Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Манзушир,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч *** овогт ***-ийн ***-т холбогдох 2516001780198 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

***.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр оройн 21 цагийн үед с аймгийн *** сум *** багийн *** дугаар байрны 1 тоотод өөрийн төрсөн ээж ***-г банкны виза картыг хаалгалаа гэх зүйлээр шалтаглан зодож толгой, нүүрэн хэсэг рүү нь 2-оос 3 удаа цохиж, хана мөргүүлэн доод уруул, уруулын дотор салстад шарх, эрүүний доод уруулын салст, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Шүүгдэгч *** 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр оройн 21 цагийн үед *** тоотод өөрийн төрсөн ээж ***-г банкны виза картыг хаалгалаа гэх зүйлээр шалтаглан зодож толгой, нүүрэн хэсэг рүү нь 2-оос 3 удаа цохиж, хана мөргүүлэн доод уруул, уруулын дотор салстад шарх, эрүүний доод уруулын салст, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь:

1. Хохирогч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн үед “***” захаас *** тоот гэртээ ирэхэд манай хүү *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой унтаж байсан. Би хүү ***-т хоол хийчхээд шөл уу гээд аяганд нь шөл хийгээд өгөхөд *** нь шөлөө ууж байгаад гэнэт уйлаад эхлэхээр нь би гайхаад чи юундаа уйлаад байгаа юм бэ? олон хоног архи уулаа гэсэн. Тэгэхэд ширээн дээр хоол идээд сууж байсан *** нь орилж чарлаж босож ирээд чи миний виза картыг хаалгасан байна, би дэлгүүрээс архи зээлж авлаа гэж хэлээд намайг барьж аваад нүүрний уруул хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж аваад толгой хэсгээр хана руу 2-3 удаа мөргүүлсэн. Би ***-ыг чи яаж байгаа юм бэ? гэхэд *** нь чи миний эцгийн хөрөнгийг надаас харамлалаа гээд дахиад миний нүүр рүү гараараа 1 удаа цохиход миний уруул болон хамраас цус гарсан. *** нь надад нойлын цаас өгөөд цусаа арч гэхээр нь би ***-ын хажуугаар гарч зугтаад цагдаагийн газарт ирсэн. *** тоотод хүү ***-ын хамт амьдардаг.би нүүр хэсэг рүү 3, 4 удаа цохиж зодсон. *** нь урьд өмнө намайг цохиж зодож цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаагүй. *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгуй..." гэх мэдүүлэг, /хх-ийн 57-р тал/

2. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ГОА0725/285 дугаартай" 1. 2. ***-ийн биед доод уруул, уруулын дотор салстад шарх, эрууний доод уруулын салст, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. ***-ийн биед учирсан шарх гэмтлүүд нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 17-18-р тал/,

3. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын хэсгийн цагдаа, ахлах ахлагч О.Төртулгын аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, ***-ын торгуулийн хуудасны бүртгэл, /хх-ийн 24-40, 41-43-р тал/,

4. Хохирогч ***-ээс гаргасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлт, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хүсэлтийг харгалзан үзнэ үү гэх хүсэлт, эрүүл мэндийн даатгалын санд 109,840 төгрөг төлсөн шилжүүлгийн баримт, /хх-ийн 46, 89-р тал/,

 5. Иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн "...энэ хэрэгт холбогдуулан ***-йн эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан тусламж үйлчилгээний мөнгө болох 109,840 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна..." гэх мэдүүлэг, /хх- ийн 60-р тал/,

6. Яллагдагч ***-ын эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 74-р тал/ болон бусад бичгийн нотлох баримтууд хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч ***-ын хохирогч ***-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг. 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ГОА0725/285 дугаартай дүгнэлтээр “1. 2. ***-ийн биед доод уруул, уруулын дотор салстад шарх, эрууний доод уруулын салст, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. ***-гийн биед учирсан шарх гэмтлүүд нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч ***-ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шүүгдэгч ***-ын хохирогч ***-эй банкны виза карт хаалгалаа гэх шалтгаанаар зодож, нүүрэн хэсэг 2-3 удаа цохиж, хана мөргүүлэн доод уруул, уруулын дотор салстад шарх, эрүүний доод уруулын салст, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үр дагавар хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

             Шүүгдэгч *** нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

             Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Хохирлын талаар:

          Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч *** нь хохирогч ***-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, эрүүл мэндийн даатгалын санд 109,840 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 109,840 төгрөгийг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас өөр хохирол нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч ***-т танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ***-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

          Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу нэг гэрт хамт амьдардаг эх, хүү хоёр байх бөгөөд тэдний хоорондын хувийн харилцаа, маргаанаас үүдэж нэгнийхээ биед хөнгөн хохирол учруулсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд уг хуулийг зөрчсөн этгээдийн үйлдлийн шинж чанар, давтамж, хохирол, хор уршгийг харгалзан Эрүүгийн, эсхүл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх ба гэр бүлийн хамааралтай хүмүүсийн таарамжгүй харилцаанаас үүссэн гэмт хэрэг бүрийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчлэх нь учир дутагдалтай байдаг.

Харин гэр бүлийн хамааралтай хүнийг зодсон зөрчлийн шинжтэй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэг болж шилжихдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт санаа зорилго, тухайн үйлдлээ хэрэгжүүлсэн арга хэлбэр, учруулсан хохирлын шинж чанар, гэр бүлийн харьцааны тогтсон хэв шинж зэргээс хамааран хор хохирлын шинжээр нь ялган зүйлчилдэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдаж гэр бүлийн гишүүний тэгш эрхийн зарчмыг зөрчсөн, уг үйлдэл, эс үйлдэхүй нь хамтын амьдралын хугацаанд дадал зуршил болсон байх ба энэхүү сэдэлт, санаа зорилгоор хохирогчийн эрүүл мэндэд халдсан байдаг онцлогтой бөгөөд огт шалтаг шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтагласан байж ч болох юм.

Тиймээс цаашид гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийг шалгахдаа тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн таарамжгүй харилцаа, түүний давтамж, хэн нэгний давуу байдал зэргийг нарийвчлан шалгаж байх нь шударга ёсны зарчимд нийцэх болохыг анхаарах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч ***-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ОДБАЯР