Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 102/шш2023/00712

 

 

2000 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2000/000000 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ....

Хариуцагч: ...

Гуравдагч этгээд: ...

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А....,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т....,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т....,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.... шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.... нь нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Миний бие ...рын Баянгол дүүргийн Нэгдүгээр хэлтсийн дарга бөгөөд ахлах гүйцэтгэгч, ахмад Б....ын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаартай мэдэгдлийг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гардан авч танилцсан. Тус мэдэгдэлд О....ын өмчлөлийн эрхийн улсын ... дугаар бүртгэлтэй Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.1, 73.5-д заасны дагуу төлбөр авагчид санал болгоход ...ХХК нь талуудын харилцан тохиролцсон үнэ 95,000,000 төгрөгийн зөрүүг төлж, барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон авах тухай санал ирүүлсэн тухай заасан. Нэхэмжлэгчийн өмчлөлийн уг орон сууцны үнэлгээг 95,000,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь уг орон сууцыг зах зээлийн үнээс хэд доогуур үнэлсэн бөгөөд шинжээчийн тайлан дахь үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай барьцааны эд хөрөнгийг зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд тулгуурлан үнэлгээ тогтоосон нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл хөрөнгийн үнэлгээг хэрэглэхдээ хэт доогуур үнэлсэн аргыг ашиглаж, үнэлгээний мэдэгдэлд тусгаж байгаа нь үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.1, 9.2.2, 9.2.3-т заасныг үндэслэж дүгнэлт гаргаагүйд гомдолтой байна. Мөн ...рын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаартай мэдэгдэлд үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь дуудлага худалдааны талаарх мэдээлэл, барьцаа хөрөнгийн талаарх мэдээллийг нэхэмжлэгчид мэдэгдэж байгаагүй бөгөөд энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1, 55.2.2, 55.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дээрх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Дээрх албан бичгийг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд 7 хоногийн дотор шүүхэд хандаж болно гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс 9 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар шүүхийн харъяалал зөрчсөн гэж үзээд хүлээн авахаас татгалзсан болно.

Хариуцагч ...рын шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчөөр хэнтэй харилцаж байсан бэ гэдгийг тодруулбал нэхэмжлэгч О....тай бус, харин түүний ах буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч О....тэй харилцаж байсан. Учир нь зээлийн гэрээг хэдийгээр О.... байгуулж, түүний орон сууцыг барьцаалсан боловч бодит байдалд О.... авсан гэдгийг шийдвэр гүйцэтгэгч мэдэж байсан. Шийдвэр гүйцэтгэгч нь О....тай гэрт нь очиж уулзаад орон сууцыг нь 95,000,000 төгрөгийн үнэтэй гэж бичүүлж авснаас өөрөөр түүнтэй холбогдож байгаагүй. Энэ үед шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад О.... нь О....ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаагүй. Энэ үнэлгээ бол 6 жилийн өмнөх асуудал бөгөөд барьцаа хөрөнгийг төлбөр авагчид санал болгохдоо талуудын харилцан тохиролцсон үнэлгээ гэх 95,000,000 төгрөгөөр тооцсоныг нэхэмжлэгч тал 2022 оны 9 дүгээр сард мэдсэн. Барьцаа хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ ханшийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгоход төлбөр авагч ...ХХК-ийн эрх ашиг хөндөгдөхгүй. Учир нь ...ХХК-ийн шүүхээр шийдвэрлэгдсэн авлага нь 63,000,000 төгрөг байгаа юм. Тиймээс тухайн хөрөнгө 95,000,000 төгрөг байх, эсхүл 130,000,000 төгрөг байх нь хамааралгүй юм. Уг хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гуравдагч этгээдийн эрх ашиг харьцангуй бага хөндөгдөж байна. О....ын хувьд сэтгэцийн өөрчлөлттэй, архины хамааралтай хүн байдаг. Хариуцагч талын хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хялбарчилж явуулаад байна гэж харж байгаа. Хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлж болохоор байгаа буюу 2016 онд үнэлсэн 95,000,000 төгрөгийн үнэлгээ одоо өөрчлөгдсөн, бодит биш үнэлгээ байгаа учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар дахин үнэлгээ тогтоолгох боломжтой юм. Тиймээс 2016 онд үнэлсэн 95,000,000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү...гэж тайлбарлав.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.... нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар захирамжаар О....аас 63,082,077 төгрөг гаргуулж ...ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ...дугаар тогтоолоор үүсгэн, тус газрын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч О....ын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн ... тоотод байрлах, эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 142/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 142/2 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч О.... нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 95,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч ...ХХК-д танилцуулахад төлбөр төлөгчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн тул талуудын харилцан тохиролцсон үнэ 95,000,000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байх тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс О....т албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй гэдэг боловч 2 удаагийн мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгч тал үнэлгээ хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргах хуульд заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна. 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн мэдэгдлийг О....ын хаягаар мэдэгдэхээр очиход О.... болон О.... нар хамт байсан. Дараа нь О.... итгэмжлэл авсан байсан. 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш төлбөр төлөгч хаягтаа байхгүй, олдохгүй байсан учраас эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан дахин үнэлгээ хийлгэх зохицуулалт нь огт албадан дуудлага худалдаа зохион байгуулагдаагүй тохиолдолд хамаарна. О....ын барьцаа хөрөнгийн тухайд талууд харилцан сайн дурын үндсэн дээр тогтоосон үнэлгээ бөгөөд ийнхүү тогтоосон үнэлгээгээр нь албадан дуудлага худалдаа зарлагдаж, худалдан борлогдоогүй учир хуулийн дээрх заалт хамаарахгүй юм...гэж тайлбарлав.

3.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.... шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай шүүхийн шийдвэрээр О....аас зээлийн гэрээний үүрэгт 62,598,137 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 470,940 төгрөг, нийт 63,069,077 төгрөгийг гаргуулан ...ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрт заагдсан зээлийн барьцаа хөрөнгө болох О....ын өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоот дахь 2 өрөө орон сууцны хувьд ...раас битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авч зах зээлийн үнийг 95,000,000 төгрөгөөр тогтоон, 2017 онд анхан болох 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш төлбөр төлөгч нь төлбөр огт төлөөгүй ба шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 63,069,077 төгрөг байна. Төлбөр төлөгч нь 6 жилийн дараа үнэлгээ хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа тасалдах, төлбөрөө хүлээн авах боломжгүй болж төлбөр авагч, барьцаалагч ...ХХК-ийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг хөндөгдөж болзошгүй байна. Бид 2016 оноос хойш төлбөрөө гаргуулж чадаагүй байгаа. Төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрөө үнийн саналаа гаргаж, тэр саналыг нь бид хүлээн зөвшөөрсөн. Харилцан тохиролцсон үнээр албадан дуудлага худалдаа зарласан ч борлогдоогүй. 2 дахь албадан дуудлага худалдаа зарлагдаад мөн л борлогдоогүй. Ингээд санал болгох хурал болоход төлбөр төлөгч ирээгүй бөгөөд эрэн сурвалжлагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдсон энэ 95,000,000 төгрөгийн үнэлгээ бол шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээ биш юм. Харин төлбөр төлөгчийн өөрийнх нь гаргасан үнэлгээ учир өөрийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгохоор шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. 95,000,000 төгрөгөөр үнэлэхэд О.... өөрөө оролцож байсан. Түүнээс өөр мэдэгдэх этгээд байгаагүй. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдсан учир хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг өөрчлөх ач холбогдолгүй юм. 6 жилийн өмнө уг үнийн саналыг гаргахдаа О.... өвчтэй байгаагүй. Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар харилцан тохиролцсон үнэлгээгээрээ бидэнд санал болгосон байгаа учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар үнэлгээ тогтоох шаардлагагүй. О....ыг архины хамааралтай, сэтгэцийн хувьд өөрчлөлттэй гэж байгаа ч үүнийг нотолсон баримт байхгүй. Тухайн үед үнэлгээ тогтоохдоо ч тийм байсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна...гэж тайлбарлав.

4.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:

- ...раас О....т хүргэсэн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаар мэдэгдэл /хх-6/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн .. дугаар шийдвэрийн хуулбар /хх-126-128/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ...дүгээр магадлалын хуулбар /хх-129-132/, улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар тогтоолын хуулбар /хх-133/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас О...., О.... нарт хүргэсэн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ... тоот мэдэгдэл /хх-134/, ... ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-135-167/ зэрэг болно.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар татгалзлаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. Үүнд:

- Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ... тоот Гүйцэтгэх хуудасны хуулбар /хх-32/, мөн өдрийн ... тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-37/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар шийдвэрийн хуулбар /хх-33-36/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ...дугаар тогтоолын хуулбар /хх-38/, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-39/, 2016 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн ... тоот Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх-40-42/, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ... тоот Эд хөрөнгийг хураасан тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх-43-46/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар /хх-47/, О....ын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан үнийн саналын хуулбар /хх-48/, ...раас Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичгүүдийн хуулбар /хх-49/, Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай О....т хүргүүлсэн 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар мэдэгдэл, уг мэдэгдлийг хүргүүлсэн шуудангийн тасалбарын хуулбар /хх-50-51/, хэвлэлд нийтлэгдсэн албадан дуудлага худалдааны жагсаалт /хх-52/, 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Албадан дуудлага худалдааны комисст оруулах шийдвэр гүйцэтгэгчийн санал /хх-53/, Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн ... тоот тогтоолын хуулбар /хх-54/, Анхны албадан дуудлага худалдааны тэмдэглэлийн хуулбар /хх-55-56/, Анхны албадан дуудлага худалдааг товлосон тухай,.... тоот тогтоолын хамт О....т хүргүүлсэн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ... дүгээр мэдэгдлийн хуулбар /хх-57/, дуудлага худалдааны тэмдэглэлийн хуулбар /хх-58/, Шийдвэр гүйцэтгэгчийн албадан дуудлага худалдааны комисст санал оруулах тухай бичиг /хх-59/, Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар тогтоолын хуулбар /хх-60/, О....т хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдэл хүргүүлсэн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ... тоот мэдэгдлийн хуулбар, шуудангийн тасалбарын хамт /хх-61-62/, Хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэлийн хуулбар /хх-63-66/ зэрэг болно.

4.Гуравдагч этгээд ...ХХК-иас шүүхэд гаргасан тайлбараа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар шийдвэрийн хуулбар /хх-20-23/, ...раас ...ХХК-д хүргэсэн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн... дугаар мэдэгдлийн хуулбар /хх-24/, О....ын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан үнийн саналын хуулбар /хх-25/, ...ХХК-ийн үнийн санал хүлээн зөвшөөрсөн тухай 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн .... тоот албан бичгийн хуулбар /хх-26/, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ...ХХК-д хүргүүлсэн .... тоот мэдэгдлийн хуулбар /хх-68/, Төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ...дугаар тогтоолын хуулбар /хх-69/, Эд хөрөнгийг битүүмжлэх 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ... тоот тогтоолын хуулбар /хх-70-71/, Эд хөрөнгийг хураасан 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн  тоот тогтоолын хуулбар /хх-72-73/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-168/ зэрэг болно.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх О....ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.О.... нь ...т холбогдуулан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 95,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ ...уг үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, 55.3 дахь хэсгүүдэд заасныг зөрчиж тогтоосон учир төлбөр төлөгчийн 2016 онд гаргасан үнэлгээг хүчингүй болгуулж, 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар дахин үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж тодорхойлон, О....ыг сэтгэцийн өөрчлөлттэй, архины хамааралтай гэх агуулга бүхий тайлбар гаргасан.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...уг 95,000,000 төгрөгийн үнэлгээ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өөрийнх нь гаргасан саналыг төлбөр авагч тал хүлээн зөвшөөрснөөр тогтоосон үнэлгээ учир хууль зөрчөөгүй, мөн нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах 7 хоногийн хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан, хураагдсан эд хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан ч худалдан борлогдоогүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.5 дахь хэсэгт зааснаар үнэлгээ тогтоолгох шаардлагагүй... гэж тайлбарласан байна.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон ...ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлд 2016 оноос хойш төлбөрөө гаргуулж чадаагүй, 95,000,000 төгрөгийн үнийн саналыг төлбөр төлөгч О.... өөрөө тогтоосныг нь бид хүлээн зөвшөөрсөн учир шинжээч томилоогүй. Уг үнэлгээ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан үнэлгээ учир өөрийнхөө тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүсэж байгаа нь үндэслэлгүй байна гэж тайлбарласан.

5.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

5.1. ...ХХК-ийн нэхэмжлэлтэй, О....т холбогдох иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянаад, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар шийдвэрээр хариуцагч О....аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 62,598,137 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 470,940 төгрөг тус тус гаргуулан ...ХХК-д олгож, нэхэмжлэлээс 13,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн,

- Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар О.... шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл зээлийн барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж гэрээний үүргийг хангахыг ...т даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-35-36/

5.2.Шүүхийн дээрх шийдвэр хүчин төгөлдөр болж, шийдвэрийг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2016/19611 дүгээр захирамж, мөн өдрийн 2273 дугаар Гүйцэтгэх хуудас зэргээр албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, Шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ...дугаар тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

5.3.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаар Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор барьцаа хөрөнгө болох О....ын өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоот дахь 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ... тоот Эд хөрөнгийг хураасан тогтоолоор дээрх хөрөнгийг О...., хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан хураасан байна. /хх-40-46/

5.4.Улмаар шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч О....т шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 63,222,077 төгрөг төлөхийг мэдэгдэж, төлбөр төлөгч О.... нь хураагдсан эд хөрөнгийг 95,000,000 төгрөгөөр үнэлэх үнийн саналыг гаргаж, төлбөр төлөгчийн уг саналыг төлбөр авагч ...ХХК хүлээн зөвшөөрч, анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрч, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ...т мэдэгджээ. /хх-25-26, 48/

5.5. ...раас төлбөр төлөгч О....т хураагдсан эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцож 95,000,000 төгрөгөөр үнэлснийг, мөн уг үнэлгээний 70 хувь буюу 66,500,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг тус тус мэдэгдэж, уг мэдэгдлээ төлбөр төлөгчид шуудангаар хүргүүлсэн байна. /хх-50-51/

5.6. Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гарч, анхны албадан дуудлага худалдааг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагт хийхээр товлон, энэ талаар төлбөр төлөгч О....т 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэнээр анхны албадан дуудлага худалдаа хийгдсэн боловч хураагдсан үл хөдлөх хөрөнгө нь худалдан борлогдоогүй байна. /хх-54-59/

5.7. Улмаар 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ... тоот тогтоол гарч, албадан дуудлага худалдааг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагт товлон, төлбөр төлөгч О....т мэдэгдлийг хүргүүлэн, дуудлага худалдааг явуулсан боловч мөн худалдан борлогдоогүй байна. /хх-60-66/

5.8. Төлбөр төлөгч О.... шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт ирдэггүй, шийдвэрт заагдсан хаягт амьдрахгүй байгаа гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн .... дугаар Төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол гарч, төлбөр төлөгч О....ын оршин суугаа хаяг, түүний өмчлөл /эзэмшил/-ийн хөрөнгийг олж тогтоохыг Эрэн сурвалжлах хэсэгт даалгажээ. /хх-69/

5.9. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ... тоот мэдэгдлээр ... нь төлбөр авагч ...ХХК-д төлбөрт хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул талуудын харилцан тохиролцож тогтоосон 95,000,000 төгрөгөөр төлбөрт тооцон авах эсэх саналаа шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэхийг мэдэгдсэн байна. /хх-68/

5.10. Мөн ...раас төлбөр төлөгч О....т 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ... тоот мэдэгдлээр: Үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй, уг орон сууцыг төлбөр авагчид санал болгоход ...ХХК нь талуудын харилцан тохиролцсон үнэ 95,000,000 төгрөгийн зөрүүг төлж, барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон авах санал ирүүлсэн, төлбөрийн мөнгийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахыг тус тус мэдэгджээ. /хх-5/ Дахин 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр О...., О.... нарт ... тоот мэдэгдлээр: тогтоосон хугацаанд төлбөр төлж барагдуулаагүй тул 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр албадан чөлөөлж, холбогдох зардлыг төлүүлэхийг мэдэгдсэн байна. /хх-134/

5.11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг Эм би ви си ХХК-иар үнэлгээ хийлгэж, тус хөрөнгийн үнэлгээний тайлангаар маргаан бүхий орон сууцыг 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэ ханш 131,830,769.23 төгрөг болохыг тогтоожээ. /хх-135-167/

5.12. Нэхэмжлэгч талаас шүүхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ... тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ... дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар тогтоол зэргийг нотлох баримтаар гаргасан. Эдгээр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор нэхэмжлэгч О....ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О....ийн нэхэмжлэлтэй, иргэн Ж....д холбогдох, 324,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд уг баримтууд нь О....ын ...т холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдсон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй баримтууд байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.

6. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж хуульчилсан байна.

7. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч О.... 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр барьцаа хөрөнгө болох өөрийн өмчлөлийн маргаан бүхий орон сууцны үнийг 95,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч ...ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр уг үнэлгээг хүлээн зөвшөөрсөн тухай ...т мэдэгдсэн ба шийдвэр гүйцэтгэгчээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч болон өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоосон үнэлгээ гэж үзсэн нь хуульд нийцжээ.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан.

9. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт ямар хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-т заасан хөрөнгийн үнэлгээчнээр үнэлүүлэх тухай тодорхойлон хуульчилсан бөгөөд уг зүйлийн 55.2.2 дахь хэсэгт үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг үнэлгээчнээр үнэлүүлэхээр заажээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд маргаан бүхий хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 95,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон байгаа учир дээрх зүйлд зааснаар хөрөнгийн үнэлгээчнээр үнэлүүлэх шаардлагагүй буюу шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1, 55.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс О....ыг сэтгэцийн өөрчлөлттэй, архины хамааралтай гэх тайлбар гаргасан боловч уг тайлбараар нэхэмжлэгчийг 2016 онд үнийн санал гаргахдаа, эсхүл одоогийн нөхцөл байдлын талаар тодорхойлж байгаа эсэх нь ойлгомжгүй, уг тайлбараа баримтаар нотлоогүй байгааг дурдах нь зүйтэй.

11. Иймд дээрх үндэслэлээр шүүх 2016 онд нэхэмжлэгч О....ын тогтоож, гуравдагч этгээд ...ХХК-ийн хүлээн зөвшөөрсөн, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 95,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасны дагуу дахин үнэлгээ хийлгэх боломжтой тухай тайлбар гаргасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэх ба нэхэмжлэгч нь хариуцагчид дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаагүй учир энэ талаар шийдвэрлэхгүй. Харин нэхэмжлэгч нь дээрх хуульд заасны дагуу дахин үнэлгээ хийлгэхээр ...т хүсэлт гарган шийдвэрлүүлэх эрхтэй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд орж худалдан борлогдоогүй хөрөнгийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэг хамаарахгүй гэж тайлбарлах боловч уг хуульд дахин шинжээч томилохыг хориглосон зохицуулалт байхгүй байгааг дурдах нь зүйтэй.

13. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах 7 хоногийн хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан. Гэвч маргаж буй уг үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээ биш байх тул хуульд заасан 7 хоногийн хугацаа энэхүү нэхэмжлэлд хамаарахгүй байна.

14. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул ...т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийг 95,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай О....ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА