| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2023/01064/И |
| Дугаар | 102/ШШ2023/01116 |
| Огноо | 2023-03-22 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2023/01116
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., Б... овогт Б...ийн Ө...,
Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод байрлах, регистр ..., И... ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага:11 008 229 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б..., өмгөөлөгч Ц.А..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ө... нь И... ХХК-д холбогдуулан урамшуулалт цалин, алдангид 11 008 229 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Б.Ө... 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр И... ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон.Хөдөлмөрийн гэрээнд заасан төслийн ажил 2022 оны 9 дүгээр сард дуусаж, дараагийн төслийн ажил дээр цаашид хамтран ажиллах боломжгүй гэдгээ ажил олгогчид мэдэгдсэн.
Мөн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулах үедээ цалин хөлсний хэмжээг хөдөлмөрийн гэрээнд тусгалгүй ажилтантай аман хэлцэл хийж үндсэн цалинг сарын 3 000 000 төгрөгөөр тохирч, үүнээс үр дүнгийн урамшуулал болох 500 000 төгрөгийг цалингаас суутган төслийн ажил дууссаны дараа нийтэд нь урамшуулалт цалин хэлбэрээр олгохоор харилцан тохиролцсон.
Гэвч ажил олгогч талаас 8, 9 дүгээр сарын үндсэн цалин болон урамшуулалт цалинг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олгохгүй байсан тул Б.Ө... 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр гурван талт хорооны хурлаар гомдлын шаардлагаа хэлэлцүүлж хариуцагч талтай 8, 9 дүгээр сарын цалин дээр харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гарган удаа дараа байгууллага дээр очиж тавьсан шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн хэдий ч хариуцагч тал шийдвэрийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсаар байна.
Иймд хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн 83.4 дэх хэсэгт заасан ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө гэсэн, мөн хуулийн 43.2,1-т ажил олгогч нь гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох гэсэн, 124.1-т ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно гэсэн заалтуудыг тус тус үндэслэн ажилтан Б.Ө...ын 8 дугаар сарын цалин 2 029 865 төгрөг, 9 дүгээр сарын цалин 1 727 714 төгрөг, ээлжийн амралтын цалин 922 000 төгрөг, нийт 9 сар ажилласан үр дүнгийн урамшуулалт цалин 4 500 000 төгрөг, тогтоосон хугацаанд олгоогүй цалингийн 146 хоногийн алданги 1 828 650 төгрөг нийт 11 008 229 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар уг нэхэмжлэлийг гаргаж байна гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Б.Ө... нь 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр И... ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Экскаваторын операторчоор томилогдсон.Б.Ө... нь Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам барих төслийн ажлыг дуустал ажиллах гэрээтэй боловч гэр бүлээрээ /Бичиг хэргийн ажилтан Б.Д.../ Япон явна цаашид ажиллахгүй гэсэн асуудал ярьж ажлаа орхиж явсан тул 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр И... ХХК-ийн захирлын Б... тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн.
Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу Б.Ө... нь ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд хариуцаж байсан ажлаа хүлээлгэн өгч, техник хүлээлцэх акт, тойрох хуудас зуруулан байгууллагатай бүрэн тооцоо дуусгах үүрэгтэй.Гэтэл тодорхойгүй шалтгаанаар ажлаа орхиж явсан, Экскаваторын операторын хувьд эзэмшиж байсан HYUNDAI-300 маркийн экскаваторыг техник хүлээлцэх актаар хүлээлгэж өгөх, ажлаас гарах хүсэлтээ бичгээр өгөх үүрэгтэй.
Б.Ө... нь уг үүргээ биелүүлээгүй ажлаас гарах өргөдөл, техник хүлээлцэх акт, тойрох хуудас зуруулаагүй ажлаа орхиж явсан, цалин өгөөгүй ажлаас халсан гэж 8, 9 дүгээр сарын цалингаа авна гэсэн маргаан үүсгэж “М...” ХХК гэх байгууллагаас манай компанид 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдөр 1/106 тоот “Өр барагдуулах тухай” мэдэгдэл ирүүлсэн, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс ажлаа орхиж яваад 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өмгөөлөгч А.С...тэй хамт оффист ирж, уулзалт хийсэн.Түүнд бодогдсон цалинтайгаа танилцаж, хүлээн зөвшөөрч, ямар нэг маргаан байхгүй, өөрөөс шалтгаалах зүйлсээ өмгөөлөгчдөө өгчихнө гээд явсан боловч эргэж уулзаагүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өмгөөлөгч, хуульч А.С... гэх хүн 01/26 тоот мэдэгдэл ирүүлж, манай компанид 4 төрлийн шаардлага тавьсан.Дээрх мэдэгдлүүдийн аль аль нь хуульд нийцээгүй, биелүүлэх боломжгүй байсан учир бид тухай бүрд нь хариуг өгч байсан.
Б.Ө... түүний өмгөөлөгч нар гомдол гаргаснаар Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хуралдаанаар тэдний гомдлыг хэлэлцэж 2023 оны 1 дүгээр сарын 11-ны өдөр 1 тоот шийдвэр гаргасан. Б.Ө... өмгөөлөгчийн хамт өөрийн биеэр уг хуралдаанд оролцож, И... ХХК-д ажлаас чөлөөлөгдөх үеийн өргөдлөө өгч, тойрох хуудас зуруулж өгч, ажлаа актаар хүлээлгэн өгснөөр 8 дугаар сарын 2.029.865, 9 дүгээр сарын 1.727.714 нийт 3.757.579 төгрөгийн цалингаа авахаар харилцан тохиролцож шийдвэрлүүлсэн боловч, хурлын шийдвэр гарсны дараа өөрийн хүлээсэн үүргээ биелүүлээгүй, удаа дараа өмгөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулж, өөрийн биеэр ирж, ажлаа хүлээлгэж өгөх, тойрох хуудсаа зуруулах гэсэн Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хурлын шийдвэрийг биелүүлэхгүйгээр “цалингаа авна” гэж зориудаар маргаан үүсгэж байсан.Б.Ө... нь 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.Харин одоо болтол хариуцаж байсан машин техникээ хүлээлгэж өгөөгүй, иймээс тойрох хуудас зурагдаагүй.Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаагүй асуудал буюу цалинг тогтоосон хугацаанд олгоогүй хоног тутмын алданги, үр дүнгийн урамшуулалт цалин, ээлжийн амралтын цалин хөлсийг шүүхэд нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.Учир нь энэ талаар манай байгууллагын дотоод журам, компанийн дүрэм, ажилчидтай хийсэн Хөдөлмөрийн гэрээнд ямар нэг заалт, зохицуулалт байхгүй, мөн манай компани энэ нэхэмжлэлийг төлөх ямар ч үндэслэл байхгүй.
Б.Ө... нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс ажлаа орхиж явсан бөгөөд ажлаа зохих ёсоор хүлээлгэж өгөөгүй.Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хурлын шийдвэрийг биелүүлэх асуудлаар олон удаа ярилцаж, уулзалдсан, зүгээр л цалингаа авъя гэдэг.Мөн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлээ дутуу төлсөн гэсэн үндэслэлгүй гомдол гаргасан.Хөдөлмөрийн гэрээ, компанийн дүрэмд заагдаагүй асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй.
И... ХХК нь Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хурлын шийдвэрийн дагуу Б.Ө...ын 8 дугаар сарын цалин 2 029 865 төгрөг, 9 дүгээр сарын 1 727 714 төгрөг нийт 3 757 579 төгрөгийн цалинг тойрох хуудсаа зуруулж, ажлаа бүрэн хүлээлгэж өгсөн даруй ямар ч саадгүй төлнө.Иймд Б.Ө...ын нэхэмжлэлийн шаардлагаас цалинг тогтоосон хугацаанд олгоогүй хоног тутмын алданги 1 128 650, үр дүнгийн урамшуулалт цалин 4 500 000 төгрөг, ээлжийн амралтын цалин хөлс 922 000 төгрөг нийт 7 250 650 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс:Хөдөлмөрийн гэрээ, И... ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б... дүгээр тушаал, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэр, дансны хуулгыг шүүхэд өгсөн./хх 3-12, 13, 14-18, 19/
Хариуцагчаас:Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, захирлын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б.. дугаар тушаал, хавсралт, 2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Б.. дугаар тушаал, хавсралт, тойрох хуудас, чөлөөний хуудас, нэхэмжлэгчийн өргөдөл, захирлын 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн Б.. дугаар тушаал, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б22/104 дүгээр тушаал, Мөнгөн Авлага ХХК-аас ирүүлсэн мэдэгдэл, И... ХХК-ийн хариу, А.С...гийн мэдэгдэл, И... ХХК-ийн хариу, Б.Ө...ын өргөдөл, тойрох хуудас, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэр, цалигийн тооцоолол, цалин тавьж олгох хүснэгтүүд, М... Л... ХХК-д хүлээлгэн өгсөн баримтын жагсаалтууд, тойрох хуудсууд, 0009118 дугаартай шийтгэлийн хуудсыг шүүхэд гаргаж өгсөн./хх 35-112/
Нэхэмжлэгч Б.Ө...ын нэхэмжлэлээс 6 508 229 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 4 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
И... ХХК-д 2022 оны 1 дүгээр сараас эхлэн 9 сарын хугацаанд ажилласан ба 8 дугаар сарын цалин 2 029 865 төгрөг, 9 дүгээр сарын цалин 1 727 714 төгрөг, ээлжийн амралтын цалин 922 000 төгрөг, нийт 9 сар ажилласан хугацааны үр дүнгийн урамшуулалт цалин 4 500 000 төгрөг, тогтоосон хугацаанд олгоогүй цалингийн 146 хоногийн алданги 1 828 650 төгрөг нийт 11 008 229 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд: Б.Ө...тай цалинг 2 500 000 төгрөгөөр тохиролцсон, 3 000 000 төгрөг гэж тохироогүй тул үр дүнгийн урамшууллыг зөвшөөрөхгүй, Б.Ө... нь экскаваторын операторын хувьд эзэмшиж байсан HYUNDAI-300 маркийн экскаваторыг техник хүлээлцэх актаар хүлээлгэж өгөөд, тойрох хуудсаа зуруулаад өгвөл 8, 9 дүгээр сарын цалинг өгнө, улирлын чанартай ажил тул ээлжийн амралтын олгогдохгүй, алдангийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хөдөлмөрийн гэрээ, И... ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б... дүгээр тушаал, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэр, дансны хуулга, ажлын байрны тодорхойлолт, захирлын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б.. дугаар тушаал, хавсралт, 2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Б2.. дугаар тушаал, хавсралт, тойрох хуудас, чөлөөний хуудас, нэхэмжлэгчийн өргөдөл, захирлын 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн Б... дугаар тушаал, цалигийн тооцоолол, цалин тавьж олгох хүснэгтүүд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Б.Ө... нь И... ХХК-д 2022 оны 1 дүгээр сараас эхлэн 9 сарын хугацаанд экскаваторын операторчийн ажил үүрэг гүйцэтгэж, тэдний хооронд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч байгууллагын захирлын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” Б.. дугаар тушаалаар Б.Ө...ыг экскаваторын операторчийн албан тушаалаас чөлөөлсөн байна./хх13/
Б.Ө...д сард 2 500 000 төгрөгийн цалин олгохоор тохиролцсон болох нь талуудын тайлбар, цалингийн дансны хуулга, цалингийн тооцоолол, цалин тавьж олгосон баримтуудаар нотлогдож байна.
Сарын цалинг 3 000 000 төгрөг гэж амаар тохиролцож, 500 000 төгрөгийг үр дүнгийн урамшуулал болгон хуримтлал байдлаар байгууллага дээр үлдээж, төслийн ажил дууссаны дараа нийтэд нь урамшуулалт цалин хэлбэрээр олгохоор харилцан тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байх тул үр дүнгийн урамшуулал цалин 4 500 000 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.
Харин хариуцагч байгууллага нь 8, 9 дүгээр сарын цалингийн тооцоололд маргахгүй байх бөгөөд зөвхөн ажлаа хүлээлгэж өгөөгүй, тойрох хуудас зуруулж өгөөгүй гэх үндэслэлээр дээрх цалинг нэхэмжлэгчид өгөхөөс татгалзаж, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь хуулийн үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч гомдол гаргах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно” гэж зааснаар нэхэмжлэгчид мөн хуулийн 110.1-т зааснаар ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож ээлжийн амралтын цалинг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байх бөгөөд хариуцагч нь ээлжийн амралтын цалингийн тооцоололд маргахгүй байна.
Хариуцагч байгууллага нь Б.Ө...ыг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн атлаа түүний 2022 оны 8, 9 дүгээр сарын цалинг олгоогүй байгаа нь нотлогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байх ба хариуцагч нь алдангийн тооцоололд маргахгүй байна.
Иймд хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн 2022 оны 8, 9 дүгээр сарын цалин, ээлжийн амралтын цалинг алдангийн хамт нийт 6 508 229 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдсэн 4 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Б.Ө...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 081 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, И... ХХК-аас 104 131 төгрөгийг гаргуулан Б.Ө...д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3, 124 дүгээр зүйлийн 124.1, 154 дүгээр зүйлийн 154.4-т заасныг баримтлан И... ХХК-аас 6 508 229 /зургаан сая таван зуун найман мянга хоёр зуун хорин есөн/ төгрөг гаргуулан Б.Ө...д олгож, үлдсэн 4 500 000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Б.Ө...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 081 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, И... ХХК-аас 104 131 төгрөг гаргуулан Б.Ө...д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН