Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 201/МА2019/00018

 

 

“Д” ХК-ийн

нэхэмжлэлтэй, “Д Н” ОНӨААТҮГ

“Т” ХХК-д тус тус холбогдох

 хэргийн талаар

 

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 30-ны өдрийн 138/ШШ2019/00427 дугаар шийдвэртэй “Д” ХК-ийн нэхэмжлэлтэй, “Д Н” ОНӨААТҮГ, “Т” ХХК-д тус тус холбогдох бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 25 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч “Д” ХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 07 сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч “Д Н” ОНӨААТҮГ-ын төлөөлөгч Ц.Х, түүний өмгөөлөгч Т.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч “Д” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Д” ХК-ийн “Ш” захыг цэвэр бохир усаар хангаж байгаа шугам хоолой нь Оросуудыг үйл ажиллагаа явуулж байх үеэс эхлэлтэй инженерийн шугам хоолой бөгөөд бид энэ цэвэр усны шугамнаас өнөөг хүртэл хангагдаж ирсэн. Энэ хугацаанд манай компани Д Н-д цэвэр усны төлбөрт сард 980 000 төгрөг, жилд 11 760 000 төгрөг, сүүлийн 20 жилд 235 200 000 төгрөгийг төлсөн байна. Гэтэл Д Н нь “Т” ХХК-ийн О.Хт Хот суурин ус хангамж, ариутгал татуургын ашиглалтын тухай хуулийг зөрчиж цэвэр усны төв шугаман дээр орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалттай 5 давхар барилга барих зөвшөөрөл олгосон нь анхнаасаа хууль зөрчиж техникийн нөхцөл олгосон байдаг. Энэ цэвэр усны шугамнаас манай компани болон “Сүхжин” ХХК, авто сэлбэгийн “Оровгод гурван эрдэнэ” ХХК, “Өгөөмөр” кафе, “Цогт” кафе, Төрийн банк, ХААН банк, Голомт банк гэх мэт компани, аж ахуйн нэгж байгууллагууд хэрэглээний цэвэр усаар хангагдаж байсан. Гэтэл 2017 оны 8 дугаар сараас эхлэн одоог хүртэл бид цэвэр усаар хангагдаж чадахгүй байна. Энэ нь Д Н нь “Т” ХХК-ийн О.Хт биднийг цэвэр усаар хангадаг гурван метрийн гүнд байсан шугам хоолойн дээр 5 давхар барилга барих зөвшөөрөл олгосноос “Т” ХХК-ийн захирал О.Х нь өөрийн барьсан 5 давхар барилгын зоорийн давхарт байдаг 100-ийн хаалтыг нээж хааж байсны улмаас бид бүгдийг усаар хангаж байсан труба хоолойнд хөлдөлт үүссэн цооролтууд гарсан байдаг. Өөрөөр хэлбэл Д Н нь 2015 оны 3 сарын 03-ны өдөр “Т” ХХК-д тус компанийн барьсан үйлчилгээний төвтэй орон сууцны барилгын зоорийн давхрын цэвэр усны шугамнаас огтлол авч, цаашид цэвэр усны холболтыг өөрчлөх шаардлагатай гэж техникийн нөхцөл олгосон нь хууль бус ба нийтийн хэрэгцээний усны шугам дээр барилга барих гэж байгааг анхнаасаа мэдэж байсан.

2017 оны 8 сараас эхлэн Хүрлээгийн барилгын баруун талын шугаманд гэмтэл гарч ус хааснаас болж бидний хооронд маргаан болсон. Үүнээс өмнө усны ямар нэгэн асуудал байгаагүй. Гэтэл Хүрлээ барилга руугаа нэвтрүүлэхгүй байсан, НАА хүртэл оролдоод дийлээгүй. Бид энэ цэвэр усны шугамыг НАА-тай хамт янзлах гээд 2017 оны 10 сар хүртэл болоогүй. 2017 оны 11 сард Хүрлээгийн барилгын зүүн талын худгаас манайх болон бусад хэрэглэгчийг хангадаг цэвэр усны шугам хоолой хөлдсөн байсан. Арга ядаад устай байхын тул Хүрэлсүхтэй уулзсан. Хүрэлсүхийнх бас усгүй байж байгаад Гомбогүрийн шугамнаас ус татсан байсан. Бид Хүрэлсүхэд мөнгө өгч байж тэдний хашаанд байгаа хуучин шугамнаас ус татаж өвлийг өнгөрөөсөн нь үнэн. Манай Ш зах усгүй байх ямар ч боломжгүй. Наад зах нь ариун цэврийн асуудал гардаг учраас Хүрэлсүхийнхээс ус авахаас өөр арга байгаагүй. Гэхдээ бид өмнө нь 100-гийн хоолойгоор ус авдаг байсан бол 35-ийн хоолойгоор Хүрэлсүхийнхээс ус татсан нь үнэн.

Манай компани 2018 оны 4 сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд “Т” ХХК-ийн 5 давхар барилгын зүүн талын худгаас өөрийн хөрөнгөөр 120 метр 100-ийн төмөр хоолой татаж усаа хэвийн ажиллагаанд оруулсан боловч О.Х нь усыг хаагаад бид бүгдийн эрх ашгийг хохироосоор байсан. Энэ асуудлыг олон байгууллагад хандаж шийдвэрлүүлэхээр оролдсон. Эцэст нь 2018 оны 8 сард орон нутаг уг цэвэр усны шугам сүлжээг орон нутгийн өмчид бүртгэн авч НАА хүлээн авснаар 2018 оны 8 сараас эхлэн бид цэвэр усаар хэвийн хангагддаг болсон. Бусад хэрэглэгч нар тус тусдаа бие даан нэхэмжлэл гаргана гэдгээ бидэнд мэдэгдсэн учраас манай компани өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна. Үүнд: 1.Хөлдсөн шугам хоолойг засварласан зардалд 6 200 000 төгрөг зарцуулсан. Үүнд: хөлдсөн шугам хоолойг солих материалын зардалд 4 100 000 төгрөг, техник ажиллуулсны зардалд 600 000 төгрөг, ажлын хөлсөнд 1 500 000 төгрөг тус тус зарцуулсан,

2. 2017 оны 08 сараас 2018 оны 6 сарыг дуустал нийт 10 сарын хугацаанд усгүйгээс болж бид Хэрлэн голоос зөөврийн ус хэрэглэсний зардал болон Д Н-д сар бүр усны мөнгө төлж байсны зардалд нийт 11 500 000 төгрөг зарцуулсан. Үүнд: сард усны үнэд 980 000 төгрөгийг Д Н-д төлдөг, Хэрлэн голоос ус тээвэрлэсний зардалд сард 170 000 төгрөг буюу сард 1 150 000 төгрөгийг зарцуулсан,

3. Усгүй байх хугацаанд гүний худаг өрөмдүүлж 8 000 000 төгрөг зарцуулсан. Манай компани хуучин гүний худагтай байсан ба энэ худгаас гарч буй усыг унданд хэрэглэх боломжгүй байсан учраас хэрэглэхгүй удсан байсан. Тэгээд энэ худгийн хажууд дахин засварлаж гүний худаг өрөмдүүлсэн. Энэ ажлыг өөрийн охин компани болон “Дөлгөөн Хэрлэн” ХХК-иар гүйцэтгүүлсэн. Иймд өөрийн компанид учирсан эд хөрөнгийн хохирол болох 25 700 000 төгрөгийг дээрх хоёр байгууллагаар хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч “Д Н” ОНӨААТҮГ-ын төлөөлөгч Ц.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Чойбалсан хотын хэмжээнд тасралтгүй ундны усаар хангах үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Энэ хүрээнд иргэн, аж ахуй нэгж бусад байгууллагуудыг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээ байгуулан ажилладаг. Мөн “Д” ХК-тай гэрээ байгуулан ажилладаг. Энэ асуудал анх 2017 оны 8 дугаар сард болсон. Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах Ш захын хойд талд байрлах “Т” ХХК-ийн барилгын баруун талын дулааны шугамаас ус нэвчээд байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу манай хариуцсан хүмүүс очиж үзлэг шалгалт хийсэн. Энэ хүрээнд Ш захын баруун хойд талд байрлалтай Бадмаараг дэлгүүрийн хашаанд байгаа цэвэр усны 1 дүгээр худаг болон “Т” ХХК-ийн хашаанд байрлах цэвэр усны 2 дугаар худгийн хооронд гэмтэл гарсан байна гэж манайх тогтоож усыг хааж хэрэглээг хязгаарласан. Энэ талаар холбогдох байгууллагуудад удаа дараа хэлж хариуцсан байцаагчийг явуулж байсан. Энэ шугамнаас Д, Сүхжин, Цогт кафе, угаалгын газар болон хувийн орон сууц тэжээгддэг. Энэ шугамд гэмтэл гарсан байна. Өөрийн эзэмшлийн шугам сүлжээгээ засварла гэсэн албан бичиг өгч байсан. Тэгээд аж ахуй нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн шугамаа засварлахгүй байсан болохоор манай байгууллага хуулийнхаа хүрээнд байгууллагууд руу албан бичиг хүргүүлсэн. Энийг 10 дугаар сарын 01-ний дотор засварла гэж албан бичиг хүргүүлсэн боловч эдгээр байгууллагууд манай эзэмшлийнх биш гээд энэ асуудал дараа он руу шилжсэн асуудал байдаг. Албан бичиг хүргүүлсэн нотлох баримт хавтас хэрэгт хүргүүлсэн. Холбогдох хүмүүс нь засварлах талаар нилээдгүй уулзалдсан. Тэгээд 10 сараас цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад газар шорооны асуудал хүндрэлтэй байсны улмаас больсон. “Т” ХХК-иас 2018 оны 4 дүгээр сарын 26-нд манай байгууллагад цэвэр усны нэгээс хоёрдугаар худагт гэмтэл гарсныг засварлая гэсэн хүсэлт өгсөн. Ивээл хорооллыг хариуцсан хэсгийн техникчийг хэдэн хүмүүстэй очиж машин, механизмаа гаргаад цэвэр усны 2 дугаар худгаас баруун тийшээ 5 метрт шугам цоорсон байсныг засварласан. Цэвэр усны нэг буюу түүний баруун хойд байрлалтай худаг манай эзэмшлийн худаг. Энэ худгаас усаа нээсэн. Тэгээд нээгээд тухайн байгууллагад ус ирэхэд шалгаж үзээд явсан. Маргааш нь “Т” ХХК-иас барилгын зүүн талын худгаар дамжаад манай барилга руу ус нэвчээд байна гэсэн дуудлагыг холбогдох хүмүүс нь мэдэгдсэн. Энэний дагуу очиж үзэхэд цэвэр усны 3 дугаар худгаас ус дамжин барилгын зоорийн давхарт орж ирж байсан. Тэгээд энэ байгууллага нь эд хөрөнгөө хамгаалахын тулд зоорийн давхарын хаалтыг өөрсдөө хаасан байсан. Энийг “Д” ХК-ийн төлөөлөгчөөр явж байсан Дамдинсүрэн гэдэг хүн мэдэж байгаа. Тэгээд шалгаж үзэхэд уг барилгын зүүн талд байгаа цэвэр усны 3 дугаар худгаас 5 метрт байрлах шугам буюу “Д” ХК-руу явсан тэдний өөрийнх нь өмчлөлийн шугам хөлдсөн асуудал яригдсан. 2018 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 03-нийг хүртэл “Д” ХК өөрсдөө завсарласан байх. Засварлаж дуусаад усаа тавъя гэсэн асуудал яригдаж байсан. Энэ хооронд Мэргэжлийн хяналтын газраас өмчлөгч, эзэмшигч нь тодорхой бус байна, орон нутгийн өмчийн газар эзэнтэй болгох асуудлаар өмчийн алба болон манай байгууллага руу албан бичгийг явуулсан байдаг. Үүний үндсэн дээр Аймгийн Тамгын газраас ажлын хэсэг гарч энэ шугам сүлжээний эзэн холбогдогчийг тодорхойлж, эзэнгүй бол эзэнтэй болгоё, орон нутгийн өмчид өгье гэсний үндсэн дээр манай байгууллагаас бичиг баримтыг нь бүрдүүлж Орон нутгийн өмчийн газарт өгсөн. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2018 оны 8 дугаар сарын 13-нд шийдвэр гарч манай эзэмшилд ирсэн. Ингэснээр манай байгууллагаас засвар үйлчилгээ хийх эрх нь нээгдэж байгаа юм. Ийм процесс болсон. “Д” ХК-иас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хот суурин ус хангамжийн тухай хуулиараа өөрийн эзэмшлийн шугам сүлжээний засвар үйлчилгээг бүрэн хариуцна гэсэн хуулийн зохицуулалтай. Өөрсдийн тэжээгдэж байгаа өөрсдийн өмчлөлийн шугам сүлжээг засварласныхаа төлөө 6 200 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ шугам сүлжээ нь иргэн аж ахуйн эзэмшил юм чинь энэ байгууллага нь манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн 11 500 000 төгрөг нэхээд байна. Сард усны хэрэглээ 980 000 төгрөг, тээврийн хэрэглээ 170 000 төгрөг нэг сарын 1 150 000 төгрөг энэ нь 10 сараар үржихээр 11 500 000 гээд нэхэмжилсэн байна. Манай байгууллага нь 46 000 хүн амыг ундны усаар хангадаг байгууллага. Энэ дээр манай байгууллагаас ундны усыг худалдаж авсан гэрээ байхгүй, төлбөр мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. “Д” ХК-ийн зарлага гаргаад байсан зарлагын баримтууд нь эргэлзээтэй. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Хэрлэн голоос усаа татаж авч хэрэглэсэн гэж байна. Хэрлэн голоос үнэгүй авсан усаа манайхаас нэхэмжилж байгаа нь хуулийн зохицуулалтанд нийцэхгүй байна. Мөн 8 000 000 төгрөг нэхэмжилж байна. “Д” ХК нь манай байгууллагатай хамтран ажиллаад 7, 8 жил болж байгаа. Энэ байгууллага нь 2015 онд гүний худаг Стабу гэдэг компаниар гаргуулсан. Тэгсэн мөртлөө 2017 онд дахиад гаргуулсан. Нэхэмжлэгч хуучин гүний худгаа сэргээгээд дахиад доошоо өрөмдсөн гэж ярьж байна. Гүний худгийг өөр газар л өрөмдөж дахин худаг гаргахгүй бол нэмж өрөмдөнө гэсэн асуудал байдаггүй. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч О.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д” ХК-ийн манай компанитай холбогдуулан гаргасан гомдлын дагуу шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох гэсэн боловч өмгөөлөгч маань тодорхой шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон. Тэгээд өөрийн биеэр ирж оролцож байна. Д ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцсан. Манай компани “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа. Манайх 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “Д Н” ОНӨААТҮГазраас техникийн нөхцөл авч барилга байгууламжаа эхлүүлсэн. Энэ техникийн нөхцлийг авахдаа цэвэр усны нэгдүгээр худгаас гаргасан төв шугамын дагуу цэвэр усны 2 дугаар худгаас 3 дугаар худгийн хооронд зөвшөөрөл авч барилгаа усаар хангах үйл ажиллагаа явуулсан. 2015 онд барилга маань эхэлсэн боловч санхүүжилтийн улмаас түр хугацаагаар зогссон. Ингэж зогсож байх хугацаандаа суурийг нь буюу нэгдүгээр давхарыг бүрэн хучиж дууссан байсан. Ингэж хучиж дууссаны дараа техникийн нөхцлийн дагуу шугамаа татсан байсан. Тэр жилдээ барилгадаа дулаан авсан. Дулаан аваад энэ шугамаар цэвэр ус явуулах боломжийг хангасан. Энэ шугамд анх техникийн нөхцөл авч байхад ус байгаагүй. Энийг бид В1 гэдэг худгаас усыг нь хоёр гэсэн худаг руу гүйлгээд хоёроосоо гурав руу өгсөн. Ийм схемийг өөрчилж оруулсан байгаа. Гол буруутгаад байгаа зүйл бол техникийн нөхцөл үндэслэлгүй, мөн хаалт тавьсан гэсэн асуудал яригдаж байна. Манай компанид тийм зүйл байгаагүй. Цэвэр усны 1-2 дугаар худгийн хооронд гэмтэл гарахад Нийтийн аж ахуйд дуудлага өгсний дагуу 2017 оны 8 сард усыг хаасан. 2018 оны 5 сард Нийтийн аж ахуй шугамаа засварлаад усаа тавьж эхлэхэд манай барилга руу ус орж эхэлсэн. Энэний талаар дахиж Нийтийн аж ахуй үйлчилгээнд хэлээд Нийтийн аж ахуй үйлчилгээний Отгонбаяр ахлагчтай хүмүүс ирж шалгахад манай барилгын зүүн талын цэвэр усны 3 дугаар худгаас “Д” ХК-руу явсан шугам хөлдсөн байна. Тийм учраас танайх зүүн талдаа маш хурдан хаалт тавь гэж хэлсэн. Энээс болж танай хэрэглээ зогсож магадгүй гэж хаалт тавиулсан. Анхнаасаа хэрэглэгч байгууллага бол техникийн нөхцөлийг нь аваад усаа хуулийн дагуу хэрэглэж байсан бол ийм асуудал гарахгүй байсан. Энэ байгууллага нь техникийн нөхцөлгүй усаар хангагдаж байсан болохоор ийм нөхцөл байдал үүсээд байна. Харин ч манай байгууллага энэ шугам хоолойг шинэчлэн засварласан. Энэ цэвэр усны шугам сайжруулах хэвийн үйл ажиллагаанд оруулах тал дээр “Д” ХК-ийн идэвхи санаачлага байгаагүй. Энэ нь нийтийн эзэмшлийн талбай дээр хамтраад ажиллая гэж олон удаа Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт очиж байсан. Тэгээд Нийтийн аж ахуйн ерөнхий инженертэй ярилцаад аймаг дээр 19 600 000 төгрөгийн төсөв хөрөнгийг аймгийн Иргэдийн хурлаас ягаан бойлурын орчмын аж ахуй нэгжүүдэд дэмжлэг болгож өгсөн. Тэрийг нь Дорнод аймгийн Дор-Сүх гэдэг компани тендерээр аваад, Нийтийн аж ахуйгаар дамжуулан энэ шугам сүлжээг засварла гэж өгсөн байгаа. Энэ шугам сулжээг засварлах тал дээр манай байгууллага их идэвхитэй оролцсон боловч манай компани явж, явж буруутан болж энэ нэхэмжлэлийн хариуцагч байгаа нь ойлгомжгүй байна. Д Н байгууллагууд тус бүр 300 000 төгрөг гаргаад өгвөл шугам хоолойг засварлаад өгье гэж ерөнхий инженер нь бид нарт хандсан, манайх тэгье гэсэн. “Д” ХК нь үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Гэхдээ би Шинэбаяр даргатай энэ асуудлаар одоо болтол нүүр тулж уулзаагүй, нягтлан нь манай захирал хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн. Ажил хариуцсан хүмүүс нь хооронд нь худлаа яриад явсан. Уул нь 300 000, 300 000 төгрөг гаргаад шийдье гэсэн боловч төлбөрт үйл ажиллагаа хийхээс татгалзсан учраас энэ ажил тэр чигтээ зогссон. “Т” ХХК нь хашаа руугаа оруулаагүй гэсэн асуудал ярьсан. Тухайн үед “Д” ХК-иас ерөнхий нягтлан гээд нэг жирэмсэн охин 4 согтуу залуу дагуулж ирсэн. Тэгэхээр нь би хэлсэн Нэгдүгээрт наад худаг чинь танай худаг биш. Хоёрдугаарт Нийтийн аж ахуйн үйлчилгээний шугам байж мэднэ. Манайд бүх банкийг тэжээдэг шилэн утас явдаг, онцгой байдлыг тэжээдэг 6000 кабел явдаг. 380 хос манай шугам явж байгаа. Эний зайгаар та нар орж чадахгүй. Мэргэжлийн байгууллагаар нь засварлуулна гэж хэлээд тухайн хүмүүсийг ажиллуулаагүй. Дараа нь Нийтийн аж ахуй үйлчилгээний газар ирээд засварласан. Намайг барилгынхаа зоорийн давхарт цэвэр усны шугамын зүүн талдаа хаалт тавьж хаачихаад Д руу усыг нь өгөхгүй байгаа юм шиг яриад байгаа юм. Манай компани болон надад цэвэр усны шугамыг дураараа нээж хаах эрх байхгүй, намайг тэгж хаасан тухай нотлох баримт байхгүй. Тэгээд та хэд надад итгэхгүй байгаа бол тасдаж аваад үзээ гэсэн. Тэгээд тасдаж аваад үзсэн. Зүв зүгээр хэвийн үйл ажиллагаатай байсан талаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 12 өдөр 46/123 тоот дүгнэлт нь байж байна. Ийм асуудал болсон. Д ХК-иас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг манай компаниас хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэл байхгүй гэжээ.

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 30-ны өдрийн 138/ШШ2019/00427 дугаар шийдвэрээр:  Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч “Д Н” ОНӨААТҮГазар, “Т” ХХКомпани нарт холбогдох бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 25 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Д” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 450 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, ...шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Д” ХК  давж заалдах гомдолдоо: “...шийдвэрийг  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Д Н нь “Т” ХХК-д 2015.03.03-ны өдөр техникийн нөхцөл олгож уг нөхцлийн дагуу “Т” ХХК нь үйлчилгээний төвтэй, 32 айлын орон сууцыг 2015-2018 оны хугацаанд барьж байгуулж ашиглалтанд оруулсан. Энэ зөвшөөрлийн дагуу цэвэр усны шугамнаас огтлол авсан. Үүнд талууд маргаагүй. Цэвэр усны шугамд 2 удаа хөлдөлт үүсч труба цоорсон тухайд нэхэмжлэгч, хариуцагч тал маргаагүй. Энэ үйл явдлууд тогтоогдсон. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр дээрх зөвшөөрөл олгосны улмаас хөлдөлт үүссэн эсэх, гэмтэл учирсан эсэх талаар дүгнэсэн дүгнэлт нь авцалдаагүй буюу агуулгын хувьд хууль тогтоомж зөрчсөн гэх боловч техникийн нөхцөлөөс болоогүй гэж дүгнэлт гаргаад түүнийг шүүх үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй буюу тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Энэ шинжээчийн дүгнэлтийг бид эргэлзээтэй агуулгын хувьд ойлгомжгүй, үйл явдлыг хэт нэг талыг барьж зөвхөн техникийн нөхцөлөөс болсон эсэх гэж ташаа ойлгон дүгнэлт гаргаж байна гэж маргасан. Хэн ч харсан ингэж ойлгогдохоор байтал шүүх нь ИХШХШТХ-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.5, 111 дүгээр зүйлийн 111.3-д зааснаар дахин шинжээч томилох эрхтэй байтал эргэлзээтэй дүгнэлтийг баримталсан нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн. Ер нь шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн үүнийг эргэлзээтэй болохыг нотолсон төрийн захиргааны байгууллагаас гаргаж өгсөн албан бичгүүд байгаа боловч шүүхээс энэ баримт, үйл явдлыг анхаараагүй. Учир нь дээрх маргаан үүсээд байх явцад төрийн захиргааны олон байгууллагуудад хандсан. Түүний хариуг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Тухайлбал МХГ-ын 2018.05.15-ны өдрийн 1/254 тоот албан тоотоор Д Н нь 2015.03.03-ны өдөр техникийн нөхцөл олгохдоо тус цэвэр усны шугамыг барилгын доогуур байрлаж байгааг мэдсэн боловч шугам сүлжээг шилжүүлэх, хэрэглэгчийг холбох цэгийн шугам хоолойг өмчлөгч, эзэмшигчийг заагаагүй, хэрэглэгчдийг цэвэр усаар хангахад гарч болзошгүй эрсдэлийг тооцож шугам сүлжээний хамгаалалтын зурвасаас хэтрүүлэхгүй байх арга хэмжээг барилгын ажил эхлэхээс өмнө авч ажиллагаагүй гэсэн байдаг.

Мөн МХГ-аас 2018.05.14-ний өдрийн 1/248 тоотоор “Т” ХХК нь үйлчилгээний төвтэй 5 давхар орон сууцны барилгыг цэвэр усны шугам дээр барьж, тухайн барилгын зоорийн давхарын доогуур байрласан шугамын 2 талд хаалт тавьж усны хязгаарлалт хийсний улмаас хэрэглээний усгүй болсон байна гэсэн байдаг. Хэрэглээний ус юунаас болж яагаад хаагдсан хэн хаасан гэдэг асуудал тодорхой байна. Үүгээр гэм буруугийн асуудал тогтоогдож байна.

Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг хариуцлагагүй ажлын эхлэл Д Н-аас эхлэлтэй. Тодорхой хэмжээнд 100 хувь бус юм гэхэд буруутай гэж энэ баримт, үйл явдлаас дүгнэж болно. Ер нь Д Н  хууль дүрэм журмаа дагаж мөрддөггүй, хэн нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд үйлчилдэг байдлаас болж нилээдгүй хохирол учирсан байдаг. Гэтэл шүүх дээр нийтийн өмч болох өөрийнх нь хангагч байгууллагаас гарч буй усыг дамжуулж буй труба, шугам хоолойг манай өмч биш гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Хэрвээ уг байгууллагын өмч биш юм бол яагаад бусдын өмчийг ашиглах талаар зөвшөөрөл олгодог юм. Түүнээс гадна БНМАУ-ын Хөгжлийн яамны Зөвлөлтийн цэргийн хотхоныг хүлээн авах, ашиглах асуудал хариуцсан улсын комиссоос тухайн үед зөвлөлтийн цэргийн ангийн ашиглаж байсан хөрөнгийг орон нутагт албан ёсоор шилжүүлж акт үйлдсэн байна гэж шинжээчийн дүгнэлтэн дээр зааж өгсөн байтал шүүхээс өмчийн асуудалд огт анхаарал тавьж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход анхаарсангүй.

Труба цоорсон үйл явдал нь цэвэр усны трубагаас огтлол авч холболт хийхээс гадна байшинг барихын тулд кундам ухаж газрын дор байсан трубаг ил гаргасан байсан бөгөөд байх ёстой гүнд байрлаж чадаагүй трубад хөлдөлт үүссэн гэдэг нь ойлгомжтой. Нэхэмжлэгч, хариуцагч нар трубанд хөлдөлт үүссэн гэдэгт маргаагүй. Шинжээчийн дүгнэлтээс труба зохих хэмжээндээ байрлаагүй нь хөлдөлт үүсгэх боломжтой гэж тайлбарлаад энэ нь техникийн нөхцөлтэй холбоогүй гэж дүгнэсэн нь юуг дүгнээд байгаа юм бэ гэдэгт эргэлзээтэй байна. Бид энэ компанийг өмч хувьчлалаар хувьчилж авснаас хойш 30-аад жилд цэвэр усны шугам хоолойд гэмтэл гарах, хөлдөлт үүсэх асуудал огт гарч байгаагүй. Манай компаний өмч биш, энэ труба нь нийтийн өмч, энэ нийтийн өмч нь Д Н-н мэдэлд байх ёстой. Гэтэл хариуцагч тал нь ам ангайх болгондоо “Д” ХК-ийн өмч гэж дуугарч байсан.

Хамгийн гол шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2019.04.16-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй, агуулгын хувьд зөрчилтэй, төрийн захиргааны байгууллагаас хариуцагч нарын буруутай үйлдлийг тогтоож өгөөд байхад үйл явдлыг биш зөвшөөрлийн бичигт дүгнэлт  гаргасан баримтад тулгуурлан гэм буруугүй гэж дүгнээд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэгэнт гэм хорын асуудлыг тогтоох үйл явдлыг шүүх тогтоож чадаагүй тул эргэлзээтэй байх үүднээс дахин хэлэлцэж тогтоох нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буцааж өгнө үү.

Бусад гомдолтой холбоотой дэлгэрэнгүй тайлбарыг шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт биечлэн оролцож тайлбарлан мэтгэлцэх болно” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч “Д” ХК нь хариуцагч “Д Н” ОНӨААТҮГазар, “Т” ХХК нарт холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 25 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1-3 дахь тал/

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хариуцагч “Т” ХХК нь Хэрлэн сумын 6 дугаар баг, “Ш” захын хойд талд үйлчилгээний зориулалттай 32 айлын орон сууцны барилга барих ажлыг 2015 онд эхлүүлсэн ба хариуцагч “Д Н” ОНӨААТҮГазар нь тус компанид 2015 оны 03 сарын 03-ны өдөр “Усан хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл №1”-ийг олгосон байна. /хх-ийн 75-78 дахь талууд/

 2017 оны 8 сард хариуцагч “Т” ХХК-ийн барьж байсан  үйлчилгээний зориулалттай 32 айлын орон сууцны барилгаас баруун тийш 5 метр зайд цэвэр усны шугам цоорсоноос “цэвэр усны худаг” 1 /цаашид ЦУХ гэх/ -ээс хязгаарлалт хийж цэвэр усыг хаасан байна.

Мөн 2017 оны 11 сард хариуцагч “Т” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 32 айлын орон сууцны барилгын зүүн талд байх ЦУХ-3-аас хэрэглэгчдийг хангадаг байсан цэвэр усны шугам хоолой хөлдсөн үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

ЦУХ-1 нь Хэрлэн сумын 6 дугаар баг, “Ивээл” хороололд байрладаг “Бадмаараг” дэлгүүрийн хашаанд, ЦУХ-2 нь Хэрлэн сумын 6 дугаар баг, хариуцагч “Т” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 32 айлын орон сууцны барилгаас баруун тийш 1 метр зайд, ЦУХ-3 нь уг барилгын зүүн талд байдаг болох нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь хариуцагч “Д Н” ОНӨААТҮГазар нь хариуцагч “Т” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 32 айлын орон сууцны барилга барих ажилд техникийн нөхцөл олгосноос болж дээрх цэвэр усны шугамд гэмтэл үүсэж, манай компанид хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тухайлбал, 2019 оны 04 сарын 16-ны өдрийн “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн шинжээчийн дүгнэлт №1-ийн хариулт 1-д “Дорнод аймгийн Хэрлэн сумын а-1-2 цэг орчмын газрын хөрсний хөлдөлтийн гүн нь 3.02 метрт байгаа /Дорнод аймгийн Хэрлэн сумын Инженер-Геологийн мужлалын зураг, хавсралт №1/ бөгөөд ЦУХ №1 болон ЦУХ -2 хооронд шугам цоорч гэмтсэн, хөлдсөн шалтгаан нь:

  1. Цэвэр усны шугам нь хөлдөлтийн гүнээс бага буюу 2 метрт / фото зураг, хавсралт №2/ тавигдсан байгаа нь өвлийн улиралд усны хэрэглээ багатай үед хөлдөх боломжтой,
  2. Цэвэр усны шугам нь дулааны шугамын сувагт тавигдсан бөгөөд уг сувгийн дулааны шугам нь ашиглалтгүй байгаа учраас мөн цэвэр усны хэрэглээ зогссон үед хөлдөлт үүсэх нөхцөл бүрдсэн байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсгийг зөрчиж техникийн нөхцөл олгосноос хөлдөлт үүссэн гэх техникийн шалтгаан байхгүй байна.” гэсэн дүгнэлтээр ЦУХ-1, ЦУХ-2-ын хооронд шугам цоорч гэмтэл үүссэн асуудал нь хариуцагч нарт хамааралгүй болох нь тогтоогдож байна. /хх-ийн 134-135 дахь талууд/

 

Түүнчлэн ЦУХ-1-ээс ЦУХ-2 хоорондох цэвэр усны шугамыг Төрийн болон орон нутгийн өмчийн газар өөрийн өмчдөө хүлээн аваагүй болох нь мөн дээрх дүгнэлтийн хариулт 2, 6-д дурдсан болон Аймгийн ЗДТГазрын даргын баталсан “Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах цэвэр усны шугамын асуудлыг газар дээр нь танилцаж, дүгнэлт гаргах ажлын удирдамж, хурлын тэмдэглэл, Аймгийн ИТХурлын тэргүүлэгчдийн 2018 оны 08 сарын 13-ны өдрийн 63 дугаар тогтоол, “Д Н” ОНӨААТҮГазрын өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 23-28, 52-53, 133-137 дахь талууд/

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч “2017 оны 11 сард Хүрлээгийн барилгын зүүн талын худгаас манайх болон бусад хэрэглэгчийг хангадаг цэвэр усны шугам хоолой хөлдсөн нь “Т” ХХК-ийн захирал О.Х өөрийн барьсан 5 давхар барилгын зоорийн давхарт байдаг 100-ийн хаалтыг хааж нээж байсны улмаас цэвэр усны турба хоолойд хөлдөлт үүссэн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон дээрх шинжээчийн №1 дүгнэлтээр хариуцагч “Т” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж цэвэр усны шугамд хөлдөлт үүссэн гэдэг нь тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Гэм хорын хариуцлагыг авч үзэхдээ эрх зөрчсөн үйлдэл болон эрхийн зөрчил хоёрын хооронд эрх зүйн ач холбогдол бүхий шалтгаант холбоо бий эсэхийг зайлшгүй тогтоох нь зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэлд дурдагдсан цэвэр усны шугамд үүссэн хөлдөлт болон цооролт нь хариуцагч “Д Н” ОНӨААТҮГазраас хариуцагч “Т” ХХК-д цэвэр усны шугамд холболт хийх техникийн нөхцөл олгосон үйлдэл болон хариуцагч “Т” ХХК-ийн цэвэр усны шугамтай холбоотой хийсэн үйлдлүүдээс /цэвэр усны шугамд холболт хийсэн, уг шугамыг барилгын зоорийн давхараар дамжуулсан, зоорийн давхарт 100-ийн хаалт хийсэн гэх/ шалтгаалсан гэх үйл баримтууд тогтоогдоогүй учраас хариуцагч нарыг гэм буруутай гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй байна.

Анхан шатны шүүх цэвэр усны шугамд хөлдөлт цооролт үүссэншалтгаан нөхцөлийг тодруулах зорилгоор хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилж, мэргэжлийн шинжээч нарын дүгнэлтийг үндэслэн хэргийн үйл баримтын талаар дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч “Д” ХК нь гэм хорын хохиролд 25 700 000 төгрөгийг хариуцагч “Д Н” ОНӨААТҮГазар, “Т” ХХК нараас гаргуулахаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авч хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч “Д” ХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 30-ны өдрийн 138/ШШ2019/00427 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Д” ХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Д” ХК-иас төлсөн 286 450  төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

                  ШҮҮГЧИД                                                               Ж.ДОЛГОРМАА

                                                                                  З.ЭНХЦЭЦЭГ