Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1195

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ӨСХЗ” ХХН-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч С.Энхтөр, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01001 дүгээр шийдвэртэй “ӨСХЗ” ХХН-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “А ” ХХК, Б.Т, Т.П, Т.Б нарт холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлд 334 895 388 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулж, 164 300 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож хариуцагч нар үл хөдлөх эд хөрөнгүүд барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу авсан зээлийг гэрээнд заасан хуваарь, хугацаанд төлөөгүй тул зээлийн үндсэн төлбөр 164 300 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 170 595 388 төгрөг, нийт 334 895 388 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг гаргуулж, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2010 оноос хойш Монгол Улсад өрнөсөн үйл явц, төрийн байгууллагын удаа дараагийн шийдвэр, хууль тогтоомжийн өөрчлөлт, зохицуулалтын улмаас манай компанийн эрхлэн явуулж байгаа уул уурхайн үйл ажиллагаа ихээхэн саад, бэрхшээлтэй тулгарч, “Кредит Монгол ББСБ” ХХК-аас авсан зээлийг төлөхөд хүндрэл үүссэн тул миний зүгээс удаа дараа уулзаж, тодорхой санал хүсэлт гаргаж байсан болно. Миний бие өөрийн компанийн нэрээр “Кредит Монгол ББСБ” ХХК-аас зээл авсан бөгөөд миний хүү Т.П, охин Т.Б нар нь зээлийг аваагүй, зарцуулахад огт оролцоогүй тул хариуцагчаар татаж, нэхэмжлэл гаргасан нь хууль бус юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.П, Т.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бидний хувьд тус газраас зээл аваагүй бөгөөд хариуцагч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.6, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Арвижихмандал” ХХК, Б.Т нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 334 895 388 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасныг баримтлан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 902 626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Арвижихмандал” ХХК, Б.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 902 626 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “Санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН нь “А ” ХХК, Б.Т, Т.Б, Т.П нарт холбогдуулан шаардлага гаргах эрхгүй бөгөөд “Кредит монгол” ББСБ-тай 2013 онд байгуулсан гэрээний заалт болон Иргэний хуулийг зөрчиж, ийнхүү нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу нягтлан судалж, хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэрийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх гаргаж чадаагүй болно. Учир нь “А ” ХХК, Б.Т нар нь “Кредит монгол” ББСБ-тай 2013 оны 4 дүгээр сарын 03-ний өдөр ЗГ1000/13/03/070 дугаартай зээлийн гэрээг байгуулсан ба энэ гэрээний З.1.9-д “Гэрээний нэг тал нь нөгөө талаас бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ ямарваа нэг хэлбэрээр гуравдагч талд шилжүүлж, залгамжлуулж болохгүй” гэж тохиролцсон байна. Гэтэл “Кредит монгол” ББСБ нь 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ЗП000/13/03/070 дугаартай гэрээний заалт болон Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.3 дах хэсгийг дангаараа ноцтой зөрчсөн, энэ хууль бус үйлдэл бүхий нотлох баримтыг хуульд зааснаар хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас үнэлээгүй нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. Түүнчлэн, “Кредит монгол” ББСБ нь Компанийн тухай хууль болон Иргэний хуульд тус тус нийцсэн, эрх бүхий этгээдийн, хүчин төгөлдөр шийдвэрийг гаргаж өөрийн шаардах эрхийг “Санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН-д шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт огт авагдаагүй байна.

Түүнчлэн, “Кредит монгол” ББСБ, “Санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН-ийн хооронд 2018 оны 01-р сарын 26-ны өдөр гэрээ байгуулагдсан байх ба гэрээний 2.11-д “хариуцагч нь энэ гэрээг байгуулсан өдөр шаардах эрх шилжүүлсэн талаар төлбөр төлөгч талуудад бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэсэн байх боловч хэргийн материалд үүнийг нотлох баримт огт байхгүй байна.

Анхан шатны шүүх нь Т.Б, Т.П нарт холбогдуулан гаргасан шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлээгүй, улмаар хууль зөрчсөн шийдвэрийг гаргасан. Түүнчлэн, шүүх Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлаагүй, өрөөсгөл дүгнэлт хийж хууль бус шийдвэрийг гаргасан байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “ӨСХЗ” ХХН нь “Кредит Монгол ББСБ” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан “Шаардах эрх болон барьцааны эрх шилжүүлэх” гэрээг үндэслэн хариуцагч Т.П, Т.Б, Б.Т, “А ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 334 895 388 төгрөг гаргуулах, барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх1-4/ хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

“Кредит Монгол ББСБ” ХХК болон “А ” ХХК, Б.Т нарын хооронд байгуулагдсан 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр хариуцагч нар нь 160 000 000 төгрөгийг 30 хоногт 3,3 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зээлж, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулан, үндсэн зээлийг 164 300 000 төгрөг болгон, сарын хүүг 4,5 хувь болгохоор талууд тохиролцон, зээлийн гэрээний хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан үйл баримт тогтоогдсон байна. /хх.14-36/

            Зээлдүүлэгч буюу “Кредит Монгол ББСБ” ХХК- нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч буюу хариуцагч “А ” ХХК, Б.Т нар нь мөнгийг хүлээн авч гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөх үүргийг хүлээсэн тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, үүний дагуу “Кредит Монгол ББСБ” ХХК нь зээлийн төлбөрийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

            “Кредит Монгол ББСБ” ХХК нь дээрх шаардах эрхээ 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Шаардах эрх болон барьцааны эрх шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр нэхэмжлэгч “ӨСХЗ” ХХН-д шилжүүлсэн байх бөгөөд талуудын уг тохиролцоо нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.6 дах хэсэгт заасанд нийцсэн, уг гэрээний дагуу нэхэмжлэгч “ӨСХЗ” ХХН нь хариуцагч нараас зээлийн гэрээний төлбөрийг шаардах эрхтэй байна.

            Хариуцагч “А ” ХХК, Б.Т нар нь зээлийн төлбөрийн хэмжээг үгүйсгэсэн талаарх тайлбар, баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан тооцоололд үндэслэж хариуцагч “А ” ХХК, Б.Т нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 334 895 388 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

Хариуцагч талаас 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний 3.1.9-т заасан “гэрээний нэг тал нь нөгөө талаас бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ ямарваа нэг хэлбэрээр гуравдагч талд шилжүүлж, залгамжлуулж болохгүй” гэсэн үндэслэлийн дагуу шаардах эрх шилжүүлснийг буруутгаж давж заалдах гомдолдоо тайлбарлажээ. Тус заалтаар гэрээний мөн чанарыг тодорхойлсон байх боловч уг заалтын дагуу 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Шаардах эрх болон барьцааны эрх шилжүүлэх гэрээ”-г шууд хүчингүй болгох үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

            Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний 5.1-т зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах эрхтэй бөгөөд хариуцагч нар нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд шүүх барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ 2 дах заалтаар фидуцийн гэрээний заалт буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт баримталсан байгааг зөвтгөж барьцаалагчийн шаардлагыг хангах талаар зохицуулсан Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх заалтыг баримталсан өөрчлөлтийг оруулна.

Мөн анхан шатны шүүх хариуцагч болох Т.П, Т.Б нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох талаар шийдвэрийнхээ тогтоох хэсэгт тусгайлан заагаагүй байх тул дээрх хариуцагч нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ талаар нэмэлт өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/01001 дүгээр шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “олгосугай” гэснийг “олгож” гэж, түүний дараа “хариуцагч Т.П, Т.Б нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж өөрчлөн найруулж,

2 дах заалтын “235 дугаар зүйлийн 235.1” гэснийг “158 дугаар зүйлийн 158.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1 902 630 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ТУЯА

 

                                                 ШҮҮГЧ                                  С.ЭНХТӨР

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ