Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 102/шш2023/00809

 

 

2000 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2000/00000 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага: 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ж....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хариуцагч Г.... нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ...ХХК-иас 2,500,000 төгрөг зээлэх үедээ намайг батлан даагчаар гэрээ байгуулж өгөөч гэж гуйхад нь би зөвшөөрсөн. Тэгэхдээ миний иргэний үнэмлэхийг авч ороод гэрээ хийсэн байсан. Би өөрөө уг гэрээг нь бол байгуулаагүй. Бид Тэсо групп-т хамт ажиллаж байсан ба хариуцагч зээлийн хугацаанд ажлаас гарахгүй гэж хэлсэн болохоор түүнийг батлан даасан. Зээлээсээ 1,500,000 төгрөгийг төлөөд ажлаа хаяж явсан. Г....тэй холбогдох гэж олон удаа оролдсон ба сүүлдээ миний утас, фейсбүүк зэргийг блоклосон. Компанийн дотоод журмын дагуу, мөн батлан даалтын гэрээний дагуу надаас 1,000,000 төгрөгийг гаргуулсан. Би хариуцагчийн ээжтэй нь хүртэл холбогдож ярьсан боловч үр дүн гараагүй. Г....гийн хувьд шүүхэд ямар нэхэмжлэл гаргасныг мэдэж байгаа. Өөрөө бол компаниас цалин өгөөгүй гээд энэ зээлийг төлөхгүй гэдэг юм билээ. Гэвч компани цалинг нь зээлийн төлбөрт суутгаж байсан юм билээ. Г.... зээлээ төлөхгүй алга болсноос болж миний цалингаас 3 удаа 100,000 төгрөгөөр суутгал хийж, дахин шаардаад байсан учир би 843,000 төгрөг төлж байж зээлийг нь хаасан. Надаас гарсан зардал 1,000,000 төгрөгөөс хэтэрч байгаа ч би Г....гээс 1,000,000 төгрөг шаардаж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү...гэж тайлбарлав.

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, ...ХХК, Г.... нарын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ /хх-4/, ...ХХК, Ж.... нарын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Батлан даалтын гэрээ /хх-5/, хариуцагч Г....тэй харилцсан мессежний фото зураг /хх-6/, Ж....ын Хаан банк ХХК дахь ...тоот харилцах дансны хуулга /хх-8/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан байна.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх Ж....ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Г.... бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас түүний өмнөөс зээлийн гэрээний үүргийг нь батлан даагчийн хувьд төлж барагдуулсан учир өөрт учирсан хохирол 1,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлсон.

3. Хариуцагч Г....гийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн тухайд:

3.1. Шүүх Ж....ын нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 12 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, мөн өдрөө хариуцагч Г....г шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлэхэд түүнийг хөдөө байгаа гэсэн хариу өгсөн байна.

3.2. Шүүгчийн туслах 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Г....гийн .... дугаар утсаар түүнтэй холбогдоход Наад асуудал чинь надад ямар ч хамаагүй. Би тэр компаниас зээл авсан нь үнэн. Гэхдээ би цалингаа авч чадаагүй учраас төлөх шаардлагагүй. Ж.... миний батлан даагчаар гарын үсэг зурсан нь үнэн. Би одоо хөдөө ажиллаж байгаа учраас очих боломжгүй. Наад асуудал чинь надад ямар ч хамаагүй гэж хариулан, дахин залгахад утсаа аваагүй байна.

3.3. Шүүгчийн туслах 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Г....гийн ... дугаар утсаар түүнтэй дахин холбогдож шүүхэд ирэхийг мэдэгдэхэд Би дараа долоо хоногоос ажлаа дуусгаад хот орно, тэгэхээрээ очъё гэж хариулаад тухайн өдрөө шүүхэд ирээгүй бөгөөд 12 дугаар сарын 27-ны өдөр дахин холбогдоход Ажлаа арай дуусаагүй байна. Он гаргах юм шиг байна. Очихоороо залгана гэж, 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр мөн дугаар руу залгахад утсаа аваагүй учир мессеж бичиж үлдээсэн байна.

3.4. Хариуцагч Г.... шүүхийн дуудсан цагт ирээгүй учир түүний ... дугаарын утсаар дахин 2023 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр холбогдоход 2 дугаар сарын 08-ны өдөр хот орно гэсэн бөгөөд шүүгчийн туслахаас түүнд шүүхэд ирээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэрэг шийдвэрлэгдэхийг мэдэгдэхэд ойлголоо гэж хариулсан байна.

3.5. Хэргийг 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэхээр шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн ...дугаар захирамжаар товлон, хурлын товыг зохигчдод мэдэгдсэн боловч Г.... би хотод очоогүй байна. Миний эзгүйд шүүх хурлаа хийж болно. Шүүхээс ямар хариу гарсныг нь над руу хэлээд өгөөрэй. Би очиж чадахгүй гэж хариулан, товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хийхээр хойшлуулж, хариуцагч Г....г шүүхэд албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн.

3.6. Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дэд ахлагч У.... шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч Г....г шүүхэд албадан ирүүлэхээр ажиллаж, шүүхэд ирүүлсэн илтгэх хуудсаар ...хариуцагч нь гэртээ байгаагүй, хаалгаа тайлаагүй. Мөн захирамжид дурдсан ...н утас болох ... утас руу залгахад хариуцагч нь өөрөө утсаа авсан тул захирамжийг танилцуулж нэхэмжлэлийн шаардлагыг танилцуулахад шүүхээс мэдэгдэх хуудас ирсэн, мөнгийг нь төлнө гэж хэлсэн. Харин одоо би хөдөө ажил дээрээ байгаа хот руу орох болоогүй байгаа, хөдөө ажил дээрээ байгаа тул 2023.02.17-ны 12.00 цагт шүүх хуралд биеэр оролцох боломжгүй байна гэж ярьлаа. 2023.03.05-06 хооронд ажлаас бууж очно, тэгэхээрээ нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулна гэж ярьснаар утас тасалсан. Иймд хариуцагч нь хаягандаа байхгүй, хөдөө байгаа тул шүүхэд албадан ирүүлэх боломжгүй байна гэж тайлбарлан, шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй болсон байна.

3.7. Шүүгчийн туслах хариуцагч Г....тэй 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдаан эхлэхээс өмнө түүнтэй утсаар холбогдож шүүх хуралдаанд ирж байгаа эсэхийг тодруулахад Би өчигдөр цагдаад хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрч байна. Би 3 дугаар сарын 05-ны өдөр хот орохоор байна. Өнөөдөр шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Миний эзгүйд шийдвэрлэхэд татгалзахгүй. Би 1,000,000 төгрөгийг нь төлж болно гэж хариулсан байна.

3.8. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хариуцагчид гардуулсан гэж үзэн, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Тодруулбал: хариуцагч Г.... нь нэхэмжлэгч Ж....ыг өөрт холбогдуулан ямар асуудлаар нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүссэн талаар баттай мэдсэн буюу шүүгчийн туслахтай утсаар холбогдож байсан, мөн шүүгчийн захирамжийн дагуу түүнийг шүүхэд албадан ирүүлэх үүрэг хүлээсэн цагдаагийн албан хаагчтай холбогдож Ж....ын нэхэмжилж буй 1,000,000 төгрөгийг төлнө, шүүх хуралдаанд оролцохгүй, хөдөө ажлаас бууж ирээд төлбөрийг төлнө гэх зэргээр хариулсан байх тул шүүх хариуцагч Г....д хуульд заасан эрхийг эдлүүлэхээр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хангалттай арга хэмжээ авсан болно.

4. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ, Ж....ын банк дахь харилцах дансны хуулга, зохигчдын хоорондоо харилцсан мессежний фото зураг, шүүгчийн туслахын Г....тэй утсаар холбогдсон тухай баримтууд болон цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас зэрэг баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1. Хариуцагч Г.... 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ...ХХК-тай Зээлийн гэрээ байгуулан, 2,500,000 төгрөгийг сарын 1,3 хувийн хүүтэй, 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай зээлж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор гэрээ байгуулагдсан өдөр зээлдүүлэгч ...ХХК-тай нэхэмжлэгч Ж.... нь Батлан даалтын гэрээ байгуулан, Ж.... нь Г....г 2,500,000 төгрөгийн зээлийг хүү, алданги, торгуулийн хамт хугацаанд нь бүрэн төлөхийг баталж, гүйцэтгээгүй тохиолдолд өөрийн эд хөрөнгө, аливаа дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн байна.

4.2. Г.... нь Зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Ж....ын цалингаас зээлдүүлэгч ...ХХК нь 300,000 төгрөгийг 3 хуваан авч, улмаар Ж.... 843,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ...гийн цалингийн зээлийн үлдэгдэл төлөв гэх гүйлгээний утгаар зээлдүүлэгчид шилжүүлснээр Г.... Зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөж, зээлийн гэрээ дуусгавар болжээ.

5. Хариуцагч Г.... шүүхэд биеэр хүрэлцэн ирээгүй боловч өөрт холбогдуулан Ж....ын гаргасан нэхэмжлэлийг мэдсэн бөгөөд нэхэмжилж буй 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүгчийн туслах болон түүнийг албадан ирүүлэх үүрэг хүлээсэн цагдаагийн албан хаагчид тайлбарласан байгааг дурдах нь зүйтэй.

6. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэгэн этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ж.... нь хариуцагч Г....гийн өмнөөс зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрт цалингаасаа 300,000 төгрөг, өөрийн данснаас 843,000 төгрөг, нийт 1,043,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

7. Нэхэмжлэгч нь ...ХХК-д зээлийн төлбөрийг төлж барагдуулснаар хариуцагч Г.... зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдсөн тул түүний өрийг төлсөн хэмжээгээр Ж.... Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй. Иймд энэ үндэслэлээр хариуцагч Г....гээс 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж....д олгох нь зүйтэй гэж үзлээ.

8.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г....гээс 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж....д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА