| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2023/00498/И |
| Дугаар | 102/ШШ2023/00945 |
| Огноо | 2023-03-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2023/00945
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., Б... овогт Ц...ийн Д...,
Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүрэг, ... тоотод түр оршин суух, регистр ..., Б... овогт А...ийн Э...,
Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүрэг, ... тоотод түр оршин суух, регистр ОЮ 97061001, И... овогт Ц....ийн Ө...,
Нэхэмжлэлийн шаардлага:7 500 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ц.Д..., хариуцагч буюу хариуцагч Ц.Ө...гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.Д... хариуцагч А.Э..., Ц.Ө... нарт холбогдуулан гэрээ цуцалж, 7 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Би А.Э...аас Приус 20 маркийн ... улсын дугаартай машин 8 500 000 төгрөгөөр авахаар тохирсон, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр А.Э...т 2 500 000 төгрөг бэлнээр өгч машинаа авсан.Үлдэгдэл төлбөрийг А.Э...ын эхнэр Ц.Ө...гийн хаан банкны ... тоот дансанд сар болгон 1 000 000 төгрөгийг 5 сарын турш шилжүүлж, 6 дахь сарын төлөлт дээр машинаа нэр дээр шилжүүлэхээр тохирсон.Би А.Э...т мөнгө өгсний баталгаа болгож зээлийн гэрээ 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нотариатаар байгуулсан. Ингээд би тохиролцоогоо биелүүлж 5 дахь сарын төлөлтийг 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр шилжүүлсэн.Сүүлийн сарын төлөлт дээр А.Э...ын эхнэр Ц.Ө... нөхрөө Замын-Үүдэд ажилтай, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ирнэ гэж хэлсэн.Түүнээс хойш утсаа аваагүй.А.Э... нь энэ машиныг барьцаалан зээлдүүлэх газраас зээлээр авсан гэж хэлж байсан.Зээлээ төлнө гэж байсан 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Ж... ХХК-аас хүмүүс ирж А.Э...ыг зээлийн төлбөрөө төлөөгүй гээд надаас машиныг хурааж авсан. Иймд А.Э... нь машины төлбөрийг төлж, миний нэр дээр шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй учраас гэрээнээс татгалзаж, А.Э..., Ц.Ө... нараас миний 7 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Э... хариу тайлбартаа:Би Ц.Д...т 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 8 500 000 төгрөгийн зээлийн гэрээгээр Ж... ХХК-ийн ББСБ дээр байгаа машинаа зарсан нь үнэн, урьдчилгаанд 2 500 000 төгрөг өгсөн, эхний 5 сарын төлөлтөө хийсэн, сүүлийн сарын төлөлт хийгээгүй тул машин хураагдсан, би ББСБ-д 4 000 000 төгрөгийн өглөгтэй байсан, Ц.Д...т 3 750 000 төгрөг өгнө, бусдыг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Ц.Ө... хариу тайлбартаа:Би Ц.Д...ийн сарын төлөлтийг өөрийн дансаар авсан нь үнэн, уг хүн миний нөхөр А.Э...тай бэлэн мөнгөний гэрээ хийж манай машиныг худалдан авсан, сүүлийн сарын төлөлтийг хугацаандаа төлөөгүй, урьдчилан холбогдоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.Ц.Д... зээлийн гэрээгээ зөрчсөн, надтай гэрээ хийгээгүй тул хамааралгүй гэжээ.
Нэхэмжлэгчээс:Иргэний үнэмлэх, 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээ, Ж... ХХК-ийн мэдэгдэх хуудас, Хаан банкин дах дансны хуулгыг, хариуцагчаас 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээг шүүхэд өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:А.Э...аас худалдаж авсан машиныг Ж... ХХК хураан авсан тул гэрээнээс татгалзаж, машины үнэд шилжүүлсэн 7 500 000 төгрөгийг буцаан авна гэж тайлбарласан.
Хариуцагч А.Э... нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд: Би Ц.Д...т 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр машинаа 8 500 000 төгрөгөөр зарсан, урьдчилгаанд 2 500 000 төгрөг авсан, 5 удаа 1 000 000 төгрөгөөр 5 000 000 төгрөг өгсөн, сүүлийн сарын төлөлт хийгээгүй тул машин хураагдсан, Ц.Д...т 3 750 000 төгрөг өгнө, бусдыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хариуцагч Ц.Ө... нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд: А.Э...тай гэрээ манай машиныг худалдан авсан, Ц.Д...ийн төлөлтийг өөрийн дансаар авсан, Ц.Д... зээлийн гэрээгээ зөрчсөн, надтай гэрээ хийгээгүй тул зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээ, Ж... ХХК-ийн мэдэгдэх хуудас, Хаан банкин дах дансны хуулга, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Д..., хариуцагч А.Э... нарын хооронд 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр зээлийн гэрээ нэртэй хэлцэл хийгдсэн боловч талуудын тайлбар, хэргийн үйл баримтаас үзэхэд хариуцагч А.Э... нь Приус-20 маркийн ... улсын дугаартай авто машинаа 8 500 000 төгрөгөөр Ц.Д...т худалдаж, зохигчдын хооронд 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Ц.Д... нь авто машины үнээс өөрийнхөө Хаан банкин дах данснаас 2022 оны 6 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарын хооронд 5 удаагийн гүйлгээгээр 5 000 000 төгрөгийг А.Э...т шилжүүлсэн, мөн 2 500 000 төгрөгийг А.Э...т бэлнээр өгсөн үйл баримтад талууд маргахгүй байна.
А.Э... нь ББСБ-д зээлийн барьцаанд тавьсан авто машинаа Ц.Д...т худалдсан, улмаар А.Э... нь ББСБ-ын зээлийг төлж барагдуулаагүйн улмаас түүний Ц.Д...т худалдсан авто машиныг ББСБ нь Ц.Д...ээс хураан авсан үйл баримтаас үзэхэд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой болсон гэж үзэх үндэстэй байна.
Нөгөө талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар А.Э... эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Харин Ц.Д... нь Ц.Ө...тай хэлцэл хийгээгүй, эрх зүйн харилцаанд ороогүй бөгөөд зөвхөн түүний эзэмшдэг банкны дансаар дамжуулж машины төлбөрийг төлж байсан гэх үндэслэлээр А.Э...тай хийсэн хэлцлийг үр дагаврыг Ц.Ө...гаас шаардах боломжгүй тул Ц.Ө...д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э...аас 134 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан А...ийн Э...аас 7 500 000 /долоон сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Цэдэвсүрэнгийн Д...т олгож, хариуцагч Ц.Ө...д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э...аас 134 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Д...т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН