Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 00222

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Д.Ганхуяг,

Шүүгдэгч М.Бат-Амгалан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мягмарренчингийн Бат-Амгаланд холбогдох эрүүгийн 201722000199 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Шарнууд овогт Мягмарренчингийн Бат-Амгалан, 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 17-04 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн РН94122514 дугаартай.

Шүүгдэгч М.Бат-Амгалан нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Хөвсгөл ХАА” ХХК-ийн архины үйлдвэрийн цонхоор нэвтрэн эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Бат-Амгалан нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Хөвсгөл ХАА” ХХК-ийн архины үйлдвэрийн цонхоор нэвтрэн эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Ганхуягийн: “...2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр би үйлдвэрийн хашаанд байдаг архины үйлдвэрийн барилгын баруун тийшээ харсан цонхны салхивч онгорхой байж байхаар нь 18 цагийн үед хаах санаатай орсон чинь хулгай орсон бололтой захирлын өрөөний хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь харсан чинь ширээн дээр байсан комьпютер нь байхгүй байсан. Тэр өдөр л би мэдсэн. Тэр цонх онгойгоод байдаггүй. Харин өнгөрсөн жил нэг удаа онгорхой байж байхаар нь би өөрөө хааж байсан юм. Хаалганы рамны цоож нь эвдэрсэн байсан. Одоогоос 5 жилийн өмнө нэг удаа тэр өрөөнд хулгай орж байсан юм байна лээ. Тэгж хулгай ороход хаалганы цоожны нүхний хэсэг нь салж хугарсан байсныг хадаж будаж янзалсан байсан. Тухайн үед тэр комьпютерийг 1.200.000 төгрөгөөр худалдан авч байсан юм байна лээ. Харин сая хулгай ороход дэлгэцийг нь гартай нь, процессорыг нь аваад явсан байсан. Процессор нь 700.000 төгрөг, дэлгэц нь 300.000 төгрөг, гар нь 50.000 төгрөг болох юм байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Ганбархасын “... Би орж байсан, эд зүйл алга болсон өрөөний үүдний өрөөнд орж сандал, ширээ зөөж байсан. 2017 оны цагаан сарын дараа л санагдаад байна нэг өдөр Бат-Амгалан бид хоёр тэр өрөө рүү хаалгаар нь ороод шүүгээнд нь байсан 1 шил архийг авч хувааж ууж байсан юм. Тэгж орохдоо өрөөний хаалганы цоожийг Бат-Амгалан эвдлээд орсон. Дараа нь би эвдсэн хэсгийг засч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Бүрэнхааны 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №48 дугаартай “... хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авсан гарын мөр нь шинжилгэээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн алганы хэсгийн мөр нь 2013 оны 10 дугаар сарын 04-нд MN004610006235 дугаартай бүртгэгдсэн Мягмарренчин овогтой Бат-Амгалангийн зүүн гарын алганы хэсгийн мөр мөн байна” гэх дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас/,

Эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 98 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Хохирогч Д.Ганхуяг нь 1.053.900 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бат-Амгалан нь “1.053.900 төгрөгийн хохирол төлсөн. ...Миний ээж хохирлыг төлсөн. ...Хохирол төлсөн гэх баримт байхгүй” гэх, хохирогч Д.Ганхуяг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Одоо ямар нэгэн санал гомдол байхгүй. Энэ хүүхдээс хохирлоо бүрэн барагдуулж авсан. Хоёр хоногийн өмнө шүүгдэгчийн ээж манайд ирээд 1.053.900 төгрөгийн хохирол бэлэн мөнгөөр өгөөд явсан. Үйлдсэн баримт байхгүй. Би мөнгийг нь аваад өөрийн дансандаа хийсэн байгаа. Тэр мөнгөөр одоо компьютерийг нь худалдаж авч тавина” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч М.Бат-Амгаланг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн байх тул 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасныг буцаан хэрэглэж, шүүгдэгч М.Бат-Амгаланд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн 201722000199 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Шарнууд Мягмарренчингийн Бат-Амгаланг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Мягмарренчингийн Бат-Амгаланг эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч М.Бат-Амгаланд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

      4. Ялтны ял эдлэлт, засрал хүмүүжилд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

      5. Эрүүгийн 201722000199 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бат-Амгаланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.НЯМСҮРЭН