| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2022/05567/И |
| Дугаар | 101/ШШ2023/01429 |
| Огноо | 2023-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2023/01429
2023 03 21 101/ШШ2023/01429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- А ББСБ ХХК /6116353/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Б-н Д,
хариуцагч- Т-н Н нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 28,259,604 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Г.Г,
Хариуцагч Б.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р, түүний өмгөөлөгч Б.М ӨҮ-******/,
Хариуцагч Т.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь Т.Н, Б.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 13,044,450 төгрөг, зээлийн хүү 15,215,154 төгрөг, нийт 28,259,604 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны ************************* тоотод байрлах, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч нартай 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Б.Дийн өмчлөлийн ************************* тоотод байрлах, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.
Зээлдэгч нарын хүсэлтээр зээлийн төлбөрийг хуваарийг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хойшлуулж, ************ тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулсан боловч зээлдэгч нар зээл, зээлийн хүүг төлөхгүй байсан тул шүүхэд хандсан боловч хариуцагч нарын хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсанаар хаягийг олж тогтоосон. Хариуцагч Т.Нгээс төлсөн төлбөрийг үндсэн зээл, хүүгийн төлбөрт суутгаж авсан бөгөөд зээлдэгч нар эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний зүйл заалтыг удаа дараа зөрчсөн гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Б.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлээс нэг ч төгрөг авч ашиглаагүй. Анх би өөрийн ажиллаж байсан газрын ажил олгогч Т.Нн гуйлтаар нөхөр Б.Дийн аав, ээжээс нь өвлөгдөн ирсэн гал голомт болох ************************* тоот, 18 м.кв, 1 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавиулсан юм. Тухайн үед Т.Н эгч зээлийн барьцаанд нэг сарын хугацаатай байлгана, асуудалгүй гээд байсан учир нөхрөө гуйж байгаад барьцаанд тавиулсан. Гэтэл Т.Н нь зээлээ төлөхгүй явсаар 15 сая төгрөгийн зээлийг 30 сая төгрөг болтол явсан байсныг би шүүх дээр ирээд л мэдсэн. Энэ асуудлаас болж би нөхөр болон хадмуудынхаа өмнө маш их гэм буруутай хүн болж одоо өөрийн амьдарч байгаа орон байраа хүний өмнөөс 30 сая төгрөгийн зээлийн барьцаанд алдах дээрээ тулж байгаад маш их гомдолтой байна.
Зээлийг 2019 оны 10-р сард авсан бөгөөд үүнээс хойш бүхэл бүтэн 3 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад хүүг нь өсгөхгүйгээр үндсэн зээлдэгч Т.Нгээс зээлийн төлбөрийг нэхэмжлээгүй санаатайгаар зээлийн хүүгийнг төлбөрийг өсгөж хугацаа хожиж ийм өндөр төлбөр үүсгэн албаар миний байрыг авах гэсэн санаа зорилготой байсан гэж харагдаж байна. Хариуцагч Т.Н нь авсан зээлийн төлбөрөө төлж барагдуулна гэж байгаа тул барьцаа хөрөнгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4. Хариуцагч Т.Н хариу тайлбартаа зээл авсан нь үнэн, зээлийн төлөлт хийж чадаагүй, бүх хариуцлагаа би өөрөө хүлээн зөвшөөрнө. Миний эрхэлж байгаа үйлдвэрлэл одоо жигдэрч гадаа талбайн борлуулалт хийж чихэр үйлдвэрлэлээ сувинер байдлаар борлуулж байгаа тул зээлийн төлбөрөө төлөх боломжтой. Одоогийн байдлаар зээлийн төлбөрт 2,340,000 төгрөгийг төлсөн байгаа. Барьцаа хөрөнгийн тухайд Б.Д нь зээлээс авч ашиглаагүй, гэр бүлийн хувьд асуудалтай байгаа тул энэ зээлийг би дангаараа бүрэн төлж барагдуулна гэдгээ банк бус санхүүгийн байгууллагад хэлж илэрхийлээд байгаа. Банк бус санхүүгийн байгууллагын шаардсан 28,259,604 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-6/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-7, 41/, 2019 оны 10-р сарын 17-ны өдрийн ЗГ-********* дугаартай зээлийн гэрээний хуулбар /хх-9-11/, 2019 оны 10-р сарын 17-ны өдрийн БГҮ-********* дугаартай баталгаат ипотекийн гэрээний хуулбар /хх-12-14/, 2020 оны 11-р сарын 19-ний өдрийн ЗГ************ дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээний хуулбар /хх-15/, Нийслэлийн *************** тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б.Д бүртгэгдсэн гэрчилгээний хуулбар /хх-16/, СүхБ дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Т.Нн хаягийг тодорхойлсон тодорхойлолт /хх-17/, зээлийн тооцоолол /хх-18, 43/, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-42, 54/, нэхэмжлэлд өөрчлөлт оруулсан нэхэмжлэлийн шаардлага /хх-58/, хариуцагч Т.Нн хаяг тодруулсан тухай албан бичиг /хх-68-69/, СүхБ дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023-02-28-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолт /хх-70/, нэхэмжлэгчийн хариу тайлбар /хх-95/ зэргийг нотлох баримтаар гаргасан.
Хариуцагч Т.Нн хариу тайлбар /хх-28/, хариуцагч Б.Дийн төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-44/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар /хх-85/ зэргийг гаргасан.
Хавтаст хэргийн 8, 71-84-р талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлээс 25,519,628 төгрөгийн шаардлага болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 2,739,976 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь Т.Н, Б.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 28,259,604 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Үүнд:
Зээлдэгч нартай 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Б.Дийн өмчлөлийн ************************* тоотод байрлах, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.
Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу хийгээгүй тул тэдний хүсэлтээр зээлийн төлбөрийн хуваарийг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хойшлуулж, нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулсан боловч зээлдэгч нар зээл, зээлийн хүүг төлөөгүй.
2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар төлсөн 2,340,000 төгрөгөөс үндсэн зээлд 890,000 төгрөгийг, 1,450,000 төгрөгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт суутган авсан.
Зээлийн гэрээний үүргийн талаар шүүхэд хандахад хариуцагч нарын хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсанаар хариуцагч Б.Д хаяг дээрээ оршин сууж байгааг олж тогтоосон, хариуцагч Т.Нн хаягийг СүхБ дүүргийн цагдаагийн газраас олж тогтоосноор шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Зээлдэгч нар эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж тайлбарласан.
3. Хариуцагч Б.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээл болон барьцааны гэрээ байгуулсан боловч уг зээлийг авч ашиглаагүй тул зөвшөөрөхгүй, зээл авсан Т.Н төлбөрийг бүрэн төлнө гэж байгаа тул барьцаа хөрөнгөөр зээл төлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй, Т.Н гуйлтаар орон сууцаа барьцаалуулсан, Т.Н зээлээ төлөөгүй болохыг шүүхэд ирж мэдсэн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.
4. Хариуцагч Т.Н зээлийн болон барьцааны гэрээ байгуулсанд маргахгүй, зээлийн төлбөрөөс 2,340,000 төгрөг төлсөн, ковидын нөхцөл байдлаас шалтгаалан зээлийн төлөлт хийж чадаагүй, бүх хариуцлагаа би өөрөө хүлээн зөвшөөрнө.
Миний эрхэлж байгаа үйлдвэрлэл одоо жигдэрч гадаа талбайн борлуулалт хийж байгаа тул зээлийн төлбөрөө төлөх боломжтой.
Барьцаа хөрөнгийн тухайд Б.Д нь зээлээс авч ашиглаагүй, гэр бүлийн хувьд асуудалтай байгаа тул энэ зээлийг би дангаараа бүрэн төлж барагдуулна 28,259,604 төгрөгийг би төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
А ББСБ ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 15,000,000 төгрөгийг хариуцагч Т.Н, Б.Д нарт 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, хариуцагч нар 15,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцож ЗГ-********* дугаартай зээлийн гэрээ байгуулсан байна /хх-9-11/.
Дээрх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Дийн өмчлөлийн Нийслэлийн ******************** тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр БГҮ-********* дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулсан байна /хх-12-14/.
Талууд ЗГ********* тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулж, зээл буцаан төлөх хуваарийг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэж өөрчилж, ЗГ************ дугаартай гэрээ байгуулсан байна /хх-15/.
6. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна /хх-7/.
7. Зохигчдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан ЗГ-********* дугаартай зээлийн гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
8. Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байх тул энэхүү зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.
Зээлийн гэрээ хугацаатай байх бөгөөд уг хугацаа өнгөрмөгц зээлдэгч буюу нэхэмжлэгчид шаардах эрх үүсэх бөгөөд зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэгт хамаарна.
Зээлдүүлэгч болох А ББСБ ХХК-иас зээлдэгч Т.Н, Б.Д нарт зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч уг зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч Т.Н дангаар ашигласан болохыг зээлдэгч Т.Нгээс зээлийн гэрээний үүрэгт 2,340,000 төгрөг төлсөн үйл баримтад зохигчид маргаагүй.
9. Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа үүссэн зохигчид дээр дурдсан гэрээг байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас ЗГ-********* дугаартай зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
10. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас ЗГ-********* дугаартай зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 13,044,449 төгрөг, хүүгийн төлбөрт 15,215,154 төгрөг, нийт 28,259,603 төгрөг гаргуулахаар шаардсан боловч ЗГ-********* дугаартай зээлийн гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дууссан, талууд 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ-********* тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн ЗГ************ тоот гэрээ байгуулж, зээлийн үлдэгдэл 13,940,242 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 6,522,891 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд төлөхөөр гэрээнд өөрчлөлт оруулснаар уг гэрээний хугацаа 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөр дууссан байна /хх-15/.
Хариуцагч нараас 2,340,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч нь үндсэн зээлийн төлбөрт 890,000 төгрөгийг, хүүгийн төлбөрт 1,250,000 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 200,000 төгрөгийг тус тус суутган авсан байна.
Талуудын байгуулсан ЗГ-********* дугаартай зээлийн гэрээний 3.3.7-д зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн төлбөрийн дарааллаар төлүүлэхээр гэрээний талууд тохиролцсон энэхүү тохиролцоо нь гэрээний хугацаанд төлсөн төлбөрийг суутгах дараалал байна.
Харин Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэсэн зохицуулалт нь төлөх хугацаа болсон буюу гэрээний хугацаа дуусгавар болсон үед биелэгдээгүй үлдсэн өр төлбөрийг нэхэмжлэхэд хэрэглэгдэх зохицуулалт байна.
11. Зээлдэгч нараас гэрээний хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 1,400,000 төгрөгийн 897,758 төгрөгийг үндсэн зээлээс, 500,790 төгрөгийг хүүгийн төлбөрөөс, 1452 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 162,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцсон байна /хх-43/.
Гэвч талуудын 2019 оны 10-р сарын 17-ны өдөр байгуулсан ЗГ-********* дугаартай гэрээний хугацаа 2020 оны 10-р сарын 15-ны өдрөөр, 2020 оны 11-р сарын 19-ний өдөр байгуулсан ЗГ************ дугаартай нэмэлт өөрчлөлтийн гэрээний хугацаа 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөр тус тус дууссан байх тул зээлдэгч нарын 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд төлсөн 2,339,999.61 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцох үндэслэлтэй гэж үзэв /хх-43/.
12. Хариуцагч Б.Д нь зээлийн мөнгөн хөрөнгийг авч ашиглаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хариуцагч Б.Д нь 2019 оны 10-р сарын 17-ны өдрийн ЗГ-********* дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 10-р сарын 17-ны өдрийн БГҮ-********* дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ************ дугаартай нэмэлт өөрчлөлтийн гэрээнд гарын үсэг зурсан буюу эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зохицуулснаар хариуцагч Т.Н, Б.Д нар хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.
13. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж, 21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж зохицуулсан.
Зээлдэгч Т.Н, Б.Д нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2019 оны 11-р сарын 15-ны өдөр буюу эргэн төлөлтийн эхний хувиараас зөрчиж гүйцэтгээгүй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн тооцоолол бүхий баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх буюу хариуцагч нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн зөрчил гарсан үндэслэлээр үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч талд үүснэ.
Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээл, зээлийн хүүг дээрх хуульд заасан үндэслэлээр шаардах эрхтэй боловч энэ нь нэхэмжлэгчийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хязгаарлагдах ба талуудын хооронд байгуулсан ЗГ-********* дугаартай гэрээний 8.2-т гэрээний 7.1.1-7.1.13-т заасан зөрчлийн аль нэг гарсан, зээлдэгч гэрээний үүргээ эс биелүүлсэн, зөрчсөн тохиолдолд ББСБ гэрээг дангаар цуцлахаар зохицуулсан байна.
Өөрөөр хэлбэл, зээлдэгч нар 2019 оны 10-р сарын 17-ны өдөр гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байхад зээлдүүлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 10-р сарын 15-ны өдрөөс хойш 2022 оны 09-р сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж буй үйлдэл нь төлөгдөөгүй байсан зээлийн хүү төлөх дүнг өсөхөд нөлөөлсөн гэж үзэхээр байна.
14. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэсэн зохицуулалтаар хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ямар нэгэн төлбөр төлөөгүй байхад нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 8-р зүйлд заасан гэрээ цуцлах арга хэмжээг аваагүйгээс нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн, тийнхүү үргэлжлүүлэн тооцсоноор зээлдэгч нарт их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь шударга бус нөхцөлийг бий болгосон байна.
Шүүх дээрх нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр хариуцагч нарын төлбөл зохих үндсэн зээл, зээлийн хүүг тооцох нь зүйтэй гэж үзэж,
хариуцагч Т.Н, Б.Д нараас ЗГ-********* дугаартай гэрээний үндсэн зээлийн төлбөр 15,000,000 төгрөгөөс гэрээний хугацаанд буюу 2019-11-21,22-ны өдөр төлсөн 1,059,758 төгрөгийг, 2022-10-4-ний өдрөөс 2023-03-21-ний өдөр хүртэлх хугацаанд төлсөн 2,339,999.6 төгрөгийг хасаж тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 11,600,246 төгрөг /15,000,000-1,059,758-2,339,999.6/,
зээлийн хүүг 2019-10-17-ны өдрөөс 2020-10-15-ны өдрийг хүртэл тооцоход 15,000,000х3,5%=525,000х12 сар=6,300,000 төгрөг байх бөгөөд үүнээс гэрээний хугацаанд буюу 2019-11-21-ний өдөр төлсөн 500,790 төгрөгийг хасаж тооцогдоход төлөх ёстой хүүгийн төлбөр 5,799,210 төгрөг /6,300,000-500,790/,
2020 оны 11-р сарын 19-ний өдөр нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулсан хугацаагаар 2022-7-19-ний өдрийг хүртэлх хугацааны хүүг үндсэн зээлийн үлдэгдэл 11,600,246 төгрөгөөс тооцоход 8,120,172 төгрөг /11,600,246х3,5%=406,008.6х20сар/ байна.
15. Иймд дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Т.Н, Б.Д нараас ЗГ-********* тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлд 11,600,246 төгрөг, зээлийн хүүнд 13,919,382 төгрөг, нийт 25,519,628 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,739,976 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
16. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн хөрөнгийг хариуцагч нар төлөхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
17. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд ЗГ-********* дугаартай зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлийн барьцаанд Б.Дийн өмчлөлийн Нийслэлийн *************** тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 2019 оны 10-р сарын 17-ны өдөр БГҮ-********* дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож /хх-12-14/, баталгаат ипотекийн гэрээ байгуулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр хариуцагч Б.Д, нэг иргэний өмч гэж бүртгэгдсэн байна /хх-16/.
18. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, 156.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж заасан зохицуулалттай нийцсэн хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус зохицуулсан.
Иймд Нийслэлийн *************** тоот хаягт байршилтай, ************** гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-************** дугаартай, 18 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
19. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нараас ЗГ-********* дугаартай зээлийн гэрээний үүрэгт 25,519,628 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,739,976 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг Б.Дийн өмчлөлийн Нийслэлийн *************** тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар тус тус шийдвэрлэв.
20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2022-09-06-ны өдөр хоёр баримтаар төлсөн 381,149 төгрөг /310,949+70,200/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан шаардлагад ногдох хураамжид 355,748 төгрөг /70,200+285,548/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т-н Н /************/, Б-н Д /ЧГ84070214/ нараас 25,519,628 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК /РД-6116353/-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,739,976 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б.Дийн өмчлөлийн *************** тоот хаягт байршилтай, ************** гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-************** дугаартай, 18 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,149 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Н, Б.Д нараас 355,748 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ