2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

Улсын яллагч Г.Ганбагана,

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 189 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******ад холбогдох эрүүгийн 2507003860250 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* өдөр ******* суманд төрсөн, тай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, “*******” ХХК-д ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

******* овогт ******* ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Байтаг богдын урд байрлах голын эрэг дээр 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр арван жилийн ангийн хүүхэд болох М.тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг цохиж, чирч эрүүл мэндэд нь “мөр эргүүлэгч шөрмөсний суналт, 2 гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр, Байтаг богдын урд байрлах голын эрэг дээр арван жилийн ангийн хүүхэд болох М.тэй “машинаас буу гэлээ, над руу дайрч хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар гичий гэж хараан түүнийг хөлөөрөө өшиглөж, цохиж, чирч эрүүл мэндэд нь мөр эргүүлэгч шөрмөсний суналт, 2 гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 Шүүгдэгч Г.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед арван жилийн ангийнхантайгаа уулзаад Байтаг Богдын голын эрэг дээр очсон. Орой 20  цаг орчим хүртэл суусан. Тэгээд би ангийнхаа н., н. гэдэг 2 охинтой маргалдаад хэрүүл болж бид хэд явахаар болоод М., н., би, н. бид дөрөв нэг машинд суусан. н. нь буугаад явсан. Н.тэй үл ойлголцсон. Тэгтэл өөр машин ирсэн. Нөхөр нь ирээд аваад явж байсан. Тэр машиныг би энэ гичий машинд суухгүй гэдэг үгийг хэлсэн. Тэрийг өөр дээрээ тусгаж аваад үл ойлголцол болсон. Машинаас буугаад  М. над руу дайрсан. Миний хувьд хүзүүгээ маажуулчихсан байсан учраас гарыг нь бариад хөлөөрөө түлхээд унагаасан. Манай ангийнхан машинаасаа бууж ирээд салгаад ер нь 2 тийш нь аваад явсан байгаа.” гэх,

 Хохирогч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2025 оны 07 дугаар сарын 05-ны өглөө би 12 цагийн үед Байтаг богд гэх газрын урд байх гол дээр 10 жилийн ангийн хүүхдүүд нартай ирээд бид нар тэнд амарч байхдаа юм ярьж сууж байх үедээ хүн хүний нэг нэг Сэнгүр нэртэй лааз пиво, зарим нэг нь архи уугаад нэлээн орой болтол сууж байхад манай ангийн Г.*******, н. хоёр маргалдаад байхаар нь би тухайн үед миний утас руу манай ээж залгаад тэндээс жаахан холдоод утсаар яриад буцаад ирэхэд манай хэд бөөн хэрүүл, маргаан болсон байсан. Тэгсэн чинь манай ангийн н. гэх охин хоёр хүүхдээ аваад явж байхад нь би очоод юу болсон бэ гээд асуухад наад Г.******* чинь агсам согтуу тавиад тухгүй байна явлаа би жолооч дуудсан гэхэд бид нар бүх юмаа хураагаад явахаар болоод миний машинд Г.*******, н., н. нар суугаад явах гэтэл н. машинаас буугаад өөр машинд суусан. Тэгэхээр нь би цонхоо онгойлгоод хүүшээ та гурав намайг орхиод байна гэхэд чи ямар ганцаараа байгаа юм уу, бид хоёр чамайг яаана гэж бодоод байгаа юм. Харин бид хоёр чамаас айчихлаа гэхэд би “чи юу гээд олон юм яриад байгаа юм та хоёр машинаас буу” гээд би машинаасаа буугаад нөгөө хэд дээрээ очоод байж байхад Г.******* миний машинаас бууж ирээд “муу гичийнүүд машинд сууж явах албатай юм уу” гэхэд би “битгий давраад байгаарай чамаар гичий гэж дуудуулах болоогүй шүү, чи гичий гэж дууддаг хүнээ дууд” гэсэн чинь Г.******* шууд миний нүүр лүү алгадаад, хэвлий хэсгийн зүүн хэсэгт хөлөөрөө 2-3 удаа өшиглөөд газар унахад үснээс татаад газар чирээд байх үед манай найзууд салгахад Г.******* намайг гичий, писда минь гээд хараагаад байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэх  /хх 11-12/ мэдүүлгээс гадна гэрч Л.Амаржаргалын мэдүүлэг /хх 19-20/, шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 304 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 26-27/, шүүгдэгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 42-44/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгчийн үйлдсэн  хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч М.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 635,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 28,350 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдвал зохино.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд прокурор нь “700 нэгжээр торгох ял оногдуулах” санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцэж байгаа боловч тухайн шүүгдэгчийн хувьд шударга ёсны зарчимд нийцээгүй, эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид тухайн зүйл ангид зааснаар торгох ял шийтгэх нь үндэслэлтэй байна.

 

Иймд  шүүгдэгч  Г.*******ыг Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

          Харин хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүгийн хариуцлагын зорилго, хүлээлгэх үндэслэл журам, шударга ёсны зарчмыг хангаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулахад оршдог.

          Дээрх гэмт хэрэг нь 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд прокурор 2 сар 20 хоногийн дараа буюу 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 3-т “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна.” гэж зааснаас үзэхэд 14 хоногт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан “түргэн шуурхай” гэдэгт нийцээгүй, мөн шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход хэрхэн дэмжлэг үзүүлсэн нь тодорхойгүй.

          Түүнчлэн шүүгдэгч нь “***” ХХК-д 2,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөг хүртэлх цалин орлоготой болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 73/-р тогтоогдож байх ба улсын яллагч шүүгдэгчтэй 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцож байгаа нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй боловч “шүүх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэнэ” гэснийг хүрээнд шийдвэрлэв.

         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.*******ыг 700 /долоон зуу/ нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ад оногдуулсан торгох ял биелэгдээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.  Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                            

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ