Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2023/01026

 

 

   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, ... тоотод байрлах, регистр ..., Т... ХХК,

Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., Э....ийн Б...,

Нэхэмжлэлийн шаардлага:3 957 355 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т... ХХК нь хариуцагч Э.Б...д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон алдангид 3 957 355 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Т... ХХК, Э.Б... нар 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай, 4 000 000 төгрөгийг, сарын 3,9 хувийн хүүтэйгээр, төлөөгүй үүргийн гүйцэтгэлд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр ... тоот зээлийн гэрээг байгуулж, барьцаанд ... улсын дугаартай Toyota Corolla Axio маркийн авто машиныг унаад явах нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулсан.

Гэрээ байгуулсан өдрөөс хойш зээлдэгч Э.Б... нь 2,959,000 төгрөг төлсөн.Гэвч Э.Б... нь 2021 оны 5 дугаар сараас хойш эргэн төлөлтөөс огт төлбөр хийгээгүй тул манай компанийн зүгээс утсаар удаа дараа зээлээ төлөхийг шаардаж байсан ч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөлгүй манай компанийг хохироогоод байна.Э.Б... нь 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс хойш зээлийн төлөлтөөс огт төлөлт хийгээгүй тул С2000808 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 2 001 846 төгрөг, төлөгдөөгүй хүү болох 636 391 төгрөг, нийт 2 638 237 төгрөг байна.

Алдангийн хувьд 2021 оны 5 дугаар сарын 12-ноос 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өнөөдрийг хүртэлх /242 хоног/ хугацаанд төлөөгүй үүргийн гүйцэтгэлд зээлийн С2000808 тоот гэрээний 2.11 дүгээр зүйл болон, гэрээний хавсралтад заасны дагуу 0,5 хувийн алданги /242 хоног/ 3 192 267 төгрөг болсноос иргэний хуулийн 232 дугаар зүйл, 232.4 дүгээр зүйлд заасныг үндэслэн анзын хэмжээ үндсэн үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул үндсэн зээлийн 50 хувь болох алдангийн хэмжээ 1 319 118 төгрөг болж байна.

Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 2 001 846 төгрөг, төлөгдөөгүй хүү болох 636 391 төгрөг, алданги 1 319 118 төгрөг, нийт 3 957 355 төгрөгийг гаргуулж өгнө үү, П.Г... манай байгууллагын санхүүгийн ажилтан гэв.

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, зээлдэгчийн анкет, хариуцагчийн хүсэлт, П.Гансүхийн Хаан банкин дах дансны хуулгыг шүүхэд өгсөн, хариуцагчаас шүүхэд баримт өгөөгүй./хх 4-16/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2 001 846 төгрөг, төлөгдөөгүй хүү болох 636 391 төгрөг, алданги 1 319 118 төгрөг, нийт 3 957 355 төгрөгийг Э.Г....аас гаргуулна гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, зээлдэгчийн анкет, хариуцагчийн хүсэлт, П.Г....ийн Хаан банкин дах дансны хуулга зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Э.Г... нь Т... ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийг, сарын 3,9 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлснээр талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-т заасан үндэслэлд нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Зээлдэгч Э.Г... нь 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, зээлийн тооцооллоор нотлогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Талууд зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.11-т зааснаар торгууль төлөхөөр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-т заасан үндэслэлд нийцэж байна.

Мөн Э.Б... нь нэхэмжлэлийг 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, шүүхэд тайлбар өгөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй байна.

Иймд хариуцагч Э.Б...ас үндсэн зээлийн үлдэгдэл 2 001 846 төгрөг, төлөгдөөгүй хүү болох 636 391 төгрөг, торгууль 1 319 118 төгрөг, нийт 3 957 355 төгрөгийг гаргуулан Т... ХХК-д олгож шийдвэрлэх нь үндэстэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 268 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б...ас 78 268 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.5-т заасныг баримтлан Э.Б...ас 3 957 355 /гурван сая есөн зуун тавин долоон мянга гурван зуун тавин таван/ төгрөг гаргуулан Т... ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 368 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б...ас 78 368 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.ДОРЖНАМЖИН