Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 301/ШЦТ/250

 

 

 

 

 

 

 

 

 

2025         09             25                                  2025/ШЦТ/250

                                                                       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж, ерөнхий шүүгч Ч.Жаргалан, шүүгч П.Дониддолгор нарын бүрэлдэхүүнтэй,

           Улсын яллагч Т.Алтанзул,

           Иргэдийн төлөөлөгч Э.О,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.M,

            Шүүгдэгч Ё.Б           

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч  овогт Ё-ийн Б-д холбогдох 2512000000206 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны ... дугаар сарын ...-ний өдөр А аймгийн Э  суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, А аймаг, Э  сумын 2 дугаар баг, Арслан цохио хорооллын 0000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ч  овогт Ё-ы Б /РД:..../,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ё.Б нь 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн орчимд А аймгийн Э  сумын 2 дугаар баг А  хорооллын 0000 тоотод байрлах гэртээ “чи ажлаа хийхгүй архи ууж гадуур явлаа” гэх шалтгаанаар өөрийн төрсөн хүү Б.Б-тай хэрүүл маргаан үүсгэн маргалдаж, улмаар цээжин тус газарт 1 удаа хутгалж, амь хохирогчийн биед цээжний зүүн хөндий, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт, цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн шархны улмаас зүрх чихэлдэж амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ё.Б-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Т.Алтанзул яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М “...шүүгдэгчийн холбогдсон зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно....” гэсэн,

Шүүгдэгч Ё.Б“...буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А  шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулав.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Э.О  “гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хавтаст хэргээс:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...А аймгийн Эрдэнэбулган сум 2 дугаар баг Арслан цохио 05-16 тоотод хүн хутгалуулсан байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 1 хуудас/,

-Хэргийн газар 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь А аймаг Э сум дугаар баг А хороолол 0000 тоот хаяг байх ба тухайн хашааны хаалга нь ертөнцийн зүгээр хойд зүгт харж байрласан ногоон эрээн өнгийн гүйдэг хаалгатай хээ бүхий дүрстэй, цэнхэр өнгийн бетон хашаа байлаа. Ногоон эрээн өнгийн гүйдэг хаалгыг нээж ороход тухайн хашаа нь ертөнцийн зүгээр хойноос урагш гадаргуутай хашааны баруун зүүн хойд буланд ногоон өнгийн төмөр дээвэр бүхий дутуу баригдсан блокон байшин байх бөгөөд тухайн байшин баруун зүг рүү харсан 2 ширхэг цонхтой, урд зүг рүү харсан 1 ширхэг цонхтой, үүдний амбаарын хаалга хийгдээгүй байшингийн баруун хананд босгож байрлуулсан нарийн приус моднууд, модон сандал, элс, шар хуванцар сав, чулуун хаван, төмөр сав блокийн хэлтэрхий зэрэг эд зүйл эмх цэгцгүй байрласан. ...үзлэгийг үргэлжлүүлэн улбар шар өнгийн хаалга бүхий монгол гэрт орж хийхээр тогтоов. Тухайн монгол гэрт ороход баруун хатавчны цагаан өнгийн угаалгын машин түүний хажууд гялгар бүтээлэг бүхий модон ширээ түүний дээр дээл болон эсгий гэрийн баруун талыг дагуулж бор бүтээлэг бүхий модон ор байршуулсан байх бөгөөд уг орон дээр гудас, дэр хувцас гэмээр эд зүйлс эмх цэгцгүй байрласан. Тухайн модон орны хөлд гар хөрөөг босгож ханыг дагуулж байрлуулсан. Уг орны доор гутал зэрэг эд зүйлс эмх цэгцгүй байрласан, гэрийн хойд ханыг дагуулж улбар шардуу модон тавилгаа байрласан байх бөгөөд түүний дээр телевизор, ддиш төхөөрөмж, удирдлага, залгуур, унасан ууттай эд зүйл, толь, аяга, савны таг, скоч, түлхүүр, төмөр хайрцаг, улаан алаг хуванцар хайрцаг, эвтэй дөрвөн амьтны дүрслэл бүхий хоёр ширхэг шаазан эдлэл .......Гэрийн голд байрлах зуухны ертөнцийн зүгээр баруун урд талд амь хохирогч нь дээш харсан байрлалтай толгой нь бага зэрэг хажуу тийш харсан хоёр хөл өвдөгний үеэр нугарч баруун тийш хазайж байрласан, хоёр гар биеийн дагуу шулуун байрласан зүүн гарын сарвуу хэвлий хэсэг цус болсон цээжний зүүн дээд хэсэгт зүүн хөхний товчноос дотогш босоо хэлбэртэй хатгагдсан зүсэгдсэн шархтай. Амь хохирогчийн өмсөж байсан цамцны энгэр хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон байв. Амь хохирогчийн баруун гарын тохойн доор тогооны таг гэмээр төмөр таг байв. Амь хохирогчийн зүүн хөлийн өсгийний харалдаа гэрийн шал /хулдаас/ дээр 40x30 хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс шинжилгээнд зориулж шинжээч эмчээр дээж авхуулсан. Тухайн цуснаас ертөнцийн зүгээр урд зүгт цагаан өнгийн угаалгын машины ёроолд цэнхэр өнгийн хуванцар бариултай ажпын хэсэг нь нэлэнхийгээ цус мэд улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга байв. Тухайн хутганы нийт урт 29,5 см байв. Тухайн хутгыг нэг дугаараар тэмдэглэж эд мөрийн баримтаар хураан авахаар тогтов. Гэрийн зүүн урд хэсэгт байрлах ширээний гялгар бүтээлэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Амь хохирогчийн баруун гарын сарвууны доод хэсэгт шалны халдаас цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 3-12 хуудас/,  

- 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн “...Үзлэгийг гэрэл зургаар бэхжүүлж байгаа ба Ё.Б-ны биед гэмтэл бэртэл хэрэгт ач холбогдол бүхий ул мөр байгаа эсэхийг тодорхойлох зориогоор үзлэг хийж байгааг тайлбарлав. ...Ё.Б-ны нүүрэнд ил харагдах шарх сорви үгүй үзэгдэх шүднүүд бүрэн. Хэвлийн баруун хажуу доод хэсэгт 11x0,5 см ташуу байрлалтай бор өнгийн мэс заслын хуучин сорвитой. Эрүүний доод хэсэгт хуучин сорвитой гарын алга болон биед өөр ил харагдах шарх гэмтэлгүй байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-29 хуудас/

- 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хувцсанд үзлэг хийсэн “Амь хохирогчийн өмсөж явсан гэх хувцас нь улбар шар өнгийн Eagles-philadelphia гэсэн латин бичиглэлтэй урд энгэр хэсэгт 45x38 см талбайд цус мэт улаан хүрэн ангийн зүйлээр бохирлогдсон урд энгэрийн залгаа оёдлоо эгц доош 9 см зайд 2 см талбайд гэмтэл үүссэн байна. Уг цамц нь дугуй захтай урт ханцуйтай, ханцуй болон доод хэсгээрээ бүслүүртэй резинтэй даавуун цамц байв. Шар өнгийн дугуй захтай урт ханцуйтай урд энгэр хэсгээрээ 40x30 см талбайд цус мэт улаан хүрэн зүйлийн өнгөөр бохирлогдсон. Урд энгэрийн залгаа оёдлоо эгц доош 14 см зайд 2,5 см талбайд гэмтэл үүссэн байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-34 хуудас/,

- 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, 2025 оны 06 дугар сарын 30-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх- ийн 34-37 хуудас/

- 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай ...хэрэгт хэргийг шалгах, хэргийн газрын үзлэгээр хурааж авсан эд зүйлсээс цэнхэр өнгийн хуванцар бариутай 29,5 см урттай ажлын хэсэг нь нэлэнхийдээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутгийг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байх тул ... 2512000000206 дугаартай хэрэгт дээрх эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 38 хуудас/

- амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  “...2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэж санаж байна шөнө манай охин Уянга нь өөрийн дугаараас миний гар утас руу удаа дараа залгаад байхаар нь утсаа аваад ярихад “Б ах нас барчихлаа” гэж хэлсэн яг юунаас болж нас барсан талаар надад хэлээгүй ингээд би А аймагт байх гэртээ 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ирсэн бөгөөд ирэхэд манай охин Уянга нь надад хандаж “та тайван байгаараа ээж минь аав Б ахыг хутгалж амь насыг нь бүрлэгсэн” гэж хэлсэн юм....Миний хүү амь хохирогч Б.Б нь 1992 онд А аймагт айлын том хүү болон төрсөн бөгөөд бага насаа сургууль цэцэрлэгт сурч 2000-2008 оны хооронд А аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуульд сурч бүрэн бус дунд боловсрол эзэмшиж 2008-2010 оны хооронд А аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд компьютерийн ангид сурч төгссөн хүүхэд байгаа юм. Түүнээс хойш Улаанбаатар хотод нэг хэсэг хугацаанд барилгын ажил хийж байгаад хоёр гурван жилийн өмнө А аймагт ирж барилгын ажил хийдэг болсон юм зуны улиралд талийгаач хүү маань барьж буй барилга дээрээ байрлаж ажилладаг байсан. Харин өвлийн улиралд гэртээ байдаг байсан юм. Миний хүү Б.Б нь үг дуу цөөнтэй хүүхэд байсан боловч сүүлийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болоод ааш нь жаахан эвдрээд огцом ууртай болсон байсан юм. Өөрөөр амь хохирогч хүүд маань ямар нэгэн буруу зан ааш байгаагүй юм....Манай нөхөр Ё.Б нь ширүүн түргэн ууртай, хүнтэй их харилцаа муутай хүн байгаа юм. Манай нөхөр Ё.Буг нь талийгаач хүү Б.Б-тай их эвтэй байдаг байсан юм. Яг яагаад амь насанд нь хүрсэн талаар би одоо ч ойлгохгүй байна.... Миний сэтгэцэд ямар нэгэн гэм хор учраагүй тул би сэтгэцэд учирсан гэм хорын хохирол тогтоолгохгүй.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 44-46 хуудас/,

- Гэрч Х.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2025 оны 06 дугаар сарын 28-ны өглөө Арслан цохионы дээд голын эрэг дээр Ууганаа, Оожоо ах бид нар архи уугаад сууж байхад амь хохирогч Б ирээд хамт архи уусан. Тэгээд би өдөр гэртээ хариад унтчихсан байсан. Тэгээд би сэрээд Оожоо ах над руу утсаар залгахад Оожоо ах намайг гэртээ хүрээд ир гэсний дагуу би тэднийд очоод Оожоо ах бид хоёр дэлгүүрээс архи авах гэж явж байгаад Б-тай таараад 1 шил архи аваад Оожоо ахын түлээний амбаарт уусан. Тэр үед гадаа харанхуй болсон байсан. Тэгээд ууж дуусчихаад Оожоо ах гэр рүүгээ ороод Б бид хоёр Б-ын гэр рүү орсон. Гэрт нь орох үед Б болон өөр нэг ах хоёр хэвтэж байсан. Тэгээд Б-ыг согтуу байсан болохоор Б ах уурлаад “согтуу архи авч орж ирлээ” гээд Б ах Б-ыг татаж авчраад толгойгоороо мөргөсөн тэр үед нь би салгасан нөгөө ах гэрээс нь гараад яваад өгсөн. Тэгээд хэсэг овоо намжаад би бие засах гээд гараад жорлон руу дөхөөд жорлонд хүн байгаа бололтой дугарсан тэр үед гэр дотор "пид" гэсэн чимээ гараад би гэр рүү ороход Б газарт уначихсан цустайгаа холилдчихсон байсан. Тэгээд Б ухаангүй байхаар нь би цээжин дээр нь дараад байснаа санаж байна тэгээд их цус хараад балмагдсан байсан тэгээд би Оожоо ахынх руу ороод эгч Энхээг нь дуудсан. Тэгээд удалгүй цагдаа нар хүрээд ирсэн байсан. ...Намайг гэрт нь байж байгаад бие засах гээд гараад явсан тэр үед гэр дотор пид гэх чимээ гарсны дагуу би буцаад ороход Б цустайгаа холилдоод газарт унасан ухаангүй байдалтай байсан. Б ах орон дээрээ сууж байсан. Би яаж байгаа юм бэ та гэхэд яадгийн пизда наадах чинь үхэг би дүрчихсэн юм гээд байсан. Б ах өөрөө нэлээн согтуу байсан....Б Б-ыг цохиж зодоогүй гар хүрээгүй. Б Б-ыг нэг удаа мөргөөд би салгаад тайвшраад сууж байгаад хэсэг хугацааны дараа намайг би засах гээд гэрээс гарах үед хутгалчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-77 хуудас/,

- Гэрч Ё.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Мэдүүлэгтээ өмгөөлөгч оролцуулахгүй....Би 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг Арслан цохио хорооллын 5-16 тоотод Б-ы гэрт "Даншиг наадам" зурагтаар үзээд гэрээс гараагүй өнжсөн. Тэгээд оройны 18 цаг өнгөрч байхад Б гаднаас ганцаараа согтуу ирсэн би хоолыг нь хийж өгөөд унтуулсан. Тэгээд миний үзэж байсан бөх дуусаад би унтаж байхад 21 цаг өнгөрсөн 22 цаг болох гэж байсан байх гэж бодож байна. Тэр үед гаднаас хүмүүс орж ирээд гэрэл асаасан. Тэгээд би сэрээд харахад амь хохирогч Б танихгүй нэг залуугийн хамтаар орж ирсэн байсан. Мөн би газраас гудас дэвсээд унтаж байсан юм миний унтаж байсан газрын урд гэрийн гол хэсэгт "Хараа" нэртэй таггүй /бөглөөгүй/ архи, ундааны хамтаар тавьсан байсан. Тэгээд Б, Бд хандаж “манай хүргэн Оожоог газарт унтуулсан байна” гээд уурлангуй хэлээд тэр хоорондоо маргалдах гээд байхаар нь би хувцсаа өмсөөд унтаж байсан гудсаа эвхчихээд ариун цэврийн цаас аваад гэрээс гарсан. Тэгээд бие засаж дуусаад жорлонгоос гарч ирэхэд гэр дотор зуух бололтой төмөр тачигнах чимээ гарсан.Тэгээд би гэр рүү орж ирэхэд гэр дотор зуух хажуулдсан, түүний урд талд буюу гэрийн хаалгаар ороход зүүн гар талд Б газарт хэвтчихсэн цээж хэсэг нь нэлэнхийдээ цус болчихсон, орны хажууд Б босоо, нөгөө Б-тай гаднаас орж ирсэн залуу амь хохирогчийн цээжийг алгадаад "бос, сэргэ" гэх мэт үгнүүдийг хэлээд байсан. Би хажуулдсан байсан зуухыг тэгшилж байсан байранд нь тавьсан. Тэгээд сэргэхгүй болохоор нь нөгөө танихгүй залуу, Б хоёр намайг түргэн дууд гээд гэрээс гаргасан. Б өөрөө түргэн дуудах гэсэн боловч гар утсаа олохгүй байсан. ...Намайг бие засчхаад гэрт ороход нөгөө танихгүй залуу Б руу хандаж “та хүүхдээ дүрчихлээ” гээд байсан. мөн Б “би хүүхдээ дүрчихлээ” гээд байсан. Би амь хохирогч руу харахад гэрийн шалан дээр ухаангүй байдалтай хэвтчихсэн, цээж хэсэг нь битүү цус болчихсон байсан. Би бүр дараа нь амь хохирогчийн хөлийн ойролцоо угаалгын машины хажууд цэнхэр иштэй хутга байсныг олж харсан.  ... Би архи уугаагүй эрүүл байсан. Б гаднаас гэртээ ирэхдээ согтуу ирсэн нэмж архи уугаагүй орон дээрээ унтаж байсан. Амь хохирогч Б, нөгөө танихгүй залуу хоёр гаднаас согтуу орж ирсэн мөн "Хараа" нэртэй талаасаа доошоо орсон таггүй архи, ундааны хамтаар оруулж ирж газарт тавьсан байсан. ...Амь хохирогч Б аав Бдаа хүргэн Оожоог грашт унтууллаа гээд маргалдаад байсан. Нөгөө танихгүй залуу хэн нэгэнтэй маргалдаагүй....Намайг гэрт ороход гэрийн хаалга онгорхой байсан тэгээд ороход Б унтаж байсан орныхоо өмнө босоо байдалтай хамар хэсэг нь цус болсон байсан. Амь хохирогч Б газарт ухаангүй байдалтай цээж хэсэг нь нэлэнхийдээ цус болчихсон байсан. Нөгөө танихгүй залуу амь хохирогчийн толгойны нь хойд талд буюу Б амь хохирогч хоёрын дунд газарт суусан амь хохирогчийн цээжийг дараад, "сэргэ, бос" мөн Бд хандаж “та хүүхдээ дүрчихлээ, мөн Б би хүүхдээ дүрчихлээ” гэж хэлээд байсан.... Б нь 1967 онд А аймагт, айлын 4 дөх хүүхэд болж төрсөн. Тэгээд А аймгийн Барилга гэж байхад тэнд ажиллаж байгаад барилга дампуураад уурын зуух мөн аймгийн зах дээр эхнэр Амаржаргалын хамтаар цагаан идээний худалдагч, гэрээрээ шил лааз зэрэг түүхий эд авдаг байсан. Б нь 1 хүү, 2 охинтой байсан. Амь хохирогч Бы том хүү нь байсан юм. Б урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Түүний эхнэр Амаржаргал нь Өмнөговь аймагт 14/14 хоногийн хугацаагаар ээлжийн үйлчлэгчийн ажил эрхэлдэг юм. Б нь жоохон огцом ууртай хүн байгаа юм. Б нь хааяа архи уудаг хүн байгаа юм. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-66 хуудас/,

- Гэрч Б.У-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би мэдүүлэг өгнө мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй....Би 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22 цаг 25 минутад миний аавын төрсөн дүү болох Энхсайхан нь фейсбүүкийн чатаар дүрсээ харж яриад “Б ах ахыг чинь хутгалчихсан байна чи хурдан хүрээд ир” гэж хэлсэн бөгөөд би тэр даруй өөрийн нөхөрт хэлээд аавын гэрт очиход аав надаас “уучлалт гуйгаад аав нь ахыг нь алчихлаа аавыгаа уучлаарай” гээд байсан. Тухайн үед цагдаагийн алба хаагчид ирчихсэн намайг гэр рүү оруулаагүй юм....Би 22 цаг 40 минут орчмын үед аавын хашаанд очсон байх тэр үед миний аавын хашаан миний аав Ё.Б, миний аавын төрсөн ах Ё.Б, болон цагдаагийн хоёр алба хаагч байсан надтай хамт манай нөхөр Алтангэрэл, манай аавын төрсөн дүү Энхсайхан нар хамт хашаа руу нь орсон юм.... Миний ах Б.Б нь 1992 онд А аймгийн Эрдэнэбулган суманд айлын том хүүхэд болон мэндэлсэн бөгөөд бага насаа эцэг эхний хамт амьдарч 2000-2008 оны хооронд А аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуульд сурч төгсөөд 2008-2011 оны хооронд А аймгийн Эрдэнэбулган сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд компьютер засварын ангид сурч төгссөн юм. Үүнээс хойш 2023 оныг хүртэл Улаанбаатар хотод барилга дээр ажилладаг байсан бөгөөд энэ хугацаанд ганцаараа болон найз нөхдийн хамт байр хөлсөлж амьдардаг байсан бөгөөд 2023 онд эргэж А аймагт ирж аав, ээжийнхээ хамт амьдрах болсон юм. Миний ах Б.Б нь эхнэр авч байгаагүй хүүхэдгүй хүн байсан юм. Нас барахаасаа өмнө А аймгийн Эрдэнэбулган сумын төвд барилгын ажил хийж байсан юм.... Миний ах их дотогшоо хүн байсан үг дуу цөөнтэй хүнтэй хэр барагтай маргалдаад байдаггүй даруухан хүн байсан юм. Талийгаач ах маань архи уучих гээд байдаг хүн байсан юм.... Миний аав Ё.Б нь жаахан түргэн ууртай хүн бөгөөд хурдан уурлаж хурдан тайвширдаг зантай хүн байгаа юм. Тэрнээс бусдаар бол миний аавд өөлөх элдэв муу зан байхгүй үе үе архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг архи уусан ч гэсэн хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй төлөв даруу хүн байгаа юм.... Тэрийг би хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн хамт бол архи уугаагүй байх манай аав гэртээ байхгүй байж байгаад оройн 19 цагийн үед гэртээ ирсэн гэж төрсөн дүү Энхсайхан нь хэлсэн миний талийгаач ах болохоор ажил дээрээ байрлаж ажиллаж байгаад 2025 оны 06 сарын 28-ны өглөө ажлаасаа гарч явсан гэж манай нөхөр надад хэлсэн манай нөхөр болон миний талийгаач ах нар нэг барилгад хамт ажилладаг юм.... Миний аав А аймгийн Тариат суманд 1967 онд айлын 4 дэх хүүхэд болон мэндэлж бага насаа эцэг, эх, ах, эгч нарын хамт өнгөрүүлж Тариат сумын сургуульд сурч 8 дугаар анги төгссөн гэж ярьдаг миний аав залуудаа барилгад ажилладаг байсан дараа нь уурын зууханд галч хийдэг байсан сүүлд нь ээжийн хамт А аймгийн нийтийн худалдааны төвд цагаан идээний худалдаа эрхэлдэг байсан юм. Одоо бол миний аав ямар нэгэн ажил эрхлээгүй байгаа бөгөөд өөрийнхөө хашаанд байшин барьж байсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-60 хуудас/,

- Гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Надад мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Би өөрөө мэдүүлэг өгнө. Би Үүрцайхын барилга дээр ажилладаг намайг ажил дээрээ байж орой 22 цаг өнгөрч байхад миний эхнэр Уянга өөрийн 95330838 дугаарын утсаар залгаад Хадам аав ах хоёрыг муудалцаад хутга шөвгөндөө хүрсэн юм шиг байна чи аавынд очоодхооч гэж хэлээд утсаа салгасан. Би ажил дээрээсээ шууд хадам аавын гэр болох А аймгийн Эрдэнэбулган сум 2-р баг Арслан цохио хороолол 05-16 тоотод очиход 2 Цагдаа ирсэн байсан хадам аав Б, Хадам аавын төрсөн ах Б, миний эхнэр Уянгаа, байсан би гэрт ороогүй гадаа л байсан, тэгээд нэмж цагдаа нар ирсэн.... Намайг очиход Б ах огт юм яриагүй харин Хадам аав Б би хүүгээ алчихлаа гээд уйлаад байсан. ... Миний мэдэхээр ноднин наадмын дараа Хадам аав Б амь хохирогчийг архи уугаад байна гээд нэг загнаж байсан. Тэрнээс бол цохиж зодоогүй би өөр хэзээ маргаж байсан талаар бол мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69- 71 хуудас/,

- Гэрч Ё.Э-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй....Би 2025 оны 06 дугаар сарын 28-ны орой Цагаан даваа давчхаад 20 цагийн үед гэртээ ирэхэд манай хашаанд Б Отгонбаатар манай нөхөр О нар түлээний амбаарт архи ууж байсан тэгэхээр би архи боль харьцгаа гэж хэлээд гэртээ орсон.Удалгүй манай нөхрийг зун байшинд оруулж унтуулаад Б.О  нар хойш буюу гэр лүүгээ орсон. Үүний 22 цаг өнгөрч байхад миний төрсөн ах болох Б орж ирээд “103 яаж дууддаг юм бэ гэж” хэлсээр орж ирсэн. Тухайн үед Б ах Б ахыг хүүхдээ буюу Б-ыг алчих шиг боллоо хутгаар хутгалсан байна гэж хэлэхэд манай хүүхдүүд 7033103 гэж залгана гэж хэлэхэд Б ах гараад явсан. Дараа нь О орж ирээд эгчээ Б ер нь эвгүй байна бараг үхчихлээ та 2 хамт ороод хараадахъя гэхээр нь би айгаад ороогүй тэгээд орох гэж байтал цагдаа нар ирсэн орж болохгүй гэхээр нь би орж хараагүй. Тэгээд удалгүй эмч нар ирж үзээд нас барсан талаар хэлсэн. Тэр үед Б ах гэрийнхээ гадаа “ах нь хүүхдээ алчихлаа” гэж хэлээд зогсож байсан. Намайг харахад Б ах согтуу байх шиг байсан.” гэсэн мэдүүлэг /хх- ийн 80-82 хуудас

Гэрч М.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ..Б.Б нь 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа ирж ажилласан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 28-ны өглөө байрлаж байсан газарт очиж авах гээд эхнэрийн хамт очиход өглөө эрт гараад явчихсан байсан. Тухайн өдөр ажилдаа ирээгүй юм....Өмнө жилүүдэд бол үе үе архи уудаг нэг уухаараа 7-8 хоног архи уугаад ажилдаа ирдэггүй байсан. Харин 2025 оны 03 дугаар сараас хойш нас барах хүртлээ 2-3 удаа архи ууж ажил тасалсан юм. Архи уух нь багассан байсан. ...Бүр өмнөх жилүүдэд архи уух үед нь бол Ё.Б ахад Б.Б архи уугаад явчихлаа шүү гэж хэлдэг л байсан. Харин 2025 онд Б.Б нь өмнөх үеүд шигээ архи уухаа больсон тул Б.Б ахтай Б архи дарс уулаа гэж яриагүй санагдаж байна....Б.Б нь үг дуу цөөнтэй дөлгөөн зантай хүнтэй хэр барагтай юм яриад байдаггүй даруухан хүн байсан юм. Хамт ажилдаг хүмүүсийн дунд нэр хүнд сайтай хүн байсан юм. Б.Б нь үе үе архи уучих гээд байдаг хүн байсан юм....Би Б ахын талаар сайн мэдэхгүй тэр бүр харилцаад байдаггүй тул ийм тийм гэж хэлж мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-87хуудас/,

- Гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн орчим гэж санаж байна амь хохирогч Б.Б-ын төрсөн дүү нь болон Б.Уянга гэх эмэгтэй надтай утсаар яриад Б ах нас барчихсан юм шиг байна гэхээр нь би ажлаа түр орхиод яваад очиход цагдаа нар ирчихсэн хэргийн газрын үзлэг хийж байсан бөгөөд намайг Б ахын хашаа руу яваад ороход Б ахыг цагдаа гавлачихсан хараад зогсож байсан бөгөөд Б ах надад хандаж ах нь Б-ыг алчихлаа гээд уйлж байсан тухайн үед Б ах архи уучихсан байх шиг байсан. Уянгатай уулзахад ч гэсэн аав, Б ахтай маргалдаад алчихсан юм шиг байна гээд уйлаад байсан юм.... Б.Б нь өмнө хоёр гурван хоног архи уугаад ажилдаа ирэхгүй байж байгаад 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа ирж ажилласан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 28-ны өглөө байрлаж байсан газарт очиж авах гэтэл өглөө эрт гараад явчихсан байсан. Тухайн өдөр ажилдаа ирээгүй юм....Тухайн өдөр Б ахтай манай нөхөр бид хоёрын аль аль нь Б ахтай утсаар яриагүй мөн тааралдаагүй би Б ахын утас руу залгасан боловч утас нь холбогдохгүй байсан юм.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 90-92 хуудас/,

- Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн өдөр миний найз Ё.Б А аймгийн Батцэнгэл сум руу яваад айл нүүлгэж өгөөд ирье гэж гуйгаад би болон өөр нэг танихгүй хүний хамт гурвуулаа явж Ё.Б-ы эгчийн гэрийг нүүлгэж өгөөд ирсэн юм бид нар өглөө 09 цагийн орчимд яваад оройн 18 цагийн орчим ирсэн санагдаж байна. А аймгийн төвд буцаж ирээд Ё.Б хашаандаа машинаа оруулж байрлуулчхаад “хоёр найзад баярлалаа нэг шил архи авч өгье” гээд дэлгүүр орж нэг шил 0.75 литрийн савлагаатай хараа нэртэй архи авч бид гурав Е.Б-ы гэрт хувааж уугаад салцгаасан юм. Тэндээс би шууд гэртээ харьсан өөр ямар нэгэн зүйл хийгээгүй амарсан юм....миний найз Ё.Б нь жаахан түргэн ууртай хүн бөгөөд хурдан уурлаж, хурдан тайвширдаг зантай хүн байгаа юм. Тэрнээс бусдаар бол их дажгүй хүн 5айгаа юм. Архийг тэр бүр уугаад байдаггүй хаяа нэг уух тохиолдол бол байдаг л юм.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 96-97 хуудас/,

- Гэрч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Мэдүүлэгтээ өмгөөлөгч оролцуулахгүй....амь хохирогч Б манайх хоёрынх дундаа хаалгатай өрөө хашаанд байдаг юм. 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үдээс хойш Б.О-ын хамтаар согтуу өөрийн гэр рүү орох гээд манай хашаагаар дамжиж орж ирсэн. Тэр үед нь би хашаан дотроо явж таараад уулзаад манай хашаанд байх түлээний амбаарт 1 шил архийг гурвуулаа хувааж уусан. Тэгээд 1 шил архиа уугаад дуусах дөхөж байхад манай гэрийнхэн хөдөөгөөс ирээд гэр онгойлгосон тэр үед нь 5и “ах нь гэртээ орж унтлаа” гээд гэртээ орсон. Отгонбаатар болон амь хохирогч Б хоёр Б-ынх руу орно гээд өөрийнхөө хашаа руу орсон. Тэгээд маргааш өглөө нь унтаад сэрэхэд эхнэр надад урд шөнө Б ах хүүхдээ алчихсан байна гэж хэлсэн тэгээд би уг хэргийн талаар анх сонссон.... Би түлээний амбаартаа хонож байгаагүй түлээний амбаарт хүн хонох боломжгүй дусаал гоождог түлээ хадгалдаг амбаар байгаа юм. Харин би хааяа архи уусан үедээ хашаандаа байдаг хуучин жижиг байшинд ороод унтаад өгдөг байсан юм. Мөн хааяа эхнэрийнхээ хамт уг жижиг байшинд хонож байсан.... Би 1997 оноос хойш амь хохирогч Б-ынхтай хөрш амьдарч байсан. Б нь А аймгийн Эрдэнэбулган сумын 3-р сургуульд сурч төгссөн цэргийн алба хаагаагүй, Улаанбаатар хотод хэсэг хугацаанд ажиллаж байгаад буцаж аймагтаа ирээд барилгын ажилд хийж байсан. Их томоотой, даруухан эхнэр хүүхэд аваагүй хүүхэд байсан. Сүүлийн үед архийг уугаад байдаг болчихсон байсан юм.... Б ах их томоотой даруухан хүн байгаа юм. Энэ жилийн хувьд хашаандаа байшин бариад барилгын ажил хийж байсан. Өмнө нь хувиараа барилгын ажил хөдөлмөр эрхэлдэг байсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-101 хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Ч.М-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн“...Б.Б нь 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 58,212 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байна. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот данс төлбөрийг төлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 хуудас/,

- Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай “...1. Шинжлүүлэгч Ё.Б нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна. Сэтгэцийн өвчингүй тул тэр үедээ өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож, мэдэж, удирдаж чадах чадвартай байсан. 2. Шинжлүүлэгч нь одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө сэтгэцийн өвчингүй байсан. 3. Сэтгэцийн өвчингүй тул түүнд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Энэ хүнд албадан эмчилгээний ямар нэг арга хэмжээ авах шаардлагагүй. 4. Шинжлүүлэгч Ё.Б нь тухайн үед болсон гэмт хэргийн үйл явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 5. Шинжлүүлэгч Ё.Б нь хэрэг хариуцах чадвартай.” гэсэн дүгнэлт /хх-ийн 108-110 хуудас/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газар А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Отгонжаргалын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн АРХ0625/079 дугаартай “1. Амь хохирогч Б.Б-ын. биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, зүрх, өрц, ходоодыг гэмтээсэн шарх, хэвлий, цээжний зүүн хөндий, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13, 4.1.9-д зааснаар амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэгт хамаарна. 5. Амь хохирогч Б.Б нь цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн шархны улмаас зүрх чихэлдэж нас баржээ. 6. Шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдоогүй. 7. Амь хохирогч нь 3 дугаар бүлгийн цустай. 8. Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.” гэсэн дүгнэлт/хх-ийн 118-121 хуудас/

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газар А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Отгонжаргалын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн АРХ0325/230 дугаартай “1. Ё.Б-ы гэх цусанд 1,7 промилли спиртийн зүйл илрэв. 2. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. 3. Ё.Б нь 3 дугаар бүлгийн цустай байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 131-132 хуудас/,

- Сэжигтэн Ё.Б ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Б нь надад хандаж би ийм эцэгтэй байснаас байгаагүй нь дээр гэж хэлээд маргалдсан ингээд би уурлаж гэрийн зүүн урд хэсэгт байрлах тогооны шүүгээний шургуулганаас ахуйн хэрэгцээнд хэрэглэдэг хутга авснаа санаж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 160-162 хуудас/

- Яллагдагч Ё.Б ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өөрийн хүүгийн амь насыг хохирсондоо гэмшиж байна. Сэжигтнээр өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв учир мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 177-178 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар

Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн орчимд А аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арсланцохио хороолол 5-16 тоотод байрлах гэртээ  амь хохирогч Б.Б нь бусдын гарт амь насаа алдсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний амьд явах эрх”-ийн эсрэг гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Ё.Б нь 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр А аймгийн Эрдэнэбулган сум 2 дугаар баг Арсланцохио хорооллын 5-16 тоот гэртээ өөрийн хүү Б.Б ыг үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн маргалдаж, улмаар цээжин тус газарт 1 удаа хутгалж, амь хохирогчийн биед цээжний зүүн хөндий, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт, цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн шархны улмаас зүрх чихэлдэж амь насыг хохироон хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн  болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

-Хэргийн газар 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

- 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, 2025 оны 06 дугар сарын 30-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол

- 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

- Хууль ёсны төлөөлөгч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  “...2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэж санаж байна шөнө манай охин Уянга нь өөрийн дугаараас миний гар утас руу удаа дараа залгаад байхаар нь утсаа аваад ярихад “Б ах нас барчихлаа” гэж хэлсэн яг юунаас болж нас барсан талаар надад хэлээгүй ингээд би А аймагт байх гэртээ 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ирсэн бөгөөд ирэхэд манай охин Уянга нь надад хандаж “та тайван байгаараа ээж минь аав Б ахыг хутгалж амь насыг нь бүрэлгэсэн” гэж хэлсэн юм. ...Яг яагаад амь насанд нь хүрсэн талаар би одоо ч ойлгохгүй байна...” гэх мэдүүлэг,

- Гэрч Х.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....Тэгээд Б-ыг согтуу байсан болохоор Б ах уурлаад “согтуу архи авч орж ирлээ” гээд Б ах Б-ыг татаж авчраад толгойгоороо мөргөсөн тэр үед нь би салгасан нөгөө ах гэрээс нь гараад яваад өгсөн. Тэгээд хэсэг овоо намжаад би бие засах гээд гараад жорлон руу дөхөөд жорлонд хүн байгаа бололтой дугарсан тэр үед гэр дотор "пид" гэсэн чимээ гараад би гэр рүү ороход Б газарт уначихсан цустайгаа холилдчихсон байсан. Тэгээд Б ухаангүй байхаар нь би цээжин дээр нь дараад байснаа санаж байна тэгээд их цус хараад балмагдсан байсан тэгээд би Оожоо ахынх руу ороод эгч Энхээг нь дуудсан. ...Намайг гэрт нь байж байгаад бие засах гээд гараад явсан тэр үед гэр дотор пид гэх чимээ гарсны дагуу би буцаад ороход Б цустайгаа холилдоод газарт унасан ухаангүй байдалтай байсан. Б ах орон дээрээ сууж байсан. Би яаж байгаа юм бэ та гэхэд яадгийн пизда наадах чинь үхэг би дүрчихсэн юм гээд байсан. Б ах өөрөө нэлээн согтуу байсан....Б Быг цохиж зодоогүй гар хүрээгүй. Б Б-ыг нэг удаа мөргөөд би салгаад тайвшраад сууж байгаад хэсэг хугацааны дараа намайг би засах гээд гэрээс гарах үед хутгалчихсан байсан.” гэх мэдүүлэг,

- Гэрч Ё.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд бие засаж дуусаад жорлонгоос гарч ирэхэд гэр дотор зуух бололтой төмөр тачигнах чимээ гарсан. Тэгээд би гэр рүү орж ирэхэд гэр дотор зуух хажуулдсан, түүний урд талд буюу гэрийн хаалгаар ороход зүүн гар талд Б газарт хэвтчихсэн цээж хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон, орны хажууд Б босоо, нөгөө Б-тай гаднаас орж ирсэн залуу амь хохирогчийн цээжийг алгадаад "бос, сэргэ" гэх мэт үгнүүдийг хэлээд байсан. Би хажуулдсан байсан зуухыг тэгшилж байсан байранд нь тавьсан. Тэгээд сэргэхгүй болохоор нь нөгөө танихгүй залуу, Б хоёр намайг түргэн дууд гээд гэрээс гаргасан. Б өөрөө түргэн дуудах гэсэн боловч гар утсаа олохгүй байсан. ...Намайг бие засчихаад гэрт ороход нөгөө танихгүй залуу Б руу хандаж “та хүүхдээ дүрчихлээ” гээд байсан. мөн Б “би хүүхдээ дүрчихлээ” гээд байсан. Би амь хохирогч руу харахад гэрийн шалан дээр ухаангүй байдалтай хэвтчихсэн, цээж хэсэг нь битүү цус болчихсон байсан. Би бүр дараа нь амь хохирогчийн хөлийн ойролцоо угаалгын машины хажууд цэнхэр иштэй хутга байсныг олж харсан” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.У-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22 цаг 25 минутад миний аавын төрсөн дүү болох Энхсайхан нь фейсбүүкийн чатаар дүрсээ харж яриад “Б ах ахыг чинь хутгалчихсан байна чи хурдан хүрээд ир” гэж хэлсэн бөгөөд би тэр даруй өөрийн нөхөрт хэлээд аавын гэрт очиход аав надаас “уучлалт гуйгаад аав нь ахыг нь алчихлаа аавыгаа уучлаарай” гээд байсан.” гэх мэдүүлэг,

- Гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би ажил дээрээсээ шууд хадам аавын гэр болох А аймгийн Э  сум 2-р баг Арслан цохио хороолол 0000 тоотод очиход 2 Цагдаа ирсэн байсан хадам аав Б, Хадам аавын төрсөн ах Б, миний эхнэр У , байсан би гэрт ороогүй гадаа л байсан, тэгээд нэмж цагдаа нар ирсэн.... Намайг очиход Б ах огт юм яриагүй харин Хадам аав Б би хүүгээ алчихлаа гээд уйлаад байсан.” гэх мэдүүлэг,

- Гэрч Ё.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...22 цаг өнгөрч байхад миний төрсөн ах болох Б орж ирээд “103 яаж дууддаг юм бэ гэж” хэлсээр орж ирсэн. Тухайн үед Б ах Б ахыг хүүхдээ буюу Б-ыг алчих шиг боллоо хутгаар хутгалсан байна гэж хэлсэн. ...Тэр үед Б ах гэрийнхээ гадаа “ах нь хүүхдээ алчихлаа” гэж хэлээд зогсож байсан.” гэх мэдүүлэг,

-Сэжигтэн Ё.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Б нь надад хандаж би ийм эцэгтэй байснаас байгаагүй нь дээр гэж хэлээд маргалдсан ингээд би уурлаж гэрийн зүүн урд хэсэгт байрлах тогооны шүүгээний шургуулганаас ахуйн хэрэгцээнд хэрэглэдэг хутга авснаа санаж байна...” гэх мэдүүлэг,

- Гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн орчим гэж санаж байна амь хохирогч Б.Б-ын төрсөн дүү нь болон Б.У  гэх эмэгтэй надтай утсаар яриад Б ах нас барчихсан юм шиг байна гэхээр нь би ажлаа түр орхиод яваад очиход цагдаа нар ирчихсэн хэргийн газрын үзлэг хийж байсан бөгөөд намайг Б ахын хашаа руу яваад ороход Б ахыг цагдаа гавлачихсан хараад зогсож байсан бөгөөд Б ах надад хандаж ах нь Б-ыг алчихлаа гээд уйлж байсан тухайн үед Б ах архи уучихсан байх шиг байсан. Уянгатай уулзахад ч гэсэн аав, Б ахтай маргалдаад алчихсан юм шиг байна гээд уйлаад байсан юм...” гэх мэдүүлэг,

- Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай “...1. Шинжлүүлэгч Ё.Б нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна. Сэтгэцийн өвчингүй тул тэр үедээ өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож, мэдэж, удирдаж чадах чадвартай байсан. 2. Шинжлүүлэгч нь одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө сэтгэцийн өвчингүй байсан. 3. Сэтгэцийн өвчингүй тул түүнд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Энэ хүнд албадан эмчилгээний ямар нэг арга хэмжээ авах шаардлагагүй. 4. Шинжлүүлэгч Ё.Б нь тухайн үед болсон гэмт хэргийн үйл явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 5. Шинжлүүлэгч Ё.Б нь хэрэг хариуцах чадвартай.” гэсэн дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газар А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Отгонжаргалын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн АРХ0625/079 дугаартай “1. Амь хохирогч Б.Б-ын. биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, зүрх, өрц, ходоодыг гэмтээсэн шарх, хэвлий, цээжний зүүн хөндий, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13, 4.1.9-д зааснаар амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэгт хамаарна. 5. Амь хохирогч Б.Б нь цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн шархны улмаас зүрх чихэлдэж нас баржээ. 6. Шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдоогүй. 7. Амь хохирогч нь 3 дугаар бүлгийн цустай. 8. Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.” гэсэн дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газар А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Отгонжаргалын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн АРХ0325/230 дугаартай “1. Ё.Б-ы гэх цусанд 1,7 промилли спиртийн зүйл илрэв. 2. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. 3. Ё.Б нь 3 дугаар бүлгийн цустай байна.” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Ё.Б-ы яллагдагчаар болон шүүгдэгчээр хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа учир түүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцсон болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн зүйлчлэлийн талаар “сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн” гэж мэтгэлцсэн.

 

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ё.Б нь 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр А аймгийн Эрдэнэбулган сум 2 дугаар баг Арсланцохио хорооллын 5-16 тоот гэртээ өөрийн хүү Б.Б-ыг нэг удаа хутгалж, цээжний зүүн хөндий, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт, цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн шархны улмаас зүрх чихэлдэж нас барсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай анги дахь нэг бүлэгт системчлэгдэн хуульчилсан, хуулиар хамгаалагдсан нэг ижил эрх ашигт хохирол, хор уршиг учруулсан гэмт хэргүүдийг ялган зүйлчлэхдээ тухайн гэмт хэргийн онцлог болсон объектив, субъектив шинжээр нь ялган зүйлчилдэг.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдэл, үйл явдалд хандаж байгаа хандлага, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлж үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой.

 

Өөрөө болон ойр дотны хүн нь бусдын эрхшээл дарамтад орсон, хүндээр доромжлогдсон, хүчирхийлэл, заналхийлэл зэрэг зүй бус, ёс суртахуунд үл нийцэх ажиллагааны үр дүнд санаа сэтгэл хоромхон зуур хүчтэй цочрон сэтгэцийн хэвийн байдал нь алдагдаж, өөрийгөө удирдан жолоодох чадвар доод түвшинд хүрч, бодит нөхцөл байдалд сонголт, дүгнэлт хийх чадвар хязгаарлагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, амь насыг нь хохироосон бол “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэж үздэг. Энэ тохиолдолд гэмт этгээдийн хувьд хохирогчийн халдашгүй байдалд халдах бодол түргэн зуур бий болдог боловч хохирогчийн нэг удаагийн үйлдлээс гадна удаа дараа үргэлжилсэн, эсхүл амьдралын хэвшил болсон зүй бус зан үйлийн үр дүнд үүснэ.

 

Хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудад дүн шинжилгээ хийхэд амь хохирогчийн амьдралын байдал, зан үйл, гэр бүлийнхэнтэйгээ харилцаж байсан харилцаа хандлагын талаарх дараах нотлох баримтууд цугларсан байна.

Амь хохирогч Б.Б-ыг үг дуу цөөнтэй хүүхэд байсан боловч сүүлийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон, ааш нь жаахан эвдрээд огцом ууртай болсон, өөрөөр ямар нэгэн буруу зан ааш байгаагүй, нөхөр Ё.Б талийгаач хүү Б.Б-тай их эвтэй байдаг байсан” талаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А мэдүүлсэн байх ба гэрч Х.Отгонбаатар “...Б Б-ыг цохиж зодоогүй гар хүрээгүй, Б Б ыг нэг удаа мөргөөд би салгаад тайвшраад сууж байгаад хэсэг хугацааны дараа намайг бие засах гээд гэрээс гарах үед хутгалчихсан байсан” гэж, гэрч Б.Уянга “ах их дотогшоо хүн байсан үг дуу цөөнтэй, хүнтэй хэр барагтай маргалдаад байдаггүй даруухан, ах маань архи уучих гээд байдаг байсан” гэж, гэрч Н.Алтангэрэл “миний мэдэхээр ноднин наадмын дараа хадам аав Б амь хохирогчийг архи уугаад байна гээд нэг загнаж байсан, тэрнээс бол цохиж зодоогүй би өөр хэзээ маргаж байсан талаар мэдэхгүй” гэж, гэрч М.Пүрэвдорж, Х.Очирхуяг нар “үг дуу цөөнтэй дөлгөөн зантай” талаар мөн адил мэдүүлжээ.

Тодруулбал, дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдээр амь хохирогч Б.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан боловч аав Ё.Бболон өөрийн гэр бүлийнхэн, хамт ажлынхантайгаа таарамжгүй харилцаатай байгаагүй нөхцөл байдлууд тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн хувьд хутгыг авснаа санаж байгаа боловч түүнээс хойш хийсэн үйлдэл, болсон явдлын талаар огт санахгүй байгаагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид мэдүүлдэг. Гэвч шүүгдэгч Ё.Б-ы хувьд гэрчүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлснээр түргэн зантай нь тогтоогдохоос гадна гэрч Х.Отгонбаатарын “...Б Б-ыг цохиж зодоогүй гар хүрээгүй, Б Б-ыг нэг удаа мөргөөд би салгаад тайвшраад сууж байгаад хэсэг хугацааны дараа намайг бие засах гээд гэрээс гарах үед хутгалчихсан байсан” гэх мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр Ё.Бы түүний ойр дотны хүн нь бусдын эрхшээл дарамтад орсон, хүндээр доромжлогдсон, хүчирхийлэл, заналхийлэлд өртсөн байдал тогтоогдохгүй,  амь хохирогч шүүгдэгч нарын хооронд удаан хугацааны таарамжгүй байдал үүссэн нотлогдохгүй байхаас гадна шүүгдэгч Ё.Б-ы гэрчийн мэдүүлснээс маргалдаж барьцалдсан байдлыг салгасны дараа хэсэг хугацааны дараа үргэлжлүүлэн гэмт үйлдэл хийсэн байдлыг санаа сэтгэл хоромхон зуур хүчтэй цочрон сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан гэж үзэх  үндэслэлгүй, болсон үйл явдлын өрнөлөөс шүүгдэгчийн гэмт үйлдэл шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүйлчлэлийг өөрчлүүлэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 3 дугаар зүйл “...Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй...”, “Монгол Улсын Үндсэн Хууль”-ийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх “...Амьд явах  эрхтэй...” гэж тус тус заасан бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний амьд явах эрх”-ийг тус тус баталгаажуулсан.

 

Хүнийг алах гэмт хэрэг гэж бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байх бөгөөд энэхүү хүний амьд явах халдашгүй эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

             

            Амь хохирогч Б.Б нь А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн АРХ0625/079 дугаартай дүгнэлтээр “амь хохирогчийн биед цээжний зүүн хөндий, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт, цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн шархны улмаас нас барсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ё.Б нь “чи ажлаа хийхгүй архи ууж гадуур явлаа”  гэх ялимгүй зүйлээр шалтаглан хохирогчийн цээжин тус газарт 1 удаа хутгалж амь нас хохирсон нь шалтгаант холбоотой, түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Ё.Б ы өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогчийн амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул дээрх гэмт хэрэгт түүнийг гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Э.О  нь “шүүгдэгчийг гэм буруутай байна ” гэсэн дүгнэлтийг гаргасан нь хэргийн нөхцөл байдал, шүүхээс гаргасан шийдвэртэй нийцэж байгаа бөгөөд үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас Б.Б-ын амь нас хохирсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А нь “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбарыг өгсөн байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...шүүгдэгч Ё.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 59 хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцуулах...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн,

Шүүгдэгч Ё.Б“гэмшиж байна” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Ё.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх  болон хүндрүүлэх  нөхцөл тогтоогдоогүй гэж үзсэн болно. 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа

гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга, хохирогчид учирсан гэмтлийн шинж зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болохоор заасан.

Тухайн хэргийн хувьд хэдийгээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэсэн хэдий ч уг гэмт хэрэг нь нийгмийн аюул хэр хэмжээ ихтэй, хүний амь явах эрхэд шууд санаатай гэмт үйлдлээр халдаж амь насыг нь хохироосон, амь хохирогчийн насны байдал зэрэг нь гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг ихтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан тухайн зүйлд заасан хорих ялыг багасгаж оногдуулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Шүүгдэгч Ё.Б нь энэ хэрэгт 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ЦХШЗ/28 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хоригдож 30 хоног цагдан хоригдсон, 2 хоног сэжигтнээр баривчлагдсан, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ЦХШЗ/32 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай саналыг хүлээн авахаас татгалзсан, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2025/ШЗ/794 дугаар захирамжаар яллагдагчаар цагдан хоригдсон байна.

Шүүгдэгч Ё.Б2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл,  2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, сэжигтнээр баривчлагдсан 2 хоног нийт 59 /тавин ес/ хоног цагдан хоригдсон хугацааг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэгийг  шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ё.Б-д хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч  овогт Ё-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хэсэгт заасан “хүнийг алах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ё.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б-д оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б-ы баривчлагдсан, цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нь энэ хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх ажлын хэсэгт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ё.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ОРХОНТАМИР

 

                        ШҮҮГЧИД                                           Ч.ЖАРГАЛАН

 

                                                               П.ДОНИДДОЛГОР