Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2023/00600

 

 

2000 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2023/00000 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...,

Хариуцагч: ....

Нэхэмжлэлийн шаардлага: ажил олгогчид учруулсан хохирол 1,778,800 /нэг сая долоон зуун далан найман мянга найман зуун/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч М....,

Нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.... шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие ... гэх гоо сайхны салон ажиллуулдаг бөгөөд хариуцагч 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр манайд гоо сайханчаар ажиллахаар 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ хийж ажилд орсон. Энэхүү гэрээнд хариуцагчид гоо сайханчийн мэргэжлийг үнэгүй эзэмшүүлж, манайд ажиллах ба хэрвээ үнэгүй эзэмшээд 1 жил ажиллаагүй тохиолдолд сургасан төлбөрийг 100 хувь төлнө гэсэн нөхцөлтэйгөөр харилцан гарын үсэг зурсан. Гэвч хариуцагч 1 жил хүрээгүй буюу 6 сарын дараа манайд ажиллахгүй, гадаад явахаар болсон гээд ажлаас гарсан тул гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн мэргэжил олгосон төлбөр 1,000,000 төгрөг, нийт 6 удаагийн цалинтай амралтын 270,000 төгрөг, курсээр үйлчилгээ үзүүлж байсан хүмүүсийн төлбөрийг эргүүлэн авч байсан 508,800 төгрөг гээд нийт 1,778,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Б.... ажлаас гарахдаа ажлын байраа хүлээлцээгүй явсан. Үүнээс хойш холбогдох гэж олон удаа оролдоод чадаагүй. Орных нь хүнийг олоод энэ тухай түүнд хэлэхэд бүх юмаа аваад явсан. Харин төлбөр тооцоо хийгээгүй, хариуцуулсан тоног төхөөрөмж хүлээлгэж өгөөгүй. Хөдөлмөрийн гэрээг ... ХХК хийсэн бөгөөд би энэ компанийн захирал учир нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна...гэж тайлбарлав.

2.Хариуцагч Б.... нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр гардан авч, шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа бичгээр гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

3.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлохоор: Төлбөрийн тооцоо бүхий гар бичмэл баримтын эх хувь /хх-3/, ... ХХК, Б.... нарын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний эх хувь /хх-4-6/, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Нууцын баталгаа /хх-6 арын нүүр/, Б....гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-7/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх М....ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Б....г гоо сайханчаар сургаж, Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан боловч хариуцагч хөдөлмөрийн гэрээг зөрчиж, тохиролцсон хугацаанаас өмнө ажлаас гарсан учир түүнд мэргэжил олгосон сургалтын зардал 1,000,000 төгрөг, цалинтай амралтын олговор 270,000 төгрөг, курсын үйлчилгээний орлого 508,800 төгрөг, нийт 1,778,800 төгрөгийг шаардана гэж тодорхойлсон.

3.Хариуцагч Б.... нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр гардан авч, шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа бичгээр гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

4.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж дүгнэвэл хариуцагч Б.... нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ... ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулан, тус компанид 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл томилогдон ажиллаж, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тус компанийн ... гоо сайхны салоны бизнесийн ноу-хау, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа туурвисан оюуны бүтээл зэргийг өрсөлдөгч компанид аливаа хэлбэрээр худалдахгүй, шилжүүлэхгүй, хууль бусаар өөрийн нэр дээр бүртгүүлэхгүй зэрэг нууцын баталгаа гаргасан болох нь тогтоогдсон.

5.Дээрх Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч ... ХХК-ийн захирал М.... төлөөлөн Б....тай байгуулж, гэрээнд гарын үсэг зурж, компанийн тамга дарсан ба уг гэрээ Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1 дэх хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байна.

6.Хэдийгээр нэхэмжлэгч М.... нь ажил олгогч ... ХХК-ийн захирал мөн гэж тайлбарлах бөгөөд Хөдөлмөрийн гэрээнд тэрээр гарын үсэг зурж, хариуцагчтай уг гэрээг байгуулсан боловч тухайн гэрээний оролцогч нь иргэн М.... бус, харин ... ХХК байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М.... нь ... ХХК-ийн өмнөөс тус компанийн ажилтан Б....гаас төлбөр гаргуулахаар шаардах эрхгүй байна гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7.Шүүх М....ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 43,411 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б....гаас 1,778,800 төгрөг гаргуулах тухай М....ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 43,411 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА