| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2022/07529/И |
| Дугаар | 101/ШШ2023/01425 |
| Огноо | 2023-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2023/01425
2023 03 21 101/ШШ2023/01425
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Ц-нБд холбогдох,
гэрээний үүрэгт 131,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Е, Д.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П.
Хариуцагч Ц.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК нь Ц.Бд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 71,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 131,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Х ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч Ц.Бд Ф маркийн автомашиныг 71,000,000 төгрөгөөр худалдаж, хариуцагч Ц.Б нь хөөсөнцөрийн орос түүхий эд 1 тонныг 9,000,000 төгрөгөөр тооцож Х ХХК-нд 2022-8-31-ний өдөр гэхэд төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн боловч худалдан авсан автомашины үнийг төлөөгүй.
Мөн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Ц.Бтэй зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүнд М Г маркийн, **** УНО улсын дугаартай автомашиныг 60,000,000 төгрөгөөр худалдаж автомашиныг шилжүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй.
Талуудын байгуулсан гэрээ нь зээлийн гэрээ нэртэй байгаа боловч агуулга нь автомашин зээлээр худалдсан байгаа. Хариуцагчид шилжүүлсэн автомашины өмчлөл дээр хариуцагч маргаагүй, анхны шаардлага болох 60,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан, нэмэгдүүлсэн 71,000,000 төгрөгийн шаардлагад хариуцагч хариу тайлбар гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт буюу зээлээр худалдсан хоёр автомашины үнэ болох 131,000,000 төгрөгийг шаардаж байгаа гэж тайлбарласан.
3. Хариуцагч 2022 оны 12-р сарын 12-ны өдөр гаргасан хариу тайлбартаа Х ХХК-д нэхэмжилсэн 60 сая төгргөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн төлбөрийг 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 31 хүртэл сард 5 сая төгрөгөөр төлнө гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн байна /хх-19/.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-5/, 2022 оны 5-р сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ /хх-6-8/, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-21-22/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-23/, 2022 оны 01-р сарын 11-ний өдрийн 01 дугаартай Х ХХК, Ц.Б нарын байгуулсан хэлцэл /хх-24/ зэргийг нотлох баримтаар гаргасан бөгөөд хариуцагчаас хариу тайлбар /хх-19/ гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Х ХХК нь Ц.Бд холбогдуулан 131,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч Ц.Бд 71,000,000 төгрөгөөр Ф маркийн автомашиныг худалдсан, төлбөрт хөөсөнцөрийн орос түүхий эд 1 тонныг 9,000,000 төгрөгөөр тооцож 2022-8-31-ний өдөр төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй.
2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч Ц.Бд М Г маркийн, **** УНО улсын дугаартай автомашиныг 60,000,000 төгрөгөөр худалдсан боловч автомашины төлбөрийг төлөөгүй.
Зээлээр худалдаж авсан автомашины төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулахыг удаа дараа шаардаж, төлбөр төлөх хугацаа, боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Ц.Бд холбогдуулан гаргасан 60,000,000 төгрөг гаргуулах тухай Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гардуулан өгч /хх-15/, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан /хх-17, 18/ бөгөөд уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан /хх-19/.
Харин нэхэмжлэгчийн нэмэгдүүлэн гаргасан 71,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гардуулан өгч /хх-44/, хэргийн материал танилцуулсан /хх-45/ боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацааны дотор уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар ямар нэгэн тайлбарыг шүүхэд гаргаагүй байна.
Хариуцагч Ц.Бий 71,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргах хугацаа 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дууссан байх боловч тэрээр шүүхэд тайлбар ирүүлээгүй, хариуцагч нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад 2023 оны 02-р сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасныг үндэслэн хариуцагч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Х ХХК, Ц.Б нарын хооронд 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нь зээлдүүлэгчид М Г /****УНО/ машинийг 60,000,000 төгрөгөөр зээл олгож, зээлийн хугацаа 3 сар байхаар талууд тохиролцжээ /хх-6-8/.
Х ХХК, Ц.Б нар 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай хэлцэлд Ц.Б 2021 онд авсан Ф автомашины төлбөр болох 71,000,000 төгрөгийг хөөсөнцөрийн орос түүхий эд 1 тонныг 9,000,000 төгрөгөөр тооцож, Х ХХК-д 2022 оны 03-р сарын 01-нээс эхлэн сард 1-2 тонн хөөсөнцөрийн орос түүхий эд нийлүүлнэ. 2022 оны 8-р сарын 31-ний өдөр гэхэд төлж барагдуулахаар тохиролцов гэжээ /хх-24/.
6. Зохигчдын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд дээрх байгуулсан гэрээ болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй гэж үзэв.
Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
7. Хариуцагч нь зээлээр шилжүүлэн авсан автомашины төлбөрийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож, хариуцагч Ц.Б шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн 2022-5-23-ны өдрийн зээлийн гэрээ, 2022-01-11-ний өдрийн хэлцэл зэрэг баримтуудтай танилцсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлэх, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй болно.
8. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар хариуцагч нь үүргийг тогтоосон газар, гэрээнд заасан хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.
Иймд хариуцагч Ц.Б нь зээлээр худалдан авсан М Г маркийн, **** УНО дугаартай машины үнэнд 60,000,000 төгрөг, Ф маркийн автомашины үнэнд 71,000,000 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй хариуцагчаас нийт 131,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэжээ.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2022-11-18-ны өдөр төлсөн 457,950 төгрөгийг, 2022-12-15-ны өдөр төлсөн 512,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 970,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар хариуцагч ЦийнБ /ЙЛ90092010/-с 131,000,000 /нэг зуун гучин нэгэн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэг Х ХХК /РД-**********/-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 970,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бээс 970,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ Д.Я