Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0214

 

 

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч,

шийтгэлийн хуудсыг зөвтгөснийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Болор-Эрдэнийн бичсэн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагчийн “Улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 0009239 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 58 дугаартай дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

        ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Болор-Эрдэнээс шүүхэд ирүүлсэн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 58 дугаартай дүгнэлтдээ: “...Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Болор-Эрдэнэ би, тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Ж.Алтанцэцэг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 0124/Б2210071094 дугаартай зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар шалгаад холбогдогч Б.Мөнхзулыг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан материалыг Улсын Ерөнхий прокурорын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/62 дугаартай тушаалаар баталсан "Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар"-ын 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах шалгалтын хүрээнд хянав.

Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байхад эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа ажил олгогч Ерөнхий боловсролын Жаргалан сургуульд буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан этгээдэд бус нягтлан бодогч, иргэн Б.Мөнхзулд шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Ж.Алтанцэцэгийн шийтгэлийн 0009239 дугаар хуудаст холбогдогч Ерөнхий боловсролын Жаргалан сургууль гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн  байцаагч Ж.Алтанцэцэг нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 58 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлтэд шийтгэлийн хуудсыг өөрчлөх талаар дурдсан тул өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Гуравдагч этгээд Жаргалан сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ерөнхий боловсролын Жаргалан сургуулийн 2022 оны 06 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хугацаанд буюу 7 дугаар сарын сарын 5-ны өдөрт багтаан тушаалгүй хоцроосон тул  хүсэлт гаргаж тайлагнасан бөгөөд  байгууллагаас торгуулийн төлбөрийг төлсөн болно. Б.Мөнхзул миний нэрээр шийтгэлийн хуудас бичигдсэнийг Жаргалан сургууль болгон бичигдэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 0009239 дугаартай шийтгэлийн хуудсаар “тайлан хоцроосон” гэх зөрчилд Ерөнхий боловсролын Жаргалан сургуулийн нягтлан бодогч Б.Мөнхзулд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар 4 дэхь хэсэгт зааснаар 250.000 төгрөгөөр торгож, ерөнхий боловсролын Жаргалан сургууль торгуулийг төлж барагдуулжээ.

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Болор-Эрдэнэ нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байхад эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа ажил олгогч Ерөнхий боловсролын Жаргалан сургуульд бус нягтлан бодогч, иргэн Б.Мөнхзулд  оногдуулсан байх тул 0009239 дугаартай шийтгэлийн хуудаст Жаргалан сургуулийн нягтлан бодогч иргэн Б.Мөнхзул гэснийг Ерөнхий боловсролын Жаргалан сургууль гэж өөрчлөлт оруулуулахаар 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 58 дугаартай дүгнэлт бичжээ.

Хариуцагч нь ийнхүү  0009239 дугаартай шийтгэлийн хуудаст “холбогдогч Б.Мөнхзул” гэснийг “Ерөнхий боловсролын Жаргалан сургууль” гэж өөрчлөлт оруулуулахаар бичсэн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 58 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, улмаар шийтгэлийн хуудаст зохих өөрчлөлт оруулж холбогдогчийг зөвтгөж, бичилт хийж байцаагчийн тамга, гарын үсгээр баталгаажуулжээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасанчлан хариуцагч нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч,  0009239 шийтгэлийн хуудаст холбогдогчийг Жаргалан сургууль болгон өөрчилж зөвтгөснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Болор-Эрдэнийн “Улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 0009239 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 58 дугаартай дүгнэлтийг хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч Ж.Алтанцэцэг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудаст зохих өөрчлөлт оруулж зөвтгөснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Прокурор дүгнэлт бичихдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарлав.

 

ШҮҮГЧ                                  Д.ХАЛИУНА