Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/63

 

 

 

 

 

Г.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                        Прокурор Б.Сувд-Эрдэнэ

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн /цахим сүлжээгээр/

                        Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Нямтайваны бичсэн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 14 тоот эсэргүүцлээр Г.Төд холбогдох эрүүгийн 2034000000534 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 

 

Г.Т нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг Рашаан 3-104 тоот Д.Нямжаргалын байнга амьдрах орон байранд 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хууль бусаар нууцаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга хулгайлж 519.300 төгрөгийн,

 

Төв аймгийн Зуун сумын 1 дүгээр баг, Хуульчдын хотхоны 2-1 тоот Б.Баярмагнайгийн байнга амьдрах орон байранд 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө хууль бусаар нууцаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, нотебоок хулгайлж 1.720.000 төгрөгийн,

2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Төв аймаг, Зуунмод сум, Номт 1 дүгээр баг Хуульчдын хотхоны 1-1 тоот А.Хажидмаагийн байнга амьдрах орон байранд хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлж, 2.466.650 төгрөгийн,

 

2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Зүүн дэлгэр 4 дүгээр баг, махны үйлдвэрийн урд байрлах Ц.Мэндсайханы байнга амьдрах орон байранд хууль бусаар нууцаар нэвтэрч унадаг дугуйг хулгайлж 443.600 төгрөгийн хохирол учруулсан,

 

2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 2-5 тоот хашааны гадна байсан Д.Пүрэвдагвын эзэмшлийн 68-42 УБП улсын дугаартай Соната-7 маркийн 13.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Г.Төд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Галияны Тийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийх ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Төд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 2 дахин багасаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 15 хоногоор хугацаагаар хорих ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 238 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эдлэх ялыг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Төд оногдуулсан 2 жил 1 сар 15 хоногийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Төөс 519.300 төгрөг гаргуулж хохирогч Д.Нямжаргалд, 1.720.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Баярмагнайд, 2.466.650 төгрөг гаргуулж хохирогч А.Хажидмаад олгож, хохирогч Ц.Мэндсайхан, Д.Пүрэвдагва нарт гаргуулах хохиролгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Нямтайван бичсэн 2021 оны 14 дүгээр эсэргүүцлэлдээ: “...шүүгдэгч Г.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Төд оногдуулсан хөнгөн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Төд оногдуулсан 2 жил 1 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг мөн хугацаагаар хойшлуулсан байна.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Г.Төд 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 106 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг 1 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн гэж, өмнөх шийтгэх тогтоолоор хойшлуулсан ялыг дутуу тооцож нэмж нэгтгэж, шүүгдэгчид ял завших боломжийг бүрдүүлсэн байгаагаас үзэхэд шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт 1 жил 1 сар хорих ял гэснийг 2 жил 1 сар хорих ял гэж, мөн 7 дахь хэсэгт 3 жил 1 cap 15 хоног гэж тус тус өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болох Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/04 тоот “Шийтгэх тогтоол” -оор өсвөр насны шүүгдэгч Г.Тийг М.Содбаяртай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 21-нээс 2019 оны 10 дугаар сарын 02-ны шөнө хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, мөн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулан шийдвэрлэжээ.[1]

 

Гэтэл анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 106 тоот шийтгэх тогтоолоор Г.Тийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрүүдэд үйлдсэн гэх 5 гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангийг хэрэглэн 1 жил 15 хоног хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялд дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоохдоо алдаа гарган 1 жил 1 сарын хорих ялыг орхигдуулсан нь буруу байна. Энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийн тухайн хэсэг нь үндэслэлтэй болжээ.

 

Хэдийгээр дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдагдсан дээрх агуулга нь үндэслэл бүхий болсон байгаа ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэхэд мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалган тогтоогоогүй, яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2, 32.10 дугаар зүйлүүдийг зөрчсөн дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо.

 

            Үүнд: 1. Г.Тийн үйлдсэн гэх 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн үйлдлийн тухайд:   

 

            Хохирогч Д.Нямжаргалын анх цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан болон гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл, түүнийг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэгт тухайн хэрэг учрал нь Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Рашааны 3-103 тоотод үйлдэгдсэн гэжээ.

 

            Гэтэл хэргийн газрын үзлэгийг Төв аймгийн Зуунмод сум, Номт 1 дүгээр баг, Рашааны 3-104 тоотод хийсэн хэмээн тэмдэглэлд тусгаж яллах дүгнэлтэд уг байдлаараа бичигдсэн байгаа нь ойлгомжгүй болжээ.

 

            2. 2020 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө үйлдсэн гэх үйлдлийнх нь тухайд:

 

            Хохирогч Б.Баярмагнай “...өөрийн эд зүйлсээ бүртгэж шалгахад хоёр давхрын жижиг өрөөний ширээн дээр байсан цүнхтэй notebook, хард диск, нэг давхрын гал тогооны өрөөний шүүгээнд байсан хоёр их гарын мөнгөн аяга байхгүй байсан...” хэмээн мэдүүлсэн байдаг.

 

            “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланд “...цулгай мөнгөн аяга 1ш-503.100, хээтэй мөнгөн аяга 1ш-191.100, зөөврийн компьютер 1ш-924.000, зөөврийн хард 1ш-102.000, нийт...1.720.200...” төгрөгийн хохирол хохирогчид учирсан талаар тусгагдсан байхад прокурорын яллах дүгнэлтийн “Тэмдэглэх”, “Тогтоох нь” хэсгүүдэд нийт 1.720.000 төгрөгийн хохирол учирсан хэмээн бичсэн байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй гэж үзнэ.

 

            3. 2020 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө А.Хажидмаагийн гэрээс эд зүйл хулгайлсан гэх үйлдлийн тухайд:

 

            Хохирогч А.Хажидмаагаас Төв аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Алтанхуяг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл” үйлдэн мэдүүлэг авчээ.

 

            Улмаар 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “Мөрдөгчийн тогтоол”-оор А.Хажидмааг хохирогчоор тогтоон 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүргийг танилцуулан “Гэрчээр дахин мэдүүлэг авсан тэмдэглэл” үйлдэн гэрчийн мэдүүлэг авсан нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.

 

            А.Хажидмаа “...нэг жижиг гуулин бурхан..., ...сваровски шигтгээтэй 925 сорьцтой 2 ширхэг мөнгөн бөгж, ээмэг, алтны түрхэцтэй монетан хүзүүний гинж, бугуйвч алга болсон...” гэж мэдүүлдэг.

 

            Мөрдөн байцаалтын шатанд А.Хажидмаад нийт хэдэн төгрөгийн хохирол учирсныг тогтоохоор хөрөнгийн үнэлгээний “Эй Жэй Жэй Эм” ХХК-г шинжээчээр томилж үнэлгээ гаргуулсан боловч хохирогч А.Хажидмаагийн алтны түрхэцтэй гэх бугуйвчийг үнэлүүлэлгүй орхигдуулсан нь мөн л гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй байна.

 

            Мөрдөн байцаалтын шатанд Г.Т өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын хамт 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө /хавтаст хэргийн 1-р хавтасны 145-146-р тал/ “...спортын ордноос гараад зүүн тийш зам уруудаад явган явж байгаад гэр хорооллын захын хашааны буланд улаан өнгийн унадаг дугуй байсан, хулгай хийж унаад зүүн тийшээ Налайх чиглэлтэй явсан, замд явж байгаад замын урд талд байсан модон байшингийн вакум цонхыг гараараа түлхэж онгойлгоод орсон. Байшин дотор хар өнгийн унадаг дугуй байсныг хулгайлж аваад гражийн хаалгаар гараад Налайх руу явсан..., ...улаан өнгийн унадаг дугуйг тэр айлын хашаанд үлдээсэн. Нөгөө дугуйгаа унаад явж байгаад 016-р цэргийн ангийн цаана замын нүхэн гүүрэн дотор хийж орхисон..., ...Баянгол дүүрэг, 3, 4 дүгээр хороололд очоод хашааны гадаа байсан саарал өнгийн Соната-6 маркийн машинд түлхүүр тааруулаад хаалгыг нь онгойлгоод дотор нь байсан саарал өнгийн гар утас авсан, хажуу талд нь байсан улбар шар өнгийн Соната-7 маркийн тээврийн хэрэгсэл байсныг түлхүүр тааруулж унаад Төв аймаг явсан...” хэмээн мэдүүлжээ.

 

            Г.Тийн өгсөн дээрх мэдүүлгээс үзвэл тэрээр бусдын улаан өнгийн унадаг дугуй болон саарал өнгийн гар утас хулгайлсан талаар мэдүүлсэн байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй орхигдуулсан нь буруу болжээ.

 

            Түүнчлэн түүний 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 2-5 тоот хашааны гадна байсан Д.Пүрэвдагвын эзэмшлийн 68-42 УБП улсын дугаартай Соната-7 маркийн 13.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг түлхүүр тааруулан онгойлгон унаж явсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах/-ээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

            Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэдэг гэмт хэрэг нь ойролцоо төрлийн бусад гэмт хэргээс обьектив болон субьектив талаараа ялгагддаг.

 

            Өөрөөр хэлбэл автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэдэг гэмт хэрэг хэдийгээр нууц далд аргаар үйлдэгддэг хэдий ч эзэмшигч, ашиглагч этгээдээс зөвшөөрөл хүссэн байхыг хууль тогтоогч шаардсан байх бөгөөд эзэмшигч, ашиглагчийн хүсэл зоригийн эсрэг хийгдсэн идэвхтэй үйлдэл байхыг ойлгоно.

 

            Г.Т нь насанд хүрээгүй өсвөр насны этгээд байх ба өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмыг баримтлахаас гадна мөн хуулийн Арван наймдугаар  бүлэгт зүйлд заасан журмыг баримтлан шийдвэрлэдэг учиртай ба мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний хувийн байдлын талаар бүрэн гүйцэд тогтоож чадаагүй байна.

 

            Прокурор түүнийг нийт 5 удаагийн үйлдэлд гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдсэн атлаа яллах дүгнэлтийнхээ “Тэмдэглэх” хэсэгт “...Г.Т нь үргэлжилсэн 4 удаагийн үйлдлээр...” хэмээн бичсэн нь яллах дүгнэлт хоорондоо илт зөрүүтэй болсон гэж үзнэ.

 

            Дээр дурдагдсан мөрдөн байцаалт болон прокурорын шатанд гаргасан алдаа зөрчлүүдийг анхан, давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх хуулийн боломжгүй тул уг ажиллагаануудыг мөрдөн байцаалтаар нөхөн гүйцэтгэсний эцэст Г.Тийн гэм буруугийн асуудлыг шүүхээр дахин хэлэлцэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлдэг.  

 

Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлэх эрх хуулиар олгогдоогүй ба эсэргүүцэлд дурдсанчлан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, 7 дахь заалтуудад өөрчлөлт оруулах хуулийн боломжгүй тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг прокурорын газарт хүргэгдэн очтол Г.Төд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9

дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Төд холбогдох эрүүгийн 2034000000534 дугаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцааж, дээд шатны прокурор Ц.Нямтайваны бичсэн 2021 оны 14 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Хэргийг прокурорын газарт хүргэгдэн очтол шүүгдэгч Г.Төд урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧИД                                                Т.ЭНХМАА

 

 

                                                                                 М.МӨНХДАВАА

 

[1] хх-ийн 1-р хавтас 206-210-р тал