| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/0068/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/83 |
| Огноо | 2025-09-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.ЧУЛУУНХҮҮ |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Ч,
Хохирогч Г.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,
Шүүгдэгч Б.Б,
Гэрч Ц.Б, Д.Д, П.Б, Ж.Э,
Гэрч Ц.Б, Д.Д нарын өмгөөлөгч Б.Э,
Насанд хүрээгүй гэрч Б.Д, Б.А,
Насанд хүрээгүй гэрч нарын хууль ёсны төлөөлөгч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн 2524000000054 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ........ аймгийн ............ суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт .......... аймгийн ......... сумын ........... багт оршин суух, урьд ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ............... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ........... регистрийн дугаартай, Ө овогт Б.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө ........ аймгийн ...... сумын ....... багийн ******* ******* тоотод байрлах өөрийн гэрт болон хашаандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Э-ийн биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, доод уруул, зүүн шуунд зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Б-ийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1.1 Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө ............ аймгийн ............. сумын ........... багийн ******* ******* тоотод байрлах өөрийн гэртээ болон хашаандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Э-ийн биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн үйл баримт нь:
Хохирогч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өглөө нь сэрсэн чинь миний нэг нүд хавдаад хөхөрсөн байсан. Тэгээд би шөнө манай нөхөр намайг цохисон юм байх гэж бодоод цагдаад хандсан. ...Гадаа нэг хүн намайг цохиод авахаар нь би гэрт буцаж ороод нэг куртик өмсөөд цагдаад хэлнэ гээд буцаад гэрээс гараад явсан. Тэгээд би хажуу талын айлд ороод Ч эгчийн утсаар цагдаа Э-ийн утас руу Ч эгчээр залгуулсан чинь утсаа авахгүй унтраачихлаа гэхээр би тэндээс гараад цагдаагийн гадаа очоод хашааны хаалгыг нь татсан цоожтой байхаар А ахынд орсон. Тэр үед би Ч эгч болон А ахад Б нь намайг зодчихлоо гэж хэлсэн. Мөн өглөө нь цагдаад очоод бас манай нөхөр намайг зодсон гэж хэлээд шалгуулахаар хандсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг /хх 10-11, 14-15/,
Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ........... аймаг ............ сумын төвийн ........... багийн 618 тоот хашаанд буюу төрсөн ээж П-ийнд унтаж байхад шөнийн 03 цаг 30 минутад гэрийн хаалга нэг хүн нүдээд Ч байна үүдээ гэж хэлсэн ба тухайн үед хаалгыг манай ээж онгойлгож өгсөн чинь гаднаас Э ганцаараа гэрт орж ирээд намайг нөхөр П цохисон гээд намайг цагдаа руу залгаад өгөөч гэхээр нь би өөрийн ............. дугаарын утсаар хэсгийн төлөөлөгч Э-ийн ........... гэсэн дугаар руу 03 цаг 30 минутад дуудлага өгсөн чинь цагдаагийн алба хаагчийн гар утас нь унтарчихсан. Манай гэрт орж ирсэн Э-ийн нүд нь хөхрөөд хавдаж, тагларсан, уруулаас нь цус гарсан байдалтай байсан ба цагдаа нартай холбогдох боломжгүй болохоор Э-ээс юу болсон талаар асуухад Б согтуу машинаа унаж явах гээд байхаар нь би очоод согтуу явж болохгүй гээд жолооны хүрднээс нь зууралдаад байж байсан чинь миний араас П ирээд намайг чирээд гэртээ оруулаад намайг цохиж зодсон тэгээд би таны утсаар ярих гэж орж ирсэн гэж хэлээд гараад явсан буцаж орж ирээгүй. Өглөө 11 цагийн үед Э ганцаараа орж ирсэн ба чи хаашаа явсан талаар асуухад би А-гийнд очоод хоночхоод ирлээ гэж хэлсэн ба нүүр ам нь бүүр аймар болчихсон нүд нь хавдаад тагларчихсан байсан ба 102, 108 дугаарт мэдэгдсэн бөөн юм үүсгээд ороод ирлээ гэж хэлээд гараад явсан. Нөхөр П нь тухайн шөнө 05 цагийн үед бас манайд эхнэр Э-ийг хайж манайд согтуу орж ирээд манай ээжээс тамхи, архи нэхээд байхаар нь би босож ирээд чи шөнө орж ирээд настай хүнийг унтуулахгүй яагаад байгаа юм гараад явсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 55-56 /,
Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ шөнө 03 цаг 15 минутын үед Э нь манайд орж ирсэн. Тэгээд би 108 дуудмаар байна гээд утас аваад залгаж байгаад манайд унтсан. Тухайн үед архи уусан бололтой нэлээн согтуу байсан. Тэр үед орж ирэхдээ Э-ийн нэг нүд нь хөхөрсөн амны хэсэгт жоохон цус болсон байсан. Тэгээд манайд хоноод өглөө намайг 08 цаг гээд сэрэхэд гараад явсан байсан. Шөнө бол манай нөхөр намайг цохисон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 21/,
Гэрч Э.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08 цаг 20 минутын үед хаалга хүн нүдээд байхаар нь гарсан чинь Эрдэнэчимэг байсан. Тэгээд манай нөхөр надад агсам тавиад намайг зодчихлоо гэхээр нь хэзээ зодсон талаар нь асуухад. Урьд шөнө зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би манайд ирж мэдэгдэхгүй яасан юм гэж хэлсэн чинь Э нь шөнө ирээд танай хаалгыг татсан цоожтой байхаар танай хажуугийн А гэх айлд орж хоночхоод ирлээ гэж хэлсэн. Тэгээд гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл бичээд та эмнэлэгт үзүүлээд тодорхойлолт аваад ир гэж хэлээд явуулсан. Тэгээд би 09 цаг 20 минутын үед гэрт нь очсон Э-ийн нөхөр Б нь гэртээ дөрвөн хүүхэдтэйгээ унтаж байсан. Тэгээд Б-г цагдаагийн хэсгийн байранд дагуулж ирсэн. Тэгэхэд Б нь архи уусан бололтой байхаар нь согтолтын зэргийг нь шалгахад 1,88 хувь гарахаар нь харьж амраад архиа гаргаад хүрээд ир гээд явуулсан. Энэ үед эхнэр нь эмнэлэгт үзүүлээд ирсэн байсан. Мөн Э-г согтуурал шалгах багажаар шалгахад 0,00 хувь буюу эрүүл байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч Э нь Э-ээс юу болсон талаар нь асуугаад байсан. Урьд шөнө манай нөхөр, А ах эхнэртэйгээ бид дөрөв архи уусан. Тэгээд А гэх хүний эхнэртэй муудалцсан гэж байсан. Тэгээд А нь эхнэртэйгээ явах болоход Э нь А-ийн эхнэртэй муудалцаад хашаанаасаа гарсан чинь манай нөхөр намайг хашааны үүднээс гэр рүү чирч ороод зодсон гэж ярьсан. Э нь өглөө ирэхэд зүүн нүд нь хөхөрсөн, амны хэсгээс цус гарсан байдалтай байсан. Би нүдээ яасан талаар асуухад манай нөхөр намайг урд шөнө цохисон гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 38-39/,
Гэрч Ж.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 31-ний өглөө эрт Г.Э нь цагдаагийн хэсгийн байран дээр өөрийн биеэр хүнд зодуулсан байдалтай ирсэн. Юу болсон талаар асуухад манай нөхөр Б /П/ намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь эмнэлэгт үзүүлээд тодорхойлолтоо хийлгээд аваад ирээ танай нөхөр П /Б/ хаана байгаа юм бэ гэж асуухад гэртээ байгаа би урд шөнө П-д зодуулчхаад таны дугаар луу Ч эгчийн дугаараар залгасан та утсаа аваагүй тэгээд би А-ийнд орж унтчихаад ирлээ гэж хэлсэн тэгээд би цагдаа Н-ийг явуулж Б /П-г/ гэрээс нь авчирч согтуурал шалгах багаж үлээлгэн согтуурлын зэргийг шалгахад 1.88 %-тай байсан. Тэгээд удалгүй Г.Э эмнэлэгт үзүүлчихлээ гээд тодорхойлолт барьчихсан орж ирсэн. Манай цагдаа Н аюулын зэргийн үнэлгээ хийсэн. Тухай үед би Г.Э-ээс хэнд ингэж зодуулсан талаар асуухад П /Б/ ингэж зодлоо өмнө нь ахтайгаа нийлж зодсон энэ удаад би зүгээр өнгөрөөж чадахгүй гэж ярьсан. Юунаас болж танай нөхөр чамайг зодсон юм гэж асуухад намайг Б-тэй хардаж зодсон гэж ярьсан. Зүүн нүд нь хөхөрч хавдсан гарын шууны ар зулгарсан байсан. Г.Э надад хэлэхдээ П намайг зодож, янхан гэж хэл амаар доромжилж чирсэн гэж ярьсан. Б.Б нь та энийг нэг удаа аргалчхаач гээд байсан. Тэгээд согтуу байсан болохоор тухайн болсон зүйлийн талаар асуугаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 43-44/,
Гэрч Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өглөө намайг ажилдаа ирэхэд ажлын өрөөний үүдэн дээр Э нь сууж байсан. Тэгээд цагдаа эмнэлэгт үзүүлээд ир гэсэн гээд хүнд зодуулсан байдалтай байхаар нь чи хэнд зодуулсан юм гэхэд би нөхөртөө зодуулсан гэж хэлсэн. Тэр үед Э-ийн зүүн нүд нь хавдаж цус хуралт үүссэн, амны доод уруул хэсэгт жижиг язарч цус гарсан, үүдэн шүд нь хөндүүрлэн эмзэглэлтэй, гарын шуу хэсэг зулгарсан шархтай ирж үзүүлээд тодорхойлолт хийлгээд явсан. Э нь манай нөхөр Б нь намайг зодсон гэж хэлж байсан. Би тэр үед Э-г үзэхэд хоёр шүд их хөндүүр эмзэглэлтэй оргиод байна гэхээр нь тухайн тодорхойлолтод тэгж бичсэн...” гэсэн мэдүүлэг /хх 127-128/,
Гэрч О.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өглөө 09 цаг өнгөрч байхад Э нь Д эмчид үзүүлээд надаар нүд хэсэгтээ цэвэрлэгээ хийлгэсэн. Э-ийн зүүн талын нүд нь цус хурж хавдсан байсан. Мөн уруул хэсэг нь бага зэрэг хавдсан байсан. Тэр үед Э нь манай нөхөр намайг цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 130-131/,
Гэрч В.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 31-ний шөнө 03 цаг өнгөрч байхад Э нь манайд уйлсан байдалтай орж ирсэн. Тэгээд манай охин Б-ийг энэ нүдийг хараадах аа гээд байсан. Тэгж байгаад удалгүй гараад явсан. Тэгээд унтаж байтал үүрээр шахуу Б нь хаалга нүдээд байхаар нь би хаалгаа онгойлгож өгтөл Б нь эхнэрээ сураад байсан. Мөн надаас архи байна уу гээд байсан. Тэгээд манай охинтой жоохон маргалдаж байгаад гараад явсан. Тэр үед Э нь манай нөхөр П намайг зодчихлоо энэ нүдийг хараадах гээд манай охинтой яриад байсан. Тэгэхээр нь би та нар дөрвөн сайхан хүүхэдтэй байж хүүхдүүдээ бодохгүй архи ууж ингэж байхаар яадаг юм гэж хэлсэн. Тэр үед Э нь нүд рүүгээ цохиулсан бололтой харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх 134-135/,
Гэрч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн “...Тэгээд бид нар хоорондоо юм ярих зуураа нөгөө 2 архийг уусан. Тэгтэл Б нь эхнэртэйгээ маргалдаад эхэлсэн. Тэгэхэд Б нь энэ жингэр архи уухаараа дандаа ингээд байдаг юм энэ хүүрийг алаад хаячихъя гээд дайраад байсан. Мөн тэрнээс хойш Б нь эхнэрээ цохих гэж 2-3 удаа босож ирээд дайраад байсан. Тэгээд нөхөр бид хоёр гэрээс гараад явсан. Тэгсэн Э нь манай машинд орж суугаад байхаар нь би гэрт нь оруулж өгөөд нөхөр бид 2 тэндээс явсан. ...Тэр үед Б нь эхнэрээ нэг удаа гараа цохисон. Мөн эхнэрээ цохих гэж байгаад манай нөхрийг гараараа нэг удаа цохисон. Өөр бол тэнд бие биеэ цохисон зүйл болоогүй. Нөхөр бид хоёрыг гарснаас хойш юу болсон талаар бол мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 28-29/,
Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр сумын төв орж ирээд өвс ачиж байтал Б-той таарсан. Тэгээд орой нь Б-ийн ойрхон зогсож байтал манайд орж цай уу гэсэн. Тэгээд би эхнэр Д-ын хамт орсон. Тэгсэн тал шил архи гаргахаар нь би тал архи яах юм гээд дэлгүүрээс 0,5л Хараа архи авсан. Тэгээд тэрийг ууж дуусаж байтал Б нь нэг 0,5л ногоон Экс архи авсан. Тэгээд бид дөрөв нөгөө архиа ууж дуустал Б эхнэртэйгээ маргалдаад эхэлсэн. Тэгсэн эхнэр нь удалгүй агсам тавиад байсан. Тэгэхэд Б нь энэ хүүр архи уухаараа дандаа ингээд байдаг юм гээд байсан. Тэгээд би явах гээд босоод зогсож байтал Б нь эхнэрээ цохих гээд заамдаад дайрсан чинь эхнэр нь зугтаад миний араар ортол Б-ийн гар миний амны хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд харсан чинь Э-ийн амны хэсгээс цус гарсан харагдсан. Мөн тэрнээс хойш Б нь эхнэрээ цохих гэж 2-3 удаа босож ирээд байсан. Тэгээд эхнэр бид хоёр гэрээс гараад би машинаа асаах гээд тос нэмж байтал Э нь миний машинд орж суугаад байхаар нь манай эхнэр гэрт нь оруулж өгсөн. Тэгээд бид хоёр тэндээс гэртээ очоод амарсан. Гэрт очиход шөнийн 03 цаг болж байхаа. ...Тэр үед Б нь эхнэрээ нэг удаа гараа цохисон байх ямар ч байсан эхнэрийнх нь амнаас цус гарсан байсан. Өөр бол тэнд бие биеэ цохисон зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх 33, 35-36/,
Шинжээч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед шинжлүүлэгч Г.Э нь ямар нэгэн шүдний талаар зовиур шаналгаа хэлээгүй ба үзлэгээр шүдний сулрал ирлээгүй. Шинжлүүлэгч Г.Э-ээс тухайн тодорхойлолтод тусгагдсан дээд эрүүний 2 шүд хөдөлсөн талаар асуухад ямар хөдөлсөн болон өвдөж байгаа зүйл байхгүй гэж хариулсан учраас дүгнэлтэд тусгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 45-46/,
.......... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ............. дугаартай “...Г.Э-ийн эрүүл мэндэд хохирол учирсан байна. Зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, доод уруул, зүүн шуунд зулгаралт, баруун шуунд цус хуралт хохирол тогтоогдлоо. Учирсан хохирол нь хатуу мохоо зүйлийн 2-4 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой хохирол байна. Тус хохирлууд нь цаг хугацааны хувьд хэрэг үйлдэгдсэн хугацаатай тохирч байна. Учирсан хохирлууд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Г.Э-ийн эрүүл мэндэд учирсан зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал хохирол нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1.-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, бусад хохирлууд нь дан дангаараа болон нийлээд эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3.-д зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх 60-61/,
Иргэний согтуурал шалгасан магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 65-68/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/ зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
1.2. Шүүгдэгч Б.Б.ийн: “...Би эхнэрээ зодоогүй. Маргааш өглөө цагдаад очоод эхнэрийгээ хүнд зодуулсан байхыг харсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
1.3. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ...эрхтэй...” гэж заасан байх тул насанд хүрээгүй гэрч Б.Д, Б.А нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
1.4. Хэдийгээр хохирогч Г.Э нь шүүх хуралдаанд “...Манай нөхөр намайг зодоогүй. Хэнд зодсон болохыг санахгүй, мэдэхгүй байна. Тухайн үед уур хүрээд шокын байдалтай байсан болохоор юу болсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг нь түүний 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн өглөө эрүүл болсны дараа цагдаад “...Манай нөхөр П намайг зодсон. Энэ удаад зүгээр өнгөрөөхгүй...” гэж гаргасан гомдол, мэдээлэл болон эмнэлэгт үзүүлэхдээ эмч болон сувилагчийн асуумжид “...Манай нөхөр намайг зодсон...” гэж хариулсан үйл баримтуудаар үгүйсгэгдэж байна.
2. Шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
3. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Б.Б-ийн хохирогч Г.Э-ийн биед халдаж зодсон үйлдэл хохирогчийн биед учирсан зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, доод уруул, зүүн шуунд зулгаралт, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна
Иймд шүүгдэгч Б.Б-ийн хохирогч Г.Э-ийн биед халдаж зодсоны улмаас түүнд зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч Г.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч Г.Э нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Б нь энэ тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
5. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
6.1. Гэрч Т.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд ирсний зардал гаргуулахаар нэхэмжилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд ...гэрч, ...төлөх зардал бүрдэнэ” гэж заасан байх тул гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дуудагдан ирж мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд ирсэн тээврийн зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарч байна.
Гэвч гэрч Т.Б нь тээврийн зардалд төлсөн гэх дансны хуулбарыг ирүүлсэн байх боловч холбогдох баримтыг ирүүлээгүй байх тул шүүх хэлэлцэхгүйгээр орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Б.Б-д холбогдуулан нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
6.2. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ тогтоолоор гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD /сиди/-ийг хэрэгт хавсаргаж үлдээж, хохирогчийн хэрэгт гаргаж өгсөн фодволкны уранхайн тасархайг устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Гэрч Б.Б-ийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тээврийн зардал гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр орхиж нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Б-д холбогдуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD /сиди/-ийг хэрэгт хавсаргаж үлдээж, хохирогчийн хэрэгт гаргаж өгсөн фодволкны уранхайн тасархайг устгасугай.
8. Шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ