Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2023/00318

 

 

2023 оны 01 сарын 25 өдөр            Дугаар 183/ШШ2023/00318        Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, 15 дугаар баг, Их сургуулийн 00 тоот хаягт оршин суух, Д овогт Б.Д /ТГ00000000/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Моннис тауэрийн 0 давхарт үйл ажиллагаа явуулдаг, Н ХХК /0000/-д холбогдох

Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Б.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Б.Д нь Н ХХК-д холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  Миний хувьд сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хуульд заасан ёсоор компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2022-10-05-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлээд хариуг 2022.10.13-ны өдөр надад хувийн цахим шуудангаар танилцуулсан бөгөөд сахилгын шийтгэлийг үндэслэлтэй гэж үзэн, 1 сар цалингийн 5 хувиар бууруулах өөрчлөлт орүулсан байсан. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Хан-Уул дүүргийн Хөдөлмөрлөх эрхийн маргаан таслах гурван таит хороонд гомдол гаргаж, 2022.11.04-ны өдөр 2 тал тохиролцоогүй гэдэг шийдвэрийг гаргасан гэж хэлсэн. 2022 оны 09 сарын 01-ний өглөөний хурал дээр Ти Ти Жи Ви Си Өү ХХК-ийн төслийн менежер Ш.З нь Эрдэнэс таван толгой ХХК-иас 0.5 га нөхөн сэргээлт хийсэн талбайд TR100 өөрөө буулгагчийн мөр гарсан албан тоот ирсэн, энэ талаар шалгаж, сарын гүйцэтгэлийн оноо хасуулахгүй байх асуудлыг шийдэхэд анхаарах гэсэн чиглэл өгсөн бөгөөд энэ хурлын тэмдэглэл нь уурхайн бүх удирдлага болон хотын оффисийн удирдах шатны ажилтнууд руу цахим шуудангаар явсан байсан. Түншлэлийн хурлын дараа Ш.З менежерээс Н ХХК-ийн уурхайн орлогч дарга Ү.Б Таван толгой ХК-ийн Эрдэнэс таван толгой ХХК-д ирсэн албан бичгийг явуулсан байсан. Манай уурхайн орлогч дарга Ү.Б надтай уулзаад энэ асуудлыг очиж судлаад, хэрэв ийм асуудал болсон бол байгаль орчин талаас засаж болох төлөвлөгөө боловсруулж ир гэдэг чиглэл өгсөн. Өгсөн чиглэлийн дагуу судлаад, төлөвлөгөө боловсруулж, Таван толгой ХК-ийн байгаль орчны ажилтан руу явуулсан бөгөөд төлөвлөгөөний дагуу саналуудыг дэмжиж байна, төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ гэдгээ албан бичгээр мэдэгдээрэй гэсэн цахим шуудан ирсэн ба уурхайн орлогч дарга Ү.Бд танилцуулсан. Гэтэл 2022.09.11-ний өдөр уурхайн хүний нөөцийн ажилтан Б.Б сахилгын шийтгэлийн хуудас надад танилцуулсан ба Таван толгой ХК дээр гарсан зөрчлийг шууд удирдлага Жан даргад мэдэгдээгүй, уурхайн орлогч дарга Ү.Бтай хамт зөрчлийг арилгах төлөвлөгөө боловсруулж эрх мэдлээ хэтрүүлсэн, дээрх нөхцөл байдпаас компанид 16 сая төгрөгийн бодит хохирол учирсан гэж бичигдсэн байсан. Миний хувьд сахилгын шийтгэлийн энэ үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд доорх байдлаар тайлбарлаж байна. 1. Уурхайн орлогч дарга Ү.Б надад үүрэг даалгавар өгснийг би биелүүлсэн, 2. ТR100 өөрөө буулгагч мөр гаргасан асуудал бий болоход би еөрийн биеэр байгаагүй, манай В ээлж энэ тохиолдлын алинд ч ажиллаагүй, 3. ийм асуудал болсон талаар ээлж хүлээлцэх хуудас болон аман байдлаар манай ээлжинд мэдэгдээгүй, 4. Зөрчлийг арилгах төлөвлөгөө боловсруулсан нь компанид 16 сая төгрөгийн бодит хохирол учрах нөхцөл болоогүй, тухайн үед техник жолоодож байсан операторын буруутай ажиллагаанаас үүссэн гэж үзэж байна, 5. Уурхайн орлогч дарга Ү.Б болсон нөхцөл байдлын талаар тодорхой тайлбар гаргасан болно. Иймд үндэслэлгүйгээр надад ногдуулсан сахилгын шийтгэлийг зөвшөөрөхгүй байгаа тул 2022 оны 09 сарын 19-ны өдрийн Б22\000тоот Н ХХК-ийн Гүйцэтгэх Захирлын тушаалыг хүчингүй болгож, шударгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ажил олгогчийн зүгээс дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Тодруулбал: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ...Миний хувьд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгуй байгаа бөгөөд хуульд заасан ёсоор компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан Компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2022-10-05-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлээд 2022-10-13-ны өдөр танилцуулсан бөгөөд сахилгын шийтгэл үндэслэлтэй гэж үзэж 1 сар цалингийн 5 хувиар бууруулах өөрчлөлт оруулсан... гэжээ. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 000 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах үүднээс 2022 оны 06 сарын 26-ний өдрийн Ажилтны төлөөллийг сонгох 2022 оны 8 сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэл, Ажил олголч, түүний Гүйцэтгэх захирлын NМ-А/00-000 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс (ХЭМТКомисс' гэх)"-ын нийт ажилтны төлөөлөл 4, ажил олгогчийн төлөөлөл 4, нийт 8 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр томилон байгуулсан. Тухайн компанид өндөр хариуцлага бүхий Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Байгаль орчны хэлтсийн Ахлах ажилтан Б.Дгээс ажил олгогчоос 2022 оны Б22/000дугаартай тушаалын дагуу ногдуулсан сахилгын шийтгэлийн үндэслэлгүй ногдуулсан талаар Комисст гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч хууль болон комиссын дүрэмд заасны дагуу 2022 оны 10 сарын 05-ний өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд Комиссын зүгээс дүрэм (3.11-д) заасны дагуу гишүүд нь маргалдагч талуудад гомдлын агуулгыг талуудад ойлгуулах, аль болох харилцан тохиролцож шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх хэлбэрээр маргааныг урьдчилан шийдвэрлэхэд оролцоод, тэдгээр ажилтнуудад сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна. Харин ажилтнуудад олгосон шийтгэлийн хувьд тохироогүй гэж үзэхээр байгаа тул хэмжээг бууруулах талаар санал хурааж нийт 8 гишүүний 5 гишүүн дэмжиж 3 гишүүн татгалзсан. Комиссоос урьдчилан шийдвэрлэх хүрээнд гарсан саналын дагуу маргалдагч талууд харилцан тохиролцсон бол маргаан дуусгавар болох байсан ч, талууд тохиролцоогүйгээр тухайн маргаан нь урьдчилан шийдвэрлэгдэж гомдол гаргагчид танилцуулагдсан. Улмаар дүрэмд заасны дагуу Б.Д нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо (ХЭМЗЗТХороо)-нд гомдол гаргасныг Хороо 2022 оны 11 сарын 07-ний өдрийн хурлаар авч хэлэлцээд Н ХХК-ийн 2022.09.19-ний өдрийн Б22/000тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг үндэслэлтэй гэж үзэж гомдлын шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Хорооны зүгээс тус гомдлыг хууль, дүрмийн дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд авч хэлэлцээд Б.Дгийн гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн болох тухайд юуны өмнө нь энд дурдах нь зүйтэй. Ти Эн түншлэлийн захиалагч Эрдэнэс тавантолгой ХК-ийн зүгээс тус компанид ирүүлсэн албан бичигт хавсарган ирүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн000 дугаартай "Тавантолгой ХК-ний албан бичигт ...Уүрхайгаас урагш 8км зайд байрлах шимт хөрсний овоолгын тодорхой хэсэгт өнгөн хөрс сайжруулах тхршилтын 0.5 га талбайд олон наст бордоо ашиглаж тарилтын ажлыг эхлуулж иж бүрэн бороожуулагч усалгааны систем..., ...шимт хөрсний овоолгын талбайд хунд даацын тээврийн хэрэгсэл удаа дараа явж усалгааны системийг дайрч эвдэн, сийрүулсэн хөрсийг нягтаршуулж, ургамал ургах нөхцлийг алдагдуулж усалгаа арчилгаанд усны машин түрээсэлж ажиллуулсан ажлын үр дүнгүй болгож бидний ажилд хүндрэл учруулсан тул хохирлыг барагдуулж өгнө үү... гэж дурдсан байдаг. Түүнтэй холбоотой тус албан бичгийн хавсралтад Тавантолгой ХК-ийн өнгөн хөрс сайжруулах туршилтын талбайд хүнд даацын тээврийн хэрэгсэл явсан тухай мэдээлэлд ... 2022.06.25, 2022.08.23-ны өдрийн 19:00 цагт усалгаа хийхээр очиход хүнд даацын тээврийн хэрэгсэл дээрх талбайг бүрэн тойрч гарсан... зэргээр зөрчлүүд гарсан байдаг байхад ажилтан Б.Д нь үүссэн асуудал, зөрчлийг мэдсээр байж албан тушаалын эрх, үүрэг, мөн чиг үүргийн дагуу өөрийн шууд удирдлага/ уурхайн дарга буюу сайтын дэд менежер /Жан Хун Юун/-д мэдэгдээгүй. Түүний зөвшөөрөлгүйгээр тухайн гарсан асуудлаар дур мэдэн үйл ажиллагаа хэрэгжүүлж ажлын төлөвлөгөө боловсруулсан зэрэг үйлдэл, үйл явдал нь ажил олгогч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан зохицуулалт [хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3.2.13-т *'Ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан, хохирол учруулахаар ямар нэгэн үйлдэл, эс үйлдэл хийсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, буруугаар ашигласан, хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.8.12-т Эрхээ хэтрүүлсэн. (Ажилтан нь АБТ-нд заасан болон Ажил олгогчийн аливаа дүрэм, журам, шийдвэр. итгэмжлэлээр ажилтанд олгосон эрх хэмжээний дотор ажиллах үүрэгтэй бөгөөд ийнхүү олгогдсон эрх хэмжээг хэтрүүлсэн нь баримтаар тогтоогдсон-ыг тус тус зөрчсөн байна. Мөн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ уурхайн орлогч дарга Ү.Б надтай үулзаад энэ асуудлыг очиж судлаад, хэрэв ийм асуудал болсон бол байгаль орчин талаас засаж болох төлөвлөгөө боловсруулж ир гэдэг чиглэл өгсөн... тухай дурдсан ба Уулын ерөнхий инженер Ү.Б нь ХАБЭАБО-ны ахлах мэргэжилтэн Б.Дгийн шууд удирдлага биш харин сайтын дарга сайтын дэд менежер болох Жан Хун Юун-аас заавар, ажил үүргийн чиглэмж авч ажил үүрэг гүйцэтгэх ёстой байсан ба ийнхүү гүйцэтгээгүй нь ажил олгогч түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.3-т Ажилтныг ажил уүргээ зүй ёсоор биелүулэх, мэдлэг мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, удирдлагаар хангах, сургах, чиглүүлэх, ажлын гүйцэтгэл, түүний үр дүнд хяналт тавих гэж заасан байхад шууд удирдлагадаа мэдэгдээгүй, тус гэрээний 10 дугаар зүйлийн 10.3.2.13-д заасан Ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол үчруулсан, хохирол учруулахаар ямар нэгэн үйлдэл, эс үйлдэл хийсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, буруугаар ашигласан, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.8.11-д Эрхээ хэтрүүлсэн Ажилтан нь АБТ-д заасан болон ажил олгогчийн аливаа дүрэм, журам, шийдвэр итгэмжлэлээр ажилтанд олгосон эрх хэмжээний дотор ажиллах үүрэгтэй бөгөөд ийнхүү олгогдсон эрх хэмжээг хэтрүүлсэн нь баримтаар тогтоогдсон гэж тус тус заасны дагуу өөр олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд ажил олгогчийн бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулахаар үйлдэл хийсэн, түүний улмаас компанид хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн ажилтан нь ажил олгогч болон түүнтэй хамааралгүй аливаа аж ахуйн нэгж, байгууллага буюу Тавантолгой ХК-тай харилцах эрх хэмжээ олгогдоогүй нь Ажлын байрны тодорхойлолт(АБТ" гэх)-д заасан албан тушаалын эрх хэмжээг мэдлийг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм. 2022 оны 09 сарын 19-ний өдрийн Б22/000дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай Гүйцэтгэх захирлын тушаалаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой ажилтан Б.Дд ажил олгогчийн зүгээс хөдөлмөрлөх эрх болон ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор аливаа дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг үзүүлээгүй. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шүуд хариуцна", 27.3.2-т хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд, хяналт тавих, мөн 27.3.3 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах; гэж тус тус зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны чиглэлээр зөрчигдсөн асуудлаар тухайн аж ахуйн, нэгж байгууллагын удирдлагын өмнө шууд хариуцах, хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй талаар дээрх холбогдох хууль тогтоомжид тусгайлан заасан байдаг. Иймд дээр дурдагдсан үндэслэлээр тухайн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан Н ХХК-ийн 2022 оны 09 сарын 19-ний өдрийн Б22/000дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цахим үнэмлэхний лавлагаа, Н ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, хөдөлмөрийн гэрээ, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 2, 10-13, 15-19 ху/

4. Хариуцагчаас: 2022.09.12-ны өдрийн Н ХХК-ийн гүйцэтгэх захиралын Б22/784 дүгээр компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, итгэмжлэл, цахим гүйлгээний баримт, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 74-75, 98-99 ху/

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Н ХХК-иас сахилгын шийтгэл оногдуулсан тушаал, уурхайн орлогч дарга Г.Б тайлбар, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, ажлын байрны тодорхойлолтыг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн. /хх 86-96 хуу/

6. Нэхэмжлэгчээс ирүүлсэн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Ү.Б тайлбар, ажлын байрны тодорхойлолт, дотоод журам зэрэг баримтыг, хариуцагчаас ирүүлсэн ажлын төлөвлөгөө, 2022.08.29-ний өдрийн Тавантолгой ХК-ийн 000 дугаар албан бичиг, фото зургууд зэрэг баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй. /хх6-9, 14,20, 21-65, 101-109 ху/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Н ХХК-ний гүйцэтгэх захирлын 2022.09.19-ний өдрийн Б22/000тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Тухайн үед шууд удирдлагаар томилогдсон уурхайн орлогч дарга Ү.Б үүрэг даалгаварыг биелүүлсэн, хүнд оврын өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл болох ТR100 маркийн тээврийн хэрэгсэл бусдын нөхөн сэргээлт хийж байсан талбайд мөр гаргах үед манай ээлж биш байсан учир еөрийн биеэр байгаагүй, уг зөрчлийн талаар ээлж хүлээлцэх хуудас болон амаар бидэнд мэдэгдээгүй, зөрчлийг арилгах төлөвлөгөө боловсруулснаар компанид 16 000 000 төгрөгийн бодит хохирол учруулсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тухайн үед техник жолоодож байсан оператор буруутай тул сахилгын шийтгэл ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна

3. Хариуцагч Н ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлж байна. Үүнд: Тус компанийн 2022.10.05-ны өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдаанаар ажилтны гомдлыг хэлэлцээд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй, харин ногдуулсан шийтгэл нь тохироогүй гэж үзээд цалингийн хувийг 5 хувиар бууруулахаар тогтсон боловч талууд харилцан тохиролцоогүй тул Б.Д нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг 2022.11.07-ний өдөр хэлэлцээд Н ХХК-ийн 2022.09.19-ний өдрийн Б22/000тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг үндэслэлтэй гэж үзэж гомдлын шаардлагыг хүлээн авахаас татгалзсан. Тавантолгой ХК-ийн өнгөн хөрс сайжруулах туршилтын талбайд хүнд даацын тээврийн хэрэгсэл явсан тухай мэдээлэлд ... 2022.06.25, 2022.08.23-ны өдрийн 19:00 цагт усалгаа хийхээр очиход хүнд даацын тээврийн хэрэгсэл дээрх талбайг бүрэн тойрч гарсан... зэргээр зөрчлүүд гарсан байхад ажилтан Б.Д нь зөрчлийг мэдсээр байж албан тушаалын чиг үүргийн дагуу өөрийн шууд удирдлага уурхайн дарга буюу сайтын дэд менежер Жан Хун Юунд мэдэгдээгүй дур мэдэн ажлын төлөвлөгөө боловсруулсан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3.2.13, хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 13.8.12-д заасныг зөрчсөн. Уурхайн орлогч дарга Ү.Бас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлсэн гэх боловч Ү.Б нь Б.Дгийн шууд удирдлага биш бөгөөд шууд удирдлага нь сайтын дэд менежер Жан Хун Юун юм. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.3, 10 дугаар зүйлийн 10.3.2.13, 13 дугаар зүйлийн 13.8.11 дэх заалтыг тус тус зөрчсөний улмаас өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, ажил олгогчийн бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулахаар үйлдэл хийсэн, ийнхүү компанид хохирол учруулсан нь тогтоогдсон тул сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4,5 дугаарт дурдагсдан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 Нэхэмжлэгч Б.Д нь Н ХХК-ний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах ажилтан албан тушаалд ажиллахаар тохироцсон хөдөлмөрийн гэрээ байгуулсан, /хх15-19 ху/

4.2 Н ХХК-ний гүйцэтгэх захирлын 2022.09.19-ний өдрийн Б22/000дугаар тушаалаар Б.Дгийн нэг сарын цалин хөлсийг 10 хувиар бууруулах тухай сахилгын шийтгэл ногдуулсан, /хх 86 ху/

4.3 Н ХХК-ний 2022.10.05-ны өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдаанаар ажилтны гомдлыг хэлэлцээд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй, харин ногдуулсан шийтгэл нь тохироогүй гэж үзээд цалингийн хувийг 5 хувиар бууруулахаар тогтсон бөгөөд талууд харилцан тохиролцоогүй, /хх 10-12 ху/

4.4 Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг 2022.11.07-ний өдөр хэлэлцээд Н ХХК-ийн 2022.09.19-ний өдрийн Б22/000тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг үндэслэлтэй гэж үзэж гомдлын шаардлагыг хүлээн авахаас татгалзсан., /хх 93-96 ху/

4.5 2022.10.03-ны өдөр Н ХХК-иас Тавантолгой ХК-д 4 000 000 төгрөгийг олон наст ургамал, усалгааны систем хохирол барагдуулах гэсэн утгатай шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 99 ху/

5. Нэхэмжлэгч нь компанид бодит хохирол учруулаагүй гэж, хариуцагч нь шууд удирдлагад зөрчил гарсан талаар мэдэгдээгүй, дур мэдэж хохирол арилгах төлөвлөгөө боловсруулснаар 4 000 000 төгрөгийн бодит хохирлыг ажил олгогчид учруулсан гэж талууд маргасан ба Н ХХК-ний сайтын дэд менежер Жан Хун Юунаас уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг Ү.Б хариуцах тухай цахим шуудан ажилтнуудад илгээсэн, талуудын хооронд 2022.09.27-ны өдөр харилцсан харилцсан цахим шуудангийн утга агуулга, огноо зэрэг үйл баримтад маргаангүй гэж тайлбарласан.

6. Н ХХК-ний гүйцэтгэх захирлын 2022.09.19-ний өдрийн Б22/000дугаар тушаалаар ажилтан Б.Дд сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, хөдөлмөрийн гэрээний 9.3.3, 10.3.2.13, дотоод журмын 13.4.3, 13.8.11 дэх заалтыг тус тус баримталж, ажлын байран дээр гарсан зөрчлийг өөрийн шууд удирдлагадаа мэдэгдэлгүй, нуун дарагдуулсан, зөрчлийг арилгах талаар ажлын төлөвлөгөөг удирдлагын зөвшөөрөл хяналтгүй дур мэдэн гаргасан, хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын хэм хэмжээг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заасан эрх хэмжээг хэтрүүлсэн буруутай үйлдэл гаргасан, түүний улмаас компанид бодит хохирол учруулсан гэж дүгнэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т ажил олгогч хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага ногдуулах эрхтэй байхаар, хөдөлмөрийн гэрээний 9.3.3-т үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувь бууруулах арга хэмжээ авах талаар, 10.3.2.13-т ажил олгогчийн бизнесын нэр хүндэд хохирол учруулсан, хохирол учруулахаар ямар нэгэн үйлдэл эс үйлдэхүй хийсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн буруугаар ашигласан бол ноцтой зөрчилд тооцохоор, дотоод журмын 13.4.3-т компанид их хэмжээний өмч, эд хөрөнгийн хохирол учруулсан бол ажлаас халахаар, 13.8.11-д компанийн өмчлөлийн мэдээллийн өгөхгүй байх, зүй бусаар ашигласан бол бол ноцтой зөрчилд тооцохоор тус тус заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан байна.

Дээрх хуульд зааснаар ажил олгогч сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгохоос гадна ажилтны гаргасан сахилгын зөрчлийг баримтаар тогтоосон байхыг шаарддаг тул зөрчлийг ажилтан гаргасан болохыг баримтаар нотлох үүрэг ажил олгогчид хамаарна.

Хариуцагч, Н ХХК-ний хүнд оврын техник Тавантолгой ХК-ний нөхөн сэргээлт хийж, усалгааны систем суурилуулсан талбайд явсны улмаас 16 000 000 төгрөгийг хохирол учирсан, ажилтан Б.Д уг зөрчлийн талаар шууд удирдлагадаа мэдэгдээгүй төдийгүй эрх мэдлээ хэтрүүлэн хохирол арилгах төлөвлөгөө боловсруулж, Тавантолгой ХК-д хүргүүлснээр компани 4 000 000 төгрөгийн хохирол төлсөн нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэж тайлбарлах боловч уурхайн дэд менежер Жан Хун Юунаас уурхай дээрх өдөр тутмын үйл ажиллагааг Ү.Б удирдан зохион байгуулна гэх утгатай цахим шууданг ажилчдад илгээсэн талаар маргаагүй.

Иймд нэхэлэгч дээр дурдсан цахим шуудангийн дагуу уурхайн орлогч дарга Ү.Бд гарсан зөрчлийн талаар мэдэгдэж, түүний өгсөн үүрэг даалгаварын дагуу хохирол барагдуулах төлөвлөгөө боловсруулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул хөдөлмөрийн гэрээний 10.3.2.13-т заасан ажил олгогчийн бизнесын нэр хүндэд хохирол учруулсан, хохирол учруулахаар ямар нэгэн үйлдэл эс үйлдэхүй хийсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн буруугаар ашигласан, дотоод журмын 13.4.3-т заасан компанид их хэмжээний өмч, эд хөрөнгийн хохирол учруулсан, 13.8.11-д заасан компанийн өмчлөлийн мэдээллийг өгөхгүй байх, зүй бусаар ашигласан гэх зөрчлийг гаргасан гэж үзэхээргүй байна.

Нөгөө талаас нэхэмжлэгч Б.Дгийн ажлын байрны тодорхойлолтод хүнд оврын техникийн явах маршрутад хяналт тавих үүрэг хүлээгээгүй байгааг дурдаад, харин гарсан зөрчлийг арилгах талаар эрх бүхий албан тушаалтны нэр заасан ажилтнаас өгсөн үүрэг даалгаварын дагуу төлөвлөгөө боловсруулсан нь шууд удирдлагыг мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан эрх хэмжээгээ хэтрүүлснээр ажил олгогчид бодит хохирол учруулсан буруутай үйлдэлд хамаарахгүй юм.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан сахилгын хариуцлага ногдуулах хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг ажилтан гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр Н ХХК-ний гүйцэтгэх захирлын 2022.09.19-ний өдрийн Б22/000дугаартай Б.Дд Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэсэн болно.

7. Нэхэмжлэгч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацааг зөрчөөгүйг тэмдэглэв.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгохоор, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 154 дүгээр зүйлийн 154.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д овогт Б.Д /ТГ00000000/-гийн хариуцагч Н ХХК /6541313/-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н ХХК-ний гүйцэтгэх захирлын 2022.09.19-ний өдрийн Б22/000дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн 2022.11.16-ны өдөр 100200100941 дугаарын дансанд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Б.Дд олгож, хариуцагч Н ХХК-иас 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ