Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2023/00245

 

 

2023 оны 01 сарын 20 өдөр        Дугаар 183/ШШ2023/00245    Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 00 дүгээр гудамж, 000 тоот хаягт оршин суух, Б овогт Н.Б /ИФ00000000/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголон 00 дугаар гудамж, 000 тоот хаягт оршин суух, Б овогт Б. Н /УЖ00000000/-д холбогдох,

3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  

Нэхэмжлэгч: Н.Б

хариуцагч: Б.Н /цахимаар/ 

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Н.Б  нь Б.Нт холбогдуулан 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Н.Б миний бие 2022.09.16-ны өдөр иргэн Б.Нтай машин худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа мөнгө болох 3 000 000 төгрөгийг иргэн Б.Нын Хаан банкны 0000000000 тоот дансанд өөрийн Хаан банкны мобайл банкаар шилжүүлсэн бөгөөд иргэн Б.Наас авсан машин техникийн гэмтэл болон эд анги гэмтэлтэй урьд нь мөргөлдөж байсан болохоор Б.Н бид хоёр тохиролцосны үндсэн дээр худалдах авах  гэрээг цуцалсан бөгөөд миний бие Б.Нын машиныг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Миний бие урьдчилгаа мөнгө болох 3 000 000 төгрөгөө авах гэхэд бэлэн мөнгө байхгүй гээд надад баталгаа гаргаж өгсөн бөгөөд нотариатаар баталгаажуулсан. Энэ хугацаанд мөнгөө өгөхгүй, утасаа авахгүй болохоор очиж уулзахад зээл авах гэж байгаа гэсэн тайлбар өгсөн. Миний бие тухайн үед түүнд итгээд тийм бол холбоотой байж хурдан бүтээгээрэй гэж хэлээд явсан. Гэтэл баталгаанд заасан хугацаандаа мөнгөө өгөхгүй, өөртэй нь уулзахад худал хэлж хуураад,  сүүлдээ утасаа авахаа байсан. Иймд миний бие гэрт нь очиж уулзаж мөнгөө авах  талаар ярилцахад Б.Н өөрийн аав болон дүүгийн хамт гарч ирэн намайг хэл амаар доромжилсон. Миний бие түүнд итгээд мөнгийг минь буцааж өгөх урт хугацааны батлам олгосон байхад итгэлийг минь алдсанд гомдолтой байна. Иймд Б.Наас 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

2. Хариуцагч бичгээр ямар нэг тайлбар өгөөгүй боловч, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөшөөрсөн тайлбар гаргасан. Үүнд: Автомашин худалдах худалдан авахаар тохиролцоод 3 000 000 төгрөг авсан. Машинаа худалдан авахаа болихоор тохиролцсоны дагуу нотариат дээр мөнгө төлөх тухай бичиг хийж өгөөд гарч ирээд машинаа үзэхэд мөргөлдсөн байсан. Автобусны буудлын хажуугаар явж байгаад ийм асуудал боллоо гэж Н.Б хэлээд надаас 2 500 000 төгрөг авахаар тохиролцсон. Миний машинд урд гупер хагарсан, крыло болон жолооны хүрдний аппарат эвдэрсэн байсан. Иймд 1 800 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. 1 200 000 төгрөгийг машин эвдэрсэн хохиролд тооцож суутгана. Утсаа авахгүй, зугтааж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цахим үнэмлэхний хуулбар, банкны шилжүүлгийн мэдээлэл, баталгаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 2-4 хуу/

4. Хариуцагчаас ямар нэгэн бичгийн нотлох баримт өгөөгүй байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

 1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч 3 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан ба үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Б.Наас 2022.09.16-ны өдөр Б.Нтай 0000 УАЕ улсын дугаартай Toyota chaser маркийн автомашиныг худалдах, худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 3 000 000 төгрөгийг хариуцагч Б.Нын Хаан банкны 0000000000 тоот дансанд шилжүүлсэн боловч тухайн автомашиныг худалдан авахаа больж, 2022.09.21-ний өдөр хариуцагчид буцаан хүлээлгэн өгсөн. Хариуцагч 2022.11.10-ы өдрийн дотор 3 000 000 төгрөгийг буцаан төлөхөөр баталгаа үйлдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул хариуцагч Б.Наас 3 000 000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна. 

3. Хариуцагч Б.Н нэхэмжлэлйн шаардлагаас 1 800 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Үлдэх 1 200 000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэх ба татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Автомашинаа хүлээн авахад зам тээврийн осолд орсны улмаас урд гупер хагарсан, крыло болон жолооны хүрдний аппарат эвдэрсэн байсан. Иймд 1 200 000 төгрөгийг хохиролд суутгана гэж тайлбарлаж байна. 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 

4.1 2022.09.16-ны өдөр Н.Бгийн эзэмшлийн Хаан банкин дахь 0000000000 дугаарын данснаас Б.Нын эзэмшлийн Хаан банкин дахь 0000000000 дугаарын данс руу Батнасан гэх утгатай 3 000 000 төгрөг шилжүүлсэн, /хх 3 ху/

4.2 2022.10.10-ны өдөр зохигч Баталгаа гэх бармт үйлдэж, 3 000 000 төгрөгийг 2022.11.10-ны өдрийн дотор төлөх, төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. /хх 6 ху/

5. Зохигч, автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ цуцлагдсан, нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөрт төлсөн 3 000 000 төгрөгийг хариуцагч буцаан өгөөгүй зэрэг үйл баримтад маргаангүй, харин нэхэмжлэгч автомашиныг хариуцагчид буцаан хүлээлгэн өгөх үед автомашинд хохирол учирсан байсан эсэх талаар маргаантай.  

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ 2022.09.16-ны өдөр байгуулагдсан боловч талууд гэрээгээ цуцалсан байна. 

Иргэний хуулийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, 205 дугаар зүйлийн 205.1-д  Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй  гэж тус тус заажээ. 

Хэрэгт авагдсан баримтаар талууд гэрээгээ цуцалсан, нэхэмжлэгч 0000 УАЕ улсын дугаартай, Toyota chaser маркийн автомашиныг хариуцагчид буцаан хүлээлгэн өгсөн нь нотлогдож байх тул нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрт төлсөн 3 000 000 төгрөгөө хариуцагчаас шаардах эрхтэй. 

Харин хариуцагчийн, .автомашинаа хүлээн авахад зам тээврийн осолд орсны улмаас урд гупер хагарсан, крыло болон жолооны хүрдний аппарат эвдэрсэн байсан. Иймд 1 200 000 төгрөгийг хохиролд суутгана гэх агуулгатай татгалзал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байхаас гадна 2022.10.10-ны өдөр гараар бичсэн баталгаа гэх баримтад 2022.09.21-нд хоёр тал харилцан тохирсон дээр наймаа буцааж, автомашиныг бүрэн бүтэн хүлээн авсан гэж дурдсанаар үгүйсгэгдэж байх тул хариуцагчийн 1 200 000 төгрөгийг автомашинд учруулсан хохиролд суутгана гэх татгалзлыг үндэслэлгүй гэж дүгнэлээ. 

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Наас 3 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно. 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан Б овогт Б. Н /УЖ00000000/-аас 3 000 000 /гурван сая/ төгрөг гаргуулан, Б овогт Н. Б /ИФ00000000/-д олгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наас 62 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ