| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/0185/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/195 |
| Огноо | 2025-08-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Манзушир,
Хохирогч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Ө.Манзуширын хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** овгийн ***-д холбогдох эрүүгийн 2516002000199 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: ***.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ *** багийн нутаг дэвсгэрт 2025 оны 07 дугаар сарын 13-ны шөнө *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч ***-ын эрүүл мэндэд цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, Зүүн талын 2, 3, 4, 5, 6, 10 дугаар хавирганы хугарал, зүүн талын 7, 8, 9 дүгээр хавирганы хоёрлосон хугарал, зүүн талын хоншоорын хөдийн арын хананы гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ *** багийн нутаг дэвсгэрт 2025 оны 07 дугаар сарын 13-ны шөнө *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч ***-ын эрүүл мэндэд цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, Зүүн талын 2, 3, 4, 5, 6, 10 дугаар хавирганы хугарал, зүүн талын 7, 8, 9 дүгээр хавирганы хоёрлосон хугарал, зүүн талын хоншоорын хөдийн арын хананы гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь:
1. 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Тэмүүжингийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 4-9-р тал/
2. 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 24-30-р тал/
3. Хохирогч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр манай хадам ээжийн эгч *** гэдэг хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрт ирсэн юм. Тэгээд хадам ээж, *** хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдахаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд *** эгчийг явуулсан. Хадам ээж согтуудаа намайг болон эхнэр ***-г гэрээсээ хөөгөөд байхаар нь би эхнэр хүүхдээ аваад гэрээсээ гараад *** багийн хойд толгойн дунд машинтайгаа аймаг руу хараад зогссон. Машин дотор эхнэр ***-тай хэрэлдэж муудалцсан. Миний *** улсын дугаартай автомашин асахгүй байсан болохоор би машинаас буугаад автомашины копудыг нээгээд ***-г машинд тог ирж үү хаазаа гишгэ гэхэд *** автомашины хаазан дээр гишгэхэд машин миний дээгүүр гарах шиг болсон. Би үүнээс хойш болсон явдлыг сайн санахгүй байна..." гэх мэдүүлэг, /хх-ийн 15-18-р тал/
4. Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ".. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр манай хадам эгч *** нь манай гэрт 2 ширхэг 2.5 литрийн пиво авч ирсэн юм. Хадам эгчийн авч ирсэн пивийг хувааж уугаад байж байхад хадам эгч манай гэрт агсам тавиад байхаар нь цагдаад дуудлага өгөөд хадам эгчийг явуулсан. Тэгээд 23 цагийн үед хүргэн ***-ыг дэлгүүрээс 1 ширхэг 2.5 литрийн пиво аваад ир ээж нь ганц пиво уучихаад унтлаа гэхэд хүргэн *** дэлгүүрээс 1 ширхэг 2.5 литрийн пиво авч ирсэн юм. Тэгээд би хүргэний авч ирсэн пивийг ууж байгаад тасарсан бололтой нэг сэрсэн өглөөний 09 цагийн үед манай гэрт цагдаа нар ирсэн. Хүргэн *** машинд дайруулсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн хүргэн Золбоотыг хэн хэнтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэргээр надаас асуусан. Би өөрийн мэдэх бүх зүйлийг цагдаа нарт хэлсэн. Цагдаа нар явсны дараа манай охин *** нь ***-ын машиныг жолоодоод явахдаа ***-ыг машин доогуур хэвтэж байгаа мэдэлгүй дээгүүр нь гараад явсан байна гэж хэлсэн. Хүргэн ***, охин ***, ***, зээ *** нарын хамт байсан. Мөн манай хадам эгч Мөнхөөг 23 цагийн үед цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч явуулсан. 2025 оны 07 дугаар сарын 12-ны 23 цаг хүртэл ***, *** нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй. Би хэн мөргөснийг бол хараагүй. Манай охин *** надад хэлэхдээ өчигдөр орой та *** бид хоёрыг гэрээс хөөсөн. Бид хоёр *** багийн хойд толгодын дунд байхдаа хоорондоо хэрэлдээд би машинаа жолоодоод хөдлөхдөө ***-ыг машин доогуур хэвтсэн байсныг мэдэлгүй дээгүүр нь гараад явсан гэж хэлсэн. *** нь хааяа нэг архи согтууруулах ундааны хэрэглэсэн байдаг. Өөр нэмж ярих зүйл байхгүй..." гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18-р тал/,
5. Насанд хүрээгүй гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би мэдүүлэг өгөх ажиллагаанд ээж ***-ыг байцуулан мэдүүлэг өгнө. Манай авга эгч *** нь 2025 оны 07 дугаар сарын 12-ны 23 цагийн орчимд архи уусан байдалтай 0,5 литрийн "Хараа" архи манай гэрт барьсан орж ирсэн. Тэгээд тухайн авч ирсэн 0,5 литрийн "Хараа" архиа манайд ирээд ганцаараа уучихаад манай хүргэн ах О.*** руу агсам тавиад "манай дүүгийн гэрээс зайл" гээд хөөгөөд байхаар нь хүргэн ах О.*** нь 24 цагийн орчимд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд авга эгч Менхөөг өгч явуулсан. Түүний дараа би унтаж байх үед 2025 оны 07 дугаар сарын 13-ны шөнө 05 цагийн орчимд манай төрсөн эгч *** нь "Хоёулаа яваад ахыг чинь аваад ирье" гээд намайг сэрээгээд *** багийн хойно байдаг толгодын овоо руу шууд яваад очиход О.*** ах байгаагүй тэгээд буцаад зам дагаад явж байхад хүргэн ах О.*** нь цамц подвалкаа тайлсан байдалтай замын хажуугаар мөлхөж байхад нь машиндаа суулгаад гэртээ авч очоод эмнэлгийн байгууллагад дуудлага өгөхөд түргэний машин ирээд эгч ***, хүргэн ах *** нарыг аваад явсан. Манай эгч *** эмнэлгээс ирээд хоёулаа захисан эм, тарианд явъя гээд намайг дагуулаад эмнэлэг явсан. Манай эгч *** нь 2025 оны 07 дугаар сарын 13-ны шөнө 05 цагийн орчимд гаднаас сандарсан байдалтай орж ирээд "Хоёулаа ахыг чинь очоод аваад ирье" гээд шууд *** ахын байгаа газар очсон. Хүргэн ах *** нь заримдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ өөр ааш зан гаргадаггүй шууд унтаад өгдөг. Намайг унтахаас өмнө хэрэлдэж муудсан зүйл байхгүй. Намайг унтсанаас хойш юу болсон талаар би мэдэхгүй байна. Надад нэмж ярих зүйл байхгүй...." гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23-р тал/
6. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 08 сарын 01-ний өдрийн ГОА0725/300 дугаартай" 1. 2. ***-ын биед задарсан дэлүүг мэс заслаар авсны дараах байдал, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн уушигны доод дэлбэнгийн няцрал, Зүүн талын 2, 3, 4, 5, 6, 10 дугаар хавирганы хугарал, зүүн талын 7, 8, 9 дүгээр хавирганы хоёрлосон хугарал, зүүн талын хоншоорын хөдийн арын хананы гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12, 4.1.15. 4.3.1-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 46-50-р тал/
7. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 07 дугаар сарын 24- ний өдрийн ГОА0325/053, ΓΟΑ0325/054 дугаартай ***, ***-ын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй..." гэх шинжээчийн дүгнэлтүүд, /хх-ийн 54-55, 70- 71-р тал/,
8. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч цагдаагийн дэслэгч Х.Эрдэнэцогтын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ГОА0125/032 дугаартай" 1. Ягаан өнгийн футболкны ар хэсэгт үүссэн 5мм х 6мм хэмжээтэй урагдалт, ягаан өнгийн футболкны ар хэсэгт үүссэн 45мм*15мм хэмжээтэй урагдалт, ягаан өнгийн футболкны ар хэсэгт үүссэн 10мм*20мм хэмжээтэй урагдалт үүссэн байна. 2. Ягаан өнгийн футболкны ар хэсэгт үүссэн 5мм *6мм хэмжээтэй урагдалт, ягаан өнгийн футболкны ар хэсэгт үүссэн 45мм*15мм хэмжээтэй урагдалт, ягаан өнгийн футболкны ар хэсэгт үүссэн 10мм*20мм хэмжээтэй урагдалт хуучин урагдалт байна. 3. 5мм*6мм, 45мм*15мм, 10мм*20мм хэмжээтэй урагдалт нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байна. Хувцасны материалын зузаан, нимгэн, эдэлгээ, суналт, үйлчилсэн хүч зэргээс шалтгаалж хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй. 4. Шинжилгээний явцад шинээр ямар нэгэн нөхцөл байдал илрээгүй..." гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 60-65-р тал/,
9. Говь-Алтай аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Д.Бат- Ирээдүйн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргасан №05 дугаартай “2025 оны 04 дүгээр сарын 15-нд техникийн үзлэгт хамрагдсан. 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байсан. Тоормосны систем бүрэн ажиллагаатай, 4598:2025 стандартын шаардлагra хангахгүй /өнгө үзэмж муу гүпер хар өнгөтэй, урд шил цацарсан, дагалдах хэрэгсэл/ галын хор, эмийн сан, ослын тэмдэг/ байхгүй. Зүүн урд ойрын гэрэл байхгүй. Дуут дохио ажиллахгүй. Хөдөлгүүрийн агаарын хоолой болон шүүр байхгуй..." гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 76-80-р тал/.
10. 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн цагдаагийн ахмад М.Ган-Эрдэнийн 1. Хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар: 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.." Холбогдогч: *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байна..." гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 83-85-р тал/,
11. Хохирогч ***-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлт, хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэх хүсэл /хх-ийн 91-92-р тал/,
12. Иргэний нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн "...энэ хэрэгт холбогдуулан ***-ын эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан тусламж үйлчилгээний мөнгө болох 6,521,216 төгрөгийг ***-аас гаргуулан авах хүсэлтэй байна..." гэх мэдүүлэг, /хх-ийн 122-123-р тал/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн; 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын санд 6,521,216 (зургаан сая таван зуун хорин нэгэн мянга хоёр зуун арван зургаа) төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1(нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч ***-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1(нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч О.*** хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Эрүүл мэндийн даатгалын санд 6,521,216 (зургаан сая таван зуун хорин нэгэн мянга хоёр зуун арван зургаа) төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамланЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч ***-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг тэнссэн хугацаанд шүүгдэгч ***-д хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд уг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч ***-д анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-гаас 6,521,216 (зургаан сая таван зуун хорин нэгэн мянга хоёр зуун арван зургаа) төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР