| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/0231/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/254 |
| Огноо | 2025-09-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/254
2025/ШЦТ/254
| / |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч Т.Алтанзул,
Хохирогч: А.Д,
Шүүгдэгч С.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С-ийн Б-д холбогдох 2412004030038 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны ... дугаар сарын ....-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн малаа малладаг, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт, А аймгийн Б сумын Д багийн Х булаг гэх газарт оршин суух, хөдөлмөрийн хүндэт медаль авч байсан, урьд А аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 100 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/19 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 580 нэгж буюу 580,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Х ургийн овогт С-ийн Б /РД: ..../ гэв.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Б нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр А аймгийн Б сумын Д багийн Х гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.М , А.Д нартай маргаан үүсгэж, хохирогч А.Д-ын нүүр хэсэг рүү зодсон, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр А аймгийн Б сумын Дэл багийн Луузан гэх газарт иргэн Ч.М-тэй хэрүүл маргаан үүсгэж барьцалдсан, уг үйлдлийг болиулахаар хандсан хохирогч А.Д-ын нүүр рүү гараараа самардах, маажих, нүд рүү гараа хийх зэргээр зодож түүний биед хүзүү, зүүн сарвуу, нүүрний олон тооны зулгаралт, зүүн зовхины цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Т.А: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,
Хохирогч А.Д: “...хөгжлийн бэрхшээлтэй талаар болон удмаар маань доромжилсонд маш их гомдолтой, хохирлоо гаргуулна...” гэсэн,
Шүүгдэгч С.Б: “гэм буруу дээр маргахгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “А аймгийн Б сум Дэл баг “Х” гэх газар 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 08 цагийн үед Б гэх хүн манайд ирж агсан тавьж намайг хэл амаар доромжлон зодсон” гэх тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/,
- Хохирогч А.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 07-ны орой Б нь манайд 17 цаг 30 минутын үед манайд ирсэн би нохойгоо хориод хамт гэр лүү орсон мэнд мэдчихээд хөгшин чинь жоохон уучихсан явна аяга юм уумаар байна гэж ээж рүү хандаж ярьсан тэгээд ээж гэртээ байсан монгол архинаас 500 граммын шанагаар тал дундуур нь хийж өгсөн тэр архиа уулгүй шууд хэрүүл өдөөд танайхыг би энд буулгасан одоо танайх зайл яв гээд хөөсөн ээж харин хүү бид 2 малдаа явлаа чи наад архиа уучхаад гэртээ харьж амар гэсэн Б нь энэ муу гичий янхан пиздаа дандаа ингэдэг юм гээд босож ирээд ээжийг шууд үсдэж аваад орноос нь татаж унагаад зүүн шанаа хэсэг рүү алгадсан тэгээд би барь аваад салгаж баруун талын орон дээр аваачиж суулгасан. Тэр хооронд ээж Бийн эхнэрийн дүү рүү нь ярьж ирж хүргэн ахаа ав гэж хэлсэн. Ээж утсаар яриад дуусаад эргэх үед нь барьж аваад толгой хэсэг рүү нь 2 удаа цохиод аваад баруун орон дээр татаад суусан тэгээд би очиж салгахад над руу дайраад хөгжлийн бэрхшээлтэй оюуны хомсдолтой их сургууль төгссөн дэбийл гэж хараасан. Б нь гэрт байсан ааруул сүү цагаан идээг асгаж эвдлэх гээд байхаар нь ээж бид 2 Бийг хамжин гэрээс чирч гаргасан явчих байлгүй гээд үүдээ түгжээд байж байхад үүд хаалга эвдчих гээд явахгүй болохоор нь үүдээ онгойлгоод гарсан чинь ээжийг барьж аваад хэд хэд цохиж авсан тэгээд би салгаад байж байх 30 гаруй минутын дараа О ирсэн тэгээд авч явах гэсэн боловч хүч хүрэхгүй байсан тэгээд О нь Б-ийг миний амьдралд битгий гай болооч гээд удаа дараа Бийн толгой руу гараараа болон хөлөөрөө цохиж зодсон Бийн амнаас цус гарсан байсан ээж Од хандан хүү бид 2 наад Б-ийг чинь зодож цохиогүй шүү чи зодсон шүү эхнэр хүүхдэд нь хэлээрэй гэж О-д хэлсэн. Тэгээд хүчрэхгүй болохоор нь би явж Б-ийн хүү болох Д-ийг дагуулан ирсэн тэгээд Бийг хүү нь О-тай хамт машинд хийж авч явсан унаж явсан мотоцикл нь манай гадна үлдээсэн. Дараа нь Бийн хүү Даваадорж нь эргэж ирээд мотоциклыг авах гэж ирээд түлхүүр нь байхгүй байна гээд ойр орчмоор хайсан боловч олдоогүй Д нь түрээд явсан. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө Б нь ирээд мотоциклынхоо түлхүүрийг нь нэхээд байсан ээж бид 2 урд өдөр нь зодуулсан болохоор айгаад үүдээ онгойлгож өгөөгүй түлхүүр аваад ир бензин хулгай хийдэг би та нарыг эндээс хөөж байж санаа амарна явахгүй бол би хүйс тэмтрээд ч болов явуулна надад тийм эрх байна гээд үүдээ онгойлго гээд дайраад танайх энд тэндээс хөөгдөж ирдэг нүдний булайнууд гээд дайрч хэл амаар доромжлоод түлхүүр олж өг гээд байхаар бид гараад нохойгоо хорьж өгөөд түлхүүрийг олуулаад ээж чи одоо яв бид 2 үнээ малаа саамаар байна гэхэд үгүй би явахгүй цагдаа ирэхээр явна гээд ээжээс зуураад байсан би ээжийг аваад зугтаад Луузангийн айлаар очсон буцаж ирэхэд манай гэрийн гадаа байсан эргэж зугтан Луузан ороод Б гэдэг айлын үүдэнд очиход араас ирж ээжийг барьж аваад дүүгэрдэж шидэн хоолойг нь боож дээлийн энгэрийг нь урж дагз хэсэг рүү 3 удаа гараараа цохиж авсан тэгээд ээж доошоо суухад чи баашлаад байна уу муу гичий минь гээд доромжлоод байсан тэгээд би салгасан. Тэгээд надтай зууралдаж байхад Ганбат ах нь ирж салгасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 хуудас/,
- Хохирогч А.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б мотоциклын түлхүүрээ авах гэж ирэх үедээ хэл амаар доромжилж хулгайч ална чамайг гээд сүрдүүлсэн. Тэгээд Б нь явах шинжгүй болохоор би ээжийг аваад Луузан гэх газар луу явсан чинь араас хүрээд ирсэн тэгээд надтай зууралдан миний биед халдан гэмтэл үүссэн...” гэсэн дахин мэдүүлэг /хх-ийн 105 хуудас/,
- Хохирогч А.Д-ын дахин өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө босоод байж байхад Б мотоциклтой ирсэн. Тэгэхээр бид хоёр айсандаа үүдээ түгжээд суусан чинь хаалга эвдчих гээд хулгайчаа түлхүүр аваад ир гээд элдвээр доромжлоод байсан. Тэгээд хаалгаа онгойлгоод ээжийн хамт гараад ээж Бийг чи түлхүүрээ наад хавиараа хай гээд хамт хайгаад хаяа манасан манаас дотроос өөрөө гаргаж ирсэн.Тэгээд олчхоод дахиад ээж рүү дайраад барилцаж аваад хэл амаар доромжлоод байхаар нь би ээжтэй Луузан гэх газар очсон тэндээ айлд цаг орчим байж байгаад гэртээ очих үед манай гэрийн хажуу зам дээр зогсож байсан. Тэгэхээр нь бид 2 гэртээ буулгүй адуундаа явсан. Тэгсэн араас ирээд дайрч унагаах гээд байхаар нь шууд Луузан гэх газар айл руу очсон. Тэгтэл араас ирээд шууд ээжийг барьж аваад унагаад заамдан авч ээжийн толгой руу 5-аас 6-н удаа гараараа цохиж авсан. Тэгээд би очоод салгахад намайг барьж аваад чам шиг муу бандийг ингэнэ шүү дээ гээд миний зүүн нүд рүү хуруугаараа хатгаад би яая гээд хойшоо болсон чинь нүүр самардаж дайраад хоёр нүд рүү дахин гараа хийгээд дайраад толгой хэсэг рүү 4-өөс 5-н удаа цохиж авсан. Чам шиг муу бандийг алчихад яадаг юм даанч хуультай юм даа гээд дайраад байсан. Тухайн үед Г ах ирж бид хоёрыг салгасан. Тухайн үед би биедээ гэмтэл авсан. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 146 хуудас/,
- Гэрч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө босоод байж байхад Б мотоциклтой ирсэн. Тэгэхээр бид хоёр айсандаа үүдээ түгжээд суусан чинь хаалга эвдчих гээд хулгайчаа түлхүүр аваад ир гээд элдвээр доромжлоод байсан. Тэгээд хаалгаа онгойлгоод хүүтэйгээ хамт гараад чи түлхүүрээ наад хавиараа хай гээд хамт хайгаад хаяа манасан манаас дотроос өөрөө гаргаж ирсэн. Тэгээд олчхоод дахиад барилцаж аваад хэл амаар доромжлоод байхаар нь би хүүтэйгээ луузан гэх газар очсон тэндээ айлд цаг орчим байж байгаад гэртээ очих үед манай гэрийн хажуу зам дээр зогсож байсан. Тэгэхээр нь бид 2 гэртээ буулгүй адуундаа явсан. Тэгсэн араас ирээд дайрч унагаах гээд байхаар нь шууд луузан гэх газар айл бараадсан. Тэгтэл араас ирээд шууд намайг заамдан авч намайг цохиод авсан миний хүү Д салгасан чинь миний хүүгийн нүд рүү хуруугаа хийгээд нүүрийг нь урж маажсан мөн толгой хэсэг рүү нь нэлээн хэд цохин авч хоолой хэсгийг нь боогоод байсан. Тэгээд Г гэх тухайн хотны залуу ирж салгасан тэр үед миний хүү Д-ын биед гэмтэл учирсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 142 хуудас/,
- Гэрч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр би өглөө босоод нөхрийн хамт үнээ нь зэлэн дээрээ үнээгээ саагаад байж байхад Мягаа хүүгийн хамт мотоциклтой хүрч ирээд бид хоёрыг алах гээд байна одоо араас ирж байгаа гэсэн удаач үгүй Баадай ирээд шууд бууж ирээд Мягааг барьж аваад цохиод унагахаар нь би хүүшээ хүү минь юу болж байна гээд хүүгийнх нь хамт салгах гэсэн хүчрэхгүй байсан тэгээд Ганбат гэх хүнийг дуудаж салгуулсан тэгээд би нөхөртэйгөө үхрээ туугаад яваад өгсөн энэ хэд үлдсэн.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 12-13 хуудас/,
- Гэрч О.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би хонио хашаад ялгаад байж байхад М хүүгийн хамт давхиад ирсэн Б-ийн баз болох О-т намайг зодоод байна чи нэг очиж хэлээдхээч гээд байсан О нь завгүй байсан болохоор эхнэрээ явуулсан чинь эхнэр нь удаагүй хүрээд ирсэн тэгээд хонио ялгаж дуусаад араас нь явах гэж байхад Мягаа намайг дуудаад байхаар очиход Б нь хүүтэй нь зууралдаад зогсож байсан тэгээд би Б ахад хандан та чинь юу болоод байгаа юм бэ нэг нутаг усны хүмүүс байж учир зүгээ олцгоо гээд салгасан тэгээд Мягааг хүүтэй нь яв яв гэсэн би Б ахыг тайвшруулан авч үлдсэн.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 16-17 хуудас/,
- Гэрч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би гэртээ байж байхад М эгч над руу залгаад Бийг ирээд аваадхаач манайд ирээд агсан тавиад байна гэхээр нь би машинтайгаа Алтангэрэл болд ахынд очиход гаднаа Мягмарсүрэн эгч гэрээсээ гарч ирж байсан Д нь Б ахын хажууд зогсож байсан харин Б ахын хөлийг хүлээд газар суулгасан байдалтай байсан тэгээд Мягмарсүрэн эгч хүлгийг нь битгий тайлаарай наадах чинь хамаг юм буулгаад байна гэсэн би хажууд нь суугаад гарыг барьж одоо явъя гэсэн үгэнд орохгүй болохоор нь би Б ахын хүү Даваадоржийг дуудуулж хамт авч явсан би тэгээд машинаа бариад Б ахын гадаа очоод буулгаад шууд гэр лүүгээ явсан. Намайг очих үед А ахын гадна хөлийг нь хүлсэн газар суулгаад Д нь хажууд зогсож байсан. Мягмарсүрэн эгч харин гэрээсээ гарч ирж байсан. М эгч энийгээ ав ав гэхээр нь би хоёр гарыг барьж аваад авч явах гэхэд үгэнд орохгүй байхаар нь би Б ахын зүүн шанаа хэсэг рүү нь нэг удаа алгадсан..” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 128-129 хуудас/,
- Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 11-р сарын 07-ний орой 16 цагийн үед үхрээ хураагаад явж байхад Б ахын хүү Шонбоорой нь мотоциклтой ирээд аавыгаа аваадах гэхээр би араас нь морьтойгоо Б ахын гадаа очсон чинь О эгч машинтайгаа ирчихсэн байсан тэгээд мориноосоо буугаад харсан чинь манай аавыг үхрийнхээ хашааны зүүн талд хөл гарыг нь багласан байсан. Би очоод аавын хүлээгийн тайлаад харахад хамар амнаас нь цус гарсан байсан би тэгээд О эгчийн машинд суулгаж өгөөд явуулсан. Манай аав мотоциклтой явж байсан учир нэг мөсөн аваад явъя гээд мотоцикл дээр нь очиход түлхүүр нь байгаагүй Шонбооройгоос би түлхүүрийг нь асуухад мэдэхгүй гэхээр нь би морио араас нь хөтлөөд мотоциклоо түрээд харьсан. Хариад гэртээ ороход аавын хамраас цус гараад тогтохгүй байсан. Тэгээд түргэн дуудаж тариа хийлгээд зүгээр болсон. Би сайн тогтоож хараагүй хальт харахад Мягмарсүрэн эгч нь гайгүй байсан Д нь зүүн шанаа хэсэгт халцарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг/хх- ийн 121-122 хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Ч.М-ийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “...Би А аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Учир нь А.Д нь 2024 оны 11 дүгээр 11-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 2 удаа нийт 189.842 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот данс төлбөрийг төлүүлмээр байна. /Гүйлгээний утга дээр: РД, нэр, А/ гэж бичнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 хуудас/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газар А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Батцэцэгийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 453 дугаартай “1. А.Д-ын биед хүзүү, зүүн сарвуу. нүүрний олон тооны зулгаралт, зүүн зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49 хуудас/,
- Дамно ХХК-н 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн АЦ-24-27 дугаартай “2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 2,5 грамм алтан ээмэг 625,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 150-153 хуудас/,
- Яллагдагч С.Бийн 2025 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн “...Миний үйлдэлд тохирч байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 177 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,
Хохирогч А.Д-оос шинээр гаргаж өгсөн хохиролтой холбоотой 546,100 төгрөгийн төлбөрийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр А аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Хойд булаг гэх газарт иргэн А.Д нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд хүзүү, зүүн сарвуу, нүүрний олон тооны зулгаралт, зүүн зовхины цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна
Шүүгдэгч С.Б нь хохирогч А.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
- Хохирогч А.Д-ын “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө Б нь ирээд мотоциклынхоо түлхүүрийг нь нэхээд байсан ээж бид 2 урд өдөр нь зодуулсан болохоор айгаад үүдээ онгойлгож өгөөгүй түлхүүр аваад ир бензин хулгай хийдэг би та нарыг эндээс хөөж байж санаа амарна явахгүй бол би хүйс тэмтрээд ч болов явуулна надад тийм эрх байна гээд үүдээ онгойлго гээд дайраад танайх энд тэндээс хөөгдөж ирдэг нүдний булайнууд гээд дайрч хэл амаар доромжлоод түлхүүр олж өг гээд байхаар бид гараад нохойгоо хорьж өгөөд түлхүүрийг олуулаад ээж чи одоо яв бид 2 үнээ малаа саамаар байна гэхэд үгүй би явахгүй цагдаа ирэхээр явна гээд ээжээс зуураад байсан би ээжийг аваад зугтаад Луузангийн айлаар очсон буцаж ирэхэд манай гэрийн гадаа байсан эргэж зугтан Луузан ороод Баасанхүү гэдэг айлын үүдэнд очиход араас ирж ээжийг барьж аваад дүүгэрдэж шидэн хоолойг нь боож дээлийн энгэрийг нь урж дагз хэсэг рүү 3 удаа гараараа цохиж авсан тэгээд ээж доошоо суухад чи баашлаад байна уу муу гичий минь гээд доромжлоод байсан тэгээд би салгасан. Тэгээд надтай зууралдаж байхад Ганбат ах нь ирж салгасан.” гэсэн мэдүүлэг,
- Хохирогч А.Д-ын “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б мотоциклын түлхүүрээ авах гэж ирэх үедээ хэл амаар доромжилж хулгайч ална чамайг гээд сүрдүүлсэн. Тэгээд Б нь явах шинжгүй болохоор би ээжийг аваад Луузан гэх газар луу явсан чинь араас хүрээд ирсэн тэгээд надтай зууралдан миний биед халдан гэмтэл үүссэн...” гэсэн дахин өгсөн мэдүүлэг,
- Хохирогч А.Д-ын дахин өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө босоод байж байхад Б мотоциклтой ирсэн. ...Тэгээд би очоод салгахад намайг барьж аваад чам шиг муу бандийг ингэнэ шүү дээ гээд миний зүүн нүд рүү хуруугаараа хатгаад би яая гээд хойшоо болсон чинь нүүр самардаж дайраад хоёр нүд рүү дахин гараа хийгээд дайраад толгой хэсэг рүү 4-өөс 5-н удаа цохиж авсан. Чам шиг муу бандийг алчихад яадаг юм даанч хуультай юм даа гээд дайраад байсан. Тухайн үед Г ах ирж бид хоёрыг салгасан. Тухайн үед би биедээ гэмтэл авсан. ” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Ч.М-ийн “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө босоод байж байхад Б мотоциклтой ирсэн. ...Тэгтэл араас ирээд шууд намайг заамдан авч намайг цохиод авсан миний хүү Д салгасан чинь миний хүүгийн нүд рүү хуруугаа хийгээд нүүрийг нь урж маажсан мөн толгой хэсэг рүү нь нэлээн хэд цохин авч хоолой хэсгийг нь боогоод байсан. Тэгээд Ганбат гэх тухайн хотны залуу ирж салгасан тэр үед миний хүү Д-ын биед гэмтэл учирсан.” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Б.Ж-ын “...2024 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр би өглөө босоод нөхрийн хамт үнээ нь зэлэн дээрээ үнээгээ саагаад байж байхад Мягаа хүүгийн хамт мотоциклтой хүрч ирээд бид хоёрыг алах гээд байна одоо араас ирж байгаа гэсэн удаач үгүй Баадай ирээд шууд бууж ирээд Мягааг барьж аваад цохиод унагахаар нь би хүүшээ хүү минь юу болж байна гээд хүүгийнх нь хамт салгах гэсэн хүчрэхгүй байсан тэгээд Ганбат гэх хүнийг дуудаж салгуулсан тэгээд би нөхөртэйгөө үхрээ туугаад яваад өгсөн энэ хэд үлдсэн.” гэсэн мэдүүлэг,
- Гэрч О.Г-ын “...Би хонио хашаад ялгаад байж байхад Мягаа хүүгийн хамт давхиад ирсэн Б-ийн баз болох О-т намайг зодоод байна чи нэг очиж хэлээдхээч гээд байсан О нь завгүй байсан болохоор эхнэрээ явуулсан чинь эхнэр нь удаагүй хүрээд ирсэн тэгээд хонио ялгаж дуусаад араас нь явах гэж байхад Мягаа намайг дуудаад байхаар очиход Б нь хүүтэй нь зууралдаад зогсож байсан” гэсэн мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газар А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б-ийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 453 дугаартай дүгнэлт,
- Яллагдагч С.Б-ийн 2025 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн “...Миний үйлдэлд тохирч байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
С.Б нь 2024 оны 11 сарын 08-ны өдөр үл ялих зүйлээр шалтаглан А.Д-ыг зодож хүзүү, зүүн сарвуу, нүүрний олон тооны зулгаралт, зүүн зовхины цус хуралт гэмтэл хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч С.Б-ийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Улсын яллагчаас шүүгдэгч С.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж зүйлчилсэн.
Хохирогч А.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ миний биед учирсан гэмтлийг 11 сарын 07-ны өдөр учруулаагүй, 11 сарын 08-ны өдөр учруулсан гэж мэдүүлдэг бөгөөд шүүгдэгчийн хохирогчийн биед учруулсан хохирлыг үргэлжилсэн үйлдлээр учруулсан нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр хүний биед хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Шүүгдэгч С.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч хохиролд баримтаар 546,100 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилсэн.
Шүүгдэгч С.Б нь хохиролд 625,000 төгрөг өгсөн гэж тайлбарладаг ба уг мөнгийг зөрчлийн хэргийн хохирогч Ч.М-ийн хохиролд өгсөн нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Шүүхээс хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж хохирогчийн нэхэмжилсэн хохирлоос баримтаар нэхэмжилсэн 546,100 төгрөгний хохирлыг, мөн хохирогчид сэтгэцэд хохирол учирсан байдал, түүний хөгжлийн бэрхшээлтэй эмзэг байдлаар доромжлолд өртсөн, гомдолтой зэрэг байдлуудыг харгалзан хохирлыг тооцох аргачлалд заасны дагуу 1.5 хувиар тооцож, 1,485,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Эрүүл мэндэд учирсан хохиролд 546,100 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 1,485,000 төгрөг нийт 2,031,100 төгрөгийг шүүгдэгч С.Б-ээс гаргуулж хохирогч А.Д-т олгуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Хохирогч А.Д нь эмчилгээ хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 189.842 /нэг зуун наян есөн мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгний зардал гарсан болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, бусад баримтуудаар тогтоогддог. Шүүгдэгч С.Б-ээс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан нь тогтоогдсон тул хохирогчийн эмчилгээнд зарцуулагдсан зардлыг буруутай этгээдээр төлүүлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч С.Б-ээс 1189.842 /нэг зуун наян есөн мянга найман зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэх нь үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Т.Алтанзулаас “...шүүгдэгчийг 1000 нэгжээр торгох” гэсэн,
Хохирогч А.Д “...С.Б ааш зан муутай, зохих ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн,
Шүүгдэгч С.Б нь “...тусгайлан хэлэх тайлбар байхгүй...” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус үзэв.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт С-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 / найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Б-эд шүүхээс оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б-ээс 2,031,100 /хоёр сая зучин нэгэн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Д /А аймаг, Б сум, Д баг, Х гэх газарт оршин суух /РД:.../-д олгосугай.
5. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.11-д зааснаар шүүгдэгч С.Б-ээс 189.842 /нэг зуун наян есөн мянга найман зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.
6. Шүүгдэгч С.Б энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР