Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/238

 

 

 

 

 

       2025        09           12                                           2025/ШЦТ/238

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н, 

Улсын яллагчаар, хяналтын прокурор Ц.Ц,

Шүүгдэгч Л.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х нарыг оролцуулан шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Энхболдод холбогдох ...... дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:.Монгол Улсын иргэн, ....... оны... дугаар сарын ...-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эрэгтэй, ... настай, ........ боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., эхнэр хүүхдийн хамт ........ аймгийн ......... сумын ............ баг ...........тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

 -Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 70 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хорих ял,Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сар 2 хоногийн хугацаагаар хорих ял,Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 жил 5 сар 29 хоногийн хугацаагаар хорих ял,Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хорих ялаар,Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 240 цаг нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгэгдсэн хэрэг хариуцах чадвартай,......... овогт Л.Э. /РД:......../

Холбогдсон гэмт хэргийн талаар: Яллагдагч Л.Э нь жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ялалт худалдааны төвийн орчим улсын дугааргүй Даюун загварын тээврийн хэрэгслийн 1,75 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ жолоодсон,

2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг "Эргэл" худалдааны төвийн автомашины зогсоол дээр тавьсан байсан Д.Э-ын эзэмшлийн  .... улсын дугаартай гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэл дотроос хурган дотортой дээл, пүүз, цагаан идээ зэрэг нийт .... төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн ......сумын 1 дүгээр баг ............ тоот Ц.Т-ын эзэмшлийн Монгол гэрээс 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Сидней худалдааны төвийн авто машины зогсоолоос Э.Т-ийн эзэмшлийн сувдан цагаан өнгийн Сента маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр унаж явсан,

2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн дэлгүүрээс гарч явсан Г.Г-ийн эзэмшлийн .... загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг холбогджээ.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй,урьд нь хэрэгт өгсөн мэдүүлэг хэвээрээ миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна хохирлыг төлж барагдуулсан гэв.

1. Хохирогч Д.Э-ын "... Би Эргэл захын хойд талд цагаан идээ зарж борлуулдаг жижиг дэлгүүртэй ба 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн үед дэлгүүрийн гадна талд ертөнцийн зүгээр урд талд нь өөрийн саарал өнгийн . ДГС улсын дугаартай гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслээ түгжээгүй орхисон ба 20 цагийн орчим тээшинд байгаа эд зүйлээ арын суудал дээр тавих гэсэн чинь арын суудал дээр тавьсан байсан хайрцаг дотор хийсэн байсан хөх, ягаан торготой, улаан хурган арьсан дотортой дээл, шинээр авсан пүүз, зарах гэж авсан байсан өрөм, хайлмаг, шар тос, ингэний хоормог зэрэг алдагдсан байсан. 20 цаг 40 минутын орчим манай дэлгүүрийн ойролцоо архи уугаад яваад байдаг Батдорж хурган дотортой дээлийг Панда дэлгүүрийн гаднаас олсон гээд Эргэл захын хуралдаа замын хажууд бариад явж байхаар нь буцаан авсан...маргааш нь буюу 1 дүгээр сарын 18-ны өдөр өглөө эрт 06 цаг өнгөрч байх үед гэрээсээ гараад гадуур гудамжинд байдаг архи уудаг хүмүүсээс авсан байхаас гарцаагүй гэж бодоод архи уудаг хүмүүсийг хайх үед төв саадны тоглоомын саадны хажуу талын модны ёроолд нэг юм харагдаад байхаар нь очоод үзтэл алдагдсан дээл, пүүз 2 маань байж байсан. Харин цагаан идээ нь байгаагүй. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 13-р тал/

2.Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ....... дугаартай /...нийт 1.309.000 төгрөг.." /шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-21-р тал/,

3.Хохирогч Д.Э-ын “...хохирлоо барагдуулсан тул гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй" тухай хүсэлт /хх-ийн 36-р тал/,

4.Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-48-р тал/,

5.Хохирогч Ц.Т-ын "...2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагийн орчим би өөрийн нөхөр болох Т-ыг Данзанваанчиг 7-1-17 тоотод байх гэртээ буулгаж үлдээгээд ажил руу явсан. Манай нөхөр Т нь архи уусан согтуу байсан. Тэгээд 16 цагийн орчимд манай нөхөр гэртээ үлдэхдээ найз Түвшинбатыг дэлгүүрээс нэг шил архи аваад ирээч гэж хэлсэн. Тэгээд би 21 цагийн орчимд гэртээ орж ирэхэд манай 2 хүүхэд байсан. Манай нөхөр унтаж байсан. Тэгээд би хоол ундаа хийчхээд гэнэт нөхрийнхөө утсыг хайсан чинь олдохгүй байсан. Тэгээд цай уух гээд аягаа авах гэсэн чинь манай 2 ширхэг мөнгөн аяга шүүгээнд байсан байхгүй байсан. Тэгээд хэнтэй хамт архи уусан талаар асуухад Түвшинбат болон Бооёо гэх хоёртой хамт уусан гэж хэлсэн. ... гэрээс 2 ширхэг мөнгөн аяга болон манай нөхрийн барьж байсан Самсунг А-15 маркийн гар утас алдагдсан. Тэгсэн гар утас нь хашааны үүднээс олдсон. Мөнгөн аяганууд нь ямар хийцийнх гэдгийг мэдэхгүй байна. Нийлээд 800.000 төгрөг болох байх...." гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р тал/,

6.Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 911683 дугаартай "2 ширхэг мөнгөн аяга 500.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-71-р тал/,

7.Гэрч Г.Т-ын "...2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрийн гэртээ ганцаараа байж байхад 13 цагийн орчимд Михлайн бооёо гэж дууддаг Э ах манай гэрт нэг шил архи барьж орж ирсэн. Тэгээд бид хоёр тэр архийг хувааж ууж дуусаад манайд сууж байхад 17 цагийн орчим байх манай найз Т-нээ над руу залгаад хөгшөөн би гэртээ жоохон хүүхэд хараад гарч чадахгүй байна, надад нэг шил архи авчраад өгчих гэж хэлсэн. Тэрийг нь аваачиж өгөхөд Э ах цуг явсан. Тэгээд тэдний гэрт нэг шил архитай орой 18 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд тэндээ нэг шил архиа ууж дуусахад Т-ээ гээд гэрийн эзэн орон дээрээ буруу хараад хэвтээд өгсөн. Э ах газар хэвтээд өгсөн. Тэгээд би тэндээс гарч яваад хорооллын дэлгүүрийн тэнд тасраад унтсан. Тэгсэн намайг орой нь цагдаа нар гэрт хүргэж өгсөн. Бид тэднийхээс гарахдаа ямар нэг зүйл авч гараагүй. Энхболд ах миний дараа гарсан. Надтай хамт гараагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-p тал/,

8.Хохирогч Э.Т-гийн "....2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн орчимд Сайншанд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Сидней дэлгүүрийн гадна зогсоолд өөрийн ... УЕТ улсын дугаартай сувдан цагаан өнгийн Тоёота сента маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд зогссон. Сидней дэлгүүрт хүнд түлхүүр өгөхөөр орохдоо өөрийн тээврийн хэрэгслийг дулаахан байж байг гэж бодоод унтраалгүй түлхүүрийг нь өөрөө аваад орсон. Тэгээд удалгүй 5 орчим минутын дараа гарч ирэхэд миний тээврийн хэрэгсэл алга болчихсон байсан. ... 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 8 цагийн орчим Сайншанд сумын 60 гэрийн тоглоомын талбайн баруун хойноос өөрийн тээврийн хэрэгслийг олж авсан. ... тэгээд хяналтын камерын бичлэг үзэхэд өмнө нь хэлсэн таксинаас буусан гэх гурван залуугийн хоёр нь тээврийн хэрэгсэл унаад явж байсан.... 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 8 цагийн орчим ТАБУ маркет гэх дэлгүүрээс миний алдагдсан Хаан банкны картыг ашиглан 10.100 төгрөгийн худалдан авалт хийсэн байсан... Эрэл хайгуул хийхэд зарцуулсан бензин тосны мөнгийг хохирол барагдуулж аваагүй. Ойролцоогоор 200.000 төгрөг болсон. Дээрээс нь машины үнэлгээ гаргуулан авсан. Түүний төлбөрийг би төлсөн тус бас нэхэмжилж байна...." гэх мэдүүлэг /хх-ийн 98-99, 125-126-p тал/,

9.ЦЕГ-ийн эрэн сурвалжлах ассап сангийн мэдээлэлд алга болсон тээврийн хэрэгслийг зарлан мэдээлсэн тухай баримт /хх-ийн 100-104-р тал/,

10.Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн авто машины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 106-109-р тал/,

11.Э.Т-ийн эзэмшлийн Хаан банкны ............... тоот дансны хуулга /хх-ийн 127-129-р тал/,

12.Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /119-120-р тал/,

13. .... УЕТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 121-р тал/,

14. Хохирогч Г.Г-ийн "...2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ... орой 20 цаг өнгөрч байхад... Дэнжийн дэлгүүр рүү ороод дундын кола аваад 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво аваад дэлгүүрээс гараад явж байтал араас нэг танихгүй залуу ирээд "наад авсан юмаа өг" гэхээр нь "юу гэж чамд өгдөг юм" гэж хэлээд гар утсаа гаргаж ирээд Оюунчимэг эгчийн хүүг дуудах гэж байсан чинь миний утсыг булааж аваад энгэртээ хийсэн. Тэгэхээр нь би утас өг гэсэн чинь өврөөсөө гар утас гаргаж ирээд энийг ав гэж хэлэхээр нь би "наад утас чинь миний утас биш” гэж хэлсэн чинь буцаагаад өвөр рүүгээ хийтэл миний өвөрт байсан 2,5 литрийн пиво газар унаад өгсөн чинь нөгөө залуу чинь наад залгаар чинь яадаг юм гэж хэлээд миний гар утсыг аваад тэр чигээрээ хойшоо яваад өгсөн. Би тэгээд дэлгүүр рүү ороод дэлгүүрийн худалдагчийн утсаар цагдаад дуудлага өгсөн. ...намайг цохиогүй, миний биед халдсан зүйл байхгүй, харин цохих гээд гараа далайж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 157-р тал/,

15.Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ......... дугаартай Sumsung A-8 маркийн гар утас 100.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 161-164-р тал/

 Жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ялалт худалдааны төвийн орчим улсын дугааргүй Даюун загварын тээврийн хэрэгслийн 1,75 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ жолоодсон гэмт хэргийн тухайд:

 Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 215-р тал/,

 Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 216, 223-р тал/, 3.21.Л.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг шалгасан ЦЕГ-ийн хайлтын сангийн мэдээлэл лавлагаа /хх-ийн 220-222-р тал/,

 Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд цугларсан байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Л.Э нь жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ялалт худалдааны төвийн орчим улсын дугааргүй Даюун загварын тээврийн хэрэгслийн 1,75 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ жолоодсон,

-2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг "Эргэл" худалдааны төвийн автомашины зогсоол дээр тавьсан байсан Д. Энхбатын эзэмшлийн 99-23 ДГС улсын дугаартай гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэл дотроос хурган дотортой дээл, пүүз, цагаан идээ зэрэг нийт 1.309.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

-2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Данзанваанчигийн 7-1-17 тоот Ц.Т-ын эзэмшлийн Монгол гэрээс 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Сидней худалдааны төвийн авто машины зогсоолоос Э.Т-ийн эзэмшлийн сувдан цагаан өнгийн Сента маркийн .... УЕТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр унаж явсан, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн дэлгүүрээс гарч явсан Г.Г-гийн эзэмшлийн Самсунг А-8 загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

        Дээрх үйл баримтууд  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон,   шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч нь дээрх үйлдлүүдийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1,17.2 дугаар зүйлийн 1,17.7 дугаар зүйлийн 1,27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Энхболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Э-д 1.309.000 төгрөгийн,хохирогч Г.Г-д 100,000 төгрөгийн,хохирогч Ц.Т-д 500,000 төгрөгийн хохирол учирсныг мөрдөн шалгах ажиллагаанд биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан, хохирогч Э.Т шүүх хэлэлцүүлгийн явцад 350,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь 5 хоногийн завсарлага авч хохирлыг төлж барагдуулсан болох нь нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:Шүүхээс шүүгдэгч Л.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,хууль бусаар нууцаар авсан “, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр,хууль бусаар авсан “  мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах “мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон “ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл,хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1,17.2 дугаар зүйлийн 1,17.7 дугаар зүйлийн 1,27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Э-ын хувьд хэрэг хариуцах чадвар,сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.5,6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Э нь урьд ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар болон шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолуудаар батлагдаж байна./хавтас хэргийн 187-204,208-214-р тал/

Шүүгдэгч Ж овогт Л-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,хууль бусаар нууцаар авсан “, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр,хууль бусаар авсан “  мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах“, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон “ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих  ялаар, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг 2 сараар,мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялын нэг хоногтой  тэнцүүлж 2 сарын хорих ял болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих  ялыг, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхболдод оногдуулсан хорих ял эдэлж дууссаны дараа 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг эхлэн тоолж, хяналт тавьж Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 Бусад асуудлаар: Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй,шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дах хэсэгт  тус тус заасныг удирдлага болгон

 

                                                              ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Ж овогт Л-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,хууль бусаар нууцаар авсан “, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр,хууль бусаар авсан “  мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах“, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон “ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих  ялаар,  мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,  мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг 2 сараар, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялын нэг хоногтой тэнцүүлж 2 сарын хорих ял болгон өөрчилсүгэй.

         

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих  ялыг, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан 1 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан хорих ялыг нь эдэлж дууссаны дараа  1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг эхлэн тоолж, энэ хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           

7. Шүүгдэгч Л.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          

8. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.НАРАНЦЭЦЭГ