Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 00224

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Л.Энхбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхагважавын Энхбаатарт холбогдох эрүүгийн 1738001500028 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Байчууд овогт Лхагважавын Энхбаатар, 1977 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг Мөнгө гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Регистрийн РД77030312 дугаартай.

Шүүгдэгч Л.Энхбаатар нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт  сумын 1 дүгээр багийн нутаг Мөнгө гэх газар байрлах өөрийн гэртээ иргэн Х.Бямбажавыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Энхбаатар нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт  сумын 1 дүгээр багийн нутаг Мөнгө гэх газар байрлах өөрийн гэртээ иргэн Х.Бямбажавыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Х.Бямбажавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энхбаатараас үхрийн мөнгө авах гэж очиход үхрийг нь өгөхгүй гэсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж байтал Энхбаатар намайг гартаа чулуу атгаж байгаад нүүрэн тус газар хоёр удаа цохисон. Мөн гараараа тархи толгой руу цохиод байсан. Манай эхнэр намайг салгаж авсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-11 дүгээр хуудас/,

Гэрч Д.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд Энхбаатар гараараа манай нөхрийн шанаан тус газар нь 2-3 удаа цохисон. Тэгээд манай нөхөр барилцаад авсан. Энхбаатар манай нөхрийг чулуугаар нүүрэн тус газар нь нэг цохиод бас мөргөхөд нь би салгах гээд очиход Энхбаатар намайг гараараа хойш түлхсэн” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 491 дугаартай

  1. Тухайн үед Хадбаатарын Бямбажавын биед тархи доргилт, баруун, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтлүүд учирсан байна.
  2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Тухайн үүсгэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Тархи доргилт, баруун, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт.
  5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 22 дугаар хуудас/,

Хохирогч Х.Бямбажав нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 56 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Л.Энхбаатар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Х.Бямбажав нь хохиролд 2.300.000 төгрөг нэхэмжилж хэрэгт 594.300 төгрөгийн нотлох баримтыг бүрдүүлж өгсөн байх ба шүүгдэгч нь хохирогчтой 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд 2.300.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байх тул шүүгдэгч Л.Энхбаатараас 594.300 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Бямбажавт олгох нь зүйтэй байна. Харин хохирогч Х.Бямбажав нь үлдэх 1.705.700 төгрөгийн хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Л.Энхбаатараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.  

Эрүүгийн 1738001500028 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3.1, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Байчууд овогт Лхагважавын Энхбаатарыг бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лхагважавын Энхбаатарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Энхбаатарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар тогтсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Энхбаатар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг  дурдсугай.

      5. Ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

      6. Эрүүгийн 1738001500028 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Энхбаатараас 594.300 /таван зуун ерэн дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Хадбаатарын Бямбажав /РД76051514/-д олгосугай.

      8. Хохирогч Х.Бямбажав нь үлдэх 1.705.700 /нэг сая долоон зуун таван мянга долоон зуу/ төгрөгийн хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Л.Энхбаатараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

      9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Энхбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НЯМСҮРЭН