Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 221/MA2017/0175

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 23 өдөр         Дугаар 221/МА2017/0175         Улаанбаатар хот

Б.*******гийн нэхэмжлэлтэй                                                                                          захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 942 дугаар шийдвэртэй иргэн Б.*******гийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албаны даргын холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 942 дугаар шийдвэрээр:  Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1.11, 10 дугаар зүйлийн 10.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн “Хан-Уул дүүргийн Дотоод аудитын албаны даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 07 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговрыг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 942 дугаар шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэх үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Миний бие төрийн албанд 11-н жил нягтлан бодогч хийсэн Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчоор ажилласан байхад шүүх доорхи зөрчлүүдийг гаргасан нь нотлогдсон гэж үзсэнд үнэхээр гомдолтой байна.Дотоод Аудиторын Олон Улсын Институтээс гаргасан Дотоод Аудитын Мэргэжлийн Практикийн Олон Улсын Стандарт /ДАМПОУСУ-д Дотоод аудит-ыг Дотоод аудит нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, түүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хараат бус, бодитой баталгаа өгөх ба зөвлөх үйл ажиллагаа юм" гэж заасан. Мөн төсвийн тухай хуулийн 69.4 "Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна" гэж заасан байдаг.

Миний хувьд төсвийн байгууллагад нягтлан бодогч хийж байсан хэдий ч аудиторын хувьд анхны ажил маань 15 дугаар сургуулийн аудитын ажил байсан. Аудит нь Олон улсын стандарт, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу хийдэг ажил учир асуух тодруулах зүйл байсан нь үнэн болов бид багаараа ажиллаж тайланг бичиж дарга хянан гарын үсэг зурж баталгаажуулан ажил дууссан байсан. Энэ ажлын явцад ажилчдын цагийн бүртгэл зөрүүтэй байсан зөрчил илэрсэн. 15-р сургуулийн захирал нягтлан бодогч хоёр илэрсэн зөрчлийн дагуу хийсэн ажлаа албан бичгээр бичиж авч ирэн дарга Нямтогтохын өрөөнд ажлын багын ахлагч Уянга, би, 15-р сургуулийн захирал Шүрэнцэцэг, нягтлан бодогч Лувсанцэрэн бид 5 уулаа хуралдаад тус сургуулийн ажилчдын хурлын шийдвэрийн дагуу ажилчдаас мөнгийг суутган тооцохоор болсон. Энэ тухай би аудитын тайландаа тодорхой бичсэн байгаа. Дотоод аудитын албаны дарга           А.Нямтогтохоос 15-р сургуулийн аудитын тайланг бүрэн эхээр нь гаргуулж авахаар өмгөөлөгч  Д.Мөнхтуяа хүсэлт гаргасан боловч Худалдан авах ажиллагааны албаны аудитын тайланг өгсөн нь хавтас хэрэгт байгаа. Мөн миний алдаатай бичсэн гээд байгаа 15-р сургуулийн аудитын тайлаг бүрэн эхээр нь шүүхэд гаргаж өгөхгүй байна. 15 дугаар сургуулийн аудитын тайланг багийн гишүүд өөр өөрийн ажлаа бичээд даргад мэйлээр өгөөд дарга хянаж үзээд өөрөө хэвлэж өгсөн. Энэ үед манай өрөөнд хэвлэх машин байгаагүй. 12-р сарын 20-ны үед манай өрөө принтер авсан юм. 15-р сургуулийн аудитын 1 жилыг дуусгаад дараа нь олон ажил хийсэн. /Худалдан авах ажиллагааны албанд аудит, Дотоод аудитын албаны нягтлан бодох бүртгэлийн бодлогын бичиг баримт боловсруулах, шилэн  дансны  тухай  хуулийн  хэрэгжилтэнд хяналт тавих,  Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэс, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын бүтэц орон тоонд  аудит хийсэн зэрэг ажлуудыг хийсэн/ Тухайн үед Дотоод аудитын албанд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй аудитор байгаагүй учир бидэнд торгууль тавих эрх байхгүй бөгөөд дотоод аудит нь зөвлөх үйлчилгээ юм. Мөн аудитор нь зөрчлийг үнэлэхдээ үүссэн алдаанаас үүссэн зөрчил аль нь болохыг үнэлэж зохих зөвлөмжийг өгдөг стандарттай. Энэ зөрчил нь сургалтанд явсан, хагас бүтэн сайнд ажилласан өдрөө нөхөж амарсан зэргийг жижүүрүүд тэмдэглээгүйгээс зөрүү гарсан байсныг ажилчдын хурлын тэмдэглэл харуулж байгаа юм. 2014 оны 11-р сард би Хан-Уул дүүргийн дотоод аудитын дарга Нямтогтохтой уулзаад ажилд орохоор болсны дараа Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн даргад ажлаас чөлөөлж өгөх тухай өргөдөл гаргасан нь хавтас хэрэгт байгаа. Өмнөх ажлаа өгчихөөд ажилдаа орьё гэж Нямтогтох даргад хэлэхэд “чи ажилдаа орж бай, явцын дунд ажлаа өгнө биз” гэж хэлсэн. Ингээд би ажилдаа ороод ажлаа хийж байгаад 2014 оны 11 дугаар сарын 28-нд орны хүнийг олсон тул ажлаа өг гэж А.Түмэннасан дарга дуудсаны дагуу А.Нямтогтох даргаас чөлөө авч БЗД-ийн Хөгжлийн төвийн нягтлан бодогчийн ажлаа өгсөн. А.Түмэннасан дарга 2 тушаал гаргаж өгсөн /хавтас хэрэгт байгаа/ Нэг нь 10 хоног цалингүй чөлөө олгох/ 2014 оны 11 сарын 17-ны 32 тоот/, нөгөө нь ажлаас чөлөөлөх тухай тушаал /2014 оны 11 сарын 28-ны 35 тоот/ юм. Энэ 2 тушаалыг би Нямтогтох даргад авч ирж өгсөн. Харин миний нийгмийн даатгалын дэвтэрт БЗД-ийн Хөгжлийн төвийн нарийн бичиг бичилт хийхдээ 2 тушаалын он cap дугаарын сольж бичсэн нь одоо хэвээрээ байгаа /хуулбар нь хавтас хэрэгт байгаа/ Үүнийг намайг өөрөө зассан мэт буруутгаж байгаа нь буруу юм. Би НД-ийн дэвтэрт тушаал бичдэг эрх бүхий албан тушаалтан биш. Би олон жил нягтлан бодогчийн ажил хийсэн учир НДД-т хэн тушаал бичих ёстойг сайн мэднэ.

2014 оны 11 сарын 28-нд намайг тушаалуудыг өгөх үед Нямтогтох дарга юм яриагүй авсан, харин 2015 оны 1-р cap гарсан хойно намайг БЗД-ийн хөгжлийн төвийн даргаар тушаалаа засуулж ир гэж хэлсэн. Би А.Түмэннасан даргад хэлж гуйсан боловч зөвшөөрөөгүй. Гэтэл Нямтогтох дарга намайг цалин давхардуулж авсан гээд 1-р сарын цалингаас хассан. Би цалин давхар аваагүй нь хавтас хэрэгт байгаа дансны хуулга болон НДД-ийн хуулганы 2014 оны 11-р сарын цалингийн бичилт зэргээс харагдана. Мөн анх 2014 оны 11-р сарын 17-ны ажилд томилсон тушаалыг надад үзүүлээгүй бөгөөд туршилтын хугацаагаар томилсон тухай хэлээгүй. Би ажлаас халагдсан тухай мэдээд ажилд орсон болон гарсан тушаалаа авья гэхэд албан тоот байхгүй гээд хуулбаруудыг өгсөн. Сүүлд нь Нямтогтох даргын өөрийн хэлж байгаагаар миний ажилд орсон тушаалыг 3-н удаа сольж гаргасан гэж байсан. Энэ нь надаас ямар нэгэн байдлаар шалтгаалаагүй. Би ажлаас гарсан тушаалын эх хувь байхгүй учир ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдаж чадаагүй. Хэрэв би туршилтын хугацаагаар томилоод удахгүй халагдана гэж мэдсэн бол энэ ажилд орохгүй байсан.

Анх ажил ороход дотоод аудитын дүрмийн шаардлагад нийцэж байгаа тул чи тус орон тоон дээр төрийн албаны сонгон шалгаруулалт зарлагдахаар шалгалтаа өгөөрэй гэж байсан. Тухайн үед тус албаны аудиторын сонгон шалгаруулалт зарлагдаагүй байсан бөгөөд тэнд ажиллаж байсан бүх хүмүүс шалгалтаа өгөөгүй бид шалгалтанд бэлдээд байж байсан. Одоо хүртэл сонгон шалгаруулалт зарлагдаагүй байгаа. Би шалгалтанд бэлдээд зарыг хүлээж байна.

Би олон жил, олон салбарт нягтлан бодогчийн ажил хийх явцдаа өөрийгөө хөгжүүлэн дипломын боловсролоо 1999 онд бакалавр зэрэгтэй болгож улмаар 2013 онд мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй болж үргэлж өөрийн мэдлэг боловсролдоо анхаарч ирсэн. Миний хувьд дотоод аудитын ажлын байран дээр мэдлэг боловсрол, ажлын ур чадварын хувьд гологдохгүй гэж бодож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хан-Уул дүүргийн Дотоод аудитын албаны даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23.1.1, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолын 8 дугаар заалтыг тус тус баримтлан “...туршилтын хугацаанд ажиллахдаа ... “Дотоод аудитын албаны дүрэм” ..., ажлын байрны тодорхойлолтод заасан зорилтоо хангалтгүй биелүүлж, ...шударга бус ажилласан, ...шударга бус байдал гаргасан ... нь цаашид аудитороор ажиллуулах итгэл, шалгуурыг хангаж ажиллах чадваргүйгээ харуулсан ...” гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлснийг эс зөвшөөрч хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговрыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болох”-оор, 18.2-т “төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмыг төрийн албаны төв байгууллага тогтоох”-оор тус тус заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ын 2-т “төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн, төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон иргэнийг 1 жил хүртэл хугацаагаар туршилтын журмаар томилон ажиллуулна”, 7-д “туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллах чадваргүйгээ харуулсан төрийн албан хаагчийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн албан тушаалаас нь чөлөөлж болно”, 8-д “төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах чадваргүй нь туршилтын хугацаа дуусахаас өмнө мэдэгдэж, улмаар цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээр бол түүнийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр туршилтын хугацаа дуусахаас өмнө албан тушаалаас нь чөлөөлж болно” гэж тус тус заасан байна.

 Дээрх хууль, журмаар төрийн эрх бүхий албан тушаалтан нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэнийг 1 жилийн хугацаагаар туршилтын журмаар томилон ажиллуулж болохоор, түүнчлэн туршилтын хугацаагаар томилогдсон этгээд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, цаашид үр бүтээлтэй ажиллах чадваргүй болох нь туршилтын хугацаа дуусахаас өмнө мэдэгдсэн, үргэлжлүүлэн ажиллуулбал байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээр бол эрх бүхий этгээдийн шийдвэрээр хугацаанаас нь өмнө албан тушаалаас нь чөлөөлж болохоор тусгайлан зааж зохицуулсан байна.

Хариуцагчаас “Хан-Уул дүүргийн Дотоод аудитын албаны аудитороор 6 сарын хугацаагаар түр томилогдон ажиллах хугацаандаа буюу 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ажлын 5 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх байсан тус дүүргийн 15 дугаар сургуулийн Дотоод аудитын шалгалтын ажлыг хийж гүйцэтгэхдээ сургуулийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийн хэмжээг бууруулж шударга бус ажилласан зөрчлийг гаргасан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн...” гэж нэхэмжлэгч Б.*******г буруутгасан байх бөгөөд нэхэмжлэгчээс тус зөрчлийг гаргаагүй гэх агуулгаар маргаагүй, харин “...анхны аудитын ажил байсан, багаар ажилласан...” гэж тайлбарлажээ.

Хавтаст хэрэгт “Хан-Уул дүүргийн Дотоод аудитын хорооны 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “...5 ажилтанд илүү олгосон 382.5 мянган төгрөг, илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 33.0 мянган төгрөг, цагийн бүртгэлээс илүү олгосон цалин 430.5 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт тус тус оруулахыг ...даалгасугай...” гэж тогтоосон 2 дугаар тогтоол[1], нэхэмжлэгч Б.******* гарын үсэг зурж 2015.12, гэж тэмдэглэсэн 15 дугаар сургуулийн ажилласан хоногийн тооцоо ...244202 гэж тэмдэглэгдсэн хавсралт 3[2], 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн нийт дүн 642412 гэж тэмдэглэгдсэн мөн сургуулийн ажилласан хоногийн тооцоо, хавсралт 3[3] гэх баримт, Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “...аудит дуусаж ...дүнг танилцуулахад Нямтогтох дарга ...нотлох баримтгүй зөрчлийг хасаж багасгасан байгаа нь аудитын дүнг хянахад илэрсэнг танилцуулж энэ нь *******гийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж тайлбарлаж нотлох баримтгүй илүү авсан цалин зөрчлийн дүн нэмэгдэж байгааг танилцуулж байсан. Бид дүнг зөвшөөрч аудитын тайлантай танилцаж гарын үсэг зурж баталгаажуулсан...” гэх “Тайлбар хүргүүлэх тухай” 71 дүгээр албан бичиг, нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зурсан “...дотоод аудитын нэгжийн даргын бөглөх гэх хэсэгт “...3 удаа хянуулж хугацаа хожимдуулсан, анхны танилцуулга зөрүүтэй эрсдэлийг бууруулсан, ...залруулсан шударга бус...” гэж тэмдэглэгдсэн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Аудиторын мэдэгдэл[4], нэхэмжлэгчийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан “...тайланг дахин хийгээд засвар оруулсан...” гэх тайлбар, мөн тус шүүх хуралдаанд гаргасан гэрч Г.Уянгын “...багаар ажиллаж байгаагийн хувьд тухайн байгууллагаас ирсэн хүмүүст зөрчлийн талаар багаараа танилцуулах байсан. Гэтэл ганцаараа тус ажлыг хийж дуусгасан, ...430000 төгрөгийн зөрчил болгож ... дур мэдэн ... даргад танилцуулаагүй бууруулсан...” гэх мэдүүлэг” зэрэг нотлох баримтууд авагджээ.

 Дээрх нотлох баримтуудаас үзвэл маргаан бүхий актаар нэхэмжлэгч Б.*******г Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн үйл ажиллагаанд Дотоод аудит хийхдээ “...сургуулийн ажилчдын ажилласан хоногийн тооцоог гаргахдаа ... зөрчлийн хэмжээг  642412  төгрөгийг 244202 төгрөг гэж бууруулсан, аудитын албаны үүргээ хангалтгүй биелүүлсэн...” гэж буруутган ажлаас халах үндэслэл болгосныг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв ОНӨҮГ-ын даргын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “...Б.******* ... ажлаас халагдах тухай өргөдөл ирүүлсэн ... жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын шалгалт удахгүй болох тул өргөдлийг түр хугацаанд хүлээж авах боломжгүй гэсэн ... 2014 оны 11 сарын 17-ны өдөр ажилдаа ирээгүй ...,  байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс нягтлан бодогч Б.*******д 10 хоногийн цалингүй чөлөө олгох тушаал гарган шинээр орсон ажилруу нь өдөр бүр очин гарын үсэг зуруулж байсан ... Хан-Уул дүүрэгт ажилд орсон хугацаа манай байгууллагаас гарсан тушаалын хугацаа нь зөрж байгаа тул ажлаас гарсан тушаалын хугацааг өөрчлүүлэх хэрэгтэй байна гэж ирсэн ба өөрчлөх боломжгүй гэсэн хариу өгсөн, ... дахин ирэхдээ өөрийн нийгмийн даатгалын дэвтрийн ажлаас чөлөөлсөн бичилтийг арилган ирсэн байсан, байгууллагын зүгээс засалт хийж өгөөгүй ... жилийн эцэст ажлаа дур мэдэн хаяж яван байгууллагын үйл ажиллагааг доголдуулж мэргэшсэн нягтлан бодогчийн хувийн хариуцлагагүй үйлдэл гаргасан болно” гэх “Тайлбар хүргүүлэх тухай” 68 дугаар албан бичиг[5], Б.*******гийн “Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар[6], Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, томилох тухай” Б/35, Хан-Уул дүүргийн Дотоод аудитын албаны даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Ажилд томилох тухай” 21, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажилд томилох тухай” 02 тоот тушаал[7]-ууд, Хан-Уул дүүргийн Дотоод аудитын албаны 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “...Б.*******д нийгмийн даатгалын дэвтрээ энэ долоо хоногт өгөх...” гэж тэмдэглэгдсэн “Шуурхай зөвлөгөөний тэмдэглэл”[8], нэхэмжлэгчийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан “...дарга тушаалаа сольж ир гэсэн. 2 тушаалаар давхар ажил хийгээд байна гэж хэд хэдэн удаа хэлсэн..., 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш 10 хоног ажилласан цалинг 1 сарын цалингаас хасч тооцсон...” гэх тайлбар зэрэг нотлох баримтууд авагджээ.

 Дээрх баримтуудаас үзвэл маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч Б.*******г “...өмнөх байгууллагаас ажлаас чөлөөлөгдөх бичиг баримтыг албажуулж өгөөгүйгээс ... шударга бус байдал гаргасан...” гэж буруутган ажлаас чөлөөлснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 Дээр дурдсанчлан туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгч Б.*******г аудитын шалгалт хийх явцад ажилчдын цагийн бүртгэлийг зөрүүтэй тооцож тайлагнасан алдаа дутагдлыг гаргасан, өмнө ажиллаж байсан ажил албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбоотой баримтыг эргэлзээгүй байдлаар гаргаж шинээр ажилд томилсон этгээдэд өгөөгүйн улмаас давхардуулан тушаал гаргах нөхцөлийг үүсгэсэн гэж хариуцагчийн тодорхойлсныг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгчээс энэ талаар үндэслэл бүхий тайлбар, нотолгоог гаргаж мэтгэлцээгүй байна.

 Иймээс “...ажлын байрны тодорхойлолтод заасан зорилтоо хангалтгүй биелүүлсэн, шударга бус байдал гаргасан нь цаашид аудитороор ажиллуулах итгэл, шалгуурыг хангаж ажиллах чадваргүйгээ харуулсан” гэж дүгнэж ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэрийг Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ын 7, 8 дугаар зүйлүүдэд заасантай тус тус нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн “...шүүх зөрчлүүдийг гаргасан нь нотлогдсон гэж үзсэнд гомдолтой...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосонтой холбоотой баримтыг хүлээн авсан хугацаанаас тооцож нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй талаар зөв дүгнэсэн байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 942 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                          ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                        ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

                        ШҮҮГЧ                                                 С.МӨНХЖАРГАЛ

                        ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ