| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/0234/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/252 |
| Огноо | 2025-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/252
2025 09 26 2025/ШЦТ/252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбахишиг,
Улсын яллагч Т.Алтанзул,
Шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогтой О-ын О /РД:.../-т холбогдох эрүүгийн 2512003110229 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны .. дугаар сарын ...-ны өдөр Завхан аймгийн Т суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2 эхнэрийн хамт, А аймгийн Ц сум 1 дүгээр баг, Б гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х-д овогтой О-ын О /РД:..../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.О нь 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр А аймгийн Ц сумын Б 1 дүгээр багийн Б гэх газарт гэртээ хамтран амьдрагч Т.А-тай маргалдан үнсний саваар толгой ар хэсэгт нь цохисон үйлдлээс шалтгаалан хохирогчийн биед хуйханд язарсан шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд:
Улсын яллагч Т.Алтанзул: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,
Шүүгдэгч О.О: “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар би буруугаа хүлээн зөвшөөрч байна, уучлалт гуйсан, гэмшиж байна” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.
Хохирогч Т.А “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй” гэж шүүхэд мэдэгдсэн тул түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулав.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.О нь 2025 оны 07 дугаар сарын 01-ны өдөр А аймгийн Ц сумын Б 1 дүгээр багийн Б гэх газарт гэртээ хамтран амьдрагч Т.А-тай маргалдан үнсний саваар толгой ар хэсэгт нь цохисон үйлдлээс шалтгаалан хохирогчийн биед хуйханд язарсан шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нөхөртөө зодуулсан гээд А эмнэлэг дээр хүрч ирсэн...” гэх тэмдэглэл, /хх-ийн 2 хуудас/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 6-8 хуудас/
- Хохирогч Т.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...Би нөхөр О хамт А аймгийн Ц сумын Б багийн Б гэх газарт амьдардаг. Би 2025 оны 07 дугаар сарын 01-ний орой малаа хотлуулчхаад нөхөр О, ах Б нарын хамт нэрийг нь мэдэхгүй байна. 1 литрийн шилтэй архийг хувааж уусан. Тэгээд ууж байгаад юунаас болж маргасан талаараа санахгүй байгаа бид 2 барилцаж аваад салаад эргээд харсан чинь О миний араас нэг юм шидсэн чинь миний баруун чихний дээд хэсэгт оноод цус гарсан. Би тухайн үед юу шийдсэн талаар нь мэдэхгүй байна. Цус гарахаар нь цэвэрлэж боогоод маргааш өглөө нь А аймгийн Цахир сумын эмнэлэгт ирж эмчлүүлсэн....Өмнө ийм асуудал гарч байгаагүй сая л ийм зүйл болчихлоо....Манай нөхөр О тамхины үнсний сав шидсэн гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,
- Хохирогч Т.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...Надад гомдол санал байхгүй. Хохирлын талаар баримт байхгүй. Би нөхөр О-тэй гэр болоод 8 жил болж байна. Өмнө нь бид хоёр маргалдаж байгаагүй надаа гар хүрч миний биед гэмтэл учруулж байгаагүй....Надад тогтоолгох шаардлага байхгүй. Миний сэтгэл санаанд учирсан хор уршиг байхгүй зүгээр байна.” гэсэн дахин мэдүүлэг /хх-ийн 64 хуудас/,
- Гэрч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 07 дугаар сарын 01-ны орой 23 цагийн орчимд А аймгийн Ц сумын Б 1 дүгээр багийн Б гэх газарт гэртээ байж байсан чинь манай хажуу гэрт байдаг хүргэн О, дүү А нар ороод ир гэхээр нь орсон. Гэрт нь ороод сууж байсан чинь О “унтах гэж байгаа юм чинь ганц юм уучихъя” гээд авдраасаа Vodka нэртэй шилтэй архи гаргаад ирсэн хэдэн литрийнх байсан талаар анзаараагүй. Тухайн архийг О, А бид 3 хувааж уучхаад гэр лүү орсон чинь гэнэт чанга чанга дуугараад эхлэхээр нь гэрт нь орчон чинь А-гийн толгойн ар хэсгээс цус гарчихсан зүүн талынхаа орон дээр сууж байсан. Тэгээд толгойг нь боох гэсэн чинь цус тогтохгүй болохоор нь сумын төв рүү хүрч ирсэн. ...А надад хэлэхдээ тамхины үнсний сав шидчихлээ гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,
- А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Отгонжаргалын гаргасан 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 237 дугаартай “1. Т.А-ийн биед хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. З.Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн “...Т.А нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 81,788 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байна. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот данс төлбөрийг төлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72 хуудас/,
- Яллагдагч О.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 58-59 хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч О.О-ийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч О.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Т.А нь “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд мэдэгдсэн байх тул энэ шүүх хуралдаанаас шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...” гэж,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Хохирогч Т.А нь эмчилгээ хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 81,788 /наян нэгэн мянга долоон зуун наян найм/ төгрөгний зардал гарсан болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогддог. Шүүгдэгч О.О нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан дээрх хохирлыг төлөөгүй байх тул түүнээс 81,788 /наян нэгэн мянга долоон зуун наян найм/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэх нь үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч О.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал дүгнэлтийг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тус тус шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Амартура для мотоциклов” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг төмөр хайрцгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Отгон-Өлзийд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х-д овогтой О-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч О.О шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч О.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.О-өөс 81,788 /наян нэгэн мянга долоон зуун наян найм/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.
5. Шүүгдэгч О.О нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Амартура для мотоциклов” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг төмөр хайрцгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх ажлын хэсэгт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР