Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/64

 

 

 

С.У, С.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Шүүгдэгч /С.У/-ийн өмгөөлөгч И.Отгонсүрэн, шүүгдэгч /С.Д/-ийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн хянан шийдвэрлэсэн, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолтой С.У, С.Д нарт холбогдох 2034005510539 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Угийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Монгол улсын иргэн,

 

Шүүгдэгч С.У нь Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн 6-8 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр С.Дтой ахуйн хүрээний хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг байнга буюу 2018 оны 03 сард галын хайч, дэгээ төмрөөр толгой болон нуруун тус газарт нь 4-5 удаа цохиж,

2018 оны 05 дугаар сард шанага болон хоолны халбага зэргээр толгой, нүүрэн тус газарт нь 3-4 удаа цохиж,

2018 оны 06 дугаар сард цээж, нуруун тус газарт хазаж, хоолойг боож,

2019 оны 04 дүгээр сард биен дээрээс хазаж, хоолойг нь боож,

2020 оны 02 дугаар сард цагаан сарын үеэр хутгаар зүүн гуян тус газарт нь 1 удаа зүсэж, цээжин тус газарт нь сэрээгээр 2 удаа хатгаж, зүүн далан тус газарт нь 2-3 удаа бичдэг бал зоож, хазах зэргээр үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Шүүгдэгч С.Д нь 2019 оны 01 дүгээр сард Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн 6-8 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр С.Уг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч С.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолоор:

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овгийн Сэрээнэндоржийн Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034004960539 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Буриад овгийн Сарандагинын У-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Сэрээнэндоржийн Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Буриад овгийн Сарандагины У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Боржигон овгийн Сэрээнэндоржийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Буриад овгийн Сарандагины Урангоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 30 /гуч/ хоног буюу 1 /нэг/ сарыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Буриад овгийн Сарандагины Урангоод оногдуулсан 7 /долоо/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Боржигон овгийн Сэрээнэндоржийн Даваадоржоос 99.000 /ерэн есөн мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч ТА94042107 дугаарын регистртэй, Буриад овгийн Сарандагины Урангоод олгохоор,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигон овгийн Сэрээнэндоржийн Даваадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Буриад овгийн Сарандагины Урангоод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор,       

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан тус тус  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.У давж заалдах гомдолдоо: “...Миний нөхөр болох Даваадорж бид хоёр 2016 онд танилцаж би тэр үед сургуульд сурч байсан. Үүнээс хойш хамт амьдрах хугацаандаа намайг айлгаж, аашлах үе нь хадам ээжийг нас барсанаас хойш бүр их болсон. 2018 оны 12 сард намайг зодож эхэлсэн. Мөн 2019 оны 03 сард зодохдоо хоолой боож ална шүү гээд байдаг, мөн чиний араас ирэх хүн байхгүй гэж дарамталдаг байсан учраас би маш их сэтгэлийн дарамтанд орсон учир өөрийгөө хамгаалах гэж эсэргүүцсэн гэдгийг зөв талаас нь хянаж үзнэ үү. 2018 оны 06 сард надад зодуулж боолгосон цээж нуруун тус газарт хазаж хоолой боож, хүүхдийн өлгийний бүсээр боосон гэдэг нь худлаа. Би тэр үед Дархан хотод ээжийнд байсан гэдгийг ээж тодорхой гэрчилнэ. Мөн гэрийнхэн маань нотолно. Д-г утсаар дуудаж Дарханд ирүүлж байсан. 2020 оны 02 сард буюу цагаан сарын үеэр зүүн гуян тус газарт нь 1 удаа зүсэж цээжин тус газарт нь сэрээгээр 2 удаа хатгаж, зүүн даланд нь бичдэг бал зоож, хазах зэргээр зодсон нь худлаа. Даваадоржийн ах болон Отгонбаатарын 2 хүүхэд ирсэн байсан. Миний том хүү Ариунхүслэнг ахых нь хүүхэд зодоод байхаар нь би уурлаад боль гэж хэлтэл Даваадорж намайг зайл гээд хөөгөөд байхаар нь Даваадоржийн хамаатан болох Цэцэгсайханыд очиж цагдаа дуудаад хэлсэн боловч цагдаагийн ажилтан ирээд гэр бүлийн асуудал гэж хэлээд иргэний шүүхэд гомдол гарга гээд яваад өгсөн. Би Цэцэгсайханыд хоноод харьсан учир Д-г сэрээгээр, хутгаар, хазсан, боосон гэж хэлээд мэдүүлээд байгаа нь худал болно. Мөн Цэцэгсайхан энэ үйлдлийг гэрчилнэ. Даваадорж нь эгч, ах дүүсийнхээ хамтаар зодож доромжилж байсанд үнэхээр маш их гомдолтой байна. Манай нөхрийн эгч Батцэцэг, Мөнхгэрэл 2 нь хар дэлэнтэй байж хүүхэд гаргах гичий зайл, эрийн дэвсгэр гэж загнаад байдаг. Хүүхэд хагалгаанд орох гээд байна мөнгө төгрөг гэхээр тоохгүй байдаг. Миний бодол бол сайхан амьдаръя гэж их бодсон боловч маш их дарамт доромжлолоос болж амьдрах итгэл минь бүрэн алдагдсан. Энэ байдлаас болж өөрөө ял эдэлж байгаадаа үнэхээр харамсаж байна. Эцэг хүнийхээ үүргийг Даваадорж нь ухамсарладаггүй. Гэр бүлийнхэнтэйгээ нийлж доромжилдог учир сэтгэл санааны гүн хямралд байлгадаг. Сүүлийн 1 жилийн хугацаанд гэр оронгүй хөөгдөж амьдарсан бид 3 амьдралын шаардлагаар мөнгө хэлэхээр Даваадорж их уурладаг. Мөн хүүхдийн бие өвдөөд эргэж очихоос өөр аргагүй болдог. Тэгээд очихоор дахиад дарамталдаг. Ер нь Даваадорж болон ах, эгч нарынх нь зодсон доромжилсон нь тодорхой хавтаст хэргээс харагдана. Мөн өөр эмэгтэй хүнтэй хамт байсан нь надад их хэцүү байсан. Би эмэгтэй хүн учраас Даваадоржийн 1 гарыг нь ч дийлэхгүй шүү дээ гэдгийг зөв дүгнэж өгнө үү. Миний эрх зүйн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлийг надад хэрэглэж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хууль ёсны ба үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, шүүгдэгч С.Угийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч /С.У/-ийн өмгөөлөгч И.Отгонсүрэн гаргасан саналдаа: Өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. С.У нь гэм буруу дээр маргадаггүй. Хэрэг үйлдсэн этгээдийг заавал шийтгэх ёстой хэдий ч шүүх шударга, энэрэнгүй байх ёстой. С.У нь бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар хойшлуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч /С.Д/-ийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан саналдаа: С.У нь С.Дийн байнгын хүчирхийлэлд байдаг гэдэг нь тогтоогддоггүй. Харин ч эсрэгээрээ миний үйлчлүүлэгч С.Д нь байнгын хүчирхийлэлд байж, эрүүл мэндээрээ хохирсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Шүүгдэгч С.Угийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл байхгүй. Мөн С.Дийн үйлдэлд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригддаг тул үүнийг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.У, С.Д нарт холбогдох эрүүгийн 2034005510539 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч С.Угийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч С.У нь Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн 6-8 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр С.Дтой ахуйн хүрээний хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг байнга буюу 2018 оны 03 сард галын хайч, дэгээ төмрөөр толгой болон нуруун тус газарт нь 4-5 удаа цохиж,

2018 оны 05 дугаар сард шанага болон хоолны халбага зэргээр толгой, нүүрэн тус газарт нь 3-4 удаа цохиж,

2018 оны 06 дугаар сард цээж, нуруун тус газарт хазаж, хоолойг боож,

2019 оны 04 дүгээр сард биен дээрээс хазаж, хоолойг нь боож,

2020 оны 02 дугаар сард цагаан сарын үеэр хутгаар зүүн гуян тус газарт нь 1 удаа зүсэж, цээжин тус газарт нь сэрээгээр 2 удаа хатгаж, зүүн далан тус газарт нь 2-3 удаа бичдэг бал зоож, хазах зэргээр зодсон, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нөхөр болох С.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн

хохирогч С.Дийн эрүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн /хх-ийн 175-176 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 209-210 дугаар хуудас/, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хохирогчоор өгсөн /хх-ийн 162 дугаар хуудас/, гэрч С.Д /хх-ийн 17 дугаар хуудас/, хохирогч С.Дийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад холбогдогчоор өгсөн /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрч Н.Батцэцэг /хх-ийн 16, 18-19, 163 дугаар хуудас/, гэрч Д.Оргилмаа, /хх-ийн 21 дүгээр хуудас/, М.Зоригтбаяр /хх-ийн 46 дугаар хуудас/, Н.Буянжаргал /хх-ийн 47-48, 191  дүгээр хуудас/, яллагдагч С.У /хх-ийн 195-196 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

Шүүгдэгч С.Д нь 2019 оны 01 дүгээр сард Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн 6-8 тоотод байх гэртээ өөрийн эхнэр С.Уг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн

хохирогч С.У /хх-ийн 14-15, 42-43, 164 дүгээр хуудас/, яллагдагч С.Д /хх-ийн 154-155 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээч Э.Эрхэмбаярын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №365 дугаартай ....С.Угийн биед хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл... учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,

шинжээч И.Ганболорын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 581 дугаартай ...С.Дийн биед нуруу, баруун гарын сарвуу, баруун шуу, зүүн шилбэнд нөсөөжилт бүхий хөнгөн гэмтэл... учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,

шинжээч Б.Батчимэгийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №440 дугаартай ...С.Дийн биед зүүн талын зулгаралтын нөсөөжилт, дух, хүзүү, баруун чих, баруун шилбэний зулгаралт, баруун, зүүн чихний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл... учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ болон

С.Угийн Төв аймгийн Цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/, С.Дийн Төв аймгийн Цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хх-ийн 5-7 дугаар хуудас/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 35-40, 112-117 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээ /52-54, 165-166 дугаар хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан С.У, С.Д нарын сэтгэцийн дүгнэлт /67-68, 207-208/, шүүгдэгч С.Угийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 44-47, 49-52 дугаар хуудас/, шүүгдэгч С.Дийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 44-47, 49-52 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх “шүүгдэгч С.Д нь хохирогч С.Утой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хэдий ч тухайн үйл баримт болсон буюу 2019 оны 01 дүгээр сард зодож хамар ясны хугарал гэмтэл бүхий, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу байнгын шинжтэй биш тохиолдлын шинжтэй нэг удаагийн, гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй, хамт архи ууж, хаагуур хэнтэй архи ууж ирсэн гэх асуудалтай холбоотой таарамжгүй харилцааны явцад үйлдэгдсэн үйлдэл байх тул гэр бүлийн гишүүний эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэмээн үзэж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй болно” гэсэн дүгнэлт хийж прокуророос шүүгдэгч С.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, өөрчилж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан өдрөөс хүчингүй болгон шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасны дагуу 2017 оны 5 сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж зааснаар шүүгдэгч С.Дийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2019 оны 01 дүгээр сард үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх  шүүгдэгч Буриад овгийн Сарандагины У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Буриад овгийн Сарандагины Урангоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 30 хоног буюу 1 сарыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Буриад овгийн Сарандагины Урангоод оногдуулсан 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч С.Угийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн, шүүгдэгч С.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байх тул түүний гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дүгээр зүйлүүдийг хэрэглэн ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн утгатай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч С.Угийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс шүүгдэгч С.Уд оногдуулсан 7 сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар хойшлуулах санал гаргасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч С.У нь Улаанбаатар хотод ганцаараа нийтийн байр хөлсөлж амьдарч байсан,  анхан шатны шүүх хуралдаан дээр хүүхдүүд нь аав дээрээ байдаг, хүүхдүүдийг нь шүүгдэгч С.Дийн эгч асарч байгаа /хх-ийн 32-р хуудас/ гэсэн тайлбарыг өгсөн байгаагаас дүгнэхэд шүүгдэгч С.У нь хүүхдүүдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн нөхцөл байдал харагдаж байх тул өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн гаргасан саналыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Буриад овгийн Сарандагины Урангоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэхдээ  хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд хэрхэн шилжүүлэн тооцсон талаар тодорхой тусгаагүй байх тул “хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож” гэж шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтад нэмж өөрчлөлт оруулав.

2015 оны 6 сарын 19-ны өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/ хуулиар тус давж заалдах шатны шүүх нь “Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх” гэсэн нэршилтэй байгуулагдсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 13 дугаар заалтад давж заалдах шатны шүүхийн нэрийг “Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх” гэж буруу бичсэн байгааг зөвтгөн, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дугаар заалт дахин бичигдсэнийг хасаж, С.Дид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэг дэх шүүгдэгч С.Дид оногдуулсан ялтай холбоотой бусад заалтуудыг хүчингүй болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч С.Угийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 13-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт 2 дугаар заалтын дараа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овгийн Сэрээнэндоржийн Даваадоржид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт шинээр нэмж,

- 3 дугаар заалтад “шүүгдэгч Боржигон овгийн Сэрээнэндоржийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар” гэснийг хасаж,

- 4 дүгээр заалтад “4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Буриад овгийн Сарандагины Урангоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 30 /гуч/ хоног буюу 1 /нэг/ сарыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.” гэснийг “4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Буриад овгийн Сарандагины Урангоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоног буюу 1 /нэг/ сарыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.” гэж өөрчилж,

- 6, 7, 8 дугаар заалтууд болон илүү бичигдсэн 10 дугаар заалтыг хасаж,

- 13 дугаар заалтад “Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд” гэснийг “Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд” гэж өөрчлөн тус тус өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч С.Угийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Угийн 2021 оны 05 сарын 13-ний өдрөөс 2021 оны 07 сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

 

 

                   ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

 

 

                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ