Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/243

 

 

 

 

 

                                      2025/ШЦТ/243

 

 

 

/


          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч Б.Тулга,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Г ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А ,

Шүүгдэгч М.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М  ургийн овогт М-ын Л-т холбогдох эрүүгийн 2512000000104 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19...  оны .... дугаар сарын ....-ны өдөр А аймгийн Ц  төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Ц. сумын О  баг, Т-ын үзүүр гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М... овгийн М-ын Л, /РД:..../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Л нь согтуугаар, 2025 оны 03 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө А аймгийн Ц  сум, О  багийн Мод толгой гэх газар иргэн Ц.С-тай урьдын харилцааны явцад үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Ц.С-ыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, уруул, хуйханд шарх, 1 шүдний булгарал, тархи доргилт, нүүрэнд олон тооны зулгаралт, зүүн сарвуу, шилбэнд зулгаралт, хоёр нүдний зовхи, баруун нүдний алим, хацарт цус хуралт, дух, хамар, уруул, шанаа, эрүү хэсгийн тархмал зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Л-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Б.Тулга: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Г  “хохирогч Ц.С-ын эрх ашиг сонирхлыг хамгаалж оролцоно” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А  “гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Л “гэм буруу дээр маргахгүй” гэсэн  байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.

Хохирогч Ц.С-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, шүүх хуралдаанд заавал оролцох хүсэлтээ ирүүлээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч:

- Хохирогч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...доромжилж байснаа намайг зодож тухайн гэрээс гаргаж дээр суун зодсоноор миний биед гэмтэл учраад байна. Л ах гэрээс чирч гаргаад дээр суун миний нүүрэн хэсэгт хоёр гараараа ээлжлэн хэдэн удаа цохисныг сайн мэдэхгүй байна 10-20 удаа бол цохисон байх. Зодуулж байх хугацаанд миний үүдэн шүд унаад байна, ах аа болио өвдөж байна уучлаарай гэхэд чамайг гүйцээнэ гээд нүдэж босгохгүй, би босож чадахгүй байгаад нэг хэсэг ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 13-15 дугаар хуудас /,

- Гэрч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 14-ний орой манайд байж байгаад хэдэн айлаар орж золгуут хийгээдэхье гээд миний мотоциклийг гуйж унаад айл хэсэхээр яваад хүнд зодуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 59-60 дугаар хуудас/,

- Гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 14-ний орой манайд Л эхлээд ирчихсэн жаахан халамцуу юм яриад байж байхад гаднаас нутгийн дүү С нь орж ирж золгоод цай ууж суутал Л С руу чи ах дээрээ ирж золгосонгүй гэх мэтээр хэрүүл маргаан үүсгэж тухайн үед шинэ сар болоод удаагүй байсан тул шинэ сарын юм гэж нэг шил архи тэр хоёрт гаргаж өгөөд ууж сууж байгаад гадаа гараад хоорондоо маргалдаж, зодолдоод байхаар нь би гарч салган гэрт оруулж унтуулсан. ...С, Л хоёрыг салгаж гэрт оруулж унтуулахад С-ын нүүрэн хэсэг нилдээ зулгарч, хамар нармайнаас цус гарч үүдэн нэг шүд унасан байсан...” гэх мэдүүлэг/хх-н 63-64 дүгээр хуудас/,

- А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-ийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн АРХ0725/... дугаартай “...1. Ц.С-ын биед хамар ясны хугарал, уруул, хуйханд шарх, 1 шүдний булгарал, тархи доргилт, нүүрэнд олон тооны зулгаралт, зүүн сарвуу, шилбэнд зулгаралт, хоёр нүдний зовхи, баруун нүдний алим. хацарт цус хуралт, дух, хамар, уруул, шанаа, эрүү хэсгийн тархмал зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо... гэх дүгнэлт, гэрэл зургийг үзүүлэлт /хх-н 47-48 дугаар хуудас/,

            - А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн АРХ0725/.... дугаартай “,..1.М.Л-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-н 55 дугаар хуудас/,

- Яллагдагч М.Л-ийн “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-н 76-77 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,

Хохирогчийн өмгөөлөгч хохирогч Ц.С-ын мэдүүлэг, хохирлын баримтаар нэмэлтээр гарган өгсөн  ажлын газрын тодорхойлолт, гэрэл зураг, шүдний зураг,  “Рояаль смайль” эмнэлгийн эмнэлгийн магадалгаа, хохирлын баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч яллагдагч М.Л-ийн мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,   хаягийн бүртгэлийн лавлагаа, шинжээчийн дүгнэлт, багийн Засаг даргын тодорхойлолт, малын А дансны хуулга, хохирогчийн мэдүүлэг,  Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 75 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох” шинжээчийн дүгнэлт  ял шийтгэл эдэлж байсан эсэхийг шалгах хуудас, хохирлын баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

2025 оны 03 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө А аймгийн Цэнхэр сум, Орхон багийн Мод толгой гэх газар иргэн Ц.С-ын эрүүл мэндэд  хамар ясны хугарал, уруул, хуйханд шарх, 1 шүдний булгарал, тархи доргилт, нүүрэнд олон тооны зулгаралт, зүүн сарвуу, шилбэнд зулгаралт, хоёр нүдний зовхи, баруун нүдний алим, хацарт цус хуралт, дух, хамар, уруул, шанаа, эрүү хэсгийн тархмал зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна

 

Шүүгдэгч М.Л нь хохирогч М.Ц.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Л ах гэрээс чирч гаргаад дээр суун миний нүүрэн хэсэгт хоёр гараараа ээлжлэн хэдэн удаа цохисныг сайн мэдэхгүй байна 10-20 удаа бол цохисон байх. Зодуулж байх хугацаанд миний үүдэн шүд унаад байна, ах аа болио өвдөж байна уучлаарай гэхэд чамайг гүйцээнэ гээд нүдэж босгохгүй, би босож чадахгүй байгаад нэг хэсэг ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг,

 Гэрч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 14-ний орой манайд байж байгаад хэдэн айлаар орж золгуут хийгээдэхье гээд миний мотоциклийг гуйж унаад айл хэсэхээр яваад хүнд зодуулсан байсан...” гэх мэдүүлэг,

 Гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 14-ний орой манайд Л эхлээд ирчихсэн жаахан халамцуу юм яриад байж байхад гаднаас нутгийн дүү С нь орж ирж золгоод цай ууж суутал Л С руу чи ах дээрээ ирж золгосонгүй гэх мэтээр хэрүүл маргаан үүсгэж тухайн үед шинэ сар болоод удаагүй байсан тул шинэ сарын юм гэж нэг шил архи тэр хоёрт гаргаж өгөөд ууж сууж байгаад гадаа гараад хоорондоо маргалдаж, зодолдоод байхаар нь би гарч салган гэрт оруулж унтуулсан. ...С, Л хоёрыг салгаж гэрт оруулж унтуулахад С-ын нүүрэн хэсэг нилдээ зулгарч, хамар нармайнаас цус гарч үүдэн нэг шүд унасан байсан...” гэх мэдүүлэг,

 А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн АРХ0725/... дугаартай “...1. Ц.С-ын биед хамар ясны хугарал, уруул, хуйханд шарх, 1 шүдний булгарал, тархи доргилт, нүүрэнд олон тооны зулгаралт, зүүн сарвуу, шилбэнд зулгаралт, хоёр нүдний зовхи, баруун нүдний алим. хацарт цус хуралт, дух, хамар, уруул, шанаа, эрүү хэсгийн тархмал зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо... гэх дүгнэлт, гэрэл зургийг үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

М.Л нь үл ялих зүйлээр шалтаглан Ц.С-ыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, уруул, хуйханд шарх, 1 шүдний булгарал, тархи доргилт, нүүрэнд олон тооны зулгаралт, зүүн сарвуу, шилбэнд зулгаралт, хоёр нүдний зовхи, баруун нүдний алим хацарт цус хуралт, дух, хамар, уруул, шанаа, эрүү хэсгийн тархмал зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч М.Лийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн шүүгдэгч М.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

Шүүгдэгч М.Лийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч, түүний өмгөөлөгч нар хохиролд баримтаар 4,823,200 төгрөг, 1 сарын цалин 2,700,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлыг 4.99 хувиар тооцож нийт 10,816,600 төгрөгийг нэхэмжилсэн.

Шүүгдэгч М.Л хохиролд 2,000,000 төгрөг өгсөн гэж тайлбар гаргасан ба уг хохирлыг авсан талаараа хохирогчийн өмгөөлөгч мөн илэрхийлсэн.

Шүүхээс хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж хохирогчийн нэхэмжилсэн хохирлоос баримтаар нэхэмжилсэн 4,823,200 төгрөгний хохирлыг, мөн хохирогчид сэтгэцэд учирсан хохирлыг аргачлалд заасны дагуу 2 хувиар тооцож, 1,980,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Эрүүл мэндэд учирсан хохиролд 4,823,200 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 1,980,000 төгрөг нийт 6,803,200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаас мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний хохирогчид өгсөн 2,000,000 төгрөгийг хасаж 4,803,200 төгрөгийг шүүгдэгч М.Л-ээс гаргуулж хохирогч Ц.С-д олгуулахаар шийдвэрлэлээ.

Харин хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин 2,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг нотлох баримт хангалттай бүрдээгүй /цалин авч байсан талаарх нийгмийн даатгал, татвар, банкны хуулга зэрэг бусад баримтуудаар нотлогдоогүй/ гэж үзэж уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...” гэж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

Хохирогч Ц.С нь эмчилгээ хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,537,404 /нэг сая таван зуун гучин долоон мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөгний зардал гарсан болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, бусад баримтуудаар тогтоогддог. Шүүгдэгч М.Л хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан нь тогтоогдсон тул хохирогчийн эмчилгээнд зарцуулагдсан зардлыг буруутай этгээдээр төлүүлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч М.Лээс  1,537,404 /нэг сая таван зуун гучин долоон мянга дөрвөн зуун дөрөв/  төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэх нь үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Тулгаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л-т 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” гэсэн,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Г “...гэм буруутай үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал, хохирол төлбөр дээр маргаж хохирогчийг гомдолгүй болгоогүй байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй....” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А “...хувийн байдал, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, гэм буруу дээрээ маргаагүй байдлыг тус тус харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахгүйгээр 600 нэгжээр торгох ял оногуулж өгнө үү....” гэсэн,

Шүүгдэгч М.Л нь “...тусгайлан хэлэх санал байхгүй...” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч М.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа түүний хохирогчид учруулсан гэмтлийг хэрхэн учруулсан талаар шүүхэд мэдүүлсэн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч М.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус үзэв.

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч М  овгийн М-ын Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000.000 / нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Л-т шүүхээс оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч М.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Л-ээс 4,803,200 /дөрвөн сая найман зуун гурван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.С /А аймгийн Ц  сумын О  баг, Т  гэх газар оршин суух, РД: А.../-д олгож, хохирогч Ц.С-ын нэхэмжилсэн цалин 2,700,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ц.С нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.11-д зааснаар шүүгдэгч М.Л-ээс 11,537,404 /нэг сая таван зуун гучин долоон мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 100900020080 тоот дансанд олгосугай.

6. Шүүгдэгч М.Л энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Л-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОРХОНТАМИР