Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/222

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Д.Ганхуяг,

Шүүгдэгч М.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн 201722000199 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Б-,

Шүүгдэгч М.Б- нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Хөвсгөл ХАА” ХХК-ийн архины үйлдвэрийн цонхоор нэвтрэн эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б- нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Хөвсгөл ХАА” ХХК-ийн архины үйлдвэрийн цонхоор нэвтрэн эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Г-н: “...2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр би үйлдвэрийн хашаанд байдаг архины үйлдвэрийн барилгын баруун тийшээ харсан цонхны салхивч онгорхой байж байхаар нь 18 цагийн үед хаах санаатай орсон чинь хулгай орсон бололтой захирлын өрөөний хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь харсан чинь ширээн дээр байсан комьпютер нь байхгүй байсан. Тэр өдөр л би мэдсэн. Тэр цонх онгойгоод байдаггүй. Харин өнгөрсөн жил нэг удаа онгорхой байж байхаар нь би өөрөө хааж байсан юм. Хаалганы рамны цоож нь эвдэрсэн байсан. Одоогоос 5 жилийн өмнө нэг удаа тэр өрөөнд хулгай орж байсан юм байна лээ. Тэгж хулгай ороход хаалганы цоожны нүхний хэсэг нь салж хугарсан байсныг хадаж будаж янзалсан байсан. Тухайн үед тэр комьпютерийг 1.200.000 төгрөгөөр худалдан авч байсан юм байна лээ. Харин сая хулгай ороход дэлгэцийг нь гартай нь, процессорыг нь аваад явсан байсан. Процессор нь 700.000 төгрөг, дэлгэц нь 300.000 төгрөг, гар нь 50.000 төгрөг болох юм байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Г-ын “... Би орж байсан, эд зүйл алга болсон өрөөний үүдний өрөөнд орж сандал, ширээ зөөж байсан. 2017 оны цагаан сарын дараа л санагдаад байна нэг өдөр М.Б- бид хоёр тэр өрөө рүү хаалгаар нь ороод шүүгээнд нь байсан 1 шил архийг авч хувааж ууж байсан юм. Тэгж орохдоо өрөөний хаалганы цоожийг М.Б- эвдлээд орсон. Дараа нь би эвдсэн хэсгийг засч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Бүрэнхааны 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №48 дугаартай “... хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авсан гарын мөр нь шинжилгэээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн алганы хэсгийн мөр нь 2013 оны 10 дугаар сарын 04-нд MN004610006235 дугаартай бүртгэгдсэн Мягмарренчин овогтой М.Б-гийн зүүн гарын алганы хэсгийн мөр мөн байна” гэх дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас/,

Эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 98 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Хохирогч Д.Г- нь 1.053.900 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М.Б- нь “1.053.900 төгрөгийн хохирол төлсөн. ...Миний ээж хохирлыг төлсөн. ...Хохирол төлсөн гэх баримт байхгүй” гэх, хохирогч Д.Г- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Одоо ямар нэгэн санал гомдол байхгүй. Энэ хүүхдээс хохирлоо бүрэн барагдуулж авсан. Хоёр хоногийн өмнө шүүгдэгчийн ээж манайд ирээд 1.053.900 төгрөгийн хохирол бэлэн мөнгөөр өгөөд явсан. Үйлдсэн баримт байхгүй. Би мөнгийг нь аваад өөрийн дансандаа хийсэн байгаа. Тэр мөнгөөр одоо компьютерийг нь худалдаж авч тавина” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч М.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн байх тул 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасныг буцаан хэрэглэж, шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн 201722000199 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч М.Б-г үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч М.Б-г эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

      4. Ялтны ял эдлэлт, засрал хүмүүжилд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

      5. Эрүүгийн 201722000199 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.НЯМСҮРЭН