| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2023/00157/И |
| Дугаар | 142/ШШ2023/00470 |
| Огноо | 2023-03-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 142/ШШ2023/00470
| 2023 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 142/ШШ2023/00470 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* холбогдох 1 506 883 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* холбогдуулан 1 506 883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус банкинд 52:7 хоног гэдэг хадгаламж 1 жилийн хугацаатай нээлгээд өдөр болгон 40 000 төгрөг хийснээр 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 15 945 848 төгрөг болсон байсныг аваад тус банктай 9.8% хүүтэй 1 жилийн хугацаатай хадгаламжиндаа хийх гэсэн боловч теллер нь /99550928/ та энэ мөнгөө 52:7 хоног гэх хадгаламжиндаа дахиад 1 жилийн хугацаатай сунгавал бодит хүү 5% нэмэх нь урамшуулалт хүү 10.5% бүгд нийлээд 15,5% тоог дугуйлж заагаад гэрээний бусад заалтууд нь өмнө жилийнхтэй адилхан гээд бүрэн гүйцэт уншиж танилцуулах боломж олгохгүй гэрээ байгуулсан. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөнгөө авах үед хүү 5%-иар тооцож олгосонд би хохиролтой байна. Ийм учир 15 945 848 төгрөгийг 10.5% бодож 1 674 314 үүнээс хүүний татвар 10%-167 431 төгрөгийг хасаад 1 506 883 төгрөгний хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж надад олгож өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хувьдаа лангуугаар худалдаа эрхлээд Капитрон банкны пос машин хэрэглэдэг байсан. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулж өдөр болгон 40,000 төгрөг татуулж цуглуулаад 15,945,800 төгрөг болсон. Гэрээний хугацаа дуусаад мөнгөө аваад жилийн хугацаатай дахин хадгаламж нээж хийх гэсэн боловч гэх ажилтанд надад та энэ дансанд мөнгөө хийх юм бол жилийн 15.5 хувийн хүүтэй учраас танд ашигтай шүү дээ гэж хэлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хугацаа дуусаад мөнгөө авах гэтэл 5 хувиар хүүгээ бодсон байсан. 5 хувийн хүүтэй бодох байсан бол би 9,5 хувийн хүүтэй мөнгөө авах байсан шүү дээ гэж хэлсэн. Өдөр болгон 40,000 төгрөгийг хуримтлал гэж татдаг байсан. Нэг л өдөр 40,000 төгрөгөө таслах юм бол хүү бодогдохгүй шүү гэж хэлсэн. Надад өөр зүйл танилцуулаагүй гэрээнд гарын үсэг зуруулсан. Банк ч мөн адил гэрээгээ зөрчсөн байгаа учраас би хохирлоо гаргуулмаар байна. Ядаж 9,8 хувийн хүүгээр бодож мөнгөө гаргуулмаар байна. Одоо банкнаас 1,506,883 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргаж байна гэв.
3.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Харилцагч ******* нь анх 2020.11.30-ны өдөр Капитрон банкны 52 долоо хоногийн хуримтлалын гэрээ байгуулж, 3007036184 тоот хадгаламжийн данс нээлгэн 12 сарын хугацаатай, жилийн хүү 6%, урамшуулалт хүү 14,2%-ийн нөхцөлтэйгөөр мөнгөн хөрөнгөө хадгалуулсан. Гэрээний хугацаа дуусахад хүүг тооцоолон 14,580,000 мөнгөн хөрөнгөд 438,000 төгрөгийн хүү, 1,035,164.44 төгрөгийн урамшуулалт хүү нийт 1,473,164.44 төгрөгийг харилцагчид олгосон болно. Тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ нь гэрээний 2.2, 2.3 дахь хэсэгт заасан шаардлага, нөхцөлийг хангасан тохиолдолд гэрээний 2.1.6 дахь заалтад заасан урамшуулалт хүү тооцож, нэмж олгох нөхцөлтэй бөгөөд уг нөхцөлийг харилцагчид банкны цахим хуудсаар дамжуулан ил тод байршуулсан байсан билээ. Дараагийн мөнгөн хадгаламжийн гэрээний тухайд харилцагч ******* нь ахин 2021.11.30-ны өдөр №3007036184 тоот 52 долоо хоногийн хуримтлалын гэрээ байгуулж, 15,945,848 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн хүү 6%, урамшууллын хүү 14,2%-ийн нөхцөлтэйгөөр мөнгөн хөрөнгөө хадгалуулсан. Гэрээний хугацаа дуусахад хүүг тооцоолон 1,155,648.56 төгрөгийн хүү, 762,886.85 /Долоон зуун жаран хоёр мянга найман зуун наян зургаан төгрөг 85 мөнгө төгрөгийн урамшуулалт хүү нийт 1,918,535.41 /Нэг сая есөн зуун арван найман мянга найман зуун гучин таван төгрөг 41 мөнгө/ төгрөгийг харилцагчид олгосон болно.
Хоёр. Хууль зүйн үндэслэлийн талаар
Харилцагчтай гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-т Хадгалагч мөнгөн хадгаламжийн хүү, хугацааг нийтэд ил зарлах бөгөөд уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн хадгалуулагч мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж мөнгөн хөрөнгөө хадгалуулна, 4 дүгээр зүйлийн 4.1-т Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк мөнгөн, хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ. хэмээн тус тус заасан.
Харилцагчтай байгуулсан гэрээний 2.2-т Энэ гэрээ нь уян орлогын нөхцөлтэй мөнгөн хадгаламжийн бүтээгдэхүүн буюу хадгаламж эзэмшигч 7 хоног бүр 300,000 төгрөг хүртэл орлого хийх байдлаар нийт 52 долоо хоног орлого хийх ба уг зарчмын дагуу орлого хийсэн хадгаламж эзэмшигчийн дансанд хугацааны эцэст урамшууллын хүү тооцон олгоно. 2.3-т Урамшууллын хүү гэж хадгаламж эзэмшигч нь энэ гэрээний 2.2-т заасны дагуу хуримтлалын нөхцөлийг хангасан тохиолдолд хугацааны эцэст хуримтлагдсан хүүн дээр нэмж олгох хүүг ойлгоно, 2.4-т Энэ гэрээний 2.2-т заасан орлогоос илүү орлого хийсэн тохиолдолд илүү орлогын дүнд 2.1.5-т заасан хүү бодогдоно. 2.7-д Энэ гэрээний дагуу данс нээх үеийн болон хугацаа сунгалт хийх үеийн эхний үлдэгдэлд зөвхөн 2.1.5-д заасан хүү бодогдоно 2.9-т Хэрэв энэ гэрээний 2.2-т заасан нөхцөлийг хангаагүй эсхүл 1-ээс дээш удаа орлого хийгээгүй бол хугацааны эцэст урамшууллын хүү олгохгүй. " хэмээн тусгагдсан.
Тодруулбал, урамшууллын хүү гэдэг нь үндсэн хүү биш бөгөөд харин гэрээнд заасан болзол нөхцөл буюу тогтмол хугацааны дагуу орлого нэмсэн тохиолдолд хугацааны эцэст үндсэн хүүн дээр нэмж урамшууллын хүү нэмэгдэж олгох юм. ...Капитрон банкнаас харилцагчтай байгуулсан уг гэрээний дагуу харилцагчид үндсэн хүүг жилийн 5%, урамшуулалт хүүг жилийн 10,5% тооцож олгосон бөгөөд гэрээ байгуулах үеийн мөнгөн дүн буюу 15 945 848 төгрөгт гэрээний 2.7-д заасны дагуу /Энэ гэрээний дагуу данс нээх үеийн болон хугацаа сунгалт хийх үеийн эхний үлдэгдэлд зөвхөн 2.1.5-д заасан хүү бодогдоно/ жилийн 5 хувиар тооцож хүүг олгосон тул хууль тогтоомж зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэрээний дагуу үйлчилгээ үзүүлсэн гэж үзэж байна.Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс 52 долоо хоног хуримтлалын гэрээ /хх-3/, *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ /хх-5/-г шүүхэд гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас 2020.11.30-ны өдрийн №3007036184 тоот 52 долоо хоногийин хуримтлалын гэрээ /уян нөхцөлтэй/ /хх-15-16/, 2021.11.30-ны өдрийн №3007036184 тоот 52 долоо хоногийн хуримтлалын гэрээ /уян/ /хх-17-18/, дансны хуулга /хх-19-28/, Банкны хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл /2020.11.30, 2021.11.30-ны өдрөөр/ /хх-29-34/-г зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Ойравын Намжил /РД:ИЭ67102117/-ийн Капитрон банкинд холбогдуулан гаргасан гомдол, уг гомдлыг шийдвэрлэсэн талаарх баримтууд /хх-39-59/-г бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *******ын хариуцагч ******* холбогдуулан гаргасан 1 506 883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:...хадгаламжийн гэрээ байгуулахдаа бодит хүү 5% үүн дээр нэмэх нь урамшуулалт хүү 10.5% гэсэн тоог дугуйлж заагаад, гэрээний бусад заалтууд нь өмнө жилийнхтэй адилхан гээд бүрэн гүйцэт уншиж танилцуулах боломж олгохгүй гэрээ байгуулсан атлаа мөнгөө авах үед хүү 5%-иар тооцож олгосонд би гомдолтой байна. Иймд 15 945 848 төгрөгийг 10.5% бодож 1 674 314 үүнээс хүүний татвар 10% 167 431 төгрөгийг хасаад 1 506 883 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн ...гэрээнд заасны дагуу хүүг тооцож олгосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №3007036184 тоот 52 долоо хоногийин хуримтлалын гэрээ /уян нөхцөлтэй/, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №3007036184 тоот 52 долоо хоногийн хуримтлалын гэрээ /, дансны хуулга,******* дахь Монгол банкны хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б-50/20 тоот албан бичиг, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.
5. ******* нь анх 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Капитрон банкны 52 долоо хоногийн хуримтлалын гэрээ байгуулж, 3007036184 тоот хадгаламжийн данс нээлгэн 12 сарын хугацаатай, жилийн хүү 6%, урамшуулалт хүү 14,2%-ийн нөхцөлтэйгөөр мөнгөн хөрөнгөө хадгалуулсан, гэрээний хугацаа дуусахад хүүг тооцоолон 14 580 000 төгрөгт 438 000 төгрөгийн хүү, 1 035 164.44 төгрөгийн урамшуулалт хүү нийт 1 473 164.44 төгрөгийг нэхэмжлэгч *******д олгосон үйл баримт тогтоогдсон. Энэ үйл баримтын хувьд талууд маргаагүй.
Дараа нь нэхэмжлэгч ******* нь -тай 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр №3007036184 тоот 52 долоо хоногийн хуримтлалын гэрээ нэртэй мөнгөн хадгаламжийн гэрээг байгуулж, 15 945 848 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн хүү 5%, урамшууллын хүү 10,5%-ийн нөхцөлтэйгөөр мөнгөн хөрөнгөө хадгалуулсан, гэрээний хугацаа дуусахад 1 155 648.56 төгрөгийн хүү, 762,886.85 төгрөгийн урамшуулалт хүү нийт 1 918 535.41 төгрөгийг нэхэмжлэгч *******д олгосон үйл баримт тогтоогдсон.
6.Нэхэмжлэгч ...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 52 долоо хоногийн хуримтлалын гэрээ байгуулахад жилийн хүү 5,0%, урамшууллын хүү 10,5%, нийт 15,5% хүү олгоно гэж гэрээ байгуулсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...харилцагчтай байгуулсан уг гэрээний дагуу харилцагчид үндсэн хүүг жилийн 5%, урамшуулалт хүүг жилийн 10,5% бодож олгосон бөгөөд гэрээ байгуулах үеийн мөнгөн дүн 15 945 848 төгрөгт гэрээний 2.7-д заасны дагуу жилийн 5 хувиар тооцож хүүг олгосон тул хууль тогтоомж зөрчөөгүй гэж маргаж байгаа.
7.Талуудын хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1.-д заасан мөнгөн хадгаламжийн гэрээний харилцаа үүссэн байна.
8.Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1.-д Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д Банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хадгаламж /цаашид "хадгаламж" гэх/, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг /цаашид "шилжүүлэг" гэх/, зээлийн үйл ажиллагаанд баримтлах энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагааны ерөнхий нөхцөлийг нийтэд ил тод мэдээлнэ, 6.2.-д Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчид хадгаламж, зээлийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр үзүүлнэ гэж, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр №3007036184 тоот 52 долоо хоногийн хуримтлалын гэрээний 2.2-т Энэ гэрээ нь уян орлогын нөхцөлтэй мөнгөн хадгаламжийн бүтээгдэхүүн буюу хадгаламж эзэмшигч 7 хоног бүр 300,000 төгрөг хүртэл орлого хийх байдлаар нийт 52 долоо хоног орлого хийх ба уг зарчмын дагуу орлого хийсэн хадгаламж эзэмшигчийн дансанд хугацааны эцэст урамшууллын хүү тооцон олгоно. 2.3-т Урамшууллын хүү гэж хадгаламж эзэмшигч нь энэ гэрээний 2.2-т заасны дагуу хуримтлалын нөхцөлийг хангасан тохиолдолд хугацааны эцэст хуримтлагдсан хүүн дээр нэмж олгох хүүг ойлгоно, 2.4-т Энэ гэрээний 2.2-т заасан орлогоос илүү орлого хийсэн тохиолдолд илүү орлогын дүнд 2.1.5-т заасан хүү бодогдоно. 2.7-д Энэ гэрээний дагуу данс нээх үеийн болон хугацаа сунгалт хийх үеийн эхний үлдэгдэлд зөвхөн 2.1.5-д заасан хүү бодогдоно гэжээ.
8. Тодруулбал урамшууллын хүү гэдэг нь үндсэн хүү биш бөгөөд харин гэрээнд заасан болзол нөхцөл буюу тогтмол хугацааны дагуу орлого нэмсэн тохиолдолд хугацааны эцэст үндсэн хүү дээр нэмж олгох хүү байна.Хариуцагч талуудын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр №3007036184 тоот 52 долоо хоногийн хуримтлалын гэрээний 2.7.-д заасны дагуу данс нээх үеийн болон хугацаа сунгалт хийх үеийн эхний үлдэгдэлд буюу 15 945 848 төгрөгт жилийн 5 хувиар тооцож хүү олгосон нь гэрээний дээрхи заалтад нийцэж байна.
9.Түүнчлэн *******ын гомдлоор******* дахь Монгол банкны хэлтэс Капитрон банкны хадгаламжийн дансны хуулга, хадгаламжийн гэрээ, данс нээх хүсэлтийг шалгаад ....харилцагч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 52 долоо хоног хуримтлөлын уян нөхцөлтэй хадгаламжийн гэрээ хийсэн байна. Хадгаламжийн дансандаа орлого хийх тухай бүр хүү бодогдож хугацааны эцэст буюу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр урамшууллын хүү 762 886 төгрөг, 52 долоо хоногийн орлогоос илүү орлогод хугацааны эцэст буюу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хадгаламжийн хүү 1 155 648 төгрөг, нийт 1 918 535 төгрөгийн хүү таны дансанд орсон байна.Дээрх хадгаламжийн хүү нь банкны тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй, тус банкны заавар, журмын дагуу бодогдсон байна гэсэн хариу өгсөн байх тул хариуцагч хадгаламжийн хүүг тооцохдоо хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 060 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1.,Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч ******* холбогдуулан гаргасан 1 506 883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 060 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй..
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА