Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Болдын Баярсайхан |
Хэргийн индекс | 148/2022/00801/И |
Дугаар | 148/ШШ2023/00046 |
Огноо | 2023-01-20 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 148/ШШ2023/00046
2023 оны 01 сарын 20 өдөр | Дугаар 148/ШШ2023/00046 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, Ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Г.Батзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум 2 дугаар баг, Цагаан-Эрэг 3 дугаар хэсэг, 179 тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******ын төр-д холбогдох
9,206,269,896 төгрөгийн хохирол арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Г. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.*******, Д.*******
Хариуцагч: ******* *******ын төрийг төлөөлж прокурор Г.
Иргэдийн төлөөлөгч: Б.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь нь ******* *******ын төрд холбогдуулан Компанийн бизнесийн үнэлгээ 9,201,419,496.06 төгрөг, ******* компанид хамааралгүй ХХК-ны орлогыг хурааж, В.д өгсөн 2,546,400 төгрөг, нотариатын үйлдэлд зарцуулсан зардал 64,000 төгрөг, шинжээчийн хөлсөнд төлөх бодит зардал 2,000,000 төгрөг, нотлох баримтыг хуулбарлан авахад төлсөн 240,000 төгрөг, нийт 9,206,269,896.06 төгрөгийн хохирол арилгуулах нэхэмжлэл гаргажээ. (хэргийн 2-р хавтасны 206-207)
1. Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д заасан:
******* *******ын иргэн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхийнхээ дагуу, дараах хууль зүйн үндэслэлүүдийг баримталж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
Нэг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.9 дугээр зүйлийн 45.9.1-д: Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тржай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ,
Хоёр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу шийдвэрлэнэ.
Гурав: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 45.2.1-д ...Дараахь ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас ... учирсан хохирлыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана,
Дөрөв: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2.2-т ... Хохирол нөхөн төлүүлэх эрх дараах тохиолдод үүснэ: 45.1.1 -д баривчилсан, 45.1.2-т таслан сэргийлэх арга хэмжээ авсан, 45.2.2-ын 1-д тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй ... гээс хэргийг хэрэгсэхгүй болгосон,
Тав: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйл.Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх гэдэг зүйлийн 45.3.1-д Дараах эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө,
45.3.1-ийн 1.2-т хуулийн этгээдийн орлого ,
45.3.1-ийн 1.4-т ... болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйл;
Зургаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйл. Сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгах,
1.Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана,
Долоо: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.5 дугаар зүйл.Хуулийн этгээдэд хохирлыг нөхөн төлөх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон прокурср, шүүхийн байгууллага, албан тушаалтны хууль бус ажиллагааны улмаас хуулийн этгээдэд учирсан хохирлыг энэ бүлэгт заасан журмын дагуу төр хариуцна.
Найм: 45.8 дугаар зүйл .Хохирол арилгуулах тухай нэхэмжлэл гаргах гэдэг зүйлийн
1-д: ... нэхэмжлэлийг... хуулийн этгээд өөрөө, түүний хууль ёсны төлөөлөгч...гаргаж болно.
3-т:.... Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг цагаатгах тогтоол, яллахаас татгалзсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргана.
6-д Хохирогч нэхэмжлэлийг оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд гаргана.
9-д Энэ бүлэгт заасан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргагч шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдөнө гэж тус тус заасныг үндэслэл болгон энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Нэхэмжлэлийн утга: Үйл явдал-1:
Манай *******" компани нь ганц гишүүнтэй компани бөгөөд зах зээлийн бусгаа цагт эрүүл мэндийг дэмжих үйлчилгээтэй, түүхий эд нь эх орны гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүд хийх судалгаа хийж туршилтаар хэд хэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж эхэлсэн юм. Улмаар архины үйлдвэр байгуулан үйл ажиллагаагаа явуулж 2004 оныг дуустал амжилттай ажиллаж, аймагтаа нэр хүндтэй сайн компанид тооцогдож байсан юм.
Үйл явдал-2:
Манай компани нь 1999 оноос туршилт үйлдвэрлэл явуулахдаа хувь хүмүүсээс өндөр зээл авч үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд 2003 онд зээлийг нь өндөр хүүгийн хамт бүрэн төлж барагдуулсан байлаа.
Гэтэл тэдгээр хүмүүс үгсэн хуйвалдаж манай компаниас дахиад мөнгө салгах гэж шунахайран 2005 оны 03 дугаар сарын 14-ний өдөр намайг Баянгол дүүргийн цагдаагийн хошууч гэдэг хүнээр хууль бусаар баривчлуулан дарамталснаар би цочирдон цус харваж тухайн өдрөө *******ын 1 дүгэээр эмнэлгийн мэдрэлийн тасагт хүргэгдсэн. Миний өрөөсөн тал мэдээгүй болж саажилт өгөөд хэвтэрт орсон, сахиуртай байхад эмнэлэгт ирж байдлыг харцгаасан атлаа мөнгө цагаан, нүд улаан гэдгийн жишээг үзүүлж намайг гүжирдсэн өргөдөл бичиж *******ын мөрдөн байцаах газар өгч улмаар ******* аймгийн т шилжүүлсэн байсан.
Тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн олон зүйл заалт зөрчин эрүүгийн хэрэг үүсгэсэн, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, сэжигтэн, яллагдагчаар татсан тухай
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 3 дугаар бүлэг
24 дүгээр зүйл.
24.1 Дор дурдсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхгүй бөгөөд хэрэв үүсгэсэн бол прокурор,шүүгч хэргийг энэ хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгоно:
гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 21 дүгээр бүлэг
166 дугаар зүйл:
166.1 Дараахь үндэслэлийн аль нэг нь байгаа бөгөөд байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй өхцөл байдал үүсээгүй, гэмт хэрэг гарсныг хангалттай нотлох баримт байвал эрүүгийн хэрэг үүсгэнэ:
166.1.1 гэмт хэрэг гарсан талаар иргэн гомдол гаргасан буюу мэдээлсэн;
166.1.2 гэмт хэрэг гарсан талаар аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан мэдээлсэн;
гэмт хэрэг үйлдсэн хэмээн өөрийгөө илчилж ирсэн;
166.1.4- хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор гэмт хэргийн шинж тэмдгийг өөрсдөө шууд илрүүлсэн;
166.1.5 гэмт хэргийн талаар гүйцэтгэх ажлын шугамаар авагдаж, баримтжуулагдсан мэдээ байгаа,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 11 дүгээр бүлэг
90 дүгээр зүйл:
90.1.Аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн бичиг эрүүгийн хэрэгт ач холбогдолтой байвал тэр нь нотлох баримтын эх сурвалж болно.
83 дугаар зүйл:
83.2 Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 4 дүгээр бүлэг
28 дугаар зүйл:
28.2Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
28.2.1 эрүүгийн хэрэг үүсгэх;
28.2.2 эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх, хэрэгсэхгүй саналаа прокурорт гаргах;
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 22 дугаар бүлэг
176.1 Эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхэд прокурор хяналт гэж тус тус заажээ.
Гэтэл мөрдөн байцаагч нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах эрх байсаар байтал зөвхөн эх сурвалжийг нь зааж чадаагүй иргэдийн өргөдлөөр гэмт хэрэг гарсныг хангалттай баримт байхгүй байхад өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байхад надтай огт уулзаагүй, тайлбар, нотлох баримт гаргуулаа ч үгүй байж тухайн үеийн мөрдөгдөж байсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-р заалтаар / хүнд хэрэгт ногдуулдаг өндөр торгууль, 5-10 жил хорих заалттай/ эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтэн, яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээ авч, прокурор нь хянахгүйгээр баталж зөрчсөнөөс манай *******" компани маш их хохирсон билээ.
Үйл явдал-3:
Манай *******" компани нь 1998 оноос В., түүний хүү М. нартай хамтран Мөрөөдлийн ханд бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр болсон юм.
Тэд хуучин гражийн барилга гаргаж манай "*******" компани өөрийнхөө зардлаар орчин хүнсний үйлдвэрлэлийн шаардлагад нийцсэн үйлдвэр болгон өргөтгөл, засвар хийж инженерийн шугам сүлжээнд холбуулж /Цахилгаан, дулаан. уур, цэвэр бохир ус/ тоног төхөөрөмжийг суурилуулж 1999 оны 6 дугаар сарын 12-нд бэлэн болгосон.
******* компани нь ганц гишүүнтэй жижиг компани бөгөөд ганц гишүүн болох миний бие жирэмсэн тул 1999 оны 9 дүгээр сарын 16-нд хүүхэд төрүүлж , тулгар үе болон төрөлт, хүүхдийнхээ нярай үеийг өнгөрөөх, ээж минь хүнд өвчний улмаас удтал хэвтэрт орж улмаар 2000 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өөд болсон зэрэг хүнд ацаглаж, хүнээр гүйцэтгүүлж болохгүй өөрөө л туулахаас аргагүй шалтгааны улмаас ажлаа түр зогсоохоос аргагүй болсон.
Ээжийнхээ 49 хоногийг өнгөрөөчихөөд төлөвлөсөн ажлаа хийх гэтэл тэд энэ хооронд мэдэгдэлгүй нөгөө үйлдвэрийн байрыг арабуудад зарж компанид нэг ч төгрөг өгөөгүй зальдсан.
Учрыг нь асуутал тухайн үйлдвэрийн байрны манаач нь /гийн хамаатан/ тэр боож үхсэн тул зарсан.
Цаашид өөр байдлаар хамтран ажиллая. Тэр үед хөрөнгө оруулалт хийнэ гэж хэлсэн. 2004 оны 09 дүгээр сард тэд 20 сая төгрөг үйлдвэрийн байрны үнэ, 20 сая төгрөг өөрсдөө хөрөнгө оруулалт хийнэ гэж 40 сая төгрөг нийлүүлсэн. Бид ашгаа хуваахаар тохиролцсон байсан. Тэд бэлтгэсэн үйлдвэрийн байрыг маань зарж, суурилуулсан тоног төхөөрөмжийг маань үрэгдүүлсэн байсан учраас үйлдвэрлэлээ өргөтгөх зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлж шинэ бизнес эхлүүлэхэд тодорхой хугацаа зарцуулж байх үед найз нөхөд гэх явсан хэдэн нөхөд надад эрүүгийн хэрэг үүсгүүлж, улмаар би цус харван хэвтэрт орсноор *******" компани маань шинэ бизнес нэмж эхлүүлэх битгий хэл өөрийнхөө үйлдвэрлэлийг ч явуулах боломжгүй эрсдэлд орсон тул төлөвлөснөөрөө үйлдвэрлэлээ явуулж чадаагүй юм.
Гэтэл тэд хуурамч баримт үйлдэн, худал өргөдөл, мэдүүлэг өгч, цус харваснаас болж босож чадахгүй, группэд байгаа надад мэдэгдэлгүйгээр, надаас мэдүүлэг авахгүй, нотлох гаргуулахгүйгээр зөвхөн хуурамч баримт, эх сурвалж нь батлагдаагүй өргөдөлд хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоогоод тэр үед мөрдөгдөж байсан Эрүүгийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь заалтаар 2007 оны 02 дугаар сарын 06-нд дугаартай эрүүгийн хэрэг үүсгүүлсэн байсныг би мэдээгүй байсан.
Босож чадахгүй, өрөөсөн тал саажсан учраас би Улаанбаатар хотод дүүгийндээ асруулж олон сарыг өнгөрөөгөөд ******* аймаг дахь гэртээ ирсэн.
/Тэр үед ******* дэх гэрт маань зөвшөөрөлгүй нэгжлэг хийсэн байсан. Ийм хүнд үед маань 2007 оны 05 дугаар 10-нд намайг гэнэт баривчилж хувцсаа ч солих боломж өгөлгүйгээр Улаанбаатар хот руу цагдаагаар хүргүүлж 2007 оны 5 дугаар сарын 11-нд УМБГ-т авчирсан. Тухайн үед би биеийн байдал муу байгаагаа, жирэмсэлснээ хэлж, нотлох баримт гаргаж өгье, тайлбар мэдүүлэг өгье гэж хичнээн гуйсан боловч ХГХМХ-ийн мөрдөн байцаагч намайг элдвээр загнан, хангалттай нотлох баримт байна гээд ганц ч үгийг маань хүлээж авалгүй Ганц худагт хорьсон.
Бүүдгэр харанхуй, чийгтэй жижиг камерт 7 хүн хоригдож байсан. Ус байхгүй, ундааны саваар хааяа бага зэрэг ус өгөх боловч олон хүнд нүүр гараа угааж ч хүрэхгүй ил задгай жорлонтой, хүмүүсийн өөдөөс харж бие засна.Үмхий, шээс, шивтэр байнга үнэртэнэ. Түүхий, түлэнхий хар талх, өмхийрсөн адууны гэдэстэй, шар будаатай шөл өгнө. Өдөр бол хэвтэж болохгүй харгалзагч нар нь байнга ээлжлэн цонхоор харна. Миний биеийн байдлыг хамт байсан хүмүүс ойлгосон учраас ээлжлэн цонх Iжижиг нүх / манаж намайг хэвтүүлдэг байлаа.
Бүгд хатуу нааран дээр зэрэгцэн аймшигтай орчиндоо хагас дутуу унтацгаана. Хүнийг аавынх нь нэрээр дуудна, тоолно, шөнө гэнэтийн шалгалт хийж байна гээд нүцгэнээр жагсаана. Хамгийн гутамшигтай нь тэнгэрт хальсан аавын маань нэрийг яллагдагч тэр гэж дууддаг байсан. Би хэрэг хийгээгүй атлаа аавынхаа ясыг тэр муухай газарт өндөлзүүлж байгаадаа маш их гутарч байсан.
Тэнд миний бие улам муудаж, хордлого өгч, улмаар үр зулбалт явагдсан тул 2007 оны 05 дугаар сарын 24-нд ганц худгийн эмнэлэг рүү шилжүүлж байх үед цаашид уг таслан шийтгэх арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагагүй гээд сулласан. Гараад эмнэлэгт очиж саваа цэвэрлүүлсэн. 2007 оны 05 дугаар сарын 25-нд батлан даалтанд өгсөн. Эдгээр нь бас л үйл явдал-2 той адил хууль зөрчсөн үйлдлүүд байсан юм.
2007 оны 09 дүгээр сарын 11-нд үйл явдал-2-т байгаа 2006 оны 01 дүгээр сарын 24-нд 08 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болсон хэргийг прокурорын байгууллага сэргээж дахин мөрдөн байцаалт хийх болсон. 2007 оны 09 дүгээр сарын 14-нд 2 хэргийг нэгтгэх тогтоол гаргасан хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон ч тэд танил талаараа дахин сэргээлгэсээр 2016 оны 10 дугаар сарын 27-нд Баянгол дүүргийн прокурорын 2039 тоот тогтоолоор дахин хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Энэ хугацаанд УМБГ-т яллагдагчаар удаан хугацаагаар шалгагдан уяатай нохой шиг өдөр хоногийг өнгөрөөх нь өвчтэй хүнд үнэхээр их дарамттай юм билээ.
УМБГ-ын ХГХМХ-ийн мөрдөгч нь тэдний талд илэрхий үйлчилж надад ямар ч хамаагүй ахын Номин Их дэлгүүрээр худалдаалж байсан барааны мөнгө болох 2546400 хурааж авсан.
Тэдний үйлдсэн хуурамч нотлох баримтыг шалгуулж хариуцлага тооцуулъя гэж хүссэн боловч Прокурорын байгууллага зөвшөөрөөгүй.
Мөн яллагдагч байхад минь /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар бүлгийн 186.3-т: Мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх болон бусад хууль бус арга хэрэгсэл хэрэглэх, түүнчлэн оролцогчийн амь насанд аюултай байдал бий болгохыг хориглоно гэж заасан байхад/ УМБГ-ын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагч ахмад : нартай өр төлөх гэрээ хийгээд ирвэл хэргийг чинь хэрэгсэхгүи болголоо. Гэрээ хийхгүй бол шоронд хоригдох болно шүү гэж айлгасан.
Дахин хоригдвол компанийн үйл ажиллагаа битгий хэл өөрөө амь насаа алдах /магадлалтай байснаас гадна хань ижил, үр хүүхэд, ах дүүсээ бүгдийг нь зовоож гүйцсэн, зарим нь бизнес, болон хөрөнгөөрөө хохирч байсан тул 2007 оны 07 дугаар сарын 25-нд аргагүйн эрхэнд болсон явдлаас зөрүүтэй, өөрийнхөө эрх ашгийг хэт зөрчсөн, тэдний үйлдсэн Өр барагдуулах хэлцэл" гээчид гарын үсэг зурсан бөгөөд тэр үед амьд үлдэхийн тулд зөвшөөрөхөөс аргагүй байсан билээ.
нар нь энэ хэлцлээ ашиглаж Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.Би шүүхэд нотлох баримтуудыг гарган өгч, сөрөг нэхэмжлэл, нэмэгдүүлсэн нэхэмжлэл зэргийг гаргасан бөгөөд /Би өөрөө нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй тул нотлох баримтуудыг үдэж хадгалдаг байсан маань аминд орсон/ шүүх харин нотлох баримтуудыг маань хүлээн авч зөвөөр үнэлсэн, нар цугларсан баримтаар надад өөрсдөө мөнгө төлөхөөс аргагүй байдалд орсон тул үнэнд гүйцэгдэж нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд намайг сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж өгөөч гэж хүссэн.
Би цаашид энэ талаар хөөцөлдөж явахаасаа залхаж олон жилийн дарамтаас салахыг зөвшөөрсөн тул ******* аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шүүх 2018 оны 11 дүгээр сарын 16-нд 39 тоот тогтоолоороо хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Үйл явдал-4
Надад эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, цагдан хорих, батлан даалтанд өгөх, сэжигтэн, яллагдагчаар татах, шилжүүлэх, байцаан шийтгэх, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоолуудад ямар ч эх сурвалж тодорхойгүй, иргэдийн өргөдөл, мэдүүлгээр бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг хийсэн хэмээн шууд дүгнэн бичиж, тухайн үеийн Эрүүгийн хуулийн тусгай хэсгийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар /өндөр торгууль, 5-10 жилийн хорих ялтай хүнд гэмт хэрэг/ үйлдсэн гэж тогтоож надад танилцуулж байсан.
Энэ нь тухайн үед надад сэтгэл санаа, эрүүл мэнд, биенесийн хувьд маш их цочрол, хохирол амсуулж байлаа. Ийм үндэслэлээр намайг хилс хэргээр прокурор, цагдаагийн байгууллага нь олон жил яллагдагчаар байцаан зовоож, цагдан хорьж, цагдаагийн үүд сахиулж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, сэтгэл санаа, эрүүл мэндийг минь улам хөнөөж, компанийн маань бизнест шууд нөлөөлөн зогсоосон юм. Тэднийг хууль зөрчсөн болохыг ******* аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 39 тоот тоггоол, Цагдаа, прокуроруудын гэмт хэргийн бүрэлдзхүүнгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон олон удаагийн тогтоолууд гэрчилнэ.
/Дээрх шүүхийн тогтоолын 1,2,3-р хуудасны тодотгосон хэсгийг, цагдаа. прокурорын хэрэгсэхгүй болгох тогтоолуудын тогтоох хэсгүүдийг уншихад ойлгомжтой болох юм./
Мөн *******" компани болон захирал Г. миний тухай хил гааль, татварын газар, эд хөрөнгийн бүртгэлийн газар зэрэг олон байгууллагад хандан ямар ч нотлох баримтгүй, иргэдийн өргөдлөөр онц хүнд гэмт хэрэг үйлдсэн тул хэмээн бичиж лавлагаа хилийн хориг тавиулах, хөрөнгөнд хориг тавиулах зэргээр бизнесийн нэр хүндэд хохирол учруулж байсан.
Ялангуяа ******* *******ын бүх банкууд, бүүр санхүүгийн зохицуулах хороонд хүртэл ийм бичгүүд явуулсан нь *******" компанийг маань дахин зээл авах боломжийг маань хааж бизнесийг маань зогсохоос аргагүй байдалд хүргэсэн юм. ******* компаний ганц гишүүн би тухайн үед 40 гаруйхан настай, залуухан, эрүүл байсан тул жижиг компаниудын нэгэн адил захирал, менежер, үйлдвэрлэлийн технологич зэргээр бүх ажлаа өөрөө гүйцэлдүүлж, амжилттай ажиллаж 2004 он гэхэд аймагтаа нэр хүндтэй, сайн компанийн тоонд орсон байсан.
Манай үйлдвэрлэлийн онцлог нь өөрөө л технологийн хяналт тавьж ажиллахгүй бол болохгүй архи болон бусад хүнсний бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байсан бөгөөд ******* ХХК-ний захирал миний бие хэвтэрт орж, хоригдож, цагдаагийн байгууллагын үүдийг олон жил сахиж ажлаа хийх чадваргүй болмогц компани маань 2005 оноос үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон юм.
Тухайн үеийн цус харвалтаас үүссэн саажилт олон жил эмчлүүлснээр одоо бага зэргийн саажилт үлдсэн бөгөөд харин стрессийн гаралтай сэтгэл хямрал засрахгүй байсаар стресээс шалтгаалсан невроз өвчин маань улам даамжирч улмаар сэтгэцийн эмчийн хяналтанд эмчлүүлсээр байна.
/Иймээс ******* компани 2005 оноос одоо хүртэл үйл ажиллагаа явуулж чадалгүй, архиныхаа үйлдвэрийн тусгай эрхийг ч цуцлуулж хохирсон.
Мөн компанийн ганц гишүүн би стрессээс үүдэлтэй мэдрэхүйн гажуу тусгал, сонсголын хий үзэгдэл хэлбэрийн ядаргаа буюу F48.8 /неврозийн бусад тодорхой эмгэг/ оноштойгоор сэтгэцийн хяналтанд одоо хүртэл байнга эмчлэгдэж байдаг, нас 70 руу хэвийсэн болохоор цаашид *******" компанийг сэргээн ажиллуулах боломжгүй болсон билээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар бүлэг, 20.1 дүгээр зүйлийн
1.Хуулийн этгээдийн үйлдсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална.
2. Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтны, эсхүл хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэл хийсэн хүний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамт явагдана гэж заажээ.
Би ******* компаний ганц гишүүн тул компанийг төлөөлөх албан тушаалтан мөн бөгөөд компанийхаа ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаад хилсээр хэрэгт холбогдож 2005-2016 онуудад буюу бүхэл бүтэн 11 жилийг яллагдагчаар батлан даалтанд байж өнгөрөөсөн.
Мөн энэ хилс хэргүүдээс болж эрүүл мэнд, сэтгэл санаа, компаний бизнесийн нэр хүндээ хохирсноос гадна цаашилбал үр зулбуулснаас хүний амь хүртэл хохирсон 2004 он хүртэл ******* компани маань үйл ажиллагаа явуулж сайн компанийн тоонд орж байсан бөгөөд мөрдөн байцаагч, прокуроруудын хууль зөрчсөн ажиллагаанаас болж 2005-2022 он хүртэл үйл ажиллагаа явуулж чадахгүй нөхцөлд орсноос олох байсан орлогоо алдаж хохирсон юм.
Хохирлын тооцоолол:
Хуулийн этгээдийн орлогыг нөхөн төлөх учраас Үйл явдал-1-ийн нотлох баримгын 28-30-д 2002, 2003, 2004 оны татварын албаар баталгаажсан орлогын тайлангуудаар тайлагнасан орлогоор хохирлоо тооцсон болно.
Орлогын нийт дүн= 16.076.287+154.333.300+463.000.000=633.409.587 төгрөг,
Энэ нь эрсдэлд өртөхөөс өмнөх 3 жилийн олж байсан баталгаажсан орлого бөгөөд олж байсан дундаж орлогоо тооцоолоход 633.409.587 төгрөг : 3 жил=211,136,529 төгрөг болно.
2005-2022 оны 09 дүгээр сарын 12 хүртэл 17.77 жил байгаа бөгөөд тогтмол орлогын өнөөгийн үнэ цэнийг тооцоогүй/ зах зээлийн өсөлт/ тухайн үед олж байсан орлогоороо хохирлоо тооцоход 211.136.529 төгрөг*17.77 жил =3,751,896.120 төгрөг болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.5 дугаар зүйлийн 1-д: Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаапт явуулах байгууллага болон прокурор, шүүхийн байгууллага, албан тушаалтны хууль бус ажиллагааны улмаас хуулийн этгээдэд учирсан хохирлыг энэ бүлэгт заасан журмын дагуу төр хариуцна гэж заасан тул 3,751,896,120 төгрөгийн гэм хорын хохирлыг нөхөн төлүүлж манай сэп" компании хохирпыг барагдүүпж өгнө үү ... гэжээ
2. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал Г. хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ХХК-н маань ямар ч буруугүй байж төрийн байгууллага хууль бус ажиллагаанаас болж хохирсон. Холбогдох нотлох баримтуудаа хэрэгт өгсөн. Мөн хохиролоо тооцохын тулд тусгай мэдлэг шаардсан учир шинжээчээр дүгнэлт гаргуулж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн. 1995 онд анх сэл ХХК-н байгууллагдсан. Орлого маань жилээс жилд нэмэгддэг байсан. Аймаг, орон нутгаас олон удаагийн шагнал урамшуулал авч байсан. 2004 онд тэргүүний татвар төлөгч болж байсан. Г. гэдэг хүн бол 40 настай эрч, хүчтэй мундаг бизнесмен байсан. Манай ээж эмнэлэгт хэвтэж байхад нэг эмч туслаад танилцсан байсан. Тэр хүн манайд ирж миний компани болон борлуултай танилцсан.
Би 10,000,000 төгрөгийг 32,000,000 төгрөг болтол өсгөж байсан. Тэр хүн өөрийнхөө таньдаг хүмүүсийг дагуулж ирээд үзэсгэлэнт худалдаа дээр ирж мөнгө өсгөж өгөх талаар ярилцсан. 8-10 хувь орлого нэмэгдүүлж өгнө гэж надад хэлсэн. Би тухайн үед компани өргөжүүлэх бодол надад байсан. Энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Тэр хүмүүс надаас авсан эд зүйлсээ болон мөнгө төгрөгөө бичихгүйгээр бүгдээрээ үгсэн хувилдаж юу ч аваагүй луйвардуулсан гэж бичээд гомдол гаргасан байдаг.
Тэр өргөдлийг үндэслээд намайг барьж авсан. Надаас нэг ч мэдүүлэг аваагүй. Тэгээд шууд эрүүгийн хэрэг үүсгээд сэжигтнээр татсан. Намайг шууд барьж аваад ганц худагтад хийсэн. Баянгол дүүргийн цагдаа намайг баривчилсан. Тэр үед би цус харваж, хэвтэрт ороод маш удаан хугацаагаар хэвтсэн. Миний өрөөсөн тал одоо хүртэл саажилтай. Энэ олон жил улсын мөрдөн шалгах газарт онц ноцтой хүнд хэлтэс дээр очиж байцаагдаж байсан. Тэрнээс болоод өрөөсөн талын мэдрэлийн саажилт маань хүндэрч сэтгэцийн эмчийн хяналтанд орсон. Намайг гүтгэсэн хүмүүс намайг нийлж иргэний шүүхэд өгөөд надаас 57,000,000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр хүртэл гаргуулж байсан.
Энэ бүх олон жил яллагдагчаар би явсан. Миний оюун санаанд хүнд цохилт болж би сэтгэцийн эмчийн хяналтанд явж байна. Би тухайн үед ******* ХХК-ын бүх ажиллагааг өөрөө гардаж хийдэг байсан. Би гэнэт хэвтэрт орсон. Түүнээс болоод манай компани үйл ажиллагаа зогссон. 2005 оноос нэг ч үйл ажиллагаа явуулаагүй. 2004 онд хүртэл маш мундаг ажиллаж байсан компани энэ хэргээс болоод үйл ажиллагаа зогссон.
Би тэргүүний бизнесмен оны шилдэг болж байсан бүх баримтаа хэрэгт хавсаргаж өгсөн. Өнөөдөр тийм зүйл болоогүй бол миний компани өдий хүртэл хэрхэн өсөж дэвшиж амжилтанд хүрэх талаар би бодож хорсож явдаг. Би өнөөдөр шинжээчийн байгууллагаар тухайн үед олох ёстой байсан орлого тогтоолгосон. Манайх архины үйлдвэр ажиллуулах тусгай эрхтэй. 1 шил архи 1550 төгрөг байх үеийн борлуулалт маань 2004 онд 493,000,000 төгрөг олж байсан. Одоо бол 1 шил архины үнэ дунджаар 9 хувиар нэмэгдсэн байсан. Надад мэргэжлийн байгууллагатай маргалдах эрх байхгүй гэж бодож байна. Миний гэм хорын хохирол үнэхээр бодит хохирол юм. Ийм байдлаар би олон жил зовж зүдэрч ирсэн. Би үүнээс болоод сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг. Гэхдээ тэр нь яг галзуурч солиорох түвшиний өмнөх шат. Та нарт одоо юу ч сонсогдохгүй байж магадгүй. Гэхдээ миний чихэнд бол байнга хүн дуулж байгаа юм шиг сонсогдог.
Энэ олон жилийн зовлон намайг ийм болгосон. *******ийн албан хаагч нар надаа арай дэндүү хандсан. Зүгээр л хүний өргөдлөөр надад эрүү үүсгэсэн. Ганц ч нотлох баримт байхгүй байхад хангалтай нотлох баримтай гэж хэлээд намайг хорьсон. Би тэр үед маш их цочролд орсон. Хуурамч баримт өгсөн байсан. Тэрийг хуулийн мэдлэггүй ямар ч хүн хараад мэдэхээр байсан. Яагаад гэвэл нэргүй баримт байсан. Гэтэл тухайн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэргийг хаасан байдаг. Би нэр хүндээ сэргээлэхийн тулд хөөн хэлэлцэх хугацаа сэргээж тухайн хэрэг маань иргэний журмаар шийдвэрлэх ёстой гэсэн бичиг хүртэл гарсан. Би ямар ч буруугүй байхад намайг гүтгэж, эрүүл мэндээр минь хохироосон. Үүнээс үүдээд би компани ажлаа хийж чадахгүй байдалд хүрсэн. Би маш их гомдолтой байна гэв.
3. Прокурор М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Г. нь эрүүгийн хэргийн улмаас баривчлагдан, цагдан хоригдсон 15 гаруй хоногийн гэм хорын хохирлоо нэхэмжилсэн бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх байлаа. Энэ гэм хорын асуудал нь иргэн Г.гийн талаар бус - ХХК-ийн талаар яригдаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4. Иргэдийн төлөөлөгч: Иргэн Г.гийн мөнгө гаргуулах нь зүйтэй. Компанийн талаар сайн мэдэхгүй байна. Мөнгийг гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч ******* ХХК-ийн 9,206,269,896.06 төгрөгийн хохирол төрөөс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим буюу 2,325,048,219 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 6,881,221,677 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Учир нь:
Нэг. Г.д холбогдуулан 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагаа үе шат дараалалтайгаар явагдаж, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. /хх-ийн хэргийн 55-112 дугаар тал/
Мөн Г. нь сэл ХХК-г 2004 онд нэг гишүүнтэйгээр үүсгэн байгуулсан болох нь ******* аймгийн *******ын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн бүртгэлийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолтоор нотлогдож байна. /хх-ийн 13 дугаар тал/
Улмаар Г.д эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсон үндэслэл нь сэл ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан хүмүүсээс мөнгө залилсан гэж үзэж, сэл ХХК-ийн захиралтай ажилтай гэж тодотгосон байх тул тус эрүүгийн хэрэгт сэл ХХК-ийн ганц гишүүн, захирал ажилтай Г.г холбогдуулан шалгаснаас сэл ХХК-д хохирол учирсан шалтгаант холбоотой гэж үзэн төрөөс хохирол гаргуулан шийдвэрлэлээ.
Ингэхдээ сэл ХХК нь 2002, 2003, 2004 онуудад *******ын татварын албанд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан гаргаж өгсөн, тус 3 жилийн дундаж орлого нь 211,136,529 төгрөг байх тул эрүүгийн хэрэгт шалгагдсан 11 жилийн хугацаанд сэл ХХК нь олох байсан орлогоороо хохирсон байх тул 2,322,501,819 /хоёр тэрбум гурван зуун хорин хоёр сая таван зуун нэг мянга найман зуун арван есөн/ төгрөг гаргуулж, сэл ХХК-д олгох зүйтэй байна.
Харин Г. нь ХХК-иар бизнесийн үнэлгээ хийлгэсэн сэл ХХК-ийн 2005-2022 оны 10-р сар хүртэл олох байсан орлогын алдагдсан боломжийн өнөөгийн үнэ цэнийг захиалагчаас гарган өгсөн анхдагч мэдээллийг үндэслэн тооцоолсон үнэлгээний шинжилгээний тайлан, дүгнэлт нь орлогын алдагдсан боломжийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож тооцсон нь эрүүгийн хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй байх тул тус дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Хоёр. ******* компанид хамааралгүй ХХК-ийн орлогыг хурааж, В.д өгсөн 2,546,400 төгрөгийн хохирол гаргуулах шаардлагын тухайд:
1. Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: - компанийн барааны мөнгө 2,546,200 төгрөгийг цагдаагийн байгууллага хураан авч, В.д өгсөн. Үүнийг буцаан ******* ХХК-с - ХХК-нд буцаан өгсөн, нэгэнт хэрэг хэрэгсэхгүй болсон тул мөнгийг гаргуулж өгнө үү гэх,
Хариуцагчаас: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хохирол төлүүлэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан мөрдөн байцаалтын ажиллагаа, дээрх мөнгө нь - ХХК, ******* ХХК нар хоорондын асуудал гэсэн тайлбарыг гаргажээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2006 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Хохирлын мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримт, нэхэмжлэгчийн тайлбараар (хэргийн 1-р хавтсын 209, 226),
2006 оны 5 дугаар сарын 30-ны өдөр УМБГ-ын ХГХМХ-ийн ахлах мөрдөн байцаагч, ахмад Б. нь Хохирлын мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл үйлдэн Номин фоост компанид худалдсан - ХХК-ийн барааны орлого болох 2,546,400 төгрөгийг З.Сэмжид гэх хүнээс хүлээн авч тухайн эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон байсан В.д хүлээлгэн өгсөн, энэхүү мөнгийг ******* ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдөр бэлэн мөнгөний баримт үйлдэн - ХХК-ийн захирал Г.Буянжаргалд буцааж өгсөн үйл баримт тогтоогдож байна.
3. Г.д 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдөр УМБГ-ын ХТХМХэлтсээс В.Мягмасүрэн, М. нарыг залилсан гэх үйлдэл дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд уг хэргийг Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2039 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. (хэргийн 1-р хавтасны 80, 112)
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн (2002 он) 24 дүгээр зүйлийн 24.1-д Дор дурдсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхгүй бөгөөд хэрэв үүсгэсэн бол прокурор, шүүгч хэргийг энэ хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгоно:
24.1.1.гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй;
208 дугаар зүйлийн 208.1-д Дор дурдсан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно:
208.1.1. энэ хуулийн 24.1.1-24.1.6-д заасан тохиолдолд гэж тус тус заажээ.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн (2017 он) 45.2 дугаар зүйлийн
2-т Хохирол нөхөн төлүүлэх эрх дараах тохиолдолд үүснэ:
2.3.тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон;
45 дугаар зүйлийн 45.3 дугаар зүйлийн
1-д Дараахь эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө:
1.4.шүүхийн шийдвэрээр хураасан, улсын орлого болгосон болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйл,
45.8 дугаар зүйлд Хохирол арилгуулах тухай нэхэмжлэл гаргах
1.Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг хүн, хуулийн этгээд өөрөө, түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл тухайн хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болно гэжээ.
Иймээс ******* ХХК нь дугаартай эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон В.д өгсөн 2,546,400 төгрөгийн хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Иймд дугаартай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад УМБГ-ын ХГХМХ-ийн ахлах мөрдөн байцаагч, ахмад Б.гаас хохирол гэж гаргуулж хохирогчоор тогтоогдсон В.д хүлээлгэн өгсөн 2,546,400 төгрөгийг ******* ХХК нь - ХХК-нд төлсөн нь тогтоогдож байх тул энэхүү нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Гурав. Нэхэмжлэгчийн Нотариатын үйлдэлд зарцуулсан зардал 64,000 төгрөг, шинжээчийн хөлсөнд төлөх бодит зардал 2,000,000 төгрөг, нотлох баримтыг хуулбарлан авахад төлсөн 240,000 төгрөг, нийт 2,304,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
1. Шинжээчийн ажлын хөлсийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
53 дугаар зүйлд 53.1-д Шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ:
53.1.1-д шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс;
54 дүгээр зүйлийн 54.1-д Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно:
54.1.2.шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр төлнө гэж заажээ.
2. Нэхэмжлэгч нь ХХК-д хандан үнэлгээний шинжилгээний тайлан, дүгнэлт гаргуулсан байх бөгөөд тухайн компаниас ажлын хөлсөнд 2,000,000 төгрөг нэхэмжилсэн баримтыг нэхэмжлэгчээс хэрэгт гаргаж өгчээ. (хэргийн 1-р хавтасны 209-218, 225)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар шинжээчид ажлын хөлсийг шүүхээс төлөөгүй тул хариуцагчаас шинжээчийн ажлын хөлсөнд 2,000,000 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
Мөн хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлох, энэ талаарх нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хариуцах үүрэг юм.
Иймээс нотариатын үйлдэлд зарцуулсан зардал 64,000 төгрөг, нотлох баримтыг хуулбарлан авахад төлсөн 240,000 төгрөг-ийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн ******* ХХК нь нь ******* *******ын төрд холбогдуулан гаргасан нийт 9,206,269,896.06 төгрөгийн хохирол арилгуулах нэхэмжлэлийн шаардлагаас Компанийн бизнесийн үнэлгээ 9,201,419,496.06 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 2,325,048,219 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, хохиролд төлсөн 2,546,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, нэхэмжлэлээс үлдэх 6,881,221,677 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан, гаргаж өгсөн баримтууд байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд гэж дүгнэсэн болно.
Дөрөв. *******ын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.3, 45.3 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 2,325,048,219 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,881,221,677 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. *******ын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН
ШҮҮГЧИД Л.ЭНХТАЙВАН
Г.БАТЗАЯА