| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2022/06370/И |
| Дугаар | 101/ШШ2023/00908 |
| Огноо | 2023-02-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2023/00908
2023 02 14 101/ШШ2023/00908
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- О ББСБ ХХК /******/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- У-н З /**********/,
хариуцагч- Б-н Б /*********/ нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 203,376,361.65 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, М.М,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, түүний өмгөөлөгч М.Ш /ӨҮ-****/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь У.З, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 160,000,000 төгрөг, үндсэн хүү 25,345,194.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 274,586.30 төгрөг, нийт 185,619,780.30 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан /хх-1-4/.
Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2022 оны 9-р сарын 30-ны өдрөөс 2023 оны 01-р сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны хүүгийн төлбөрийг 14,797,150.68 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг 2,959,430.14 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, үндсэн зээлийн төлбөрт 160,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 40,142,345.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү төлбөрт 3,234,016.44 төгрөг, нийт 203,376,361.65 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлсэн /хх-45/.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нартай 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 160,000,000 төгрөгийг 2,9 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөлт хийгээгүй бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр 5,500,000 төгрөгийг төлснийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүгийн төлбөрөөс хасаж тооцсон.
Дээрх зээлийн гэрээний үүрэгт ************* байрны зоорийн давхарын А тоотод хаягт байрлалтай 125,8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.
Зээлдэгч нар эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний зүйл заалтыг удаа дараа зөрчсөн гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээлийн гэрээ байгуулж, 160,000,000 төгрөг авсанд маргахгүй, зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг төлсөн. Ашигласан хугацаанд хүү төлөх зохицуулалттай тул төлсөн 5,500,000 төгрөгийг үндсэн зээлийн 160,000,000 төгрөгөөс хасаж тооцон зээлийн гэрээний үүрэгт 154,500,000 төгрөгийг, зээлийн хүүд 24,960,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцалсан гэж үзэж байгаа тул зээлийн хүү тооцогдохгүй тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргаагүй гэж татгалзсан тайлбар гаргасан.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1,806,048.90 төгрөг төлсөн баримт /хх-5/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-6/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-7/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-8/, 2022 оны 04-р сарын 08-ны өдр ийн ЗГ-******** дугаартай зээлийн гэрээний хуулбар /хх-9-12/, 2022 оны 4-р сарын 08-ны өдрийн БГ-******** дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар /хх-13-16/, харилцагчийн мэдээлэл нэртэй хүснэгт /хх-17/, зээлийн өргөдөл /хх-18/, Б.Б, У.З нарын иргэний үнэмлэх хуулбар /хх-19/, Нийслэлийн ****************** зоорийн давхар А тоот хаягт байршилтай 125.8 м.кв талбайтай, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр У.З бүртгэгдсэн гэрчилгээний хуулбар /хх-20/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-21, 46/, нэмэгдүүлсэн шаардлага /хх-45/, улсын тэмдэгтийн хураамжид 246,732.90 төгрөг төлсөн баримт /хх-47/ зэргийг, хариуцагч нараас хариу тайлбар /хх-32/, У.З, Б.Б нарын төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-37-38/ зэргийг нотлох баримтаар гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлээс 184,886,232.2 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 18,490,129.4 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
2. Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ зээлдэгч нар 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээний үүргээ хуваарийн дагуу хийгээгүй, 2022 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр 5,500,000 төгрөгийг төлснийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүгийн төлбөрөөс хасаж тооцсон, зээлийн гэрээний зүйл заалтыг удаа дараа зөрчсөн гэж тайлбарласан.
3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ашигласан хугацаанд хүү төлөх зохицуулалттай тул төлсөн 5,500,000 төгрөгийг үндсэн зээлийн 160,000,000 төгрөгөөс хасаж тооцон зээлийн гэрээний үүрэгт 154,500,000 төгрөгийг, зээлийн хүүд 24,960,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч шүүхэд хандсанаар гэрээ цуцлагдсан тул зээлийн хүү тооцогдохгүй тул хүү, нэмэгдүүлсэн хүүгийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан тайлбар гаргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4а. Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн ТЗ******** дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна /хх-7-8/.
4б. Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 160,000,000 төгрөгийг хариуцагч У.З, Б.Б нарт 1 сарын хугацаатай, 2,9 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, хариуцагч нар 160,000,000 төгрөгийг 2022 оны 05-р сарын 8-ны өдөр 2,9 хувь болох 4,576,438.36 төгрөгийн хамт төлөхөөр, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцож ЗГ-******** дугаартай зээлийн гэрээ байгуулсан байна /хх-9-12/.
4в. Зээлийн барьцаанд хариуцагч У.Згийн өмчлөлийн Нийслэлийн ****************** зоорийн давхар А тоот хаягт байршилтай 125.8 м.кв талбайтай, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж 2022 оны 04-р сарын 08-ны өдөр БГ-******** дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байна /хх-13-16/.
5. Талуудын хооронд 2022 оны 4-р сарын 08-ны өдөр байгуулагдсан ЗГ-******** дугаартай зээлийн гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж,
452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
6. Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байх тул энэхүү зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.
7. Хариуцагч У.З, Б.Б нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зохицуулснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.
8. Зээлдүүлэгч болох О ББСБ ХХК-иас зээлдэгч У.З, Б.Б нарт зээлийн гэрээний дагуу 160,000,000 төгрөгийг шилжүүлсэн болон зээлдэгч У.З, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг төлсөн үйл баримтад зохигчид маргаагүй боловч хариуцагч талаас нэхэмжлэгч нь шүүхэд хандснаар гэрээг цуцалсан тул хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.
9. Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа үүссэн зохигчид дээр дурдсан гэрээг байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас ЗГ-******** дугаартай зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
10. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас ЗГ-******** дугаартай зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 160,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 40,142,345.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,234,016.44 төгрөг, нийт 203,376,361.65 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хариуцагч тал зээлийн гэрээний хугацаа дуусанаас хойш төлсөн 5,500,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцож, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрөөс хүү тооцох ёстой, нэхэмжлэгч шүүхэд хандснаар гэрээ цуцлагдсан үндэслэлээр хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж маргасан.
11. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар ЗГ-******** дугаартай зээлийн гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дууссан, хариуцагч нараас 2022 оны 09-р сарын 21-ний өдөр 5,500,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч нь хүүгийн төлбөрт 1,350,695.89 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,149,304.11 төгрөгийг тус тус суутган авсан байна.
12. Талуудын байгуулсан ЗГ-******** дугаартай зээлийн гэрээний 3.4-т зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн төлбөрийн дарааллаар төлүүлэхээр гэрээний талууд тохиролцсон байх боловч энэхүү тохиролцоо нь гэрээний хугацаанд төлсөн төлбөрийг суутгах дараалал байна.
12а. Харин Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэсэн зохицуулалт нь төлөх хугацаа болсон буюу гэрээний хугацаа дуусгавар болсон үед биелэгдээгүй үлдсэн өр төлбөрийг нэхэмжлэхэд хэрэглэгдэх зохицуулалт байна.
12б. Иймд зохигчийн байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 8-ны өдөр дууссан байх тул хариуцагч нараас 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 5,500,000 төгрөгийн үндсэн зээлийн 160,000,000 төгрөгөөс хасаж тооцох үндэслэлтэй гэж үзэв.
13. Зохигчийн хооронд зээл төлөх хэмжээ болон нэхэмжлэгч гэрээ цуцлагдсанаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй эсэхэд зохигчид маргаж байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж, 21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж зохицуулсан.
Хариуцагч У.З, Б.Б нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх буюу хариуцагч нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн зөрчил гарсан үндэслэлээр үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч талд үүснэ.
Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг дээрх хуульд заасан үндэслэлээр шаардах эрхтэй боловч энэ нь нэхэмжлэгчийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хязгаарлагдах бөгөөд талуудын хооронд байгуулсан ЗГ-******** дугаартай гэрээний гэрээний 10.1-д энэхүү гэрээний нөхцөл бүрэн биелэгдэж, зээлийн төлбөр бүрэн хийгдсэнээр гэрээ дуусгавар болохоор, 10.2-т зээлдэгч нь энэхүү гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр, хүү болон шимтгэл хураамжийг хугацаанд нь буюу бүрэн төлөөгүй, зээлдэгч нь зээл, хүүний төлбөр эргэн төлөх хуваарийг 2 болон түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд ББСБ гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцална гэжээ.
Өөрөөр хэлбэл, зээлдэгч нар 2022 оны 04-р сарын 08-ны өдөр гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байхад зээлдүүлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссан 2022 оны 5-р сарын 08-ны өдрөөс хойш 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж буй үйлдэл нь төлөгдөөгүй байсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх дүнг их хэмжээгээр өсөхөд нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан зохицуулалтаар хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ямар нэгэн төлбөр төлөөгүй байтал нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 10-р зүйлд заасан гэрээ цуцлах арга хэмжээг аваагүйгээс нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн, тийнхүү үргэлжлүүлэн тооцсоноор зээлдэгч нарт их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь шударга бус нөхцөлийг бий болгосон гэж үзэхээр байна.
Иймд шүүх дээрх нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэгчийн анх шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр хариуцагч нарын төлбөл зохих зээлийн хүүг тооцох нь зүйтэй гэж үзэж, хариуцагч У.Золзяа, Б.Б нараас ЗГ-******** дугаартай гэрээний 2022-09-21-ний өдрийн байдлаар төлөх зээлийн хүү 25,210,665.8 /160,000,000х2,9%=4,640,000 төгрөгийг 5 сар 13 хоног/ төгрөг, 2022-09-21-ний өдрөөс 2022-10-04-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөх зээлийн хүү 1,941,550 /154,500,000х2,9%=4,480,500:30хоног=149,350х13хоног/ төгрөг, нийт 27,152,215 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Зээлдэгч У.З, Б.Б нар нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар зээлийн хүүгийн төлбөрт 27,152,218.8 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан бөгөөд үүнээс нэмэгдүүлсэн хүүг тооцоход нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрч байх тул 3,234,016.44 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд шаардах эрхтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч У.З, Б.Б нараас үндсэн зээлд 154,500,000 төгрөг, зээлийн хүүнд 27,152,218.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,234,016.44 төгрөг, нийт 184,886,232.2 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 18,490,129.4 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь барьцаа хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2022-09-30-ны өдөр төлсөн 1,086,048.90 төгрөг /хх-5/, 2023-01-05-ны өдөр төлсөн 246,732.90 төгрөг /хх-47/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох хураамжид 1,082,381 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хариуцагч У.З, Б.Б нараас 184,886,232.2 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 18,490,129.4 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2022-09-30-ны өдөр төлсөн 1,086,048.90 төгрөг, 2023-01-05-ны өдөр төлсөн 246,732.90 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.З, Б.Б нараас 1,082,381.161 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О ББСБ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ Д.Я