Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/66

 

 

 

 

Н.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Мэндсүрэн,

Хохирогч Л.Отгонбат,

Хохирогчийн өмгөөлөгч С.Сувдмаа,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн хянан шийдвэрлэсэн, 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолтой Н.Бд холбогдох 1934003820420 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцэл, хохирогч Л.Отгонбат, түүний өмгөөлөгч С.Сувдмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч Н.Б нь Төв аймгийн Баянжаргалан сум Эрдэнэ 3 дугаар багийн нутагт 2019 оны 05 сарын 06-ны өдөр Л.Отгонбаттай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолоор: Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овгийн Намбудъяагийн Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934003820420 дугаартай хэргийг хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгон, гэм буруугүйд тооцож, Эрүүгийн 1934003820420 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгтээ 14 хоног цагдан хоригдсон болохыг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх Н.Бд холбогдох хэргийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд шийдвэр гаргахдаа хэргийн бодит байдалд зөв дүгнэлт хийж чадаагүй шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч Н.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Отгонбатын "...тэгээд би явах гээд мотоцикль дээрээ суугаад явах гэтэл Б гүйж ирээд миний нармайн дундуур нэг удаа гараараа цохисон тэгээд миний ам хамраас цус гарсан байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Батжаргалын "...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр аавынхаа эр, малыг нүүлгээд орой болсон учир Отгонбатын гэрийн ойролцоо хоноглохоор зогсож байхад Отгонбат мотоцикльтой ганцаараа ирээд алаад өгнө манай хаваржааны малын өвс идүүлчихлээ энд буулгахгүй гэхэд энүүгээр өнгөрөх нь миний асуудал газар орон гээд хэрэлдэж байсан Отгонбат ах аавыг та нар цусанд дуртай гэхэд аав уурлаад нүүр лүү нь цохиход аавыг заамдаж авахад дахиад цохь гээд дайраад байсан” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Бгийн гэрчээр өгсөн "...Отгонбатын хаваржааны хажууханд хоноглохоор байж байхад Отгонбат мотоцикльтой хүрч ирээд чи хаваржаан дээр мэдсээр байж хүрч ирээд буулаа гэхээр нь би хоноглочихоод маргааш нүүнэ орой болсон болохоор буух газраа очиж амжихгүй байна гэсэн тэгэхэд Отгонбат та муусайнуудыг алаад өгнөө гээд мотоцикльноос бууж ирсэн, тэгээд Отгонбат намайг танайхан цусанд дуртай улсдаа гэж хэлэхээр нь уур хүрээд шанаа руу нь гараараа цохисон гэх мэдүүлэг,

Гэрч Б.Батбаатарын "...Би тухайн үед хонио туугаад нүүгээд явж байсан маргаан эхлэх үед би байгаагүй 2 хонины талд явж байсан тэгсэн сувай хонины баруун хойд талаас мотоцикльтой хүн гарч ирээд ээжтэй уулзаж байсан, хоорондоо маргалдаад л байсан аав тухайн мотоциклийн хажууд Баяржавхлан гэх хүнтэй сууж байсан, аав уурлаад түрүүлж цохьсон,

Гэрч М.Баяржавхлангийн "...Би 2019 оны 05 дугаар сарын үед байх Төв аймаг Баянжаргалан сумын шинэ ус ард гэх газар хонио хариулаад явж байтал айл нүүж байсан тухайн нүүж байгаа айлд очиход Б гэх айлынх байсан ба төд удалгүй нутгийн иргэн Отгонбат гэх хүн ирсэн. Ирээд Б, Отгонбат хоёр мэнд усаа мэдээд Отгонбат нь Бдаа та жоохон цаагуур нүүхгүй яасан юм бэ? гээд хэлтэл Б ах Отгонбатад хандан энэ нутаг дэвсгэрээр явахад чам шиг пиздагаар заалгахгүй чам шиг бацааныг алаад өгье гэж хэлэхэд Отгонбат танайх цусанд дуртайдаа гэж хэлсэн тэгээд тэр хоёр хоорондоо барьцалдаж муудалцаж зодолдсон, тэр үед Отгонбат Б гэх хүнийг зодоочгүй, цохиочгүй би салгах гэтэл миний нуруу татчихаад салгаж дийлээгүй. Тэгээд хоорондоо зодолдож байгаад хэрэлдээд л салцгаасан... Б нь Отгонбатыг хоёр гараараа цохиж байгаа харагдсан. Харин ямар гэмтэл яаж учирсан талаар би мэдэхгүй дээ, харин Отгонбат ах сүүлд шүд хугарчихлаа гээд шүлсээ хаяж байсан..." гэсэн мэдүүлгүүд,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 306, 562, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 900 дугаартай дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар яллагдагч Н.Б нь Төв аймгийн Баянжаргалан сум Эрдэнэ 3 дугаар багийн нутагт 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Л.Отгонбаттай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/394 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2. дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч С.Сувдмаа давж заалдах гомдолдоо: “...Хохирогч анх цагдаагийн газарт өргөдөл гаргахдаа Б эхнэр хүүхдүүдтэйгээ нийлж бүлэглэн намайг зодсоноос болж миний хамар хавдан хөхөрч өвчин ихтэй, гэмтсэн... Эхнэр нь төмөр шанагаар араас толгойд цохисноос болж толгой тархи гэмтсэн. Эмчийн үзлэг хийсэн тодорхойлолтыг өргөдөлд хавсаргав гэж бичсэн байна.

Хохирогч Л.Отгонбат 2019.05.06-ны өдөр Бд зодуулсан гэж дуудлага өгсөн байдаг. Ингээд 2010.05.07-ны өдөр Баянжаргалан сумынхаа цагдаад өргөдөл өгөх гээд очиход ээлжийн амралттай байсан учир 2019.05.09-ний өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт өөрийн биеэр ирж өргөдлөө өгсөн. Энэ өдөр Цагдаагийн газраас шүүх эмнэлэгт биеэ үзүүлээд ир гээд явуулсан. Шүүх эмч түүнийг биед гадна үзлэг хийчихээд Төв аймгийн эмнэлэгт рентген зураг авахуулаад ир гээд явуулсан. Үдээс хойш 02 цагт Төв аймгийн эмнэлэгт очиж зураг авахуулах гэхэд 1 дэх өдөр хүртэл цаг байхгүй гэсэн тул эмчид хэлчихээд хөдөөнөөс унаатай ирсэн тул малруугаа яараад яваад өгсөн. Энэ өдөр нь 5 дахь өдөр байсан.

Үүнээс хойш 4-5 хоногийн дараа хэсгийн төлөөлөгч нь дуудаад Төв аймгийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 306 тоот дүгнэлтийг танилцуулсан. Ингээд 2019.05.14-ний өдөр хэсгийн төлөөлөгч Б.Сувд-Эрдэнэ хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай мөрдөгчийн саналыг прокурорт гаргасан байсан. Энэ дүгнэлттэй танилцаад Отгонбатын толгой, хамар өвчин орж өвдөөд байхаар нь 2019.05.17-нд Мөнгөнгүүр, 2019.06.05-ны өдөр Сонгодо зэрэг эмнэлгүүдэд шинжилгээ хийлгэж үзүүлсэн. Учир нь Отгонбатаас ямар нэгэн шинжилгээ зураг байхгүй байхад зөвхөн гадна үзлэгээр дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй талаараа прокурорт гомдол гаргасан. Прокуророос гомдол мэдээллийг шалгахдаа шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байх тул 2019.05.22-ны өдөр тогтоол гарч хэрэг бүртгэлийн хэргийг нээсэн. Прокурорын даалгаварт заасан ажиллагааг хийж гүйцэтгэхээр хэрэг бүртгэлийн хугацааг 2019.6.22-ноос 2019.07.22 хүртэл 1 сараар сунгасан. Хэсгийн төлөөлөгч Сувд-Эрдэнэ, мөн 2019.07.22-2019.09.22 хүртэл 2 сараар сунгасан, хэсгийн төлөөлөгч Г.Гантүшиг 2019.08.01-ний өдөр шинжээч томилсон. 2019.09.12-ны өдөр цагдаагийн дэслэгч Н.Нямбаяр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан Энэ хэрэгт хэсгийн төлөөлөгч Сувд-эрдэнэ, Г.Гантүшиг, мөрдөн байцаагч ахлах дэслэгч Н.Нямбаяр, ахлах дэслэгч Ч.Мөнхтүвшин нар мэдүүлэг авч олон хүний гар дамжиж хүмүүсийн амралтын цаг байсан учир маш их удааширсан.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн 562, 900 дугаартай дүгнэлтүүд нь хөнгөн, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоохдоо эмнэлгийн бичиг баримтад үндэслэн хэргийн материалаар гаргасан ба, харин 306 дугаартай дүгнэлт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж зөрүүтэй байх бөгөөд энэ дүгнэлт нь хохирогчийн биед үзлэг хийж гаргасан болохыг анхаарч үзлээ гэжээ... Үүнийг хохирогч талаас зөвшөөрөхгүй байна. Дараагийн 562, 900 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр гарсан хамрын хажуу хана цөмөрсөн хуучин хугарал, хамрын таславч мурийсан гэмтлийг гаднаас нь хараад шууд тогтоох боломжгүй гэмтэл тул шүүхийн шинжээчийн 306 тоот дүгнэлт нь үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Мөн хохирогч сумын эмчид үзүүлснээс 2 хоногийн дараа шүүхийн үнэлээд байгаа 306 тоод дүгнэлтэд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Л.Отгонбатад үзлэг хийж… Зовиур: Хэвлий хамар өвдөнө гэнэ. Хэсэг газрын үзлэг: Хамар өвчин эмзэглэлтэй, зүүн нүдний дээд, доод зовхинд бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай. Рентген шинжилгээнд яваад ирээгүй тул дүгнэлт гаргав гээд 2019 оны 05 сарын 14-ний өдөр хохирогчийг гаднаас нь үзээд дүгнэлт гаргасан байдаг.

Харин шинжээчийн дараагийн 562 дүгнэлтийг 2019 оны 08 сарын 01-ний өдрийн тогтоолоор шүүх эмнэлгийн /үзлэгийг эмнэлгийн бичиг баримт дээр үндэслэн гаргав гээд... 2019 оны 06 сарын 05-ны өдрийн УБ Сонгдо эмнэлэг толгойн КТГ-г Хамар ясны зүүн тал хугаралтай, хамрын таславч зүүн тийш мурийлттай гэжээ. Энэ дүгнэлтэд ямар нэгэн хуучин гэмтэл гэж тэмдэглэгдээгүй байна. Дүгнэлт гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ...

2020 оны 07 сарын 09-ний бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн 900 дугаартай дүгнэлтийн 3 дахь хэсэгт: хамрын хажуу хана цөмөрсөн хуучин хугаралтай, хамрын таславч мурий 2020 оны 07 сарын 07-нд О.Оюунбаясгалан гээд бүрэлдэхүүн хуучин гэж тодорхойлогдсон гэж бичжээ... Гэтэл Оюунбаясгалангийн бичсэн дүгнэлтээс харахад хамрын зүүн хажуу хана цөмөрсөн хуучин хугаралтай гээд таслал, хамрын таславч мурий гэсэн байхад бүрэлдэхүүнтэй шинжээчийн 900 тоот дүгнэлтээр хамрын гэмтлийг хуучин гэж бүхэлд нь дүгнэсэн нь учир дутагдалтай энэ талаар эмч Орхон, Оюунбаясгалан нараас зайлшгүй тодруулж асуух шаардлагатай байсан.

Мөн хавтас хэргийн 14-р хуудсанд дүгнэлт бичсэн эмч О.Оюунбаясгалан 2020 оны 07 сарын 07-ны өдөр гэсэн бичиг хавсаргагдсан байх ба энэ нь 562 тоот дүгнэлтэд эмч Орхон гэжээ гэж тэмдэглэгдсэн байхад одоо яагаад эмч О.Оюунбаясгалан гэсэн дүгнэлт бичигдэж хэрэгт хийсэн нь хэний ямар хүсэлт даалгавраар энэ хэрэгт орж ирсэн нь ойлгомжгүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Бидний зүгээс дээрх О.Оюунбаясгалангийн бичсэн дүгнэлтээс хохирогчийн хамрын зүүн хажуу хана хуучин хугаралтай, хамрын таславчны мурий нь энэ зодооны үед үүссэн байх боломжтой. Учир нь шүүхийн үндэслэл болгоод байгаа эмчийн 306 тоот дүгнэлтээр хамар өвдөнө, хамар өвчин эмзэглэлтэй, гэж тэмдэглэгдсэнээр нотлогдох болно.

2. Сумын эмч Д.Мөнхтуяагийн анх 2019 сарын 05 сарын 06-ны өдөр хүн зодуулсан гэх дуудлагаар үзлэг хийж үйлчлүүлэгчийн хүсэлтээр эмчийн тодорхойлолтыг дэлгэрэнгүй бичиж өгсөн гэдгээ хэлж нотолсон байдаг.

Хохирогч Отгонбат энэ тодорхойлолтод толгой өвдөнө, дотор муухай оргино, хамар хавдартай, зүүн нүдний дээд, доод цус хуралттай даралт өндөр гэж бичсэн гэдэг. Энэ бичгийг өргөдөлтэйгээ цуг цагдаагийн газарт өгсөн гэдэг боловч энэ бичиг хэргээс алга болсон.

Мөн хавтаст хэргийн 0201-д давж заалдах шатны шүүхэд бичсэн эмч Мөнхтуяагийн тодорхойлолтод дээрх бичгийг хийж өгсөн гэдгээ бичиж дараа нь хэргийн холбогдогч Б түргэн тусламжийн дуудлагын хуудсыг өөрт нь шаардлагатай байна гэж эмнэлгээс ирж авсан. Тухайн бичсэн дуудлагын хуудас нь анх бичсэн эмчийн тодорхойлолттой нийцэхгүй дутуу бичсэн тул энэ эмнэлгийн хуудас нь хуулиндаа үндэслэлгүй болохыг нотлож байна. Сумын эрүүл мэндийн төвийн бага эмч Д.Мөнхтуяа гэсэн бичиг хавтас хэрэгт бий.

Гэтэл эмч Д.Мөнхтуяа нь шүүх хурал дээр би одоо урьд бичсэн тодорхойлолтоо сайн санахгүй байна, мартсан байна. Тухай үед шанаа руу нь цохисон гээд жаахан хавантай байсан байх сайн санахгүй байна. Толгой өвдөөд огих гээд байна гээд хэлж байсан. Ил харагдах гэмтэл шарх их байгаагүй гэсэн атлаа шанааны хэсэгт нь хавдсан байсан санагдаж байна. Би үзсэн өдрөө эмчийн тодорхойлолтыг Отгонбатад өгч байсан гэж, хохирогчийн өмгөөлөгчийг асуухад одоо сайн санахгүй байна гэж хариулсан.

Шүүгдэгч талын хүсэлтээр энэ хэрэгт гэрчээр Баяржавхланг шүүх хуралд оруулахад: Гэрч М.Баяржавхлан би одоо яг үнэнийг нь хэлье уул нь энэ хоёрыг би үнэнээ хэл би очиж чадахгүй гэсэн юм заавал намайг оролцуулах гээд байгаа учир би яг үнэнээр нь хэлье гээд зодоон хоёр үе шаттай болсон. Эхлээд Отгонбат мэнд усаа мэдээд Отгонбат та жаахан цаагуур нүүхгүй яасан юм бэ? гээд хэлтэл Б би энэ нутаг дэвсгэрээр явахад чам шиг пиздагаар заалгахгүй чам шиг бацааныг алаад өгье гэж хэлээд хоорондоо барьцалдаж зодолдсон. Миний нуруу татчихаад салгаж дийлээгүй. Хоорондоо зодолдож байгаад салцгаасан. Б Отгонбатыг хоёр гараараар цохиж байгаа харагдсан. Эхнэр нь төмөр шанагаар толгой руу нь цохисон. Хоёр хүү нь ар бүснээс нь татахад унасан. Отгонбатыг явах гээд мотоцикль дээр суусан байхад нь Б гүйж ирээд нүүр лүү нь цохисон гэж яг хохирогчийн хэлсэн зодоон хоёр үе шаттай болсон талаар маш сайн мэдүүлсэн боловч шүүхийн шийдвэрт энэ талаар тодорхой бичээгүй байна.

Энэ хэрэгт мөрдөн байцаалт хийсэн Нямбаяр байцаагч хэт нэг талд үйлчлэн Отгонбатыг орох болгонд чи ямар сүртэй юм бэ? хэдэн төгрөг авах гээд байгаа юм бэ? Мөн нэг өдөр одоо гэрчээ аваад ир гэх мэтээр байнга зандарч загнадаг. Хэргийн гол үндэслэл болох эмчийн тодорхойлолт хэргээс алга болсон Мөн шүүгдэгчийг Төв аймгийн цагдаад ажиллаж байсан хүн байнга дагаж явдаг. Шүүх хурал дээр сууж байдаг. Энэ хэрэгт цагдаагийн ажилтан хэт нэг талыг барьж гэрч Баяржавхланг шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий хүн гэж хүртэл гэрчээр байцаалт аваагүй зэрэг ажиллагааг дутуу хийсэн. Анхнаасаа шүүх эмч тэр даруйд нь рентген зураг цуг явж эмнэлгээр авахуулсан бол ийм асуудал болохгүй байсан. Мөн хэргийг олон байцаагч дамжуулан маш удаан хугацаанд шалгаснаас болж шүүх эмнэлгийн дүгнэлт гарах хугацаа удааширсан байхад энэ хугацааг хохирогчоос болсон юм шиг cap гаруй хугацааны дараа дүгнэлт гарсанд шүүх эргэлзэж байгаад гомдолтой байна. Мөн шүүхийн шийдвэрт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн …тархи доргилт, цээжний хэнхэрцгийн дарагдал няцрал... гэсэн онош гэж бичсэн байна. Энэ гэмтлүүдийг эхнэр нь төмөр шанагаар цохих, мөн Бг цээж хавьд нь өшиглөх, цохиход үүссэн байх магадлалтай байхад үүнийг шалгахгүйгээр орхигдуулсан.

Анхан шатны шүүхээс Н.Бг хохирогч Л.Отгонбатыг цохисон үйл баримт давхар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлт өгсөн атлаа хохирогч Л.Отгонбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан эсэх нь эргэлзээтэй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож гэм буруугүйд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Хохирогч эрүүл мэндээрээ хохирсон гэж зодсон цагаас эхлэн гомдол гаргасан. Мөн нааш цааш Төв аймгийн Баянжаргалан сумаас Улаанбаатар, Төв аймаг олон дахин явж мөнгө төгрөгөөр хохирсон байхад үүнийг үл ойшоон зөвхөн яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж хохирогчийг xoxирсон дээр нь улам хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдсон байна. Цагаатгах тогтоол гаргах байтал шийтгэх тогтоол гаргасан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр байна. Шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан саналдаа: Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Бгийн үйлдлээс болж энэ хүнд гэмтэл учирсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй юм. Хохирогч мэдүүлгээ янз бүрээр өгдөг. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хохирогч өмнө нь хуучин хугаралтай байсан байж болохоор харагддаг. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн гаргасан саналдаа: Хавтаст хэрэгт авагдаагүй үйл баримтыг гомдолд дурдаад байгаад санал нийлэхгүй байна. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч С.Сувдмаа гаргасан тайлбартаа: Хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Энэ хэргээс үүдэлтэй хохирогчоос маш их хэмжээний зардал гарч байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Л.Отгонбат гаргасан тайлбартаа: Авгай нь шанагаар цохисон. Баяржавхлан хамгаалж болиулсан. Тархи толгой өвддөг болсон. Гомдолтой байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Бд холбогдох эрүүгийн 1934003820420 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцэл, хохирогч Л.Отгонбат, түүний өмгөөлөгч С.Сувдмаа нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарч чадаагүй байна.

Анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутагт Л.Отгонбаттай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохисон үйл баримт нь гэрч Б.Батжаргал, Б.Батбаатар, Д.Нэргүй, М.Баяржавхлан, Д.Мөнхтуяа, шинжээч Б.Батчимэг, Э.Эрхэмбаяр, яллагдагч Н.Бгийн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байгаа боловч шинжээчийн 562, 900 дугаартай дүгнэлт хөнгөн гэмтэл учирсан гэж, харин шинжээчийн 306 дугаартай дүгнэлт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж зөрүүтэй гарсан. Хохирогч Л.Отгонбатад учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт” гэмтэл нь дөрвөн долоон хоногоос дээш хугацаа өнгөрсөн байхад гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулаад байсан бол Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах боломжтой. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ...тархи доргилт, цээжний хэнхэрцгийн дарагдал няцрал... гэсэн онош, 1 дүгээр хавтас хэргийн 132 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Л.Отгонбат нь Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн дуудлага өгсөн ба дуудлагын дагуу тус төвийн эмч Д.Мөнхтуяагийн хохирогчийн биед хийсэн хэсэг газрын үзлэгээр нүүр болон бусад газарт ил харагдах шарх шалбархай хавдсан хөхөрсөн зүйл байгаагүй гэж “Түргэн тусламжийн дуудлагын 35” гэсэн баримт, энэ талаараа гэрч Д.Мөнхтуяа нь 2 дугаар хавтас хэргийн 10 дугаар хуудсанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ...ил харагдах гэмтэл, шарх байгаагүй, шанааны хэсэг хавдсан байсан санагдаж байна. Хамар, нүүр, нүдний хэсэг ил хавдаж, гэмтсэн юм ажиглагдаагүй... гэж тус тус мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хохирогч Л.Отгонбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан эсэх нь эргэлзээтэй байх тул хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг баримтлан хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцох нь зүйтэй гэж анхан шатны шүүх дүгнэн Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овгийн Намбудъяагийн Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934003820420 дугаартай хэргийг хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгон, гэм буруугүйд тооцож шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна. Шүүх хуралдааны үед гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана. Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана.

Гэтэл анхан шатны шүүх Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овгийн Намбудъяагийн Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934003820420 дугаартай хэргийг хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан үндэслэлээр шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгон, гэм буруугүйд тооцсон атлаа шийтгэх тогтоол гарган шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул хохирогч Л.Отгонбат, хохирогчийн өмгөөлөгч С.Сувдмаа нарын гаргасан давж заалдах гомдол, Төв аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Нямтайваны гаргасан эсэргүүцэл зэрэгт давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

 

                   ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

 

                                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ