2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/197

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн  шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

Улсын яллагч Б.Манлайбаатар,

Хохирогч Э.,

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Манлайбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 164 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2507000000199 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хот ******* төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, *******, ******* тоотод оршин суудаг,

Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/549 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,

******* овогт *******ын ******* /РД:*****/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Т.******* нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 2 цагийн орчим Налайх дүүргийн 8 дугаар хороо, ******* төвийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “том оврын гэрээтэй тээврийн хэрэгслийн ачаа ачих гэрээг цуцлуулсан” гэх шалтгаанаар Э.ийн толгойн тус газарт цохиж зодон эрүүл мэндэд нь “биед зүүн III, IV, V дугаар хавирга зөрөөтэй, VI дугаар хавирга зөрүүгүй, далны толгойн далд, өвчүү ясны зөрөөтэй хугарал, зүүн уушгины дээд дэлбэнгийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний дотор буланд цус хуралт, алимын салстад цус харвалт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.******* шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Э. бид хоёр н.тай цуг архи уусан. гийн хаалга дотроосоо цоожлогддоггүй байсан” гэв.

 

Хохирогч Э. шүүхийн хэлэлцүүлэгт: “07 дугаар сарын 31-ний өдөр би тээвэртээ явж байсан. н. гээд улсын дугаартай машины жолоочтой тээвэр хийгээд  карьер дээр хайрга ачуулаад зогсож байсан чинь Т.*******аас дуудлага ирсэн. Юу байна хөгшөөн гэхэд нь юмгүй дээ тайван гэж хэлтэл ална гээд орилоод явчихсан. Чи яагаад намайг алахаар болов гээд ярьсан. Чи  компани дээр очиж хор хутгаж н. бид хоёрыг хасууллаа. Чамайг ална, хаана байна гэсэн.  Тухайн үед бид хоёр хориод минут утсаар ярьсан. Тэгээд би хайрга ачуулчхаад орой нь компани дээр хайрга буулгачхаад 22 цаг орчим өнгөрөөд гудамж руугаа эргэж явсан 1 дүгээр хороо руу орсон. Т.*******ы машин тавьдаг гудамжинд манайх урд талынх нь хашаа. Би харин машинаа ахынхаа урд тавьдаг. Урьд шөнө нойргүй явчихсан учраас н. гээд дүүгээрээ машинаа бариулчих санаатай дуудсан. Тэгтэл Т.*******  доор үүдэндээ байхаар нь шууд чиргүүлээ салгачхаад дан толгойтойгоо Т.*******ы гэрийн гадаа очсон. Тэгсэн улаан өнгийн приус машинд нэг залуу, н., Т.******* энэ 3 пиво уугаад сууцгааж байсан юм. Сууж байснаа над руу шууд нэг шил архи өгөөд тойруулчих гэхээр нь би нээх юм бодолгүй тэрийг нь тойруулаад уугаад байж байтал Т. караоке явъя гэсэн. Үгүй, караоке явж яах гээд байгаа юм. Ах нь энэ футболк, шорт дээр бакалтай царай алдчихсан, шороо царайлчхаад юу боллоо гэж караоке явж байдаг юм гэж хэлсэн. Тэгсэн явъя гэсээр байгаад аваад явчихсан. Караокед ороод  ямар ч байсан эхлээд 1 шил архи авсан.  Уугаад сууж байсан Т.******* гарлаа гээд ариун цэврийн өрөөнд ороод нэг хүнтэй маргалдаад л янз бүр болоод байсан. Би очиж болиулаад авч орж ирээд дахиад нэг архи авсан. Би үнэндээ  караокеноос гарч байснаа мэдээд байгаа юм. Айлд орсноо  мэдэхгүй байгаа. Удалгүй Т.******* хаалга цоожилно, ална гээд орилж байсан. 2,3 цохиход нь би ухаан алдаад уначихсан. Сэрсэн чинь  цээж нужигнаад ерөөсөө хамаг яс нуга гээд дуугараад байсан. Тэгээд цээж өвдөөд ингээд нужигнаад байна гэсэн худлаа яриад бай гээд намайг нэмээд зодоод байсан. Т.*******ыг ариун цэврийн өрөө орох хооронд би хаалга татсан онгорхой байсан. Гадаа гараад цагдаад өөрөө дуудлага өгсөн. Цагдаа ирэхэд би гадаа сууж байсан.  Би тэр үед согтуу хүн сохор ухаантай гэгчээр балкон дээр утсаар ярьж байгаа бичлэгийг нь хийж амжсан байна лээ. Тэр бичлэгээ би байцаагчид үзүүлсэн. Тэгсэн байцаагч энэ хэрэгт хамааралтай зүйл биш байна гэж хэлж байсан. Шөнийн 4 цагт ямар ч байсан би эмнэлэг дээр очиж эмнэлгийн тусламж авсан байсан. 40 хоног хэвтрийн дэглэмд зөвхөн нэг талаараа унтсан. Одоо гэмтэлтэй талаараа ерөөсөө унтаж чадахгүй л байна. Өрөөсөн мөр мөрнөөсөө дээш гарахгүй байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

Улсын яллагчийн зүгээс: Хавтаст хэргээс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8/, хохирогч Э.ийн мэдүүлэг /хх 17-19/, гэрч Т.ийн мэдүүлэг /хх 24-26/, шүүх шинжилгээний ерөнхий газрын хүний биед үзлэг хийсэн шинжээч эмчийн 341 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 37-38/, хохирогч Э.ийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөр яаралтай тусламжийн үйлчилгээ авсан 8919 дугаартай эрүүл мэндийн маягт бүртгэл /хх 5/, яллагдагч Т.*******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх 48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч, хохирогч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Э.ийн хувьд гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан ба эрүүл мэндийн хүндэвтэр хохирол учирсны улмаас 08 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд эмчилгээний зардалд яллагдагч Т.*******аас 2,000,000 төгрөгийг  дансаар шилжүүлэн авсан өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Яллагдагч Т.******* нь бусдад төлөх төлбөргүй. Харин хохирогч Э.ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хугацаанд дээрх хэрэгт  авагдсан баримтуудад үндэслэн ямар нэгэн өөрөөс гаргасан баримт одоогоор  шүүхэд гаргаж өгөөгүй байсан. Өнөөдрийн байдлаар шүүх хуралдаанд том аврын тээврийн хэрэгслийг 40 хоногийн хугацаанд  өөр танил жолооч хөлсөлж Улаанбаатар хот хооронд тээвэрлэлт хийлгэсэн “” компанийн нэр дээр тээвэрлэлт хийлгэсэн компани баримтуудыг гаргаж өгч байна. Гэхдээ баримтуудад яг тэдэн төгрөгийн баримт надад учирсан гэдэг нь одоогоор тогтоогдоогүй байх тул яллагдагчаас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн шүүх хуралдаанд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э. нь сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохоос татгалзсан. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж ирсэн зүйлгүй хэрэгт нэгтгэсэн, тусгаарлагдсан хэрэггүй болохыг дурдаж, яллагдагч Т.*******ыг гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.

...Иймд шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400,000 төгрөгөөр торгох буюу 5,400 нэгжээр торгох саналыг  шүүхэд гаргаж байна. Торгох саналыг Т.******* нь 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг шүүхэд гаргаж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 2 цагийн орчим Налайх дүүргийн 8 дугаар хороо, ******* төвийн хохирогч Э.ийг “том оврын гэрээтэй тээврийн хэрэгслийн ачаа ачих гэрээг цуцлуулсан” гэх шалтгаанаар толгой, бие хэсэг рүү нь цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн III, IV, V дугаар хавирга зөрөөтэй, VI дугаар хавирга зөрүүгүй, далны толгойн далд, өвчүү ясны зөрөөтэй хугарал, зүүн уушгины дээд дэлбэнгийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний дотор буланд цус хуралт, алимын салстад цус харвалт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Т.*******ы өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 31-ний орой би гэрийнхээ гадаа юм хийж байсан чинь таньдаг хуурай дүү нар болох Т., хоёр хамт машинтай ирээд ахаа хүйтэн пиво уух уу гэхээр нь тэгье гээд бид 2 хоёр лааз пиво уусан. машин барьж байгаа гээд уугаагүй бөгөөд энэ үед Э. над руу яриад андаа уулзъя хотоос гарч байна гэхээр нь тэгье гээд манай гадаа нэг том пиво, архитай ирсэн. Би тэр архийг айхтар уулгүй караоке оръё гэж ярилцаад гэдэг бааранд 21 цагийн үед орсон байх. Тэгээд дуулаад хоёр шил архи хувааж уусан. Тэндээсээ харанхуй болсон байхад цагийг нь мэдэхгүй байна гарч явахад архи уугаагүй машин барьж байгаа гээд яваад өгсөн. Бид 3 такси бариад замдаа Хаан банкны хажуугийн CU дэлгүүрээс 2 том пиво аваад Т.ийн гэр лүү очиж уусан. Ууж байхад Э. согтчихоод над руу пизда минь чи хүнд итгэхгүй байна гээд орилоод байхад нь Т., Э.ийг ах битгий орилоорой манай хажуу айлын хүмүүс их хэл амтай гэж хэлчхээд жижиг өрөөндөө ороод унтчихсан. Тэгээд Э. бид хоёр пиво уугаад суугаад үлдсэн бөгөөд юм яриад нэлээн удаан суусан. Тэгж байхад Э. над руу “” ХХК-иас та нарыг би хов хэлж хасуулаагүй шүү Хонгор тэгж хэлсэн юм чи надад итгэхгүй байна пизда минь чаддаг юм бол үзчихье гээд босож ирээд намайг заамдаад авахаар нь би эргүүлээд заамдаж авсан. Тэгээд удалгүй болиод салсан чинь тэр доошоо тонгойгоод миний төмсөг рүү хальт цохиод байхаар нь би барьж аваад бид бие биеийнхээ дээр гараад нэлээн ноцолдсон. Тэгж байхдаа би Э.ийн нүүр, цээж, нуруу хэсэгт нь 3-4 удаа гараараа цохисон. Тэгээд салаад хэрэлдэж байтал Э. цагдаа дуудаад 4-5 цагийн орчим байх цагдаа ирж биднийг авч явсан юм...” гэх мэдүүлэг /хх 67 дугаар тал тал/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.ийн өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 31-ний орой 17 цагийн орчим би ажлаа хийгээд карьер дээр хайрга ачуулах гээд явж байтал багын танил найз Т.******* над руу утсаар яриад хаана байна ална чамайг гэхээр нь би ажилтай байна чи яахаараа намайг алдаг юм бэ гэтэл тэр бидний хайрга хийдэг бид нарын тээвэрт нь явдаг ХХК-ны байранд худлаа ярьж биднийг хасуулж ганцаараа үлдсэн байна, чамаас өөр ингэж ярих хүн байхгүй. Тийм учраас чамайг таарсан газар чинь ална, одоо очиж ална гэх мэтээр утсаар дарамтлаад байсан. Тухайн үед тус “” ХХК нь шинээр энэ жил гэрээ хийсэн хүмүүсийг хассан байсан. Т.*******ыг хассан талаар нь би ямар нэгэн зүйл яриагүй, надаас шалтгаалахгүй компанийнх нь хүмүүсийн өөрсдийнх нь гаргасан шийдвэр гэж тухайн үед би Т.*******д хэлсэн боловч тэр надад итгэхгүй байсан. Тэгээд тэр оройдоо би компани дээр очиж хайргаа буулгачхаад 22 цагийн орчим харих гээд явж байтал Т.******* над руу залгаад хаана явж байна гэхээр нь би гудам руугаа орж байна гэж хэлсэн. Тэгээд би дүү н.ыг ирж байна гэхээр нь түрүүлээд Т.*******ы байгаа газар болох 1 дүгээр хороо Баянзүрхийн 6 дугаар гудамжинд яваад очиход хашааны гадна улаан өнгийн Приус-20 маркийн машинтай дотор нь танил дүү Т., Т.*******, гэж дууддаг нэг залуу гурвуулаа хамт байсан. Тэгэхэд Т. нь та яагаад худлаа яриад байгаа юм бэ гэж байсан бөгөөд тэр машинд ороод суухад тэр 3 нэг архи авчихсан байхаар нь би тэрийг нь хувааж уучхаад буугаад харих гэтэл тэр 3 намайг караоке оръё гээд хүчээр дагуулж ороод 2-3 шил архи хувааж уугаад нэг мэдсэн чинь бид нар ******* төвийн Т.ийн гэрт ирчихсэн байсан. Тухайн үед шөнө 02 цаг болж байсан бөгөөд тэр айл руу оронгуут Т.******* хаалга дотроос нь цоожлоод одоо чамайг ална, гүйцээнэ гээд миний толгой тархи руу гараараа цохиход нь би ухаан алдаж газар унасан. Тэрнээс хойш сэргэхэд би тэр айлд газар хэвтэж байсан бөгөөд Т.******* миний цээж, хавирга руу өшиглөөд байснаа миний утсаар хүнтэй яриад байсан. Би дараа нь хэн рүү залгасныг нь харахад миний танил дүү Т.той ярьсан байхаар нь би Т.гоос энэ талаар асуухад Т.******* “ахыг чинь зодчихлоо чи намайг гудамжинд зодоод байх юм биш биз дээ” гэж хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх 17-18 дугаар тал/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Т.ийн өгсөн: “…2025 оны 7 дугаар сарын 31-ний орой би гэдэг зуурмагийн үүдвэрийн тээвэрт хамт явдаг Т.******* гэдэг ахын гэрт нь очиж уулзсан юм. Тэгэхэд би найзын хамт явж очсон бөгөөд Т.******* ахын хашааны гадна бид гурав гийн машинд сууж байгаад 2 том пиво уусан. Тэгж байхад Т:******* ах одоо Э. ирж байна гэж байсан бөгөөд удалгүй Э. ах ирээд нэг том 0,75 литрийн хэмжээтэй архи оруулж ирээд машиндаа ууж байхдаа би тухтай газар сууя гээд гэдэг караоке бааранд орж суугаад дахиад 2 том 0,75 литрийн хэмжээтэй архи цувруулж уугаад харанхуй болсон хойно цагийг нь санахгүй байна бид нар баарнаас гараад тэндээсээ гэр лүүгээ харилаа гээд яваад өгөхөөр нь Т.******* ах, Э. ах бид 3 замаасаа дэлгүүрээс 2 том пиво аваад манайд очсон. Тэгээд эхний пивыг задлаад ууж байхад Э. ах согтчихоод Т.******* ах руу орилоод байсан бөгөөд юу гээд орилоод байсныг санахгүй байна. Би Э. ахыг битгий орилоорой хажуу талын айлын хүмүүс их хэл амтай хүмүүс байдаг шүү гэхэд Э. ах за гээд орилохоо больсон. Тэгээд би согтоод байхаар нь тэр хоёрт унтлаа шүү гэж хэлчхээд хажуу өрөө рүүгээ ороод унтаад өгсөн. Өглөө нь сэрэхэд манайд хүн байхгүй би ганцаараа унтаж байсан ба миний утас байхгүй, харин хажууд Т.******* ахын утас байхаар нь өөрийнхөө утас руу залгах гэтэл Т.******* ахын утас кодтой байсан. Тэгж байтал цагдаагийн алба хаагчид орж ирээд гэрт үзлэг хийхээр нь яасан юм бол гэж асуухад надаас мэдүүлэг авна гээд авч явахаар нь дагаад ирэхэд би согтолттой байсан тул надаас мэдүүлэг аваагүй. Тэгж байхад цагдаа дээр би Т.******* ахтай таараад юу болсон бэ гэсэн чинь ах нь Э.ийг зодчихжээ гэж хэлж байсан. Тэгээд би түүнээс утсаа асуухад тэр миний утсыг андуураад аваад явчихсан байсныг нь авсан” гэх мэдүүлэг /хх 24-25 дугаар тал/,

 

4. Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн  2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 341 дугаар: “Э.ийн биед зүүн III, IV, V-p хавирга зөрөөтэй, Vl-p хавирга зөрүүгүй, далны толгойн далд, өвчүү ясны зөрөөтэй хугарал, зүүн уушгины дээд дэлбэнгийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний дотор буланд цус хуралт, алимын салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх 37-38 дугаар тал/,

 

5. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-12 дугаар тал/,

 

6. Яаралтай тусламжийн хуудас /хх 35 дугаар тал/,

 

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 48 дугаар тал/,

 

8. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 45-54 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр буюу хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.******* нь хохирогч Э.ийг “гэрээ цуцлуулсан” гэх шалтгаанаар толгой болон бие хэсэгт нь цохиж, зодон эрүүл мэндэд нь III, IV, V дугаар хавирга зөрөөтэй, Vl дугаар хавирга зөрүүгүй, далны толгойн далд, өвчүү ясны зөрөөтэй хугарал, зүүн уушгины дээд дэлбэнгийн няцрал, тархи доргилт, зүүн нүдний дотор буланд цус хуралт, алимын салстад цус харвалт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Хохирогчийн биед гэмтэл учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 341 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Т.*******ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.ийн биед хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь сэтгэцэд учирсан хохирлын зэргээ тогтоолгохоос татгалзсан, эмчилгээний зардалд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 152,350 төгрөг тус тус төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна.  

 

Харин хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “миний мөр болохгүй байна, мөн ажилгүй байсан хугацааны төлбөрт 35,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн боловч баримтууд нь нотлох баримтаар хэрэгт авагдаагүй, шаардлага хангахгүй, тодорхойгүй байх тул цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Т.*******аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

 

Харин шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Т.*******ы холбогдсон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Шүүгдэгч Т.******* нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э. нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ