Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0165

 

 

 

 

 

 

 

 

 

    2023         02           27                                    128/ШШ2023/0165

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: иргэн Ашимын Базар /РД:/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 

Маргааны төрөл: “өргөдөл гомдолд үндэслэл бүхий хариу өгөхөөс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, хариу өгөхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхөөс татгалзсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 06/4919 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхийг даалгах.

Хоёр. Болсон процесын хувьд.

1. А.Базарын өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 505 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 471 дүгээр магадлалаар “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Их Монгол гудамж, Энканто хотхонд үйл ажиллагаа явуулдаг Оргил худалдааны төвийн авто машины зогсоолоос Камдер ХХК-ийн эзэмших эрх бүхий газарт хамааралгүй 584 м.кв газрыг чөлөөлүүлэх талаар гаргасан А.Базарын хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж зохих хариу өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн,

2. Нийслэлийн Засаг дарга 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/551 дүгээр захирамжаар “нийтийн эзэмшлийн зам талбайг Камдер ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгож, чөлөөлөгдсөн талбайд 90 метр урт явган хүний болон дугуйн замыг стандарт шаардлагад нийцүүлэн барьж ашиглалтад хүлээлгэн өгөхийг Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-т, шаардагдах хөрөнгийг 2022 оны төсвийн зохих зардлаас гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн замын хөгжлийн газарт, хөрөнгө оруулалтын дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч эзэмшил, ашиглалтад хяналт тавихыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус тус даалгасан байна.

3. А.Базарын 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хариу өгсөн байна.

Гурав. Маргаж буй үндэслэл.

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ:Иргэн А.Базар би дараах бодит болон хууль зүйн үндэслэлийн дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргав.

Маргаан бүхий захиргааны актын улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухай: Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2022.9.23-ны өдрийн 06/4919 дугаартай шийдвэрээр миний тус байгууллагад гаргасан 2022.9.20-ны өдрийн хүсэлтийг хянан үзэхээс, шийдвэрлэхээс татгалзсан. Тодруулбал, би тус асуудлаар өмнө өргөдөл, гомдол гаргаж байгаагүй атал “өмнө шийдвэрлэгдсэн асуудал” хэмээн үзэж, миний өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан. Ингэснээр Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 12-т заасан миний "төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх” эрх зөрчигдсөн. Учир нь хариуцагчийн зүгээс хуульд заасан үндэслэл байхгүй атал миний гаргасан өргөдөл (хүсэлт)-ийг шийдвэрлэхээс татгалзсан. Иймд би Үндсэн хуулиар баталгаажсан төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх эрхээ хамгаалуулах, сэргээлгэхээр ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Маргаан бүхий захиргааны акт нь хууль бус болох тухай: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хариу албан бичигт “... өмнө хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй бол" гэж заасны дагуу миний хүсэлтийг шийдвэрлэхгүй, мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д "Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно", 14.1.3-т "төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй” гэж заасан. Хуулийн заалтын агуулга нь иргэний өмнө гаргасан өргөдлийг төрийн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэж хариу өгсөн бол тухайн асуудлаар ирсэн өргөдлийг дахин шийдвэрлэхгүй байх агуулга байна. Гэвч миний 2022.9.20-ны өдөр гаргасан хүсэлт нь өмнө гаргаж байгаагүй хүсэлт, өмнө гаргасан ч төрийн байгууллагаас шийдвэрлэж хариу өгөөгүй асуудал байсан юм. Иймд дээр дурдсан хуулийн 14.1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй тул миний хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөх үүрэгтэй юм.

Хариуцагч байгууллагад миний гаргасан 2020.9.20-ны өдрийн хүсэлтэд гурван асуудал дурдагдсан бөгөөд 2, 3 дугаарлалт бүхий хүсэлтийг би өмнө Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандаж гаргаж байгаагүй.

Би өмнө 2022.5.17-ны өдрийн хүсэлт болон 2022.8.10-ны өдрийн хүсэлтийн дагуу Оргил худалдааны төвийн газарт холбогдох асуудлаар тодорхой мэдээллүүд хүсэж байсан боловч төрийн байгууллагын зүгээс хүссэн мэдээллийг маань өгөхгүй ирсэн. Иймд би 2022.8.24-ний өдөр Хүний эрхийн үндэсний комисст хандаж, үүний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас надад 2022.9.14-ний өдрийн 06/4750 дугаартай албан бичгээр хариу, мэдээлэл ирүүлсэн. Тус албан бичигт хавсаргасан Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын 2022.8.16-ны өдрийн явган замын ажлын тухай албан бичигт "... дугуйн замыг шинээр хийлгэхгүй байх тухай авто зогсоол ашиглагч байгууллага хүсэлт гаргасны дагуу холбогдох хүмүүсийн шийдвэр гарч дугуйн замыг хийж гүйцэтгүүлээгүй болно" гэх мэдээлэл байсан. Ийнхүү Оргил худалдааны төвийн маргаан бүхий газарт дугуйн зам тавихгүй байх агуулга бүхий шийдвэр гарсан гэх нөхцөл байдал, мэдээллийг би үүгээр анх удаа мэдсэн. Үүний дагуу 2022.9.20-ны өдрийн хүсэлтийг гаргаж (хүсэлтийн 2, 3-т тусгаснаар) авто зогсоол ашиглагч байгууллагын дугуйн зам тавихгүй байх агуулга бүхий хүсэлт болон түүний дагуу гарсан гэх холбогдох хүмүүсийн шийдвэрийн хуулбар, мэдээллийг гаргаж өгөхийг анх удаа хүссэн. Ийнхүү дугуйн зам барихгүй байх тухай шийдвэр гаргасан гэх нөхцөл байдлыг би өмнө мэдээгүй байсан тул өмнө энэ талаар ямар ч байгууллагад өргөдөл гаргаж байгаагүй. Мөн "дугуйн зам тавихгүй байх холбогдох хүмүүсийн шийдвэр гарсан" гэсэн тул дугуйн зам тавих агуулга бүхий Нийслэлийн Засаг даргын 2022.4.22-ны өдрийн А/551 дугаартай захирамжид өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон зүйл бий эсэх талаарх мэдээллийг хүссэн. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга нь дугуйн зам тавих агуулга бүхий захирамжаа өөрчилсөн, хүчингүй болгосон эсэх талаарх өргөдлийг ч анх удаа гаргасан. Иймд тус хоёр хүсэлтийг өмнө шийдвэрлэгдсэн гэх ямар ч үндэслэлгүй юм.

Харин миний 2022.9.20-ны өдрийн хүсэлтийн 1-д дурдсан хүсэлтийн хувьд би анх 2022.5.17-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт гаргахдаа тус хүсэлтийн 4 дугаарт ижил агуулгаар тусгаж, тус хүсэлтийг гаргаж байсан. Өөрөөр хэлбэл, Оргил худалдааны төвийн маргаан бүхий нийтийн эзэмшил газарт хэдэн м.кв газрыг чөлөөлсөн, явган хүний зам тавьсан талаарх мэдээллийг хүсэж байсан. Гэвч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас миний тус хүсэлтийг шийдвэрлэж, мэдээлэл өгч байгаагүй. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022.5.30-ны өдрийн болон 2022.8.18-ны өдрийн хариу албан бичгүүдэд энэ талаарх ямар ч мэдээлэл, баримт өгөөгүй байсан. Ийнхүү миний эрхийг зөрчиж байсан тул би 2022.8.24-ний өдөр Хүний эрхийн үндэсний комисст энэ талаар гомдол гаргасан билээ. Гомдлын дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2022.9.14-ний өдөр надад хариу ирүүлэхдээ мөн адил энэ асуудлыг орхигдуулсан. Дүгнэж хэлбэл, Оргил худалдааны төвийн хууль бусаар ашиглаж буй нийтийн эзэмшил бүхий газрын хэдий хэмжээ, хэдэн м.кв газрыг нь чөлөөлсөн, явган хүний зам тавьсан талаарх мэдээлэл, баримтыг надад одоо хүртэл өгөөгүй байгаа. Иймд тус хүсэлтийг өмнө шийдвэрлэж, хариу өгч байсан гэх үндэслэлгүй юм.

Иймд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2022.9.23-ны өдрийн 06/4919 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, иргэн А.Базар миний Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт гаргасан 2022.09.20-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн хүсэлтэд 9 дүгээр сарын 23-ны өдөр хариу хүргүүлсэн. Өмнө нь уг агуулгатай төстэй байдлаар 7 удаа хүсэлт ирж байсан бөгөөд тэр бүрд буцаан хариу өгч байсан. 8 дахь удаагаа хүсэлт ирэхэд нь өмнө хандаж байсан асуудлаар өргөдөл гомдол гаргаж байсан тул дахин хянан шийдвэрлэх үндэслэлгүй болохоо мэдэгдсэн. Өмнөх 7 удаагийн хариуг манай хэлтсийн мэргэжилтэн н.Мөнхдөл өгсөн, н.Мөнхдөлийн хариунаас үзэхэд өмнө уг агуулгаар хариуг хүргүүлчихсэн юм байна гэж ойлгоод 8 дахь хариуг өгөхдөө “өмнө нь уг асуудлаар хандсан тул дахин шийдвэрлэхгүй” гэсэн хариуг явуулсан. Үүний дагуу 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичгийг хууль бус гэж Хүний эрхийн үндэсний комисст, шүүхэд давхар хандсан байдаг.  Тус маргааны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж иргэн А.Базараас ирүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хүсэлтийн дагуу холбогдох баримтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03/6916 дугаар албан бичгээр хүргүүлсэн болно. Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-аас 156 м.кв талбайд явган хүний зам хийгдсэн бөгөөд үлдсэн талбайд дугуйн зам стандартын дагуу хийгдэж болохгүй байсан учир тэмдэглэгээгээр тусгаарласан гэсэн хариу өгсөн. Автомашины зогсоолын хажуугийн зайнд тээврийн цагдаагийн албанаас хүмүүс ирж тэмдэг тэмдэглэгээ хийсэн.  Дугуйн зам тавихгүй гэсэн шийдвэр гараагүй. Гэхдээ энэ талаар холбогдох албан тушаалтнуудтай хэлэлцээд дугуйн замыг хийхээргүй болсон гэх албан бичиг А.Базарт хүргүүлсэн. Дугуйн зам хийхгүй талаар авто зогсоол ашиглагчийн хүсэлт, эрх бүхий албан тушаалтны шийдвэр байхгүй, энэ талаар хүсэлтэд хариу өгөөгүй. Гэхдээ энэ талаар А.Базар мэдэж байгаа. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/551 дүгээр захирамжид өөрчлөлт ороогүй гэх мэдээллийг хүргүүлсэн.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуулд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд өргөдөл гомдолд үндэслэл бүхий хариу өгөхөөс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, хариу өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай энэ хэргийг доорх байдлаар шийдвэрлэлээ.

Нэг. А.Базараас 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт гаргасан хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхөөс татгалзсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 06/4919 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоох шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

1. Иргэн А.Базар өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрээр Оргил худалдааны төвийн авто машины зогсоолын зориулалтаар хууль бусаар эзэмшиж буй газрыг чөлөөлүүлэхээр гаргасан түүний хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж зохих хариу өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн, улмаар шүүхийн энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/551 дүгээр захирамжаар “нийтийн эзэмшлийн зам талбайг Камдер ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, уг талбайд явган хүний болон дугуйн замыг төсвийн хөрөнгөөр барихаар шийдвэрлэсэн байх тул тэрээр энэ шийдвэрийн биелэлтийн талаарх мэдээлэл хүсэж өргөдөл гаргах хангалттай эрх ашиг байна.

2. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт иргэн А.Базараас 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан тодорхой асуудлаар мэдээлэл, баримт хүссэн хүсэлт нь өргөдөл байх бөгөөд мөн зүйлийн 5, 6 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар өргөдөл гаргагч нь өргөдлийнхөө хариуг авах, өргөдөлд дурдсан асуудлаа шийдвэрлүүлэх эрхтэй, нөгөө талаас 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6-д зааснаар төрийн байгууллага, албан тушаалтан өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх, үндэслэл бүхий хариу өгөх үүрэг хүлээнэ.

Харин “төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй бол өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно" гэж 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан нь иргэний өмнө гаргасан өргөдлийг төрийн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэж хариу өгсөн бол тухайн асуудлаар ирсэн өргөдлийг дахин шийдвэрлэхгүй байж болох агуулгатай байна.

Түүнчлэн мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар “өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол зохих шийдвэрийг гаргана, шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудлаар гаргасан өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавина, гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ, өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл шууд шийдвэрлэх боломжгүйгээс бүртгэж, хяналт тавих тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэх”-ээр хуульчилжээ.

3. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/551 дүгээр захирамжаар “нийтийн эзэмшлийн зам талбайг Камдер ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгож, чөлөөлөгдсөн талбайд 90 метр урт явган хүний болон дугуйн замыг стандарт шаардлагад нийцүүлэн барьж ашиглалтад хүлээлгэн өгөхийг Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-т, шаардагдах хөрөнгийг 2022 оны төсвийн зохих зардлаас гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн замын хөгжлийн газарт, хөрөнгө оруулалтын дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч эзэмшил, ашиглалтад хяналт тавихыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус тус даалгасан байна.

4. А.Базар нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандаж 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “1/ хууль бусаар эзэмшиж байсан хэдий хэмжээний талбайд явган зам тавьсан талаарх мэдээлэл авах, 2/ дугуйн зам тавихгүй байх агуулга бүхий авто зогсоол ашиглагч байгууллагын хүсэлт болон түүний дагуу гарсан гэх холбогдох хүмүүсийн шийдвэрийн хуулбар, мэдээллийг гаргуулах, 3/ дугуйн зам тавих агуулга бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/551 дугаартай захирамжид өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон эсэх мэдээлэл” хүсжээ.  

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 06/4919 тоот албан бичгээр Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг иш татан “өмнө хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж заасны дагуу дахин хянаж үзэх боломжгүй” гэж хариу өгсөн нь иш татсан энэ заалтад нийцээгүй байна.

Учир нь түүний 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хүсэлтэд 5 дугаар сарын 30-ны өдрийн 06/2810 тоотоор “тухайн байршилд хийгдэж буй бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг иргэнд хүргүүл” хэмээн Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-т хандаж, хувийг иргэн А.Базарт хүргүүлсэн,  8 дугаар сарын 10-ны хүсэлтэд 8 дугаар сарын 18-ны өдрийн 06/4200 тоотоор “А/551 дүгээр захирамжтай холбоотой шүүхэд хэрэг маргаан үүссэн мэдээлэл байхгүй” хэмээсэн, 9 дүгээр сарын 14-ний өдрийн 06/4750 тоотоор явган зам барьсан талаарх Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын 2022 оны 323 тоот албан бичгийг хүргүүлсэн байх тул  1/ хэдий хэмжээний талбайг чөлөөлж, явган зам тавьсан талаарх мэдээлэл, 2/ дугуйн зам тавихгүй байх авто зогсоол ашиглагч байгууллагын хүсэлт, холбогдох хүмүүсийн шийдвэрийн хуулбар, мэдээлэл, 3/ А/551 дугаартай захирамж хүчинтэй эсэхэд өгсөн хариу биш байна.

Тиймээс өмнө гаргасан өргөдлийг шийдвэрлэж хариу өгсөн үндэслэлээр  хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхөөс татгалзсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 06/4919 тоот хариу албан бичиг нь өргөдлийнхөө хариуг авах, өргөдөлд дурдсан асуудлаа шийдвэрлүүлэх иргэний эрхийг зөрчсөн, өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх, үндэслэл бүхий хариу өгөх үүргээ төрийн байгууллага биелүүлээгүй байх тул хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Хоёр. А.Базараас 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгах шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

1. Дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгч иргэн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1/ хууль бусаар эзэмшиж байсан хэдий хэмжээний талбайд явган зам тавьсан талаарх мэдээлэл авах, 2/ дугуйн зам тавихгүй байх агуулга бүхий авто зогсоол ашиглагч байгууллагын хүсэлт болон түүний дагуу гарсан гэх холбогдох хүмүүсийн шийдвэрийн хуулбар, мэдээллийг гаргуулах, 3/ дугуйн зам тавих агуулга бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/551 дугаартай захирамжид өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон эсэх мэдээлэл хүссэн.

2. Хүсэлтийн 2 дахь “авто зогсоол ашиглагч байгууллагын дугуйн зам тавихгүй байх агуулга бүхий хүсэлт болон түүний дагуу гарсан гэх холбогдох хүмүүсийн шийдвэрийн хуулбар, мэдээллийг гаргуулах” хэсэгт хариуцагч байгууллагаас ямарваа хариу өгөөгүй нь дээрх үйл баримтуудаар тогтоогдож байх бөгөөд өргөдлийнхөө хариуг авах, өргөдөлд дурдсан асуудлаа шийдвэрлүүлэх иргэний эрхийг зөрчсөн, өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх, үндэслэл бүхий хариу өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хүсэлтийн энэ хэсгийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж үндэслэл бүхий хариу өгөхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

Шүүхэд хандсанаас хойш хариуцагчаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03/6916 тоотоор “дугуйн замын шийдэл, хийцийн хувьд авто зогсоолоос хайсаар тусгаарлан тусгай тэмдэглэлээр ялган хийхээр болсон” гэх хариу нь авто зогсоол ашиглагч байгууллагын дугуйн зам тавихгүй байх агуулга бүхий хүсэлт болон түүний дагуу гарсан гэх холбогдох хүмүүсийн шийдвэрийг хүргүүлээгүй, энэ талаарх мэдээллийг агуулаагүй, ийм шийдвэр гарсан эсэхэд хариу өгсөн агуулгагүй байна.

3. Хүсэлтийн 1 дэх “хэдий хэмжээний талбайд явган зам тавьсан талаарх мэдээлэл” нь  Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 323 тоот албан бичигт “156 м.кв явган зам барьсан” хэмээн дурдагдсан, уг албан бичгийг хариуцагч байгууллага 9 дүгээр сарын 14-ний өдрийн 06/4750 тоотоор болон шүүхэд ийнхүү хандсанаас хойш 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03/6916 тоотоор тухайн иргэнд хүргүүлсэн байх тул энэ асуудлыг шийдвэрлэж хариу өгөхийг даалгах шаардлагагүй болжээ.   

Түүнчлэн дээрх 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03/6916 тоотоор хариуцагч байгууллага “Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/551 дүгээр захирамжид өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон захирамж, шийдвэр гараагүй”-г илэрхийлсэн байх тул хүсэлтийн 3 дахь “2022 оны А/551 дугаартай захирамжид өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон эсэх мэдээлэл”-ийг өгсөн гэж үзэж, хүсэлтийн энэ хэсэгт холбогдох даалгах шаардлагыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5, 6 дугаар зүйлийн 1, 5, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч А.Базарын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхөөс татгалзсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 06/4919 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан  “дугуйн зам хийж гүйцэтгээгүй үндэслэл болон Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын 2022 оны 323 тоот албан бичигт дурдсан авто зогсоол ашиглагч байгууллагын хүсэлт, дугуйн зам тавихгүй байх тухай холбогдох хүмүүсийн шийдвэрийн талаарх мэдээлэл, холбогдох шийдвэрийг гаргуулах”  хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “хүсэлтийн 1 дэх “хэдий хэмжээний талбайд явган зам тавьсан талаарх мэдээлэл, баримт гаргуулах”, 3 дахь “Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/551 дугаартай захирамжид өөрчлөлт оруулсан, хүчингүй болгосон захирамж шийдвэр гарсан эсэх мэдээлэл авах” хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхийг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч А.Базараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ХАЛИУНА