| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/04493/И |
| Дугаар | 183/ШШ2023/00013 |
| Огноо | 2022-12-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол
2022 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2023/00013
| 2022 оны 12 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2023/00013 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Г.Солонго, шүүгч Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хоро, 00-00 тоот хаягт оршин суух, Б овогтой М. Э /ТЕ00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 0а-0 тоот хаягт оршин суух, Х овогт Э.Б /ХЕ00000000/-д холбогдох
гэм хорын хохиролд 625 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч М.Э
Хариуцагч Э.Б
Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Э нь Э.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 625 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2022.09.21-ний өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн Сити авто угаалгын хойд зам дээр явж байхад 00-00 УАР дугаартай мотоциклтой Э.Б нь зам тавьж өгөхгүй гээд миний нүүр лүү 2,3 удаа цохихдоо мотоциклоо унагаан миний машины хажуу талын крылог гэмтээсэн. Гэмтсэн машинаа М ХХК үнэлгээний газраас үнэлүүлэхэд засварын хөлсөнд 580 000 төгрөг, үнэлгээ хийхэд 45 000 төгрөг, нийт 625 500 төгрөгийн хохиролыг барагдуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд дараах байдлаар татгазлаа тайлбарлаж байна. Үүнд: Хариуцагч Э.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сити авто угаалгын хойд зам дээрх 00-00 УРА улсын дугаартай мотоциклтой төв замаар замын хөдөлгөөнд оролцож явахад туслах замаас 00-00 УБЗ улсын дугаартай Тоёота акуа тээврийн хэрэгслийн жолооч М.Э нь Э.Бг шахаж хөдөлгөөнийг нь үргэлжпэх боломжгүй болгосны улмаас Э.Б нь мотоциклтойгоо тэнцвэрээ алдан хажуу тийш унасан байдаг. Тухайн үед маргаан үүсэн Э.Б нь уурлан тольны арын тагийг хагалан М.Э-ын нуүр хэсэг рүү зөөлхөн 2 алдагдсан байдаг. Цагдаа Э.Бгийн энэ үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан Хүний биед халдах зөрчил үйлдсэн гэж 100 000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Нэхэмжпэгч М.Э нь замын хөдөлгөөний дүрэм зөрчин Төв замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас эөрийнх нь тээврийн хэрэгсэлд сэв гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжпэгчийн тээврийн хэрэгслийн крыло нь засвар авах боломжгүй болсон, дахин засвар хийх боломжгүй болсон гэдэгтэй санал нийлэхгүй байна. Хэрэг болсон цаг хугацаанд ч тэр нэхэмжлэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтэд ч тэр крыло нь багахан хэмжээний хонхойж, будаг нь халцарсан харагдаж байна. Хэрэв дахин ашиглагдах боломжгүй крыло нь бүхэлдээ сэвтэж, урагдсан байдаг байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, фото зураг, М ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээний тайлангийн хавсралт, 2022.09.26-ны өдрийн шийтгэлийн хуудас, 2022.09.22-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, техникийн тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 2-9 хуу, хх 27-34 хуу/
4. Хариуцагчаас: Итгэмжлэл өгсөн. /хх 18/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч Э.Бд холбогдуулан гэм хорын хохиролд 625 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2022.09.21-ний өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн Сити авто угаалгын хойд зам дээр явж байхад 00-00 УАР дугаартай мотоциклын жолооч Э.Б нь зам тавьж өгсөнгүй гээд миний нүүр лүү 2,3 удаа цохисон. Энэ таарамжгүй харилцаа болж байх үед түүний мотоцикл унаж, миний машины хажуу талын крылог гэмтээсэн бөгөөд засварлахад засварын хөлсөнд 580 000 төгрөг шаардлагатай гэж Мастер үнэлгээ ХХК үнэлсэн. Иймд засварын зардал 580 000 төгрөг, үнэлгээний хөлс 45 000 төгрөг, нийт 625 500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч Э.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сити авто угаалгын хойд зам дээрх 00-00 УРА улсын дугаартай мотоциклтой төв замаар замын хөдөлгөөнд оролцож явахад туслах замаас 00-00 УБЗ улсын дугаартай Тоёота акуа тээврийн хэрэгслийн жолооч М.Э нь намайг шахаж хөдөлгөөнийг нь үргэлжллүлэх боломжгүй болгож би мотоциклтойгоо тэнцвэрээ алдан хажуу тийш унасан. Ингээд маргаан үүсч хүний биед халдах зөрчил үйлдсэн үндэслэлээр 100 000 төгрөгөөр торгуулсан. Нэхэмжпэгч М.Э замын хөдөлгөөний дүрэм зөрчин Төв замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас өөрийнх нь тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нөгөө талаас М.Эын машины крылог дахин засварлах боломжгүй гэх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн ирүүлсэн гэрэл зургаас крыло нь багахан газар хонхойж, будаг нь халцарсан нь харагдана. Гэтэл дахин ашиглагдах боломжгүй гэдэг нь бүхэлдээ сэвтэж, урагдсан байхыг ойлгох тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 2022.09.21-ний өдөр М.Эын цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу 2022.09.22-ны өдөр эрх бүхий албан тушаалтан тэмдэглэл үйлдэж, Э.Б-гээс мэдүүлэг авсан, /хх8-9 ху/
4.2 2022.09.28-ны өдрийн 0000000 дугаартай зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсаар Э.Бд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т зааснаар 100 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан, /хх 7 ху/
4.3 2022.09.29-ний өдөр М ХХК нь УБЗ 0000 улсын дугаартай, Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг 580 000 төгрөгөөр үнэлсэн, /хх 6 ху/
4.4 2022.09.29-ний өдөр М.Э үнэлгэний хөлсөнд 45 000 төгрөг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 4 ху/
5. Зохигч, тэдний хооронд 2022.09.21-ний өдөр замын хөдөлгөөнд оролцох явцдаа хувийн таарамжгүй маргаантай харилцаа үүссэн үйл баримтын талаар маргаангүй, харин харин нэхэмжлэгчийн машинд гэмтэл үүссэнд хэн буруутай талаар болон үнэлгээний үнийн дүнд маргаантай байна.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалт нь зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол учруулсан үйл баримттай шалтгаант холбоотой байхыг ойлгодог.
Зохигч хохирол учирсан тухайд маргахгүй боловч, хэнийх нь буруутай үйлдлийн улмаас мотоцикл нэхэмжлэгч М.Э-ын жолоодож явсан автомашиныг шүргэж унасан, ингэхдээ хэдэн төгрөгийн хохирол учруулсан талаар маргасан.
Хэрэгт авагдсан 2022.09.22-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны холбогдогчоос авсан мэдүүлгийн тэмдэглэлд хариуцагч ...мотоциклоо дийлэхгүй урд нь зогсоод мотоциклоо унагаасан гэж мэдүүлсэн, 2022.09.21-ний өдөр М.Эын цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, 2022.09.28-ны өдөр 0000000 дугаартай зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсаар Э.Бд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т зааснаар 100 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан зэрэг үйл баримтыг харьцуулан дүгнэвэл, талуудын хооронд маргаантай харилцаа үүсч байх үеэр Э.Бгийн жолоодож явсан 00-00 УРА улсын дугаартай мотоцикл унаж, нэхэмжлэгчийн УБЗ 0000 улсын дугаартай, Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулсан гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байх тул тухайн гэм хорыг арилгахыг хариуцагчаас нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэлээ.
Харин хариуцагчийн татгалзал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул үндэслэлгүй гэж үзсэн. Тодруулбал,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах эрх үүрэгтэй байхаар тус тус заасан байна.
Хариуцагч, нэхэмжлэгчийг замын хөдөлгөөнд оролцох үедээ төв замын тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ зөрчсөний улмаас мотоцикл хажуу тийш унасан тул гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй, мөн хохирлын мөнгөн төлбөрийн хэмжээг зөвшөөрөхгүй гэж маргах боловч түүний татгалзал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Иймд, нэхэмжлэгчийг М ХХК-ний үнэлгээгээр тогтоогдсон 580 000 төгрөгийг, үнэлгээний хөлсөнд төлсөн 45 000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан болно.
7. Шүүх, нэхэмжлэгчийн ирүүлсэн 2022.07.27-ний өдөр П ХХК-тай байгуулсан Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг эх хувиар нь шүүх хуралдааны явцад шинжлэн судалсныг, зохих журмын дагуу томилогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч Х овогт Э.Б /ХЕ00000000/-ээс 625 000 /зургаан зуун хорин таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б овогтой М.Э /ТЕ00000000/-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасаар нэхэмжлэгч М.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-гээс 21 000 төгрөг гаргуулан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ
ШҮҮГЧ Г.СОЛОНГО
ШҮҮГЧ Д.ХУЛАН