Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2023/01208

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 09 101/ШШ2023/01208

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч-  Б ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч-  Бын Б,

хариуцагч-  Ёын Н нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 87,599,398 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь Б.Б, Ё.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 87,599,398 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны

*************** байрлах, 53 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө,

*************************тоотод байрлах, 34,8 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-***************** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нартай 2019 оны 06 сарын 28-ны өдөр ҮХХБЗГ-*** дугаартай зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. ҮХХБЗГ-** дугаартай зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Б болон Б.М, Б.О, М.Ч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны ҮХХБЗГ-***-2, ҮХХБЗГ-***-3 дугаартай гэрээг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан. Зээлдэгч нарын зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ хугацаандаа төлөөгүй, гэрээний үүрэгт 86,463,484 төгрөг төлсөн тул 2020 оны 03-р сарын 27-ны өдөр ҮХХБЗГ-*** дугаартай зээлийн гэрээг ҮХХБЗГ-*** дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 78,693,333 төгрөгөөр байгуулсан.

Хариуцагч нарын төлсөн 86,463,484 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүгийн төлбөрөөс хасаж тооцсон, зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, зээл төлөх хугацаа авах хүсэлтийг байнга гаргаж байсан.

Хариуцагч нараас зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөрт 58,693,333 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 28,906,065 төгрөг, нийт 87,599,398 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа.

Зээлдэгч нар төлбөрийг сайн дураар төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Б.Бы өмчлөлийн *************** байрлах, 53 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-********* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Б.М, Б.О, М.Ч нарын өмчлөлийн *********** тоотод байрлах, 34,8 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-***************** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нар хариу тайлбартаа нэхэмжлэгч байгууллагатай 2019 оны 06 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6 сарын хугацаатайгаар, сарын 3.5 хувийн хүүтэйгээр 80.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Хариуцагч талаас авсан зээлээ төлөөд явж байсан. Нэхэмжлэгч нь хариуцагчаар 2020 оны 03 сарын 27-ны өдөр 78.693.333 төгрөг зээлсэн гэсэн баримтад гарын үсэг зуруулж авсан. Гэвч тухайн мөнгийг хариуцагч нарт бодитоор өгсөн зүйл байхгүй тул 78.693.333 төгрөгөөс бодогдсон зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч нар 2021 оны 07 сарын 05-ны өдөр нэхэмжлэгч байгууллагын захирал н.Гантулга гэдэг хүнд 50.000.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 59.000.000 орчим төгрөгийн төлбөрийг төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.

Хариуцагч нар нэхэмжлэгчээс 80.000.000 төгрөгийн зээл аваад одоо 90 гаруй сая төгрөгийг төлсөн бөгөөд дахиад 50.000.000 төгрөг төлөхөө илэрхийлж байхад хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа нь хэтэрхий шуналтай санагдаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцох талаар тохиролцсон байгаа боловч нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү тооцохгүйгээр үндсэн хүүг тултал бодсон байна.

Манай тал 2019 оны 06 сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Харин 2020 оны 03 сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу 78.693.333 төгрөгийг хариуцагч нарт өгөөгүй тул энэ зээлийн төлбөрт бодогдсон хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 27.770.151 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хүүгийн төлбөрт шаардсан 28.906.065 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Б.Бы өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг зөвшөөрч байгаа. Бусад хүмүүсийн өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь дараагийн ээлжийн асуудал учраас зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

 

4. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-5/, Б ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/, Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-7-9/, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ҮХХБЗГ-** дугаартай зээлийн гэрээ /хх-10-11/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-12/, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ҮХХБЗГ-***-2, ҮХХБЗГ-***-3 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ /хх-13-16/, 2019-06-28-ны өдрийн 80,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт /хх-19/, ХХБЗГ-*** дугаартай гэрээний 1-р хавсралт /хх-20/, Б.Бы зээлийн дансны хуулга /хх-55-56/, *************** байрлах, 53 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Б бүртгэлтэй талаарх гэрчилгээ /хх-57/, *********** тоотод байрлах, 34,8 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-***************** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.М, М.Чт, Б.О нар бүртгэлтэй тухай өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-58/, 2022-6-8-ны өдөр хариуцагч Б.Бы гаргасан хүсэлт /хх-67/, 2019-06-26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-68, 69/, 2020-03-27-ны өдрийн ҮХХБЗГ-*** дугаартай зээлийн гэрээ /хх-70-73/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-74/,

хариуцагч нараас хариу тайлбар /хх-61/ 2021-7-5-ны өдрийн огноотой 50,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хх-62/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-83/ зэрэг баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан.

 

Хэргийн 17, 18-р талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т зааснаар бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн нэхэмжлэлээс 25,162,487.5 төгрөг, барьцаа хөрөнгөө үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хангаж, 62,436,910.5 төгрөгт ногдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ҮХХБЗГ-** дугаартай зээлийн гэрээгээр 80.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн, уг зээлийн төлбөрт нийт 86,463,484 төгрөг төлснийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүгийн төлбөрөөс хасаж тооцсон, зээлийн эргэн төлөлтийг хуваарийг удаа дараа зөрчиж, зээл төлөх хугацаа олгох хүсэлтийг байнга гаргаж байсан тул үндсэн зээлийн үлдэгдэл 78.693.333 төгрөгийг төлөх хугацааг дахин тохирч ҮХХБЗГ-*** дугаартай зээлийн гэрээг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан тул энэ гэрээний дагуу зээлийн хүү бодогдсон. Зээлдэгч нарт зээлээ төлөхийг удаа дараа сануулсан боловч төлөөгүй тул зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардаж, уг шаардлагын төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулна гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч тал 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ҮХХБЗГ-** дугаартай зээлийн гэрээ болон гэрээний дагуу 80.000.000 төгрөг авсанд маргахгүй. Харин 78.693.333 төгрөгийн дүнтэй 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн огноотой зээлийн гэрээний мөнгөн хөрөнгөөр бодитоор шилжүүлээгүй тул энэ гэрээний шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

ҮХХБЗГ-** дугаартай зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нар нийт 100.160.000 төгрөг төлөх ёстой байснаас 86.463.484 төгрөгийг төлсөн гэж үзвэл үлдэгдэл 13.698.516 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Мөн талууд тохиролцож хүүг зогсоосон байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Хүүгийн төлбөрийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд багасгаж тооцож өгнө үү. Хариуцагч Бы өмчлөлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрч гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нотлогдож байна /хх-6-9/.

 

Б ББСБ ХХК нь Б.Б, Ё.Н нартай ҮХХБЗГ-*** дугаартай зээлийн гэрээг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулж, 80,000,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй байх /хх-10/,

ҮХХБЗГ-*** дугаартай зээлийн гэрээг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулж, 78,693,333 төгрөг буюу 2019-06-30-ны өдрийн ХХБЗГ-*** тоот зээлийн гэрээний хугацааг зээлдэгчийн хүсэлтээр 2020-03-27-ны өдрөөс 2020-9-20 хүртэл зээлийн гэрээний хугацааг сунгасан /хх-70/ зээлийн гэрээг тус тус байгуулсан байна.

 

Зээлийн барьцаанд хариуцагч Б.Бы өмчлөлийн *************** байрлах, 53 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-********* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

иргэн Б.М, Б.О, М.Ч нарын өмчлөлийн *********** тоотод байрлах, 34,8 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-***************** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж, барьцааны ҮХХБЗГ-***-2, ҮХХБЗГ-***-3 дугаартай барьцааны гэрээ байгуулсан байна /хх-13-14, 15-16/.

 

5. Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан ҮХХБЗГ-*** дугаартай зээлийн гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж, хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

6. Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байх тул энэхүү зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.

 

7. Хариуцагч Б.Б, Ё.Н нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зохицуулснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

 

Хариуцагч талаас 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ҮХХБЗГ-*** дугаартай зээлийн гэрээ байгуулсан болон 80,000,000 төгрөгийн зээл авсанд маргаагүй, харин 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 78,693,333 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй тул уг гэрээний дагуу бодогдсон хүүг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч нар 86.463.484 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 13.698.516 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож хүүг зогсоосон байсан гэж маргасан.

 

8. Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байна.

 

Талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан, субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах үеийн талуудын дотоод хүсэл зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцсэн, энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

 

Харин, хариуцагч 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 78,693,333 төгрөгийн дүнтэй зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй тул уг гэрээний дагуу бодогдсон хүүг хүлээн зөвшөөрөхгүй, талууд тохиролцож хүүг зогсоосон байсан гэж маргаж байх тул тус үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

9. Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа үүссэн зохигчид дээр дурдсан гэрээг байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ҮХХБЗГ-*** дугаартай зээлийн гэрээ нь өмнөх ҮХХБЗГ-** дугаартай зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх хугацааг сунгасан болохыг нэхэмжлэгч талаас тайлбарлаж, гэрээнд энэ талаар тусгасан байх тул ҮХХБЗГ-*** дугаартай зээлийн гэрээ гэрээний хугацаа гэрээнд заасан хугацаагаар сунгагдсан гэж үзнэ.

 

10. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас ҮХХБЗГ-***, ҮХХБЗГ-*** дугаартай зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 58,693,334 төгрөг, хүүгийн төлбөрт 28,906,064 төгрөг, нийт 87,599,398 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хариуцагч тал үндсэн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 13,696,516 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө, зээлийн гэрээний хугацаа дуусан байхад дахин гэрээ байгуулж хугацаа зааж хүү тооцсон тул зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

11. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ҮХХБЗГ-*** дугаартай зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дууссан, 2020 оын 03 дугаар сарын 27-ны өдрийн ҮХХБЗГ-*** дугаартай зээлийн гэрээний хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дууссан байна.

 

Гэвч хариуцагч нараас 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 7,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 3,214,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2,661,769 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 3,397,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 86,463,484 төгрөг төлснийг нэхэмжлэгч нь хүүгийн төлбөрт 65,156,817 төгрөгийг, үндсэн зээлийн төлбөрт 21,306,667 төгрөгийг тус тус суутган авсан байна /хх-55/.

 

12. Талуудын байгуулсан ҮХХБЗГ-*** дугаартай зээлийн гэрээний 3.1.1-д зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн төлбөрийг хийлгэхдээ эхний ээлжинд зээлийн нэмэгдүүлсэн хүү болон хүүгийн төлбөрийг хийлгэж, үлдэх хэсгээр нь үндсэн зээлийг төлүүлэхээр гэрээний талууд тохиролцсон байх боловч энэхүү тохиролцоо нь гэрээний хугацаанд төлсөн төлбөрийг суутгах дараалал байна.

 

Харин Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэсэн зохицуулалт нь төлөх хугацаа болсон буюу гэрээний хугацаа дуусгавар болсон үед биелэгдээгүй үлдсэн өр төлбөрийг нэхэмжлэхэд хэрэглэгдэх зохицуулалт юм.

 

13. Зээл олгох эрх бүхий байгууллагаас олгосон зээл хугацаатай байх тул уг хугацаа өнгөрмөгч зээлдүүлэгчид шаардах эрх үүсэх бөгөөд зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэгт хамаарна. Тиймээс гэрээний талууд гэрээний хугацааг сунгах эрхтэй боловч уг хугацааг үндсэн гэрээний хугацаа дуусахаас өмнө сунгасан байх хуулийн зохицуулалттай.

 

Гэвч 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ҮХХБЗГ-*** дугаартай зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон байхад талууд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ҮХХБЗГ-*** дугаартай зээлийн гэрээг 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаатайгаар байгуулж, хариуцагч нар гарын үсэг зурсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул энэ хугацаагаар гэрээг сунгасан гэж үзнэ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж зохицуулсан.

14. Хариуцагч Б.Б, Ё.Н нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх буюу хариуцагч нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн зөрчил гарсан үндэслэлээр үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч талд үүснэ.

 

Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн хүүг дээрх хуульд заасан үндэслэлээр шаардах эрхтэй боловч энэ нь нэхэмжлэгчийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хязгаарлагдах бөгөөд талуудын хооронд байгуулсан ҮХХБЗГ-***, ҮХХБЗГ-*** дугаартай гэрээний 8.1.1-д зээлдэгч нь зээлийн хүү болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн төлөх хугацааг 14 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн, 8.1.10-д мэдэгдэлд заасан хугацаа дууссан бол зээлийн гэрээг зөвхөн зээлдүүлэгчийн саналаар цуцлахаар зохицуулсан.

 

Өөрөөр хэлбэл, зээлдэгч нар 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байхад зээлдүүлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 12 дугаар сарын 30 болон 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж буй үйлдэл нь төлөгдөөгүй байсан зээлийн хүү төлөх дүнг их хэмжээгээр өсөхөд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

15. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэсэн зохицуулалтаар хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ямар нэгэн төлбөр төлөөгүй байтал нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 8-р зүйлд заасан гэрээ цуцлах арга хэмжээг аваагүйгээс нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн, тийнхүү үргэлжлүүлэн тооцсоноор зээлдэгч нарт их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь шударга бус нөхцөлийг бий болгосон гэж үзэхээр байна.

 

Иймд зохигчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дууссан байх тул хариуцагч нараас 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд төлсөн 86,463,484 төгрөгийг дараах дарааллаар үндсэн зээл, хүүгийн төлбөрөөс хасаж тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

16. Шүүх дээрх нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэгчийн анх шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр хариуцагч нарын төлбөл зохих үндсэн зээл, зээлийн хүүг тооцох нь зүйтэй гэж үзэж, хариуцагч нараас ҮХХБЗГ-*** дугаартай гэрээний 2022-09-21-ний өдрийн байдлаар төлөх үндсэн зээлийн төлбөрийг тооцоход хариуцагч нар 2019-8-28-нд 1,306,667 төгрөгийг үндсэн зээлд төлснийг хасахад 78,693,333 төгрөг байна.

 

ҮХХБЗГ-*** дугаартай гэрээний 1-р хавсралтад зааснаар хариуцагч нарын төлбөл зохих зээлийн хүүгийн төлбөр 17,266,666 төгрөгийг 2019 оны 7-р сарын 30-ны өдрөөс 12-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд төлсөн 5,693,333+3,214,000+2,661,769+3,397,000 төгрөгийг хасаж тооцоход төлөгдөөгүй хүүгийн төлбөр 2,300,564 төгрөг байна.

 

Талууд 2020-03-27-ны өдөр ҮХХБЗГ-*** дугаартай гэрээ байгуулж хугацааг тохирсноор тухайн өдөр төлсөн 10,190,715 төгрөгөөс төлөгдөөгүй хүүгийн төлбөр 2,300,564 төгрөгийг хасаж, үлдэх төлбөрийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 70,860,482 төгрөг байна.

 

ҮХХБЗГ-*** дугаартай зээлийн гэрээг талууд 5 сар 23 хоногоор байгуулсан байх тул хүүгийн төлбөрт 14,302,005.5 төгрөг /70,860,482х3,5%=2,480,116.8:30хоног=82,670.5/-ийг төлөхөөр байх боловч гэрээний хугацаанд 2020-8-4-ний өдөр төлсөн 10,000,000 төгрөгийг хүүгийн төлбөрөөс хасаж тооцоход 4,302,005.5 төгрөгийн зээлийн хүү төлөгдөөгүй байна.

 

Талуудын 2020-03-27-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа 2020-9-20-ны өдрөөр дуусгавар болсон тул 2021-7-5-ны өдөр төлсөн 50,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үндсэн зээлээс хасаж тооцоход 20,860,482 төгрөг /70,860,482-50,000,000/-г үндсэн зээлийн төлбөрт төлөх үүрэгтэй байх тул нийт 25,162,487.5 төгрөг /үндсэн зээл 20,860,482+төлөгдөөгүй хүү 4,302,0005.5/-ийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Зээлдүүлэгч нь нэмэгдүүлсэн хүүгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Б, Ё.Н нараас үндсэн зээлийн төлбөрт 20,860,482 төгрөг, зээлийн хүүнд 4,302,0005.5 төгрөг, нийт 25,162,487.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 62,436,910.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

17. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн хөрөнгийг хариуцагч нар сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд ҮХХБЗГ-*** дугаартай зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлийн барьцаанд хариуцагч Б.Бы өмчлөлийн *************** байрлах, 53 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-********* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Б.М, Б.О, М.Ч нарын өмчлөлийн *********** тоотод байрлах, 34,8 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-***************** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ҮХХБЗГ-***-2, ҮХХБЗГ-***-З дугаартай барьцааны гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд барьцааны гэрээ байгуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй /хх-13-14, 15-16/.

 

18. Барьцааны зүйл болох *************** байрлах, 53 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-********* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч Б.Б бүртгэгдсэн /хх-57/, *********** тоотод байрлах, 34,8 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-***************** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.М, Б.О, М.Ч нар бүртгэгдсэн байна /хх-58/.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ҮХХБЗГ-***-3 дугаартай барьцааны гэрээний зүйлийн өмчлөгч нь өөр иргэдж байгаа учраас хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбарыг гаргасан болно.

 

19. Барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж тус тус зохицуулалттай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд ҮХХБЗГ-***-3 дугаартай барьцааны гэрээний 1.1-д ҮХХБЗГ-*** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, төлбөрийг зээлийн гэрээн заасан хуваарийн дагуу хугацаанд нь хийж гүйцэтгэх баталгаа болгон харилцан тохиролцсон гэрээнд өмчлөгч болох Б.М, Б.О нар гарын үсэг зурсан байна.

 

Өөрөөр хэлбэл ҮХХБЗГ-***-3 дугаартай барьцааны гэрээнд оролцогч Б.М, Б.О нар хариуцагч нарын авсан ҮХХБЗГ-*** дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж байгаа талаар гэрээний нийтлэг үндэслэл хэсэгт тусгаж, харилцан тохиролцсон байна.

 

Түүнчлэн хариуцагч Б.Б, Ё.Н нарын авсан зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Б.М, Б.О, М.Ч нарын өмчлөлийн *********** тоотод байрлах, 34,8 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-***************** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, тухай барьцааны зүйлийн өмчлөгч нь өөр этгээд байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцуулах тухай хүсэлтийг хэн алин нь гаргаж байгаагүй.

 

20. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус зохицуулсан.

 

Иймд хариуцагч нар дээрх зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Бы өмчлөлийн *************** байрлах, 53 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-********* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Б.М, Б.О, М.Ч нарын өмчлөлийн *********** тоотод байрлах, 34,8 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-***************** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нараас ҮХХБЗГ-***, ҮХХБЗГ-*** дугаартай зээлийн гэрээний үүрэгт 25,162,487.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 62,436,910.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар тус тус шийдвэрлэв.

 

21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2022-09-21-ний өдөр төлсөн 666,200 /70,200+596,000/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн хангасан шаардлагад ногдох хураамжид 353,962.5 /70,200+283,763/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Б.Б, Ё.Н нараас 25,162,487.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 62,436,910.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б.Бы өмчлөлийн *************** байрлах, 53 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-********* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,

Б.М, Б.О, М.Ч нарын өмчлөлийн *********** тоотод байрлах, 34,8 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-***************** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 666,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Ё.Н нараас 353,962.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ББСБ ХХК-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ