Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/262

 

 

 

 

 

2025        10           03                                       2025/ШЦТ/262

 

 

 

/


     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч Т.Алтанзул,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.А,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч М.А,

Өсвөр насны шүүгдэгч Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан өсвөр насны шүүгдэгч Б.Т-д холбогдох 2512003280225 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 20.. оны ... дугаар сарын ...-ны өдөр А аймгийн Э  суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, А аймгийн Эрдэнэбулган сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн авто 3А ангид сурдаг, ам бүл .., ээжийн хамт, А аймгийн Э  сумын ... дугаар баг Б хорооллын 00-00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М ургийн овогт Б-ийн Т  /РД:0000/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр А аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бөхбилэгт нэртэй сагсан бөмбөгийн талбайд хохирогч У.С-той сагс тоглож байх үедээ “цэвэрхэн тоглооч”, “чи надад томрох болоогүй шүү” гэх зэргээр хоорондоо үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисны улмаас түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч Б.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Т.Алтанзул: “яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, өсвөр насны шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О“хохирогчид учирсан хохирлыг барагдуулах байр сууринаас оролцоно” гэсэн,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч М.А  “гэм буруу зүйлчлэл дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх”  гэсэн,

Өсвөр насны шүүгдэгч Б.Т “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...иргэн У.С-ыг 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Б.Т цохиж гэмтэл учруулсан...” гэх тэмдэглэл хх-ийн 3 хуудас/,

- Өсвөр насны яллагдагч Б.Т-гийн нас тоолсон “....2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Б.Т нь 17 нас 2 сар 10 хоногтой байсан' гэсэн тэмдэглэл /хх-ийн 33 хуудас/,

 - А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 07 дугаартай “...1. Б.Т-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-н 52 хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогч У.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Би 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бөхбилэгтийн саадан дотор сагсан бөмбөг тоглосон бөгөөд тухайн үед манай баг сайн тоглож хожигдоогүй. Тухайн үед хожигдсон баг нь сууж хожсон нь тоглоод байж байтал Тэмүүлэнгийн баг орж ирээд их бохир тоглоод байсан самбарт үсрэхэд араас түлхээд гар луу цохиж бөмбөг аваад байсан. Тэгснээ “ийм юм байх ш дээ” гээд байсан. Тэгээд миний ар дагз хэсэг рүү самбарт үсрэх үед цохих шиг болохоор нь “чи цэвэрхэн тоглооч” гэхэд “чи надад томрох болоогүй шүү” гэж хэлээд миний хамар хэсэгт гараараа 1 удаа маш хүчтэй цохиод миний хамраас маш их цус гарахаар нь талбайгаас гарч цусаа цэвэрлээд цагдаа дуудуулсан. Тэгээд цагдаагийн газарт ирсэн. ... Тэмүүлэн гэх залуу учруулсан өөр хүн учруулаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10 хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогч У.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...Надад эмч хэлэхдээ 18 насанд хүрэхээр хамрын хагалгаанд орж байж янзална гэж хэлсэн. Тэр хагалгаанд орох мөнгө нь 3-5 сая төгрөг болно гэсэн би хамрын хагалгаанд орох мөнгөө нэхэмжилж байна. Надад гомдол санал байхгүй хуулийн дагуу шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Одоогийн байдлаар гаргаж өгөх ямар нэгэн хохирлын баримт гэхдээ хамрын хагалгаанд орох үнийн дүнг судалж байгаа болохоор дараа нь хавтаст хэрэгт хавсаргах хүсэлтэй байна. ...Ямар нэгэн санал хүсэлт байхгүй, У.С-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлага байхгүй, сэтгэл санаа хэвийн, эрүүл саруул хэвийн байгаа иймд тогтоолгохгүй. ... Одоо У.С нь Улаанбаатар хот руу Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуульд шүдний их эмчийн ангид 2025 онд элсэн суралцаж байгаа учраас дахин цагдаагийн байгууллагаар явуулмааргүй байна.” гэсэн дахин мэдүүлэг /хх-ийн 60- 61 хуудас/,

- Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...өөрийн найз У.С-ын хамт А аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт байрлах Бөхбилэгтийн сагсан бөмбөгийн талбайд тоглож байсан. Тухайн талбай дээр тоглож байеан хүүхэд манай найзыг мөргөхөд манай найз С цэвэрхэн тоглооч гэхэд шууд тэр хүүхэд манай найзын нүүрэн хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд би найзыгаа аваад талбайгаас гарсан. Талбайгаас гараад найзынхаа нүүрийг хартал хамраас нь цус гараад тогтохгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаагийн байгууллагын 2 алба хаагч ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52 хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Учир нь У.С нь 2025 оны 07 дугаар сарын 12, 2025 оны 07 дугаар сарын 13, 2025 оны 07 дугаар сарын 21-ны өдрүүдэд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 3 удаа 111,672 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Дээрх 111,672 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот данс төлбөрийг төлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг /хх- ийн 46-47 хуудас/

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газар А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б-ийн 2025 оны 07 дугаар сарын 29- ний өдрийн АРХ0725/243 дугаартай “1. У.С-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22 хуудас/,

- Өсвөр насны яллагдагч Б.Т-гийн “...Би 2025 оны 07 дугаар сарын 12- ны өдөр Бөхбилэгтийн шийдэн дээр 21 цаг 20 минутын үед сагсан бөмбөг тоглож байгаад С гэх хүнийг хальт шүргэсэн юм. Би өөрөө ч мэдээгүй тэгсэн чинь уурлаад бид 2 маргалдсан. С намайг “писда минь” гээд урдаас хүрээд ирсэн миний уур хүрээд С-ын биеийн нүүрэн хэсэг рүү нь 1 удаа гараараа цохисон. Тэгсэн хамраас нь цус гараад газар унасан. Хэсэг хугацааны дараа цагдаагийн байгууллагын алба хаагч ирсэн.... Би тухайн үед нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохисон, биеийн бусад хэсэгт нь гэмтэл учруулсан.... Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Миний бие нотлох баримтын хэмжээнд гарсан бүх зардлыг төлнө.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр А аймгийн Э  сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бөхбилэгт нэртэй сагсан бөмбөгийн талбайд У.С бусдад зодуулж түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь насанд хүрээгүй хохирогч У.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...иргэн У.С-ыг 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Б.Т цохиж гэмтэл учруулсан...” гэх тэмдэглэл

- Насанд хүрээгүй хохирогч У.С-ын “...Тухайн үед хожигдсон баг нь сууж хожсон нь тоглоод байж байтал Тэмүүлэнгийн баг орж ирээд их бохир тоглоод байсан самбарт үсрэхэд араас түлхээд гар луу цохиж бөмбөг аваад байсан. Тэгснээ “ийм юм байх ш дээ” гээд байсан. Тэгээд миний ар дагз хэсэг рүү самбарт үсрэх үед цохих шиг болохоор нь “чи цэвэрхэн тоглооч” гэхэд “чи надад томрох болоогүй шүү” гэж хэлээд миний хамар хэсэгт гараараа 1 удаа маш хүчтэй цохиод миний хамраас маш их цус гарахаар нь талбайгаас гарч цусаа цэвэрлээд цагдаа дуудуулсан” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.Д-ийн “...Тухайн талбай дээр тоглож байсан хүүхэд манай найзыг мөргөхөд манай найз С цэвэрхэн тоглооч гэхэд шууд тэр хүүхэд манай найзын нүүрэн хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд би найзыгаа аваад талбайгаас гарсан. Талбайгаас гараад найзынхаа нүүрийг хартал хамраас нь цус гараад тогтохгүй байсан...” гэх мэдүүлэг,

- А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн АРХ0725/243 дугаартай “1. У.С-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ” гэсэн дүгнэлт,  

- Өсвөр насны яллагдагч Б.Т-гийн “...С намайг “писда минь” гээд урдаас хүрээд ирсэн миний уур хүрээд С-ын биеийн нүүрэн хэсэг рүү нь 1 удаа гараараа цохисон. Тэгсэн хамраас нь цус гараад газар унасан. ...Би тухайн үед нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь үл ялих зүйлээр шалтгаалан насанд хүрээгүй хохирогч У.Сыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Т-гийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн өсвөр насны шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн биеэ зөв авч явах чадвар дутмаг, төвөлшөөгүй зан байдал нь шууд нөлөөлжээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

Өсвөр насны шүүгдэгч Б.Т-ийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч У.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба насанд хүрээгүй хохирогч нь өөрт учирсан хохирол буюу хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт бүхий хохирол учирсан, өсвөр насны шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлыг түүний асран хамгаалагч хариуцах үүрэгтэй.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О“эмчилгээний зардалгүй байдлаас болж эмчилгээ хийлгэж чадаагүй байгаа, хамрын хагалгаанд орох шаардлагатай, эмнэлэгт эмчилгээ хийлгэх зардлыг судалж 5-7 сая төгрөгний зардал гарахаар байгаа тул өсвөр насны шүүгдэгч, түүний төлөөлөгч нараас эмчилгээний зардал 5 сая төгрөгийг нэхэмжилж байна гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасан.  

Хохирлын талаар улсын яллагч иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай гэж, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч, түүний хууль ёсны төлөөлөгч нар шүүхийн шийдвэрээр хохирол гаргуулсан тохиолдолд хохирлыг төлж барагдуулна гэсэн тус тус байр суурийг илэрхийлсэн. 

Насанд хүрээгүй хохирогч, түүний төлөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэг явагдах үед эмчилгээ хийлгээгүй, хохирлын талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул  насанд хүрээгүй хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч У.С-ын эрүүл мэндэд хохирол учирч, эрүүл мэндийн даатгалын сангаас  111,672 төгрөгний хохирол гарсныг төлж барагдуулсан байх тул Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Т.Алтанзулаас “..Шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар А аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс гарч явахын хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх” гэсэн,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...тусгайлан гаргах санал байхгүй...” гэсэн,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч “...тусгайлан хэлэх саналгүй...” гэсэн,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч “анх удаа гэмт хэрэгт холбогдсон, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан уг зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч Б.Т “тусгайлан хэлэх санал, хэлэх зүйл байхгүй” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,

Өсвөр насны шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан өсвөр насны шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар А аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялыг 2 дахин багасгаж 1 сарын хугацаагаар А аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Т-д нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “оногдуулсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх” санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан. Өсвөр насны шүүгдэгч Б.Т гэм буруу дээр маргадаггүй боловч насанд хүрээгүй хохирогчийн хохирлыг барагдуулаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ. 

 

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

1. Өсвөр насны шүүгдэгч М  ургийн овогт Б-ийн Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Өсвөр насны шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар А аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялыг 2 дахин багасгаж 1 сарын хугацаагаар А аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          4. Өсвөр насны шүүгдэгч Б.Т энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч У.С, түүний хууль ёсны төлөөлөгч нар энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй, насанд хүрээгүй хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОРХОНТАМИР