Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 201/МА2019/00017

 

Д.А-ийн нэхэмжлэлтэй,

Б.Т-д холбогдох хэргийн талаар

 

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 29-ний өдрийн 138/ШШ2019/00424 дүгээр шийдвэртэй Д.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Т-д холбогдох дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэг болох 149 030 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгч Д.А, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т бид хоёр 2018 оны 07 сарын 30-нд гэрлэлтээ цуцлуулсан. 2 хүүхэд маань миний асрамжид үлдсэн. Гэрлэлт цуцлах асуудал шийдүүлэх үед гэр бүлийн дундын хөрөнгийн зохих хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч зарим хэсгийг шийдэж, зарим хэсгийг үнэлгээ хийгдээгүй, нэхэмжлэгчийн үнэлгээг зөвшөөрөхгүй, мөн хөрөнгө нь бодит байдлаар байгаа эсэх нь тодорхойгүй, дансанд буй хадгаламжийг хэн хэрхэн зарцуулсныг шүүх тодорхойлох боломжгүй гэх үндэслэлээр хэлэлцэхгүй орхисон юм. Эд хөрөнгөнөөс би өөрийн инжинд ирсэн үнээ тугал нийт 13 толгой үхрээс бусад юм юу ч аваагүй. Шүүхийн шийдвэрээр 16,0 сая төгрөгийн үнэтэй 2 давхар сумын төвд байдаг байшин, ШТС-ын эзэмших эрхийн газар зэргийг надад өгөхөөр болсон. Иймд би өөрт болон хүүхдүүддээ ногдох хөрөнгийг нэр заан нэхэмжилж авах хүсэлтэй байна. Үүнд:

1.  Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах ... тоотын 2 өрөө байр буюу 33,150,000 төгрөгөөр авсан /Б.Тийн нэр дээр/,

2.  Өмчлөлийн газар: сумын төвийн 5000 м2 газрыг авч хүүгийнхээ нэр дээр шилжүүлэх /4 сая төгрөг/,

3.  Харилцах хадгаламж Хас банкин дахь 10 сая төгрөгийн 7 500 000 төгрөгийг,

4.  Малнаас: Адуу 75, үхэр 22, хонь 249, ямаа 90 толгой, нийт 436 толгой мал авахыг хүсч нэхэмжилж байгаа. Мал бол 2014 оны жилийн эцсийн тоогоор байгаа бөгөөд өдий хүртэл 3 жил гаран хугацаанд нэмэгдсэн, өссөн, нас ахисан, дахин төллөсөн төлийг оруулаагүй.

5.  Нарны зай 200 000 төгрөг, тогоо зурагт 130 000 төгрөг, антень 90 000 төгрөг гэж үнэлж байна. 2 хүүхэд минь үзэх харах юмтай байх нь зөв байх.

Эдгээр эд хөрөнгийг нэхэж байна. Энэ 4 жилийн хугацаанд машин тэрэг, хашаа саравч зэргийг Б.Т л эвдэж зарж, үрж засаж өөрчилсөн. Тиймээс хамт амьдарч байсан үед байсан хөрөнгийг хуваах нь зүйтэй. Тэр хүн ганцаараа ашиглаад зарцуулаад бусдыгаа хохироох ёсгүй гэж үзсэн болно. Иймд нийт дээрх жагсаасан 5 нэр төрлийн хөрөнгө мал нийлээд 107 055 000 төгрөгөөр үнэлж байгаа болно. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

Би зарим зүйлийг нэхэмжилсэн ч 2015, 2016, 2017, 2018, 2019 оны төл малуудыг огт тооцоогүй явсан. Ногдох эд хөрөнгөнд төл мал орох ёстой. Иймд төлүүдийг тооцож нэхэмжиллээ. Би 2015-2018 онд гарсан нийт 843 төл малын гуравны хоёр болох 562 толгой мал адууны төл 53х220 000=11 600 000, үхрийн төл 26х 225 000=5 850 000, хонины төл 363х 55 000=19 965 000, ямааны төл 120х  =4 200 000, бүгд 562 буюу 41 675 000 төгрөг, сүүний машин өсгөгчтэй нь 300 000 төгрөг, нийт 41 975 000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Төл малын хувьд 2015-2018 онд гарсан 843 төл малыг тооцож нэхэмжлэхдээ өөрийгөө оруулахгүй хасч, зөвхөн 2 хүүхдэдээ ногдох хэсэг болох 562 төлийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.А нь өмнө нь гэрлэлт цуцлуулах тухай маргаан гаргахад дундын өмчлөлийн талаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч нотлох баримтаа бүрдүүлээгүй учир шүүхээс хэлэлцэлгүй орхисон. Надаас нэхэмжилж буй дараах эд хөрөнгийн талаар тайлбар гаргая.

1.  Хэрлэн сумын 6 дугаар багийн ... тоотын 2 өрөө орон сууц. Энэ орон сууц манай байр мөн. Өмнөх шүүхийн шийдвэр гарахад миний зүгээс өөрийн хөлс хүчээрээ бий болгосон орон сууцаа би өгөхгүй.  Харин хүүхдүүд сумандаа сургуульд сурч байгаа тул сумын төвд шинээр барьж босгосон 100 мкв 2 давхар орон сууцаа өгье гэж хэлээд уг орон сууцыг шүүхийн шийдвэрээр Д.А-д олгосон. Харин орон сууцандаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аваагүй байсан талаар шүүхэд тайлбарлаад уг гэрчилгээг Д.А хөөцөлдөн авахад саад учруулахгүй аль болох дэмжиж тусална гэж хэлж байсан. Нэг орон сууцнаас ногдох хөрөнгө гээд өгсөн байх тул энэ орон сууцыг би өөртөө үлдээлгэх саналтай байна.

2.  Баян-Уул сумын төвийн 5000 мкв өмчлөлийн газар гэжээ. Хаана байгаа ямар газар хэлээд байгаа нь тодорхойгүй байна. Өмнөх нэхэмжлэл дээрх газар бол энэ газар нь миний нэр дээр байх газар боловч манай аав Балжинням үл хөдлөх хөрөнгө барьсан /2008 онд/ тэндээ амьдарч байгаа. Өмнөх шүүх хурал дээр сумын төвд байх 2 давхар орон сууцны доод хэсгийн газрыг Д.А-гийн нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлж ойлголцсон.

3.  Хас банк дахь харилцах данснаас 10 000 000 төгрөгөөс 7 500 000 төгрөгийг авна гэжээ. Энэ харилцах дансны мөнгийг бид сумын төвд 2 давхар орон сууцаа барьж босгохдоо зарцуулсан. Хамгийн сүүлд сая орчим төгрөг байсныг Д.А өөрөө зарлагадаад авсан байсан. Урд хамт амьдарч байхдаа хамтын данснаасаа хамтдаа мөнгөө авдаг байсан, Д.А ч өөрөө зарлага хийж байсан. Энэ дансанд байсан мөнгө гэрлэлт цуцлуулахаас өмнө гэр бүлийн дундын өмчийн хэрэглээнд зарцуулагдан бүх мөнгө нь дууссан учраас нэхэмжилж буй мөнгийг би төлөх ёсгүй гэж үзэж байна.

4.  Адуу 75, үхэр 22, хонь 249, ямаа 90 толгой, бүгд /мөнгөн дүнгээр 61,985,000/ 436 толгой мал авахыг хүсчээ. 2013 онд бид 2 тийш болсноос хойш эргэж нийлээгүй. Түүний дараа Д.А-д өөрийнх нь инжинд өгсөн мал болон өөрт ногдох мал гээд 20 гаруй үхэр, хонь ямаа нийлээд 200 гаруй толгойг өгсөн. Хүүхдүүддээ ногдох мал байгааг би өөрөө малчин хүн учраас маллаж өсгөөд нас биед хүрэхэд өгнө гэдгээ Д.А-д хэлсэн. Хүүхдүүддээ хэлсэн. Өмнөх шүүх хурал дээр хэлж байсан. Д.А мал малладаггүй. Ногдох хөрөнгөө аваад дахин дахин нэхээд байгаад гайхаж байна.

5.  Нарны зай, зурагтын тогоо, антень зэрэг эд хөрөнгийг 410,000 төгрөгөнд тооцож нэхсэн байна. Эдгээр эд хөрөнгө нь бидний хамт амьдарч байхдаа аваад хэрэглэж байсан ба цаг хугацааны уртад эд хөрөнгө маань элэгдэлд ороод ажиллахаа больж устсан. Дээрх авсан зүйлүүд бүгд байхгүй болсон. Ийм учраас эд хөрөнгийг би хариуцахгүй байх.

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 30-ны өдрийн 659 дугаартай шийдвэрээр Д.А-д гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс Дорнод аймгийн ... сумын 5-р багт байрлах 6:8 харьцаатай 2 давхар хувийн орон сууцыг Д.А-гийн эзэмшилж үлдээж, уг хувийн сууц байрлах газрын эзэмших эрх, тус багт байрлах Шатахуун түгээх станц, газрын эзэмших эрхүүдийг тус тус Д.А-гийн нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүгээрээ Д.А-д гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс тодорхой хэмжээний ногдох эд хөрөнгийг өгсөн болно. Иймд миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гарсан төл тэр оны мал тооллогоор бүртгэгдэн нас нэмж тоонд ордог болохоор давхардуулан нэхэмжилж байна. 2014 оноос гэр бүлийн харилцаагүй, гэр аж ахуй, мал аж ахуйд Д.А нь огт оролцож байгаагүй. Би ганцаар хөдөө хөхөрч, гадаа гандаж явсан. Хүүхдүүддээ өгөх малыг өөрөө маллаж байгаад өөрсдөд нь өгнө. Д.А анх 2 тугалтай үнээтэй ирсэн бөгөөд салаад явахад нь 17, 18-н тооны үхэр болгож өгсөн, одоо мал өгөхгүй. Инжний малыг нь өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 29-ний өдрийн 138/ШШ2019/00424 дугаар шийдвэрээр:

 

Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 126.2.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох малаас азарга 1, бүдүүн морь эр 6, бүдүүн морь эм 11, шүдлэн морь эр 1, шүдлэн морь эм 3, даага 4, унага 9, бух 1, бүдүүн үхэр эм 5, шүдлэн үхэр 1, бяруу 4, тугал 4, хуц 2, бүдүүн хонь эр 2, бүдүүн хонь эм 70, төлөг 17, хурга 60, ухна 2, бүдүүн ямаа эр 2, бүдүүн ямаа эм 25, шүдлэн ямаа 12, ишиг 17, нийт 47 615 000 төгрөгийн үнэлгээ бүхий 259 тооны малыг нэхэмжлэгч Д.А-д олгож,

-азарга 2, бүдүүн морь эр 7, бүдүүн морь эм 12, шүдлэн морь эр 2, шүдлэн морь эм 3, даага 5, унага 9, бух 1, бүдүүн үхэр эм 5, шүдлэн үхэр 1, бяруу 4, тугал 4, хуц 3, бүдүүн хонь эр 2, бүдүүн хонь эм 70, төлөг 18, хурга 60, ухна 2, бүдүүн ямаа эр 3, бүдүүн ямаа эм 25, шүдлэн ямаа 13, ишиг 18, нийт 51 540 000 төгрөгийн үнэлгээ бүхий 269 тооны малыг хариуцагч Б.Т-д үлдээж, гэр бүлийн 1 гишүүнд ногдох малын үнэлгээнээс давсан үнийн зөрүү нийт 1 962 500 /нэг сая есөн зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг хариуцагч Б.Т-ээс гаргуулж нэхэмжлэгч Д.А-д олгож,

-44 960 989 төгрөгийн үнэлгээ бүхий Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ... тоот 51 м2 хоёр өрөө орон сууц, 7 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий ... сумын 5 дугаар багт байрлах 5000 м2 бүхий өмчлөлийн газрыг хариуцагч Б.Т-д биет байдлаар үлдээж, дээрх хөрөнгүүдийн үнээс 22 970 742 /хорин хоёр сая есөн зуун далан мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөгийг хариуцагч Б.Т-ээс гаргуулж нэхэмжлэгч Д.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 62 302 500 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.А-гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1 061 050 /нэг сая жаран нэгэн мянга тавь/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид 520 691 /таван зуун хорин мянга зургаан зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгож, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 138/ШЗ2018/02728 дугаар Эд хөрөнгөнд хязгаарлалт хийх тухай захирамжийг хүчингүй болгож, ... шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.А, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар 2019 оны 06 сарын 19-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна.

... тоотын 2 өрөө байрыг анх 28 050 000 төгрөгөөр авч үнэлгээг нэмэгдүүлээд 33 150 000 төгрөгөөр нэхэмжилсэн ба Вендо-оор үнэлгээ хийлгүүлээд 44 960 989 төгрөгөөр үнэлүүлсэн. Үнэлгээний төлбөр 89 900 төгрөгийг би төлсөн байтал энэ зардлыг ч хуваасангүй. Би хүүхдүүдийнхээ одоо ирээдүйд сурч боловсрох, хөгжих тэмүүллийг нь харгалзан байрыг биет байдлаар авахыг хүсэж нэхэмжлэл гаргасан байтал шүүхээс мөнгөн дүнгээр үнэлж ногдох хэсгийг олгосныг зөвшөөрөхгүй байна. Тус шүүхийн 2018 оны 659 дүгээр шийдвэрийн 16 сая төгрөгөөр үнэлэгдсэн байрыг оролцуулсан хирнээ өвөлжөөний газар дээрх байшин, 3 машин, өөр бусад эд хөрөнгө зэргийг огт тооцоогүй нь өрөөсгөл байна.

Өвөлжөөний газар хүү Б.Т бид гурвын өмч бөгөөд хүүдээ газрыг үлдээхийг хүссэн боловч шүүх Б.Т-д үлдээсэнд маргахгүй.

2014 онд биднийг тусдаа амьдрахад Хас банкны хадгаламжид 12,0 сая төгрөг байсан нь банкны хуулгаар нотлогддог. Байшин бариад үлдсэн 10,0 сая төгрөгийн 3 хүнд ногдох хэсэг болох 7 500 000 төгрөгийг би нэхсэн бөгөөд шүүхийн шийдвэр гарах хүртэл бидний хамтын амьдрал үргэлжилсэн гээд Б.Тийг ганцаараа зарцуулсаныг зөв гэж шүүх үзсэнийг зөвшөөрөхгүй байна.

2014 оны хавраас намайг нуруу бөөр өвдөөд сумын төвд үзүүлэх гэж ирэхэд Б.Т надад уурлаад намайг хаяад хөдөө гэрлүүгээ явснаас хойш намайг доромжлон дарамталж, тэр чигээрээ зайл гээд хөөгөөд намайг малд ойртуулахгүй байсан. Энэ хооронд Балжмаа гэх эмэгтэйтэй холбоотой болж хүүхэдтэй болж  Хэнтий аймагт байр авч  өгөн тэндээ ирэн очин амьдарч байсан. Бидний гэр бүлийн асуудал 3 жилийн нүүр үзэж энэ хугацаанд бүх хөрөнгө, мал эд хогшил Б.Тийн мэдэлд үлдсэн. 2014 онд 909 толгой мал тоолуулсан нь А данснаас харагддаг. Тэгэхээр түүнээс хойш 2015-2018 онуудад мал өснө. Би анх нэхэмжлэл гаргахдаа бидний анх нийлэх үеийн тоолуулсан малыг хасч үлдэгдэл малаас хоёр хүүхэд болон өөрт ногдох хэсгийг нэхэж байсан. Гэтэл шүүх дундын хөрөнгийг дутуу тооцож зөвхөн өөрсдөдөө авахаар нэхсэн хэсгийг л хувааж шийдвэрлэсэн, тэрний цаана үлдсэн хөрөнгийн талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй орхисон.

Нэхэмжлэлээ нэмэгдүүлж төлийг малын ашиг шим гэдэг утгаар гуравны хоёрыг буюу 562 толгой төл малыг нэхсэн асуудалд шүүх дүгнэлт хийсэнгүй. Зөвхөн 2018 оны жилийн эцэст байсан малыг хуваасан нь хэт өрөөсгөл буруу болсон.

Иймд 65 дугаар байрны 22 тоотын 2 өрөө байрыг 2 хүүхэд бид гуравт үлдээх өөрчлөлт оруулах, хадгаламжийн мөнгөнөөс 7 500 000 төгрөг гаргуулж өгөх, малыг 2014 оны жилийн эцэст тоологдсон малаас 436 толгой  малыг /адуу 75, үхэр 22, хонь 249, ямаа 95 буюу 61 900 000 төгрөг/ , малын ашиг шим болох төлөөс гуравны хоёр болох 562 толгой төл /адууны төл 53х220 000=11 600 000, үхрийн төл 26x225 000=5 850 000, хонины төл 363x55 000=19 965 000, ямааны төл 120x35 000=4 200 000 нийт 41 675 000/ малыг нэхэж байна. Эд хөрөнгөнөөс сүүний машин өсгөгчтэй нь 300 000  төгрөг. Эдгээр зүйлийг шүүх тал бүрээс нь бодитойгоор үнэн зөв шийдвэрлэж бидэнд олгож өгнө үү” гэжээ. 

 

Хариуцагч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд маргаж буй асуудлыг зөв дүгнэсэн ба зарим нотлох баримтыг үнэлж тайлбарлахдаа хууль зөрчиж, хуулийг буруу хэрэглэж үнэлгээнд алдаа гаргасан гэж үзэж байна. Шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 126.2.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох малаас нийт 47 615 000 төгрөгийн үнэлгээ бүхий 259 толгой малыг нэхэмжлэгч Д.Ад олгож гэсэн хэсэгт гомдож байгаа ба энэ талаарх гомдлын үндэслэлийг дурдая.

Мал бол манай гэр бүлийн дундын эд хөрөнгөнд тооцогдож байгаа нь үнэн боловч гэр бүл болохоос өмнө бий болсон Б.Тийн хөрөнгийг шүүх дүгнэлт гаргаж шийдвэрлээгүй. Шүүх хариуцагчийг гэр бүл болохдоо нийлүүлсэн хөрөнгө байгаагаа нотолж чадаагүй учраас тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь хариуцагч талын шүүхэд өгсөн нотлох баримтыг анхаарч үзээгүй, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй учраас ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-ыг зөрчсөн байна. Бидний зүгээс 2001-2003 оны малын А данс болон төрийн байгууллагаас гаргуулан авсан тодорхойлолт зэргээр гэр бүл болохоос өмнө Б.Тийн нэр дээр ам бүл 1 гээд А дансаар 2002 онд адуу 23, үхэр 14, хонь 225, ямаа 39 бүгд 301 толгой малтай, 2003 онд адуу 43, үхэр 17, хонь 254, ямаа 70 бүгд 384 толгой малтай байсан болох нь нотлогдсон.   Нэхэмжлэгч Д.А нь өөрийн инжинд авчирсан 2 толгой тугалтай үнээгээ 13 толгой үхрээр буцааж авсан бөгөөд энэ тал дээр маргаагүй. Үүнээс үзвэл гэр бүл болохоос өмнө байсан хөрөнгө нь хуваарьт хөрөнгө бөгөөд гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгийг дундын өмч гэж үзээд хуваах үндэслэлтэй. Үүнийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д тодорхой заасан. Гэр бүлээ цуцлуулахад 2018 онд нийт 528 толгой малтай байсан болох нь нотлогдсон ба үүгээр гэр бүлийн хувьд ногдох хэсгийг тооцсон байдаг. Тэгэхээр үүнээс гэр бүл болохоос өмнө байсан хөрөнгийг гэр бүл болсон хөрөнгөнөөс хасаж тооцох боломжтой. Иймд давж заалдах шатны шүүх гэрлэхээс өмнө олж авсан хөрөнгийг хуваалгах хүсэлгүй байгаа үндэслэлийг анхааран үзэж дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс хувьд ногдох хөрөнгийг хуваарилахдаа залруулж өгнө үү.  Дээрх гэр бүл болохоос өмнө бий болсон хөрөнгө одоо ч өсөж үржсээр байгаа ба үүнийг гэрлэлт цуцлах үеийн хөрөнгийн нотлогдсон баримтад үндэслэн хасаж үлдсэн малыг гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөд тооцон хуваарилж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

Шүүхээс Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх заалтыг гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс хувьд ногдох хэсгийг хуваахдаа баримталсныг шүүгчийн эрх хэмжээний асуудал мөн гэж үзэж байгаа тул маргах зүйлгүй.   

Шүүх 5000 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газрын үнийг тооцохдоо техникийн шинжтэй алдаа гаргасан тул давж заалдах шатны шүүх залруулах боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 1 мкв 1400 төгрөг гэвэл 5000 мкв нь 7 000 000 төгрөг болох бөгөөд хэрэв 1200 төгрөгөөр тооцох юм бол үнэ багасахаар харагдаж байна. Гэр бүлийн өмчлөлийн газар, орон сууцыг шийдвэрлэхдээ шүүх өмнө нь хөрөнгө оногдсон байдал зэргийг харгалзан үзэж хуваариласан нь зөв гэж үзэж байна” гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Б.Т-ээс “гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэгт болох 107 055 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 41 975 000 төгрөгийн үнэ бүхий 2015-2018 онд гарсан төл мал болон сүүний машин /өсгөгчтэй/ зэрэг эд хөрөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэр бүл байсан үеийн дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагатай нийцсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 30-ны өдрийн 138/ШШ2018/00659 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Д.А, хариуцагч Б.Т нар нь гэрлэлтээ цуцлуулж, 2003 оны 07 сарын 29-ний өдөр төрсөн хүү Т.Х, 2006 оны 09 сарын 20-ны өдөр төрсөн охин Т.Б нарыг эх Д.А-гийн асрамжинд үлдээж, хүүхдүүдийг насанд хүртэл эцэг Б.Тээр тэжээн тэтгүүлэх, Дорнод аймгийн ... сумын 5 дугаар багт байрлах 6х8 харьцаатай 2 давхар хувийн сууцыг Д.А-гийн өмчлөлд үлдээж, уг хувийн сууц байгаа газрын эзэмших эрх, мөн тус багт байрлах Шатахуун түгээх станцын газрын эзэмших эрхийг Д.А-гийн нэр дээр шилжүүлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 103 055 000 төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг гаргуулах тухай хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 13-17 дахь талууд/

Нэхэмжлэгч Д.А нь “аймгийн төвийн 2 өрөө орон сууцыг өөртөө болон хүүхдүүддээ биет байдлаар авна, Хас банкны хадгаламжинд байсан 10,0 сая төгрөгөөс 7 500 000 төгрөгийг авна, малыг 2014 оны байдлаар хувааж авна, малын 5 жилийн төл малыг авна, шүүх дундын хөрөнгийг дутуу тооцож, зөвхөн өөрсдөдөө авахаар нэхсэн хэсгийг хувааж, үлдсэн хөрөнгийн талаар ямар нэг дүгнэлт хийхгүй орхисон” гэсэн давж заалдах гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Б.Т-тэй хамт амьдарч байх үеийн гэр бүлийн дундын эд хөрөнгө гэх 16 нэр төрлийн эд хөрөнгийг нэхэмжлэлдээ жагсааж бичсэнээс “5 нэр төрлийн эд хөрөнгийг өөртөө болон 2 хүүхэддээ авна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн зохигчдын гэрлэлт цуцлуулсан шүүхийн шийдвэр гарсан  /2018 оны 07 сарын 30-ны байдлаар/ үед байсан гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс /малаас/ гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг хуваарилсан, өмнөх 659 дугаар шийдвэрээр ... сумын төв байгаа 2 давхар сууцыг нэхэмжлэгч Д.А-гийн өмчлөлд үлдээж шийдвэрлэснийг харгалзан Хэрлэн сумын 6 дугаар баг, ... өрөө орон сууцыг хариуцагчийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч болон хүүхдүүдэд оногдох хэсгийн үнийг тооцож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5-д “ гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөөр шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал”-ыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байхаар зохицуулсан байх тул хариуцагчийн гэрлэхээс өмнө байсан эд хөрөнгийг / малыг/ гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзнэ.

 

Иймд зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул тэдний гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 939 630 төгрөгийг, хариуцагч талаас төлсөн 396 025 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 29-ний өдрийн 2019/ШШ2019/00424 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.А, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 939 630 төгрөгийг,  хариуцагч талаас төлсөн 396025 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл  зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

      

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

                  ШҮҮГЧИД                                                               Ж.ДОЛГОРМАА

                                                                                  З.ЭНХЦЭЦЭГ