Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2023/00136

 

 

 

2023 оны 01 сарын 12 өдөр  Дугаар 183/ШШ2023/00136   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

УДИРТГАЛ ХЭСЭГ 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж,  шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Төв аймгийн Зуунмод сум, 0 дүгээр багт байрлах Төв аймгийн П.Г

нэхэмжлэгч- Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдыг гудамж, ХААДСангийн төв байранд байрлах, Х.А.А.Д.С.А.А /хуучнаар Тариалан эрхлэлтийг дамжих сан/ нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн гудамж, 0-0 тоот хаягт байрлах Н.ХХХК /000000/

хариуцагч: Төв аймгийн Цээл сум, Оргил 1 баг, баруун дэнжийн 0 тоот хаягт байрлах, Ц.Х ХХК /0000000/ нарт холбогдох

Гэм хорын хохиролд 73 927 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

нэхэмжлэгч Төв аймгийн П.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н /цахимаар/, 

хариуцагч Ц.Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

хариуцагч Н.ХХХК-ийн өмгөөлөгч Б.Т, Б нар

хариуцагч Н.ХХХК-ийн төлөөлөгч А.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Төв аймгийн П.Г  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Х.А.А.Д.С.А.Аны хүсэлтээр хариуцагч, Н.ХХХК, Ц.Х ХХК нарт холбогдуулан гэм хорын хохиролд 116 348 804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан боловч хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хариуцагч Ц.Х ХХК-иас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг 42 421 000 төгрөгөөр багасгаж дараах байдлаар шаардлагаа дэмжиж байна. Үүнд: Н.ХХХК-ны захирал Гомбожавын гарын үсгийг дуурайлган зурж санхүүгийн гэрээ байгуулж 2011.10.24-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 84 784 840 төгрөгний зээл авсан гэх үйлдлийг тус аймгийн цагдаагийн газраас шалгаад, 2020.11.09-ний өдөр 606 дугаартай Прокурорын тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан байна. Баримтаар, Н.ХХХК нь 2011.10.24-ний өдрийн №00/0000тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр СКП-0,0Г маркийн 83 784 840 төгрөгний үнэтэй, 2 ком, 6 ширхэг үрлүүрийг 30 хувийн урьдчилгаа төлбөр 26 285 500 төгрөг төлөөд үлдэгдэл 57 499 340 төгрөгийг 7 жилийн хугацаанд төлөх нөхцлөөр авсан болох нь тогтоогдсон. Иймд Н.ХХХК-иас үрлүүрийн үлдэгдэл төлбөр 49 285 200 төгрөг, алданги 24 642 600 төгрөг, нийт 73 927 800 төгрөгийг Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1 дүгээр зүйлд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Х.А.А.Д.С.А.Анаас ирүүлсэн хүсэлтийн дагуу прокурорын нэхэмжлэл гаргаж, шаардлагаа энэ хэмжээнд дэмжиж байна. Харин, бага оврын тракторын төлбөрт 2 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг Н.ХХХК аваагүй, захирал А.Г өөрийн нэр дээр аваад төлбөрийг төлсөн үндэслэлээр, улаан буудайн урамшууллын төлөгдөөгүй үлдэгдэл 40 421 000 төгрөгийг тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 85.8 сая төгрөг хариуцагч Н.ХХХК-д шилжүүлсэн гүйлгээ хийгдээгүй тухай Хаан банкнаас баримт ирсэн үндэслэлээр тус тус татгалзаад, шаардлагаа 42 421 000 төгрөгөөр багасгаж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Ц.Х ХХК-ийг татсан боловч хэрэгт авагдсан баримтаар тус компани маргаан бүхий гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2013 онд үүсгэн байгуулагдсан нь нотлогдож байх тул хариуцагч Ц.Х ХХК-иас үрлүүрийн үнэ гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв. 

2. Нэхэмжлэгч  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн йлдвэрийн яамны харьяа Х.А.А.Д.С.А.А шүүхэд бичгээр шаардлага ирүүлээгүй. 

3. Хариуцагч Н.ХХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Төв аймгийн П.Г нь шүүхэд Хөдөө аж ахуйг дэмжих санг төлөөлөн нэхэмжлэл гаргасан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-заасанд нийцэхгүй буюу иргэний хэрэг үүссэний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хуульчилсан байхад Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг төлөөлж нэхэмжлэл гаргасан нь төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлд хамаарахаар байна. Дээрх гэрээгээр 2011 манай компани компани үрлүүрийг огт хүлээж аваагүй бөгөөд тухайн үед манайд ажилаж байсан н.Гантөмөр урьдчилгаа төлбөрийг нь төлөөд авсан. Энэ талаар н.Гантөмөр цагдаагийн байгууллагад мэдүүлсэн нь хэрэгт авагдсан. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу эрхгүй этгээд болох н.Гантөмөрт үрлүүрийг хүлээлгэн өгсөн. Н.ХХХК сүүлд энэ талаар мэдэж, н.Г-т холбогдуулан гомдол гаргасан бөгөөд нэхэмжлэгч нар манай компаниас биш, н.Гантөмөрөөс үрлүүрийн мөнгөө нэхэх ёстой. Мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусан байна. Хуульд шаардах эрх үүссэнээр хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалттай ба гэрээгээр үрлүүрийг хүлээлгэн өгснөөс хойш жил бүр 8 214 200 төгрөг төлөх хуваарь гаргасан бөгөөд эхний жилийн төлбөр төлөх хуваарь зөрчигдсөн хугацаанаас хойш 3 жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна. 

4.  Хариуцагч Ц.Х ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна Үүнд: 2010-2012 оны хооронд Н.ХХХК-ний захирал А.Г-тай хамтран ажилласан бөгөөд надад тариа тарих газраасаа худалдана гэж хэлээд авсан мөнгөө өгөхгүй намайг хэсэг хугацаанд компанийхаа менежерээр ажиллаж бай гэж хэлсэн. Гэтэл маш их хууль бус үйлдэл намайг ашиглаж хийх гээд байсан тул таарамжгүй харгилцааны улмаас техник, төхөөрөмжөө аваад 2012 онд Төв аймгийн Цээл сум руу нүүсэн юм. Үрлүүрийг 2011 онд Н.Х ХХК нэр дээр 30 хувийг төлөөд үлдэх төлбөрийг Н.ХХХК нь надад төлөх 40 000 00 төгрөгтөө тооцож төлнө гэж хэлээд А.Г хэлээд үүнээс хойш утсаа авахаа больсон. Н.ХХХК, Ц.Х ХХК нар хоорондоо ямар ч холбоогүй бөгөөд Г надад холбогдуулж биш, Ц.Х ХХК-д холбогдуулж иргэний хэрэг үүсгэсэнд гомдолтой байна гэв. 

5. Нэхэмжлэгч Төв аймгийн П-с: итгэмжлэл, 2021.02.02-ны өдрийн Х.А.А.Д.С.А.Аны хүсэлт хүргүүлэх тухай 01/87 дугаар албан бичиг, өглөг авлагын дэлгэрэнгүй журналууд, санхүүгийн түрээс /лизингийн гэрээ, 00/0000тоот зээлийн гэрээний барьцааны гэрээ, А.Г-ын цахим үнэмлэхний хуулбар, Хөдөө аж ахуйн дэмжих сангийн ажлын алба, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, 2013.04.22-ны өдрийн Төв аймгийн П.Г-ын 000 дугаар Прокурорын тогтоол, 2020.11.09-ний өдрийн Төв аймгийн П.Г-ын 000 дугаар Прокурорын тогтоол, 2021.01.05-ны өдрийн Төв аймгийн П.Г-ын 0/00 дүгээр Прокурорын тогтоол, 2020.09.24-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл, техникт эд зүйлд үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, 2020.06.29-ний өдрийн Төв аймгийн Цагдаагийн газрын 00/00-0000 дүгээр албан бичиг, 2020.09.04-ний өдрийн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хөтөл салбарын А/00 дүгээр албан бичиг зэргийг гаргаж өгсөн.  /хх 2-16 хуу, 66-75 хуу/

6. Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Х.А.А.Д.С.А.Анаас:  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол улсын Засгийн газрын 2020.01.08-ны өдрийн 00 дугаартай   Х.А.А.Д.С.А.А байгуулах тухай тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020.04.24-ний өдрийн А-000 дугаар тогтоол, итгэмжлэл, өгөлөг авлагын дэлгэрэнгүй журнал гэх хүснэгт зэрэг баримтыг ирүүлсэн. /хх 114-117 хуу, хх 167-172 хуу/

7. Хариуцагч Н.ХХХК-иас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлсэн. /хх 46, 52, 133-135 ху

8. Хариуцагч Ц.Х ХХК-иас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, компаний дүрэм зэрэг баримтыг ирүүлсэн. /хх412, 143 хуу, хх 149-151 хуу/

9. Шүүх, хариуцагч Н.ХХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжээчийн томилон дүгнэлт гаргуулсан, нэхэмжлэгч Төв аймгийн П.Г-ын хүсэлтээр Хаан банк ХХК-иас Н.ХХХК-ний Хаан банкин дахь 0000000000 дансанд тариалан эрхлэлтийг дэмжих сангийн урамшуулал гэх утгатай гүйлгээ хийгдсэн эсэх талаарх лавлагааг нотлох баримтаар  гаргуулсан. /85-102 хуу/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

2. Нэхэмжлэгч Төв аймгийн П.Г болон Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Х.А.А.Д.С.А.А нар нь хариуцагч Н.ХХХК-иас 73 927 800 төгрөг гаргуулахаар шаардаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.  Үүнд: Ц.Х ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа 42 421 000 төгрөгөөр багасгаж байна. Н.ХХХК-иас 72 927 800 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хариуцагчтай 2011.10.24-ний өдрийн №00/0000тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, СКП-0,0Г маркийн 83 784 840 төгрөгний үнэтэй, 2 ком, 6 ширхэг үрлүүрийг 30 хувийн урьдчилгаа төлбөр 26 285 500 төгрөг төлөөд үлдэгдэл 57 499 340 төгрөгийг 7 жилийн хугацаанд төлөх нөхцлөөр авсан боловч 49 285 200 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ хэргийг эрүүгийн журмаар шалгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж шийдвэрлэсэн. Иймд Н.ХХХК-иас үрлүүрийн үлдэгдэл төлбөр 49 285 200 төгрөгийг, алданги 24 642 600 төгрөгийн хамт нийт 73 927 800 төгрөгийг гаргуулахаар Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1 дүгээр зүйлд заасан эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргах эрхтэй. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Х.А.А.Д.С.А.Анаас ирүүлсэн хүсэлтийн дагуу нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгч нар ашиг сонирхлын зөрчилгүй, ижил байр суурьтай гэж тайлбарлаж байна. 

3.Хариуцагч Н.ХХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Прокурор нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүссэн нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээдэд хамаарна. Мөн талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 6 ширхэг үрлүүрийг манай компани хүлээн аваагүй тул төлбөрийг төлөх үндэслэлгүй. Түүнчлэн гэрээний үүрэг шаардах хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна. 

4. Хариуцагч Ц.Х ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:Санхүүгийн түрээсийн гэрээ нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Н.ХХХК-ийн захирал А.Гомбожав нарын хооронд байгуулагдсан. Гэрээнд Н.ХХХК-г төлөөлөх эрхийг менежер н.Гантөмөрт олгосон. Тийм учраас Н.ХХХК-д үрлүүр хүлээлгэж өгсөн, өгөөгүй гэдэг асуудал байхгүй бөгөөд хэрэв өгөөгүй бол 2011.10.24-ний өдрөөс хойш 10 жилийн хугацаанд үрлүүрийг шаардах л байсан гэж тайлбарлаж байна.  

5. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 5,6,7,8,9 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 

5.1 2011.10.24-ний өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Н.ХХХК нарын хооронд 00/0000дугаартай Санхүүгийн түрээс/лизингийн гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, /хх 9-16 ху/

5.2 2020.11.09-ний өдрийн 606 дугаартай Төв аймгийн П.Г-ын тогтоолоор А.Г-ын гарын үсэг хуурамчаар зурж, 84 784 840 төгрөгийг зээлийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан гэх гомдолтой хэрэг бүртгэлтийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан, /хх 64 ху/

5.3 Монгол улсын Ерөнхий П.Г-ын 2021.01.05-ны өдрийн 0/00 дугаар тогтоолоор дээрх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан, /хх 40-41 ху/

5.4 Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбараас техник хүлээлгэн өгсөн лавлагаа гаргах боломжгүй талаар 2020.09.24-ний өдөр мөрдөгч тэмдэглэл үйлдсэн, /хх 66 ху/

5.5 2020.10.18-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн хэлтсээс Ц.Х ХХК-ний бригадын хашаанд үзлэг хийж, үрлүүр байгаа эсэх талаар тэмдэглэл үйлдэж, фото зураг хавсаргасан, , /хх 70-74 ху/

5.6 Төв аймгийн Цагдаагийн газраас 2020.06.29-ний өдрийн 00/002-0000 дугаар албан тоотоор 6 ширхэг үрлүүрийг хэн хүлээж авсан талаар лавлагаа шаардахад Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбар 2020.09.04-ний өдрийн А/00 дугаар албан тоотоор ....баримт олдоогүй, төв сан баримтыг авдаг байсан гэх хариу ирүүлсэн, /хх 75 ху/ 

5.7 Монгол улсын Засгийн газрын 2020.01.08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Х.А.А.Д.С.А.А байгуулахаар шийдвэрлээд, Тариаланг дэмжих сангийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг авлагыг тус ажлын албанд шилжүүлэх, мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020.04.24-ний А-000 дугаар тушаалаар Хөдөө аж ахуйг дэмжих санд балансаас хөрөнгө шилжүүлэхээр тус тус шийдвэрлэсэн, /хх 115, 116 ху/

5.8 Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Х.А.А.Д.С.А.Анаас 2021.02.02-ны өдрийн 00/00 дугаар албан бичгээр Н.ХХХК-иас 159 252 667 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэжлэл гаргах, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд тус байгууллагыг төлөөлөн оролцох хүсэлт явуулсан, /хх 6 ху/

5.9 Хаан банк ХХК 2023.01.05-ны өдрийн 29/220 дугаартай албан бичгээр 2012.01.01-ний өдрөөс 2013.12.31-өдрийн хооронд 53 057 004, 45 378 996 төгрөгийг гүйлгээ хийгдээгүй болохыг тодорхойлсон зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 177 хуу

6. Зохигч, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Н.ХХХК-ний хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаангүй, харин  гэрээний зүйл болох үрлүүрийн үнийг төлөх үүрэг үүссэн эсэхэд маргаантай. 

7. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуй дэмжих сангийн алба нь хариуцагч Н.ХХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан, түрээслэгч тал төлбөрөө төлөөгүй тул гэрээний үүрэгт 49 285 200 төгрөг, алданги 24 642 600 төгрөг, нийт 73 927 800 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч гэрээний зүйлийг хүлээж аваагүй, төлбөр шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, прокурор нэхэмжлэл гаргах эрхгүй  гэж маргасан. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Н.ХХХК нарын хооронд 2011.10.24-ний өдөр 00/0000дугаартай Санхүүгийн түрээс/лизингийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор Н.ХХХК-д СКП-0,0Г загварын 2 ком буюу 6 ширхэг үрлүүрийг зээлээр олгохоор, хариуцагч урьдчилгаа төлбөрт 26 285 500 төгрөг төлөөд үлдэх 70 хувьтай тэнцэх төлбөр буюу 57 499 340 төгрөгийг 84 сарын хугацаанд тэнцүү хувааж төлөх, ингэхдээ хариуцагч компаний үрийн болон улаан буудай улсад тушаасны урамшууллаас нэхэмжлэгч төлбөрийг үл маргах журмаар суутгахаар тус тус тохиролцсон байна. 

Дээрх гэрээ нь нэршлийн хувьд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 310,0-д заасан санхүүгийн түрээсийн гэрээнд хамаарах мэт боловч гэрээний зорилго нь эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх, ийнхүү өмчлөлийг шилжүүлэн авснаар үнийг төлөх үүрэг хүлээсэн байх тул түрээслүүлэгч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд төлбөртэйгөөр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад эд хөрөнгийг шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг хүлээх санхүүгийн түрээсийн гэрээнд хамаарахгүй юм. 

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв. 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна. 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, худалдах худалдан авах гэрээний гол нөхцөл нь худалдагч худалдан авагчийн өмчлөлд эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч худалдагчид үнийг төлөх харилцаа байдаг бөгөөд хариуцагч Н.ХХХК нь гэрээний зүйл болох 6 ширхэг үрлүүрийг хүлээн аваагүй гэж маргасныг нэхэмжлэгч Хөдөө аж ахуй дэмжих сангийн алба баримтаар няцаагаагүй. 

Эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардаж байгаа тохиолдолд гэрээний зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгснөө нотлох үүрэг нэхэмжлэгчид хамаарахаар байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч шаардлага үндэслэлээ өөрөө нотлох эрх, үүрэгтэй. 

 

Түүнчлэн, талуудын цагдаагийн байгууллагад гаргаж байсан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үрлүүрийг хэнд хүлээлгэн өгснийг олж тогтоогоогүй болох нь 2020.10.18-ны өдрийн Төв аймгийн Цагдаагийн хэлтсийн Ц.Х ХХК-ний бригадын хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарын 2020.09.04-ний өдрийн А/40 дугаар албан тоотоор ....баримт олдоогүй, төв сан баримтыг авдаг байсан гэх албан бичиг зэрэг баримтаар нотлогдож байна.  /хх 70-74, 75 ху/

Иймд худалдах худалдан авах гэрээний зүйл болох 6 ширхэг үрлүүрийг хариуцагч Н.ХХХК-д хүлээлгэн өгсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Х.А.А.Д.С.А.А гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй гэсэн дүгнээд үрлүүрийн үнэ 49 285 200 төгрөг, алданги 24 642 600 төгрөг, нийт 73 927 800 төгрөгийг Н.ХХХК-иас гаргуулах тухай Хөдөө аж ахуй дэмжих сангийн албаны нэхэмжлэлийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

 

7.1 Прокурор нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх татгалзлын тухайд, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасан ба хуулийг уг зохицуулалтыг 2022.07.01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байна. 

Иймд нэхэмжлэгч Төв аймгийн П.Г 2021.02.24-ний өдөр Хөдөө аж ахуй дэмжих сангийн албаны хүсэлтээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөдөө аж ахуй дэмжих сангийн алба нь хамтран нэхэмжлэгчээр оролцсон байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн. 

7.2 Нэхэмжлэгч Төв аймгийн П.Г-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлийн тухайд,

Нэхэмжлэгч Төв аймгийн П.Г шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ...Н.ХХХК-ний захирал Гомбожавын гарын үсгийг дууриалган зурж санхүүгийн гэрээ байгуулж 2011.10.24-ний өдөр тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 84 784 840 төгрөгийн зээл авсан гэх үйлдлийг....шалгаж, 2020.11.09-ний өдрийн 606 дугаартай Прокурорын тогтоолоор ....гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан. Н.ХХХК нь 2011.10.24-ний өдрийн 00/0000тоот санхүүгийн гэрээгээр СКП-0,0Г маркийн 83 784 840 төгрөгийн үнэ бүхий 2 ком 6 ширхэг үрлүүрийг ... авсан....үлдэгдэл 49 285 200 төгрөг.... алданги 24 642 600 ... гаргуулахаар байна гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан. 

Нэхэмжлэгч Төв аймгийн П.Г-ын шаардах эрхийн хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэх/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасанд хамаарах ба ийнхүү шаардах урьдчилсан нөхцөл нь учруулсан гэм хорын хэмжээ тогтоогдсон байхаас гадна тухайн гэм хор нь гэм буруутай этгээдийн  үйлдэл/эс үйлдэх/-тэй шалтгаант холбоотой, шалтгаант холбоотой бол үүнтэй холбогдон гарсан зардал тогтоогдсон байх учиртай.  

Прокурор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар прокурорын шатанд хууль бус үйлдлийг тогтоогдсон гэж тайлбарлах боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж тус тус заасан тул 2020.11.09-ний өдрийн 606 дугаартай Прокурорын тогтоолоор гэм хор учруулсан болох нь тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй. 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Н.ХХХК-иас гэрээний үүрэгт 73 927 800 төгрөг гаргуулах тухай Төв аймгийн П.Г болон Х.А.А.Д.С.А.А нарын нэхэмжлэлийг худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2 ком буюу 6 ширхэг үрлүүрийг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр бүхэд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

8. Нэхэмжлэгч нар шүүх хуралдааны үед санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдах үед үүсгэн байгуулагдаагүй байсан гэсэн үндэслэлээр хариуцагч Ц.Х ХХК-иас, улаан буудайн урамшуулал 98 436 000 төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас Н.ХХХК-ийн данс руу шилжүүлсэн нь тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр 40 421 000 төгрөг, бага оврын тракторын үнэ 2 000 000 төгрөгийг Н.ХХХК-ний захирал А.Г төлсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 42 421 000 төгрөгөөр багасгасан болохыг, мөн нэхэмжлэгч нар улаан буудайн урамшууллын үнэ 40 421 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан тул уг үйл баримтад болон холбогдох нотлох баримтад шүүх дүгнэлт өгөөгүйг тус тус дурдах нь зүйтэй. /хх 20-33, 87-102ху/ 

9. Нэхэмжлэгч Х.А.А.Д.С.А.Аны төлөөлөгч Э.Н-д 2023.01.12-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2020,00,05-ны өдөр зохих журмын дагуу мэдэгдсэн боловч 2023.01.02-ны өдрөөс 2023.01.23-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх, хүсэлтдээ хавсаргасан баримт нотлох баримтын шаардлага хангахгүй, хуралдааны товыг боломжит хугацааны өмнө мэдэгдсэн учраас өөр төлөөлөгч томилох боломжтой байсан гэсэн үндэслэлээр хангахгүй орхиж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг, мөн иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд хуралдааныг явуулсан болохыг тус тус тэмдэглэв. 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгч нар хуульд заасаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.ХХХК-иас 73 927 800 /далан гурван сая есөн зуун хорин долоон мянга найман зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Төв аймгийн П.Г, Х.А.А.Д.С.А.Аны  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ц.Х ХХК-д холбогдох үрлүүрийн үнэ 73 927 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Төв аймгийн П.Г, Х.А.А.Д.С.А.А нар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.14-т зааснаар  нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                             ДАРГАЛАГЧ                           Д.ЭНХЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧ                               Н.ГЭРЭЛТУЯА

                                  ШҮҮГЧ                               Д.ХУЛАН