгээдийн идэвхтэй үйл ажиллагаа юм.

Гэмт хэрэгт бэлтгэх нь обьектив болон субьектив шинжийг агуулах бөгөөд Объектив шинжийн хувьд гэмт хэрэгт бэлтгэх нь гэмт хэрэг үйлдэхэд ашиглах зэвсэг, хэрэгслийг хайж олох, шинээр хийх, засч тохируулах; хамтран оролцогчдыг эрж олох, сонгож, тэдэнтэй урьдчилан үгсэж тохиролцох; гэмт хэргийг хэрхэн үйлдэхэд тохиромжтой бусад нөхцөл боломжийг бүрдүүлэх зэрэг хэд хэдэн үйл ажиллагаа хамаарна. Харин субьектив шинжийн хувьд гэмт хэрэгт бэлтгэх нь зөвхөн санаатай байна.

Мөн гэмт хэрэгт бэлтгэх ажиллагааны өөр нэг обьектив шинж нь хамтран оролцогчийг сонгож авсан байх явдал бөгөөд сонгож авсан хамтран оролцогчтой үгсэж тохиролцох гэдэг нь гэмт хэрэг үйлдэх зорилгоор зориуд сонгон авсан хүмүүстэйгээ хоорондоо гэмт хэргийг хэрхэн, ямар аргаар, хэдийд үйлдэж, хүссэн нэгдмэл хор уршиг бий болгох, хэн ямар үүрэг гүйцэтгэх, гэмт хэргийн замаар олсон мөнгө, эд зүйлээ яаж хуваах, гэмт хэргийн газраас хэрхэн зайлах, ул мөрөө баллах зэрэг асуудлаар амаар, бичгээр урьдчилан тохиролцоо хийсэн байхыг хэлнэ.

Гэмт хэрэгт бэлтгэх нь гэмт санаагаа бодит үйлдлээр хараахан хэрэгжүүлээгүй, зөвхөн бүрдүүлсэн байх, гэмт хэргийн хор уршиг учраагүй байх, бэлтгэх ажиллагаа гэмт этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахгүй нөхцөл байдлаас болж зогсоогдсон байх зэрэг шинжүүдээрээ гэмт хэрэгт завдах, үйлдэж дуусах үе шатуудаас ялгагдана.

Үүнээс дүгнэхэд шүүгдэгч Д.А , А.Б  нар нь алт олборлохоор Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багийн Далангийн нуруу гэх газарт очсон боловч хууль бусаар алт олборлох үйлдлээ хийгээгүй буюу тоног төхөөрөмжөө угсарч, буулгаж амжаагүй гэмт этгээд хэрэг үйлдэх үйлдлээ хэрэгжүүлж эхлээгүй нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд шүүгдэгч нар нь бүлэглэж үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Д.А , А.Б  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны тус тус журамлан шүүгдэгч Б овгийн А-ийн Б , Б овгийн Д-ийн А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Д.А , А.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 3-т “Гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой гэмт хэргийн шинжийг хангасан бол тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 4-т  “Шүүх энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэхүйн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй тул тэднийг тус бүрийг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

3.  Гэм хор, хохирлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид ямар нэгэн хор хохирол учраагүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 4.  Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан "MINELAB GPZ7000 гэх бичиглэлтэй металл хайгчийн гар, хар өнгийн ZSEARCH7000 гэх бичиглэлтэй таваг, хар өнгий чихэвч, саарал өнгийн MINELAB гэх бичиглэлтэй үүргэвч, хар Өнгийн MINELAB гэх бичиглэлтэй батарей, хар өнгийн тавгийн иш, Gold monster 1000 загварын хөх өнгийн металл хайгчийн гар, цагаан өнгийн MINELAB гэх бичиглэлтэй таваг ширхэг, тавгийн иш 2 ширхэг, хар өнгийн бариул зэргийг тус тус улсын орлогод оруулж, илжгэн чих 1 ширхэг, ногоон өнгийн үүргэвч 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлүүлэх комисст даалгасныг тус тус дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

5. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 30.2 дугаар зүйлд зааснаар 3 үндэслэлээр хүлээж авдаг. Хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл гаргасан, эсхүл мэдээлсэн, хоёрдугаарт гэмт хэргийн шинжийг өөрөө шууд илрүүлсэн болно. Тэгэхээр мөрдөгч өнөөдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шууд өөрөө илрүүлж байгаа тохиолдолд энэ хэргийн явцад бол харагдахгүй байж байгаа. Ахлах дэслэгч Төрбат гэдэг хүн энэ ажиллагааг хийсэн бол хуульд нийцэх байсан. Гэтэл гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл бүртгэгдээд Тэмүүжинд цохогдоод, гомдол мэдээллээс өмнө мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ийм байдал харагдаж байна. Хэн нэгэн хүн хаана ч хамаагүй гомдол мэдээллийг шалгачхаад л ингэж яваад байвал өнөөдөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим өөрөө алдагдана. Ийм учраас хуульд заасны дагуу энэ ажиллагаа явагдаж байж өөрөө нотлох баримтын шаардлагыг хангах ёстой. Ийм учраас тухайн эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, мөн хэргийн газрын үзлэг хийгдээд байгаа энэ үйл ажиллагаанууд эдгээр үндэслэл бий болоод байгаа прокурор, мөрдөгч нарын шийдвэр хуулийг зөрчиж цуглуулсан нотлох баримтад үндэслэл гарсан шийдвэрүүд учраас хууль бус байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа учраас хүчингүй болгож нотлох баримтаар тооцуулахгүй байх хүсэлтийг гаргаж байна” гэжээ.  

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багийн Далангийн нуруу гэх газарт цагдаагийн бүрэлдэхүүн шалгалт хийж гэмт хэргийг илрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрч  Б.Г, Т.Н нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн мөрдөгч М.Тэмүүжин нь 2025 оны 07 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 01 цаг 05 минутад прокурорт урьдчилан мэдэгдэж эд зүйл хураан авсан талаар прокурорын тогтоолд дурдсан бөгөөд тухайн бүрэлдэхүүнд мөрдөгч М.Тэмүүжин яваагүй талаарх баримт хэрэгт авагдаагүй, тухайн эд зүйл хураан авах мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд заасан журам зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлтээ.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан мөрдөгчийн эд зүйл хураан авсан тэмдэглэл, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай  2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 44 дугаартай прокурорын тогтоол зэргийг нотлох баримтаар тооцуулахгүй байх тухай хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Д-ийн А , Б овгийн А-ийн Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэргийг бүлэглэн үйлдэхээр бэлтгэсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн А , А-ийн Б нарыг тус бүрийг 2,000/хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000/хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А , А.Б  нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.А , А.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дах хэсгийг тус тус удирдлага болгон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан "MINELAB GPZ7000 гэх бичиглэлтэй металл хайгчийн гар, хар өнгийн ZSEARCH7000 гэх бичиглэлтэй таваг, хар өнгий чихэвч, саарал өнгийн MINELAB гэх бичиглэлтэй үүргэвч, хар Өнгийн MINELAB гэ бичиглэлтэй батарей, хар өнгийн тавгийн иш, Gold monster 1000 загварын хөх өнгийн металл хайгчийн гар, цагаан өнгийн MINELAB гэх бичиглэлтэй таваг ширхэг, тавгийн иш 2 ширхэг, хар өнгийн бариул зэргийг тус тус улсын орлогод оруулж, илжгэн чих 1 ширхэг, ногоон өнгийн үүргэвч 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлүүлэх комисст даалгасугай. 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар болон өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Н.ОЮУНБИЛЭГ