| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/0179/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/192 |
| Огноо | 2025-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Манзушир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энхбат,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч *** овогт ***-ийн ***-д холбогдох 2516000000193 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
***.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох эхнэр ***-тэй өмнө маргалдаж таарамжгүй байснаар шалтаглан маргалдаж хоолойг нь боож, нүүр толгой хэсэг рүү нь цохиж, алгадаж түүний биед нь тархи доргилт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох эхнэр ***-тэй өмнө маргалдаж таарамжгүй байснаар шалтаглан маргалдаж хоолойг нь боож, нүүр толгой хэсэг рүү нь цохиж, алгадаж түүний биед нь тархи доргилт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
1. Хохирогч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2025 оны 07 дугаар сарын 03-нд манай нөхөр *** нь “***” руу ажилдаа явахдаа надтай таарамжгүй харилцаанаас болоод маргалдаад явсан. Ажил дээрээ очоод над руу утсаар ярих болгондоо очиж ална гэж ярьдаг болсон. 2025 оны 07 сарын 23-ны өдөр ажлаасаа ирсэн. Намайг шүдний эмнэлэг дээр шүдээ янзлуулаад байж байтал нохойн боов гэж мессеж бичсэн. Би гэртээ ирээд чи яахаараа над руу янз бүрийн юм бичдэг юм гэтэл пизда минь чам шиг юманд би доромжлуулахгүй гээд гараараа миний хоолойг боогоод орон дээр унагаж нүүр хэсэг рүү алгадаад, дух хэсэг рүү гараараа цохиод байсан. Намайг юм хэлэх болгонд толгой руу цохиод зодоод байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/,
2. Насанд хүрээгүй гэрч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Хүн хаалга тогшихоор нь хэн бэ гэтэл аав ороод ирсэн. Орж ирээд орон дээрээ хэвтсэн. Дүү бид хоёр гэртээ байсан. Ээж шүдний эмнэлэг рүү явсан байсан. Ээж гаднаас орж ирээд аав, ээж хэрэлдээд зодолдсон. Аав, ээжийн хоолойг боогоод алгадаж унагаасан. Ээж намайг *** ахынх руугаа яваарай гэж хэлсэн. Аав намайг гаргахгүй хаалгаа түгжээд нөгөө өрөөнд оруулсан. Тэгээд ээжийг дахиад зодоод байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
3. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ГОА0725/310 дугаартай "***-ийн биед толгойн битүү гэмтэл, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...." гэх дүгнэлт, /хх-ийн 22-23-р хуудас/,
4. 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаартай эрүүл мэндийн даатгалын сангийн албан бичиг, зардлын түүх /хх-ийн 54-55-р хуудас/,
5. Хохирогч ***-ээс гаргасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлт, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт, эрүүл мэндийн даатгалын санд 93,550 төгрөг төлсөн шилжүүлгийн баримт /хх-ийн 52-53, 83-р хуудас/,
6. Яллагдагч Б.А-ыг эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 91-р тал/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтууд хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч ***-ын хохирогч ***-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ГОА0725/310 дугаартай "***-ийн биед толгойн битүү гэмтэл, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч ***-ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шүүгдэгч ***-ын хохирогч ***-тэй өмнө маргалдаж таарамжгүй байснаар шалтаглан маргалдаж хоолойг нь боож, нүүр толгой хэсэг рүү нь цохиж, алгадаж түүний биед нь тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үр дагавар хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.А нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч Б.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.А нь хохирогч ***-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, эрүүл мэндийн даатгалын санд 93,550 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 93,550 төгрөгийг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас өөр хохирол нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч ***-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ***-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/372 дугаартай захирамжийн дагуу шүүгдэгч Б.А-ыг цагдан хорьж шийдвэрлэсэн бөгөөд цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон түүнд оногдуулсан торгох ялаас хасч тооцох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцнэ.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд тэдний хоорондын хувийн харилцаа, маргаанаас үүдэж нэгнийхээ биед хөнгөн хохирол учруулсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд уг хуулийг зөрчсөн этгээдийн үйлдлийн шинж чанар, давтамж, хохирол, хор уршгийг харгалзан Эрүүгийн, эсхүл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх ба гэр бүлийн хамааралтай хүмүүсийн таарамжгүй харилцаанаас үүссэн гэмт хэрэг бүрийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчлэх нь учир дутагдалтай байдаг.
Харин гэр бүлийн хамааралтай хүнийг зодсон зөрчлийн шинжтэй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэг болж шилжихдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт санаа зорилго, тухайн үйлдлээ хэрэгжүүлсэн арга хэлбэр, учруулсан хохирлын шинж чанар, гэр бүлийн харьцааны тогтсон хэв шинж зэргээс хамааран хор хохирлын шинжээр нь ялган зүйлчилдэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдаж гэр бүлийн гишүүний тэгш эрхийн зарчмыг зөрчсөн, уг үйлдэл, эс үйлдэхүй нь хамтын амьдралын хугацаанд дадал зуршил болсон байх ба энэхүү сэдэлт, санаа зорилгоор хохирогчийн эрүүл мэндэд халдсан байдаг онцлогтой бөгөөд огт шалтаг шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтагласан байж ч болох юм.
Тиймээс цаашид гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийг шалгахдаа тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн таарамжгүй харилцаа, түүний давтамж, хэн нэгний давуу байдал зэргийг нарийвчлан шалгаж байх нь шударга ёсны зарчимд нийцэх болохыг анхаарах нь зүйтэй байна.
1.Шүүгдэгч *** овогт ***-ийн ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон түүнд оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаас хасаж тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч ***-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР