| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/0086/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/79 |
| Огноо | 2025-09-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Г,
Улсын яллагч М.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,
Шүүгдэгч Н.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.П-т холбогдох 2524000610080 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........ оны ......... дугаар сарын ....-ны өдөр .........аймгийн ............суманд төрсөн, ..........настай, .........., ..........боловсролтой, ...........мэргэжилтэй, .............аймгийн .........сумын ...........гал унтраах ангид ..........ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...........аймгийн ........сумын ..........багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Н-ийн П, регистрийн дугаар .............................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.П нь хохирогч Б.А-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Н.П нь 2025 оны ......дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөр шилжих шөнө ..........аймгийн ....сумын ...........багийн .......хэсгийн ....... тоот хашаанд хохирогч Б.А-ыг “Пиво авч өгсөнгүй” гэсэн шалтгаанаар түүний толгой тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд уруулд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгний ар хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Хохирогч Б.А-ы “...Би 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр айлд юм хийж 20 цагийн үед гэртээ очсон. Тэгсэн найз П-ийн эхнэр манай эхнэр Н лүү залгаад гол дээр хүүхдээ салхинд гаргаж байна хүрээд ирээч гэсэн. Би эхнэрээ аваад гол дээр очиход П эхнэртэйгээ хамт машинтай зогсож байсан. Би голын захад очоод машинаа угааж байсан. П-ийн эхнэр машинаасаа Сэрүүн нэртэй 2.5л пиво гаргаж тэр 3 хувааж уусан. П намайг дуудаад өгөхөд нь би уухгүй гээд уугаагүй. Би машинаа угааж дуусгаад толгойгоо мөн бас угааж дуусгаад байж байхад П машинаа асаагаад яваад өгсөн. Тэгсэн удалгүй буцаж ирээд бас 1 том пиво авчирч ирээд тэр 3 хувааж уусан. Хоёр пиво хувааж ууж дуусгахад гадаа харанхуй болсон байсан. Бид нар 2 машинтайгаа хөдлөөд замдаа явж байхад эхнэр “хүнээс 2 пиво авхуулчхаад зүгээр байлтай биш” гэхээр нь дэлгүүрийн гадаа зогсоод эхнэр дэлгүүр орж 1 том пиво аваад гараад ирсэн. Тэгээд П-ийн гадаа очоод эхнэр пивоо аваад яваад орсон би гэрт нь ороогүй машиндаа сууж байсан. Машин дотор 10 гаран минут болж байхад П гарч ирээд андаа 1 пиво аваад ирээч гээд картаа өгөөд нууц дугаарыг нь хэлсэн. Би тэгэхээр чи маргааш ажилтай байж ахиж пиво аваад яах гэсэн юм бэ? гэсэн. П тэгсэн чи эхнэрээ аваад зайл пизда минь гэж хэлээд машины хаалга хаагаад цаашаа яваад хашааны хаалганы үүдэнд очоод буцаж ирээд жолоочийн буруу талын урд хаалгыг онгойлгож орж ирээд шууд намайг баруун талын шанаа руу гараараа эхэлж цохиод үргэлжлүүлээд 2 гараараа толгой руу цохихоор нь би цааш нь түлхэх гэсэн боловч суудлын бүсээ зүүсэн байсан болохоор гарыг нь барьж авч чадаагүй. Тэгсэн арай гэж 2 гарыг нь бариад авахаар хөлөөрөө нүүр хавьцаа өшиглөсөн. Цаашаа буугаад буцаж жолооч талын хаалгыг онгойлгоод гараараа ахиж намайг цохиод өшиглөсөн. Би бүсээ тайлаад машинаас буугаад ирэхэд ахиад цохиод авахаар нь би баруун гараараа нэг удаа цохиод авсан. П болохгүй болохоор нь тэвэрч аваад бид 2 ноцолдож байхад хашаан дотроос П--ийн эхнэр, манай эхнэр гарч ирээд та 2 болиочээ гэхэд салгахаар нь би машиндаа суугаад гэр лүүгээ эхнэрээ хаяад яваад өгсөн. Манай эхнэр араас гэртээ ирсэн, ийм л зүйл болсон. ...Тэр үед П гараараа миний толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Мөн хөлөөрөө миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа өшиглөж цохисон. Миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохисон. Намайг яг хэдэн удаа цохисон талаар бол хэлж мэдэхгүй байна. ...Тэр үед П болон эхнэр нь мөн манай эхнэр архи уусан байсан. Би бол огт архи уугаагүй байсан. ...Тэр үед миний дээд уруул сэтэрч оёо тавиулсан, мөн зүүн нүдний доор хөхөрсөн, зүүн чих дээд хэсгээрээ жаахан сэтэрсэн, баруун хөмсөг бага зэрэг язарсан өөр учирсан гэмтэл байхгүй. Одоо бол миний шарх гэмтэл эдгэрсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10-р хуудас/,
- ......... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Зав0725/228 дугаартай “...1. Б.А-ы эрүүл мэндэд хохирол учирсан байна.
2. Б.А-ы эрүүл мэндэд учирсан хохирол нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой зүүн дээд уруулд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгний ар хэсэгт зулгаралт, хохирол тогтоогдлоо.
3. Учирсан хохирол нь шинэ хохирол байна.
4. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Б.А-ы эрүүл мэндэд учирсан хохирлууд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно.” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23-26-р хуудас/
- 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3-р хуудас/ болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын явцад хохирогч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Н.П нь 2025 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөр ..........аймгийн ........сумын ....багийн ......хэсгийн ....... тоот хашаанд хохирогч Б.А-ыг “Пиво авч өгсөнгүй” гэсэн шалтгаанаар түүний толгой тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд уруулд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгний ар хэсэгт зулгаралт бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд болсон хэргийн үйл баримт нь хохирогч Б.А-ы эрүүл мэндэд учирсан хохиролтой шалтгаант холбоотой, шууд санаатай үйлдлийн улмаас бий болсон гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-ы эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 105,500 төгрөгийн зардал гарсан байх бөгөөд шүүгдэгч Н.П дээрх зардлыг нөхөн төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 78 дугаар хуудас/ мөн хохирогч Б.А-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Иймд шүүх шүүгдэгч Н.П-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх шүүгдэгч Н.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч Н.П урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 53-р хуудас/
Шүүгдэгч Н.П-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх талаар сонгож хэрэглэж болохоор зохицуулсан. Шүүгдэгчийн тухайд Онцгой байдлын хэлтэст төрийн тусгай албан хаагчаар ажилладаг. Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл тухайн үедээ хохирогчтой маргалдаж таарамжгүй харилцаанаас болж бие биедээ халдах үйлдэл болж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Энэ хүн өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа бөгөөд гэм буруугаа ухамсарлаад үүндээ дүгнэлт хийж байгаа тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”-ийг төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болгон хуульчилсан. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч нь тухайн албанд ажиллаж байгаагийн хувьд ямагт уг албаны нэр хүндийг дээдэлж, алба хаагчийн ёс зүйг чанд сахин биелүүлж явах үүргийг хуулиар тодорхойлсон байна.
Мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг хуульчилсан. Мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч Н.П-ийг төрийн тусгай албанд ажилладаг нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцэхгүй болно. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн Н.П-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Шүүх шүүгдэгч Н.П-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Н.П-ийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,
түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Н-ийн П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Н.П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ