| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовын Уламбаяр |
| Хэргийн индекс | 131/2019/00725/И |
| Дугаар | 213/МА2019/00012 |
| Огноо | 2019-06-04 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 213/МА2019/00012
******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* *******, ******* нөхөрлөл,
******* нөхөрлөлд тус тус холбогдох иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2019/00149 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо *******-аас тэсэлгээний ажил үйлчилгээний зардал 25.500.000 төгрөг гаргуулах тухай,
Хариуцагч Ё.Ц ахлагчтай ******* нөхөрлөлөөс тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний төлбөр 762.100 төгрөг гаргуулах тухай,
Хариуцагч Ш.Лахлагчтай ******* нөхөрлөлөөс тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний төлбөр 569.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгчдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч ******* нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч ******* /онлайнаар/, хариуцагч “*******” *******-ийн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт байрлах ******* ******* ХХК нь Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо төрийн бус байгууллагад бүртгэлтэй нөхөрлөлүүдтэй байгуулсан тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний төлбөрийг өдий хүртэл барагдуулаагүй. Дээрх төлбөрийг барагдуулахыг утсаар болон бичгээр удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр огт хийгдээгүй байна.
Иймд тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үндсэн төлбөр 41.329.191,67 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 842.765,88 төгрөг, нийт 42.171.957 төгрөгийг Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбооноос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ******* ХХК нь Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо болон түүнд бүртгэлтэй нэр бүхий 20 нөхөрлөл болон түүний ахлагч нартай байгуулсан тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээг байгуулан ажиллаж байсан боловч дээрх холбоонд бүртгэлтэй нөхөрлөлүүд нь гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө манай байгууллагад төлсөн буюу эвлэрэн хэлэлцээд хэргийг тусгаарласан тул одоо үлдэж байгаа төлбөрийн дүнгийн дагуу нөхөрлөл тус бүрээс нь гаргуулж өгнө үү.
1. Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо төрийн бус байгууллагаас 2016 оны 12 сар, 2017 оны 01 дүгээр саруудын ажил үйлчилгээний зардалд 25.500.000 төгрөг болон тус үнийн дүнд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 456.620 төгрөг нийт 25.956.620 төгрөг
2. Ё.Ц ахлагчтай ******* нөхөрлөлөөс 762.100 төгрөг
3. Ш.Лахлагчтай ******* нөхөрлөлөөс 569.900 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн ******* нь ******* ******* ХХК-аас үйлчилгээ авсан болон төлбөрийн үлдэгдэл байгааг хүлээн зөвшөөрдөг. Харин үлдэгдэл төлбөрийг яаж төлөх вэ гэдэг асуудал дээр маргаж байгаа. 9, 10, 11 саруудын тооцоо хийгдээд дуусчихсан. Хэрвээ тэсэлгээний ажил дутуу хийгдсэн гэж байгаа бол тухайн сар бүрд нь мэдэгдэх ёстой байсан. ******* нь нөхөрлөлүүдийг удирдлага зохион байгуулалтаар хангаж өдөр тутмын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй байгууллага. Энэ чиг үүргийнхээ дагуу нөхөрлөлүүдийг төлөөлөөд манай байгууллагатай уулзаж өдрийн 1.000.000 төгрөгөөр ажиллахаар тохиролцсон. Ингээд ******* нь сар бүр нөхөрлөлүүдээс тэсэлгээний ажил үйлчилгээ авсан төлбөрийг хурааж өөрийнхөө данснаас манай данс руу хийдэг байсан. Гэтэл сүүлийн 2 сар энэ үйлдлээ хийгээгүй. Хариуцагч талаас хариу тайлбараа нотолж ямар ч баримт гаргаж өгөөгүй. Сүүлд 2018 оны 10 сар хүртлэх дансны хуулга өгсөн байсан. Гэвч бид 2016 оны 12, 2017 оны 01 сарын төлбөр дээр маргаж байгаа. Хэрвээ ******* нөхөрлөлүүдээс сар бүрийн төлбөрийг хурааж өгч чадахгүй гэдэг талаараа урьдчилаад мэдэгдсэн бол бид нөхөрлөлүүдтэй байгуулдаг гэрээгээ байгуулаад явах боломжтой байсан. Тийм учраас 25.500.000 төгрөгийг *******-оос гаргуулж өгнө үү.
******* нөхөрлөлд холбогдуулж 569.900 төгрөгийн нэхэмжилсэн. Ш.Лнь тухайн мөнгийг би өгөхгүй юмаа өөр хүн өгөх ёстой гэдэг боловч үнийгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Бидний хувьд шинээр мөнгө нэхээгүй үлдэгдэл төлбөрөө л нэхэмжилж байгаа. Баян-овоо нөхөрлөлөөс 762.100 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариу тайлбар дээрээ төлбөрөө бүрэн төлсөн гэдэг боловч мөн энэ талаарх баримтаа хавтаст хэрэгт хавсаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Баянхонгор аймгийн ХАМОД Холбоо төрийн бус байгууллагын тэргүүн Ч.О шүүхэд гаргасан тайлбартаа: Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо төрийн бус байгууллагад бүртгэлтэй нөхөрлөлүүд 2016 оны 7 дугаар сараас эхлэн ******* ******* ХХК-тай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох 308 дугаар журмын дагуу тэсэлгээний ажил үйлчилгээ авч, гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Манай холбоо нь 2016 оны 7, 8 дугаар саруудад гэрээ хийж ажил үйлчилгээ авсан нөхөрлөл тус бүр сарын ажлын хөлс 2.3 сая төгрөг байхаар тэсэлгээний бодис, тэсэлгээний хэрэгсэлийн үнийг тухайн нөхөрлөл хэрэглэсэн тоо хэмжээгээр үнийг бодож төлж байхаар тохиролцсон. Бид 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудын ажлын хөлсийг нийтэд нь төлсөн боловч тухайн саруудад тус компанийн зүгээс шалтгаалан олон хоног ажил үйлчилгээ үзүүлээгүй юм. Харин 2016 оны 12 дугаар сарын ажил үйлчилгээний хөлс 30.000.000 төгрөгийг тухайн сард ажил үйлчилгээ хийлгэсэн нөхөрлөлүүдэд хувааж төлөхөөр болсон. Нөхөрлөлүүд энэ ажлын хөлсийг 2016 оны 9,10,11 дүгээр саруудад сул зогссон хоногуудын ажил үйлчилгээний хөлсөнд нөхөн, шилжүүлж тооцох хэрэгтэй гэж үзэж байгаа бөгөөд гэрээ байгуулж ажил үйлчилгээ авсан нөхөрлөлүүд гэрээний дагуу хэрэглэсэн тэсрэх бодис тэсэлгээний хэрэгслийнхээ үнийг өөрсдөө бүрэн хариуцах бөгөөд энэ төлбөрийг манай ашигт малтмалын холбоо төрийн бус байгууллага хариуцахгүй юм гэжээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн ХАМОД Холбоо төрийн бус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Манай байгууллага гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага. Манайх гишүүдээсээ удирдлагаа сонгодог. Тэсэлгээний төлбөрийг манай байгууллагаас нэхэх үндэслэлгүй юм. ******* төрийн бус байгууллагад тэсэлгээ хийлгэдэг нэг ч нүх байхгүй. Манай байгууллага нөхөрлөлүүдийг ажиллах нөхцөл боломжоор хангаж ажилладаг болохоос ямар нэгэн ашгийн төлөө ажилладаггүй. Боловсруулах цехээс үлдэгдэл шлам гэж гардаг. Түүнийгээ аймаг орон нутгийнхаа засаг захиргаатай хамтраад дахин боловсруулах үйлдвэрт өгч нэг удаагийн оролтоор аймагтаа 1.500.000.000 төгрөг өгч, үлдэгдэл 30 хувийг нь нөхөрлөлүүд авсан. Энэ мөнгөнөөсөө ******* ******* ХХК-ийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 99.000.000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн. Гэтэл манай байгууллагыг нөхөрлөлүүдийн өгсөн мөнгөөр хөрөнгөжсөн мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөхөрлөлүүд тэсэлгээний ажил үйлчилгээ авсан төлбөрөө төлөхгүй байхад тэр төлбөрийг манай байгууллагаас нэхэх ямар ч үндэслэлгүй юм гэв.
Хариуцагч ******* нөхөрлөлийн ахлагч Ё.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:
Баянхонгор аймгийн ******* сумын нутаг дахь Цагаан цахирт хувиараа ашигт малтмал олборлогч ******* нөхөрлөлийн ахлагч Ё.Ц надад ******* ******* ХХК-аас 784.940 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Тус компани 2016 оны 6 дугаар сард тус уурхайд тэсэлгээний материал нийлүүлсэн. Дараа нь 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сард Таван Эрдэнэ нөхөрлөлийн нэр дээр тэсэлгээ хийлгэж 298.000 төгрөгийг нөхөрлөлийн ахлагчийн дүү Сэргэлэнбаатарт өгсөн. Иймд миний бие нэхэмжлэгчид тооцоо байхгүй гэжээ. /2 дугаар хх-ийн 43 дугаар тал/
Хариуцагч ******* нөхөрлөлийн ахлагч Ё.Ц анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний хувьд сар бүрийн төлбөрийг тухай бүрд нь хийдэг байсан. Хамгийн сүүлд тооцоо хийхэд 297.000 төгрөгийн үлдэгдэл байна гэж ******* ******* ХХК-ийн ажилтан надад хэлсэн. Тэгээд тус мөнгийг Таван эрдэнэ нөхөрлөлийн Сэргэлэнбаатар гэх залууд өгч явуулсан. Анх сарын 2.300.000 төгрөгөөр гэрээ байгуулж ажиллахад 7, 8 сар дээр цөөхөн тэсэлгээ хийлгэсэн. Тухайн үед тэсэлгээний материалын мөнгө гэж дахин авдаг байсан гэжээ.
******* нөхөрлөлийн ахлагч Ш.Л шүүхэд гаргасан тайлбартаа:
Ш.Лминий бие нь ******* ******* ХХК-нд ******* нөхөрлөлийг төлөөлж тэсэлгээний ажлын гэрээ хийгээгүй. Тус компанид миний хийх тооцоо байхгүй учир миний нэр дээр нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй гэжээ. / 2 дугаар хх-ийн 66 дугаар тал/
******* нөхөрлөлийн ахлагч Ш.Л анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Надаас хойш С.А гэх хүн ******* нөхөрлөлийн ахлагч болсон. Надад ач холбогдолгүй байхад намайг хариуцагчаар татаж байна. С.А энэ мөнгийг төлсөн гэдгээ удаа дараа тайлбарласан. Тухайн сарынхаа тэсэлгээний материалын мөнгө, ажил үйлчилгээний төлбөрөө төлөхгүй бол ажил үйлчилгээ үзүүлдэггүй байсан гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1-д заасныг баримтлан ******* нөхөрлөлийн ахлагч Ё.Цас 297.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, ******* нөхөрлөлд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 465.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ******* /Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо/ *******айгууллагад холбогдох 2016 оны 12 сар, 2017 оны 01 сарын тэсэлгээний ажил үйлчилгээний зардал 25.500.000 төгрөг гаргуулах, ******* нөхөрлөлд холбогдох 569.900 төгрөг гаргуулах тухай ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497.207 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* нөхөрлөлийн ахлагч Ё.Цас улсын тэмдэгтийн хураамжид 9.560 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч ******* нараас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Анхан шатны шүүх процессын алдаатай шийдвэрийг гаргасан. Учир нь анхан шатны шүүх хуралдаан хэлэлцэж, шийдвэр гаргахаар завсарлаад орж ирсэний дараа эхлээд шүүхээс нотлох баримттай холбоотойгоор шүүгчийн захирамж гарсан, үргэлжлүүлэн хоёрдугаарт шүүхээс хэргийг шийдвэрлэсэн шийдвэр гарсан гэж мэдэгдээд эхлээд захирамжаа танилцуулсан. Эхний уншиж танилцуулсан захирамж нь “нотлох баримттай холбоотой нэхэмжлэгч талын авчирсан 17 ширхэг нотлох баримтыг буцаах, нотлох баримтаас хасах тухай" захирамжийг гаргасан ба энэхүү захирамжинд гомдол гаргах эрхтэй, эрхгүйг танилцуулаагүй буюу хэргийг эцэслэн шийдвэрлэж дууссаныхаа дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талаар захирамж гаргаж, хэргийг шийдвэрлэсэн. Ийнхүү нотлох баримтыг хавтаст хэргээр хассан гэдэг захирамжаа энэ хүрээнд уншсаны дараа шууд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үргэлжлүүлэн уншаад явсан. Гэтэл ИХШХШТХ-ийн 170 дугаар зүйлийн 170.1, 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар захирамжинд 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй захирамж байсан бөгөөд шүүгч нь захирамжинд гомдол гаргах эрхтэй эрхгүйг тайлбарлалгүйгээр, энэхүү эрхийг маань хангахгүйгээр, мөн хэргийг шийдвэрлэж дууссан шийдвэр гаргасныхаа дараа захирамжийг зэрэг хамт гаргасан нь процессын ноцтой алдаа болсон.
Дээрх гомдлын үндэслэл болох шүүх хуралдааны шийдвэрийг сонсгож өгсөн хэсгийн бичлэгийг энэхүү давж заалдах гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаан дээр сонсгох боломжоор хангаж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “*******" ******* нь гишүүддээ үйлчилдэг, нөхөрлөлүүдийг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилладаг" чиг үүрэг бүхий байгууллага гэж тайлбарласан. Үүний хүрээнд “******* *******" ХХК-ийн тэсэлгээний ажил, үйлчилгээ явуулсан хөлсийг өөрийн байгууллагад бүртгэлтэй нийт нөхөрлөлүүдийг удирдлага, зохион байгуулалтаар ханган, тэсэлгээний ажил хийсэн хөлсийг нөхөрлөлүүдээс цуглуулан “******* *******” ХХК-ний дансруу тоггмол 2017 оны 01 сараас эхлэн шилжүүлсээр ирсэн. Тухайлбал:
/1 дүгээр ХХ-ийн 180 дугаар тал/ 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 39.100.000 /гучин есөн сая нэг зуун мянган/ төгрөгийг “ХАМОД Холбоо” -оос тэсэлгээний үнэ, /1 дүгээр хавтаст хэргийн 185 дугаар тал/ 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 60.000.000 төгрөгийг 10, 11 дүгээр сарын тэсэлгээний ажлын хөлс, “ХАМОД Холбоо” гэж нийт 99.000.000 /ерөн есөн сая/ төгрөгийг шилжүүлсэн.
Энэхүү харилцааг анхан шатны шүүх нь үүргийн эрх зүйн харилцааны Гэрээнээс үүдэлтэй шаардах эрх гэж үзэж, “эдгээр 2 этгээдийн хооронд гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхив” гэж дүгнэсэн.
“*******” ******* нь нөхөрлөлүүдээс тэсэлгээний үнийг удирдлага, зохион байгуулалтаар хангах хүрээнд цуглуулан манай байгууллагад 2016 оны 11 дүгээр сар хүртэлх төлбөрийг шилжүүлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сарын нөхөрлөлүүдээс цуглуулсан төлбөрүүдийг шилжүүлээгүй болно. Гэтэл ийнхүү илэрхий нөхцөл байдлаар “******* *******” ХХК нь бодит зардлаар хохирч, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй гэх *******олбоо хариу тайлбараа нотлох баримтаар нотлоогүй зэрэг нөхцөл байдлыг үнэлэлгүйгээр “******* *******” ХХК-г үлдэгдэл 25.500.000 /хорин таван сая таван зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэх эрхгүй болгосон шийдвэрийг гаргасанд туйлын гомдолтой байна.
Анхан шатны шүүх нь талуудын маргаагүй үндэслэл буюу нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гол нь бид нийт “*******" нөхөрлөлөөс гэрээний үлдэгдэл төлбөрт 762.100 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь үлдэгдэл төлбөрийн өр төлбөр байхгүй гэж маргаж байхад Анхан шатны шүүхээс маргаагүй асуудлын хүрээнд буюу нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзалын хүрээнд бус нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэдгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон илт үндэслэлгүй. Манай нэхэмжлэлийн шаардлага тов тодорхой бөгөөд “Тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээ"-ний үлдэгдэл төлбөрт 762.100 /долоон зуун жаран хоёр мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулах тухай шаардлага болно.
Хамгийн гол нь 2016 оны 9 дүгээр сараас *******-ны манайхтай уулзсан тохиролцооны дагуу сард нийт 30.000.000 /гучин сая/ төгрөгийг бүх нөхөрлөлөөс авах зохицуулалтын дагуу 2016 оны 09 дүгээр сараас нөхөрлөлүүд тус бүрээс 2.300.000 төгрөгийг авахаа больсон бөгөөд Баян Овоо нөхөрлөлийн гэрээний үнэ нь 2016 оны 09 дүгээр сараас өмнөх зохицуулалтаар өмнөх саруудад нөхөрлөлүүдээс авдаг байсан сар бүрийн 2.300.000 /хоёр сая гурван зуун мянган/ төгрөгийн буюу 2016 оны 08 дугаар сарын “Баян овоо’ нөхөрлөлийн тэсэлгээний үнэ болон бараа материалын үнэ зэрэг багтсан бөгөөд гэрээний хавсралт 2-оос зориулалт тодорхой харагдана. ******* нөхөрлөлийн эрх бүхий этгээд нь хариу тайлбартаа нийт төлбөрөө төлсөн гэдэг боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж, хавтаст хэрэгт нэг ч нотлох баримт өгөөгүй болно.
******* нөхөрлөлийн хувьд мөн манай компаний зүгээс гэрээний үлдэгдэл төлбөрт 569.900 төгрөг шаардсан бөгөөд хариуцагч талаас бичгээр хариу тайлбар гаргаагүй ч шүүх хуралдаан дээр н.Алтанбагана хүн энэхүү үлдэгдэл төлбөрийг хариуцах болохоос Ш.Лхагваа би хариуцахгүй гэж маргадаг. Гэтэл мөн шүүх нь нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзалын хүрээнд шийдвэрлэлгүй. Мөн л тодорхой байгаа нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч нь бараа материал болон 8 дугаар сарын тэсэлгээний үнийг авсанаа зөвшөөрч үлдэгдэл төлбөр болох 569.900 төгрөгийг н.Алтанбагана гэдэг хүн хариуцана гэж тайлбарлаад байхад хэргийн агуулга, хүрээнээс өөрөөр хэргийг шийдвэрлэж буй нь үндэслэлгүй болно. Мөн Ш.Лхагваа нь үлдэгдэл төлбөрийг н.Алтанбагана хариуцна гэдэг боловч үүнийгээ баримтаар нотолж хэрэгг нэг ч нотлох баримт өгөөгүй болно.
Иймд дээрх бүх үндэслэлээр 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2019/00149 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо *******-аас тэсэлгээний ажил үйлчилгээний зардал 25.500.000 төгрөг, хариуцагч Ё.Ц ахлагчтай ******* нөхөрлөлөөс тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний төлбөр 762.100 төгрөг, хариуцагч Ш.Лахлагчтай ******* нөхөрлөлөөс тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээний төлбөр 569.900 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Анхан шатны шүүх ******* нөхөрлөлийн ахлагч Ё.Цас 297.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, ******* нөхөрлөлд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 465.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ******* /Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо/ *******айгууллагад холбогдох 2016 оны 12 сар, 2017 оны 01 сарын тэсэлгээний ажил үйлчилгээний зардал 25.500.000 төгрөг гаргуулах, ******* нөхөрлөлд холбогдох 569.900 төгрөг гаргуулах тухай ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх хуралдаан дээр Хувиараа ашигт малтмал олборлогчдын холбоо төрийн бус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баас гаргасан хүсэлтэндээ “…тухайн хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* ******* ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сараас 2016 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны Тэсэлгээний ажлын паспорт гэх 17 нэгж хавтастай 4200 гаруй хуудас бүхий нотлох баримт нь нотолгооны ач холбогдолгүй байх тул уг 17 нэгж хавтас нотлох баримтыг хэргийн нотлох баримтаас хасуулах..” тухай хүсэлт гаргажээ.
Хариуцагч талаас гаргаж байгаа хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаан дээрээ хэлэлцээд 2019 оны 2 дугаар сарын 20-ний өдрийн 131/ШЗ2019/00461 дүгээр шүүгчийн захирамжаар тухайн хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* ******* ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сараас 2016 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны Тэсэлгээний ажлын паспорт гэх 17 нэгж хавтастай 4200 гаруй хуудас бүхий нотлох баримтыг хэргийн нотлох баримтаас хасаж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШЗ2019/00461 дүгээр шүүгчийн захирамжийн 3 дугаар заалтанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар уг захирамжинд 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсан боловч анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлээд шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамжийг танилцуулахдаа шүүгчийг захирамжинд гомдол гаргах эрхтэй, эсхүл эрхгүй болохыг зохигч талуудад тайлбарлаагүй, тухайлбал шүүгч гаргасан захирамжаа шүүх хуралдаанд оролцогчдод бүрэн танилцуулаагүй.
Шүүгчийн захирамжинд 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг заасан мөртлөө зохигч талууд энэ захирамжинд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангахгүйгээр шүүхийн шийдвэрээр хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүгчийн захирамжинд гомдол гаргах хугацаа олгохгүйгээр, шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийг хамт нэг дор гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийн ноцтой зөрчсөн байна гэж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн гомдол нь хангагдаагүй, өөр үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 290.625 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2019/00149 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 290.625 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Г.УЛАМБАЯР