Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 202/МА2019/00014

 

2019         07           18                                       202/МА2019/00014

 

Н.Т-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимаас Замын-Үүд сум дахь сум дундын шүүхтэй цахимаар холбогдон хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 137/ШШ2019/00121  дүгээр шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ....... дүгээр баг, ........ дугаар байрны ........ тоотод оршин суух, 19....... онд төрсөн, ........ настай, эрэгтэй, Х овогт Н-ийн  Т /РД:ЕС...10/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ССО-нд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 1314370 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, сэтгэл санааны хохирол 10 000 000  төгрөг, олох байсан орлого 6 450 000 төгрөг гаргуулах, мэдээ тараасан арга хэлбэрээр болон бусад хэлбэрээр няцаалт хийхийг үүрэг болгох тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Г.Б-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т, хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оноос хойш тус сумын ЗДТГ-т соёлын ажилтнаар ажиллаж байгаад шинээр Соёл, спортын төв байгуулагдаж тус төвд жүжиглэх урлагийн багшаар томилогдон ажилласан. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр /бүтэн сайн/ ажлын газраараа ортол сумын ЗДТГ-ын нийгмийн бодлогын дарга М.Б нь ордны даргын өрөөнд сууж байсан. Гэтэл Б нь намайг “даргыгаа элэг барьлаа, энэ хүний цагийг сайн бүртгээрэй” гэх зэргээр өдөөн хоргоож, маргаан үүсгэж, хэл амаар доромжлоод даргын ширээн дээр байсан тавагтай чихэрнээс атгаж аваад нүүр рүү шидэж төрийн албан хаагчид баймааргүй үйлдэл гаргаж, ёс зүйгээ зөрчин танхайрсан. Энэ үед би тавагтай чихэр автал гараас мултраад унаж хагарсан, Батсайхан ч гараад явсан, би тарсан чихрийг түүж янзлаад даргаас уучлалт гуйгаад гарч явсан.

Би тухайн үед даргатай болон өөр хэн нэгэн хүнтэй маргасан асуудал байхгүй, манай байгууллага шинээр зохион байгуулагдсан тул хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, хөдөлмөрийн дотоод журам батлагдаагүй байсан. Маргааш өглөө нь ажилдаа ирэхэд тушаалын хувийг надад танилцуулаагүй атлаа манай дарга Г.Б б/14 дүгээр тушаал гаргаад гадаа самбарт тавьчихсан байсан. Ингэж миний нэр, алдар хүндэд бүдүүлгээр халдсанд гомдолтой байна. Иймд хууль бус б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй үеийн цалин гаргуулах, нийгмийн даатгал төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, Соёл спортын ордны жүжиглэх урлагийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Т нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагчийн хууль бус тушаалаас болж миний бие ажил төрөлгүй, цалин хөлсөөрөө хохирсноос гадна хариуцагчийн буруу үйлдэл буюу гаргасан тушаалаа олон нийтийн самбарт тавьж хувь хүн миний болон гэр бүлийн нэр хүндэд санаатайгаар халдсанаас болж бидэнд сэтгэл зүйн асар их дарамт учирч эвгүй байдалд орсон. Ажлаас халсан тушаалыг самбарт байршуулсан өдөр дуучин Чулуунчимэгийн тоглолт болох гэж байсан болохоор хүний хөдөлгөөн их байсан, гэтэл хариуцагч ажлаас халсан тушаалаа тоглолт болж буй газрын мэдээллийн самбарт байрлуулж миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг санаатайгаар гутааж сэтгэл санааны хохирол учруулсан гэж үзэж байгаа тул хариуцагчаас сэтгэл санааны хохирол болох 10 000 000 төгрөг нэхэмжилж байна.

Мөн Замын-Үүд суманд анх удаа насанд хүрэгчид болон хүүхдүүдэд зориулсан “Хошин шог”-ийн хөтөлбөр бэлдэж байсан бөгөөд хүүхэд 2500 төгрөг, насанд хүрэгчид 8000 төгрөгөөр төлбөрийг тооцож, 1, 2, 3-р сургууль тус бүр 300 хүүхэдээр бодохоор  750 000 төгрөг, 3 сургуулиар бодоход 2 250 000 төгрөг, насанд хүрэгчид 400 хүний 8000 төгрөгөөр бодоход 3 200 000 төгрөг олох байсан. Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч надад цалин хөлснөөс гадна, олох ёстой байсан орлого, сэтгэл санааны хохирол буюу нийт 16 450 000 төгрөгийн хохирол учирсан тул учруулсан хохирлуудыг гаргуулж, мэдээ тараасан арга хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг хариуцагчид үүрэг болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Замын-Үүд сумын Соёл, спортын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байна. Нэхэмжлэл гаргагч Н.Т нь манай байгууллагад жүжиглэх урлагийн багшаар 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн томилогдон ажилласан. 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Цэргийн гавъяаны одонт, Хилийн цэргийн 0108 дугаар ангийн дуучин, хошууч Ц.Бат-Эрдэнийн “Эх орны төлөө” бие даасан тоглолт 19 цагт болсон. Тоглолтын бүрэлдэхүүн өглөө 10 цагт манай байгууллагын урлагийн тайзан дээр бэлтгэлтэй гээд ирэхэд хөгжим, техник гэрэлтүүлгийн ажилтан Л.Х ажлын шугамаар БНХАУ-ын Эрээн хотруу явсан байсан. Өдрийн 14 цагийн үед тоглолтын бэлтгэл хийгдэх байсан тул би Н.Т руу утсаар ярьж: “та ажил дээрээ ирээд хөгжим хэрэгслийг асаагаад өгөөч, чадахгүй ч гэсэн энэ хүмүүсийн хажууд нь хараад байж баймаар байна” гэж хэлэхэд Т багш: “би хүлээн авалттай байна, очиж чадахгүй” гэж хариулсан, би: “би таныг чөлөөт уран бүтээлчдийн нэгдлийн Цэргийн баярт зориулсан тоглолтонд оролцож байгаа гэхэд чинь хэд хоногийн чөлөө олгосон, өчигдөр тэр тоглолт дууссан, та манай байгууллагын үндсэн ажилтан тул шаардлагатай үед дуудлагаар ирж ажиллах үүрэгтэй, энэ жил орон тоо цөөтэй тул чадах чадахаараа шаардлагатай тохиолдолд 1 хүн 2 ажил зэрэг гүйцэтгэж байгааг та надаар хэлүүлтгүй мэдэж байгаа шүү  дээ” гэхэд Т багш: “чи намайг халахгүй юу пизда минь” гэж хэлээд утсаа тасалсан. Дараа нь бүжгийн Энхтүвшин багшийг дуудсан. 10 минутын дараа Х ирээд хөгжим, техникээ ажиллуулсан. Орой 21 цаг өнгөрч байхад Н.Т багш манай өрөөнд шал согтуу орж ирсэн. Би албан өрөөндөө Гаалийн улсын байцаагч Бат-Сэнгээ түүний эхнэр мөн Гаалийн улсын байцаагч Баасансүрэн, Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын тасгийн дарга Батсайхан нарын хамт ажил ярилцан сууж байсан. Тэр үед Н.Т багш согтуу гаднаас орж ирэн “Гаалийн байцаагч энд юу хийгээд сууж  байгаа юм, Сэнгээ гараад ир, уулзъя” гээд дагуулаад гарсан. Б гуай эргэж орж ирээд эхнэр болон Б гуайн хамт манай өрөөнөөс гараад явахад зөрөөд Т багш орж ирсэн. Тэгээд Б дарга руу шууд дайраад “чи миний цагийг бүртгэж бай гэж жижүүрүүдэд үүрэг өгсөн байна лээ, чи манай байгууллагын дотоод асуудалд оролцдог хэн бэ, чиний дарга гэж юу байсан юм, чи юу хийсэн юм бэ” гэх мэтэр үгээр дайрч давшилж байсан. Хариуд нь Батсайхан дарга: “Би энд ажил ярих гэж дөнгөж сая орж ирлээ. Өнөөдөр амралтын өдөр ч гэсэн танай байгууллага дээр ажил явагдаж байна. Ордны ажилчид та нарын хувьд одоо ажлын цаг шүү дээ” гэж хэлэхэд Т “чамд ямар хамаатай юм бэ, муу хар авгай, гөлөг минь” гэх мэтээр доромжилсон үг урсгаж, түй май гээд салаавч гаргасан. Батсайхан дарга: “чи намайг гөлөг нохойгоор нь дууддаг хэн бэ” гээд тавагтай чихэрнээс базаж аваад Т  багшийн нүүр рүү цацсан. Гэтэл “чи муу яаж байнаа” гээд тавагтай чихрийг аваад цохих гэхэд нь Батсайхан дарга босч ирээд гарыг нь түлхтэл тавагтай чихэр газар унаж хагарсан. Тэгээд би “таны хэрэг гараад дуудахаар ажилдаа ирэхгүй байсан байж яагаад ажлын байранд согтуу ирэн, амгалан тайван байдал алдагдуулаад байгаа юм бэ, та хоёр ахмад настай хүмүүс, дээрээс нь нэг албан байгууллагад хамт ажиллаж байсан хүмүүс байж ичдэггүй юм уу, одоо больцгоогооч, энд ажил явагдаж байна” гэхэд Т багш: “дарга нь юм байж ажилтнаа өмөөрөхгүй байна” гэж хэлсэн. Би хариуд нь: “таны наад хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээс яг юуг нь өмөөрөх ёстой вэ, та орж ирэнгүүтээ мэндийн зөрүү ч үгүй ажил ярилцаж байсан хүмүүсийг үргээж гаргаад үлдсэн хүмүүст нь агсам согтуу тавьж, муу муухай хараалын үгээр бусдыг доромжилж, харгис хэрцгий, балмад авир гаргаж байгааг чинь хараад таныг яаж өмөөрөх юм бэ, одоо цагт хүнийг доромжлох нь зөрчлийн хуулиар хариуцлага хүлээдэг болсон шүү дээ, та одоо харьж амар. Энд ажил явагдаж байна” гэж хэлсэн. Батсайхан дарга Т багшид хандан: “Арай ч дээ чи ингэж авирлах нь байтугай зөв үлгэр дуурайлал үзүүлээд, түшиг тулгуур болоод явж байх хүн байж ингэж ч явах гэж дээ” гэж хэлээд гарсан. Т багш надтай үлдээд хагарсан тавгийг цуглуулж тавиад “Ахыгаа уучлаарай, би өдрийн болсон явдалд уучлалт гуйх гээд ирэхэд энэ авгай сууж байхаар нь гэнэт уур хүрээд ийм зан гаргачихлаа, өдөр Хуягаад уурласан уураа чамд гаргачихжээ” гэж хэлээд явсан. Маргааш нь 2019 оны 03 сарын 18-ны өдөр Даваа гараг байсан. Би гадуур ажилтай явж байгаад 10 цагийн үед ажил дээрээ ирэхэд Т багш согтуу байдалтай бусад гадны хүмүүсийн хамтаар үүдний коридорт надтай зөрөөд гарсан. Би жижүүр ажилтай Н.Б-тай хамт жүжиглэх урлагийн танхимд буюу Т багшийн сургалтын өрөөнд ороход архи, тамхины үнэр ханхалж, хогийн саванд нь татсан тамхины иш, тамхины хайрцаг, Кока кола ундааны сав байсан, ажлын ширээний шургуулганд нь 0,5 л Экс нэртэй архины шил, 1 удаагийн аяга тус тус байсан.

Манай байгууллагын дотоод журмын 8.4.2 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 5.5.3 дахь заалтанд ажлын цаг, ажлын бус цагаар ажлын байранд, албан үүргээ гүйцэтгэхдээ согтууруулах буюу мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирэх, тэдгээрийг дамжуулах, худалдан борлуулах нь ноцтой зөрчил гэж үзэн ажил олгогчийн саначилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохиролцсон байдаг. Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 01 дүгээр албан даалгавар болон Засгийн газрын 2018 оны Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар Н.Тыг жүжиглэх урлагийн багшийн ажлаас нь чөлөөлсөн болно. Иймд нэхэмжлэгч Н.Тын нэхэмжлэл үндэслэлгүй тул цуцалж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 511 дүгээр зүйлийн 511.2-д зааснаар Н-ийн Т-ыг Дорноговь аймаг, Замын-Үүд сумын Соёл, спортын ордоны жүжиг заах арга зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоож, энэ тухай ажлаас чөлөөлсөн тушаалыг нийтэд тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагчид үүрэг болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох сэтгэл санааны хохирол 10 000 000 төгрөг, олох байсан орлого 6 450 000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Дорноговь аймаг, Замын-Үүд сумын ССО-оос ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалин 1 314 370 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Т-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Т-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Дорноговь аймаг, Замын-Үүд сумын Соёл, спортын ордонд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн шүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, сэтгэл санааны хохирол, олох байсан орлого нэхэмжилсэн үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 246579 төгрөг гаргуулж улсын орлого болгож,

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,  

Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Б давж заалдсан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Н.Т нь ... тус байгууллагад ажилд орсон цагаасаа эхэлж эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй, үр бүтээлгүй хандаж байгууллага дээр ажлын цагаар болон ажлын бус цагаар удаа дараа архидан согтуурах, ажилдаа ирэхгүй, олон цаг өдрөөр таслах, дуртай цагтаа ирж, дуртай цагтаа явах, ажлын цагаар цаг бүртгэлд бүртгүүлдэггүй, өөрийгөө энэ байгууллагад ирэхдээ ЗДТГ-аас томилогдон ирсэн учраас надад Соёл, спорт ордоны удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгавар ямар ч хамаагүй хэмээн жижүүр болон туслах ажилчдад байнга ярьж ойлгуулахыг хичээдэг. Тус байгууллага нь Замын-Үүд сумын хэмжээнд тоглогдох соёл урлаг, спортын бүхий л тоглолт, нийтийг хамарсан үйл ажиллагаа зэрэг арга хэмжээг зохион байгуулах ажлыг хийж явуулдаг бөгөөд тус ажлыг зохион байгуулах үеэр ажилдаа ирэхгүй, утсаар дуудуулж байж зохион байгуулагдаж байгаа арга хэмжээ дуусах шатанд ирж үзэгдээд явдаг, энэ байдал нь хэтэрч тус ордонд зохион байгуулагдаж байгаа олон нийтийн арга хэмжээний үед архидан согтуурсан байдалтай ирж гадны хүмүүсийн хажууд удирдлагын өрөөнд зөвшөөрөлгүй орж ирэн агсам согтуу тавьж, эд хогшил эвдэн сүйтгэж, хараалын үг хэлж салаавч гарган балмад авирлах зэрэг нь байгууллагын нэр хүндэд ноцтой нөлөөлж сум орон нутгаас явуулж буй үйл ажиллагааг уналтад оруулж байгууллагын нэр хүндэд ноцтой хор уршиг учруулж байсан юм. Мөн Н.Т багш нь тус байгууллагын эд хөрөнгийг хариуцан ажиллаж байх хугацаандаа хувийн ашиг хонжоо олох зорилгоор өөр байгууллагад ашиглуулан байгууллагын эд хөрөнгийг ажиллагаагүй болгож байгууллагад эд материалын хохирол учруулсан. Энэ байдал нь соёл урлагийн байгууллагад багшаар ажиллах хүний ёс зүйд нийцэхгүй тул түүнийг ажлаас халах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Тус ордоны жүжиглэх урлагийн багш Н.Тын тус ажил албан тушаалд тэнцэхгүй байх шалтгаан: 1. Н.Т нь төрийн албан хаагчаар тус байгууллагад ажилд орохдоо хувийн хэрэг гэх нэг ч зүйл өгөөгүй бөгөөд ямар сургууль төгссөн, ямар мэргэжилтэй болох нь одоог хүртэл тодорхойгүй нь тус албан тушаал дээр ажиллахад тэнцэхгүй байгаа байдлыг илтгэж байна.

2. Эрхэлсэн ажилдаа үр бүтээлгүй, санаачилгагүй, хариуцлагагүй ханддаг.

3. Ажлын цагийг шалтгаангүйгээр маш олон цагаар тасалдаг. Жишээ нь 2019.02 сарын цагийн бүртгэлээр нийт 136 цаг ажиллах байтал 48 цаг ажилласан байдаг. Уг байгууллага нь цалингаа сард нэг удаа сар бүрийн 20-25-ны өдрийн аль нэг өдөр олгодог бөгөөд сүүлийн 5-7 хоногийн цалинг ажилласанд тооцон 7 хоногийн 8 цаг нийт 56 цагийн цалинг нэмж олгосон боловч ажилдаа ирээгүй. 136 цагаас 104 цагийг ажилласанд тооцоод ч зөвхөн ганцхан сард л гэхэд 23 цагийн таслалттай. Энэ нь цагийн бүртгэлээр нотлогдоно.

4. Хөдөлмөрийн гэрээтэй танилцаж, гарын үсэг зур, хувийн хэргийн материалаа бүрдүүлж өгөөрэй гэж удаа дараа үүрэг өгөхөд санаатайгаар биелүүлээгүй байж ажлаас халагдсаны тэтгэмж авахад хэрэг болоод байна гээд хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан.

5. Байгууллагад нийгмийн даатгалын дэвтрээ авчирч өгөөгүй. Огт үзүүлж байгаагүй, улсад 27 жил ажилласан гэж ярьдаг юм билээ. Үнэхээр 27 жил ажилласан хүн бол удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх байсан. Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурах үүрэгтэй гэдгээ ухамсарлах байсан.

6. Хөдөлмөрийн гэрээнд санаатайгаар гарын үсэг зурахгүй байж бүхэл бүтэн 3 сарын турш цалин аваад явна гэдэг нь өөрөө байгууллагыг хохироож, улсаас мөнгө завшсан шинж чанартай үйлдэл гэж үзэж байна.

7. Мөн дотоод журам хэлэлцэж, батлахад зөвшөөрч гарын үсэг зурсан байж дотоод журам батлаагүй гэж худлаа мэлзсэн, удаа дараа архи уусан байж огт архи уугаагүй гэж худал мэдүүлэг өгсөн. Энэ  асуудалд ямар ч холбогдолгүй 10 гаруй хүнийг гэрчээр оролцуулж худал мэдүүлэг өгүүлсэн.

8. Анх ажилд орохдоо ажлын байрны тодорхойлолтод зааснаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөвлөгөө боловсруулж, батлуулах байсан боловч батлуулаагүй.

9. 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗДТГ-аас санаачилж тус Соёл, спортын ордоноос зохион байгуулсан  сумын хэмжээний “Хүүхэд эцэг эхчүүдийн оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулахад хөтлөгчөөр ажиллах байсан боловч тухайн өдөр ажилдаа ирээгүйн улмаас байгууллага дээр ЗДТГ-аас хариуцлага тооцсон. Энэ байдал уг байгууллагын бүх ажлыг эсэргүүцсэн үйлдэл нотлогдож байна.

10. Ажиллаж байх хугацаандаа ганц ч удаа жүжгийн дугуйлан хичээллүүлж байгаагүй, эрхэлсэн ажилдаа үр бүтээлгүй, хариуцлагагүй хандсан.

11. 2019.03.17-ны өдөр олон нийтийн арга хэмжээ болсон бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, ажилдаа ирэхгүйн зэрэгцээ хэл амаар доромжлон хараалын үгээр харааж, бүдүүлэг авирласан. Өдөр нь ажлаа хий гэж дуудаад байхад ажилдаа ирээгүй байж орой 21 цаг өнгөрч байхад олон нийтийн арга хэмжээтэй үед согтуу ажлын байранд ирэн удирдлагын өрөөнд ажил ярилцан сууж байсан хүмүүсийг үргээн гаргаж, Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын тасгийн даргыг хэл  амаар доромжлон  агсам согтуу тавьж, эд хогшил эвдэж, салаавч гарган, хэрцгий балмар авирлан танхайрсан,

12. 2019.03.18-ны өдөр ажлын байранд архидан согтуурсан гэсэн үндэслэлээр Н.Тыг ажлаас халах болсон шалтгаан нь төрийн албан хаагч тэр дундаа соён гэгээрүүлэх ажилд томилогдсон, соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах төрийн үйлчилгээний байгууллагын соёлын ажилтан хүнд байж боломжгүй олон алдаа дутагдлыг гаргасан учир ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн.

13. Мөн Н.Т нь тус ордоны эд хөрөнгө болох утаа гаргагч аппаратыг хувийн ашиг олох зорилгоор бусдад дамжуулсан байсныг 2019.05.23-ны өдөр байгууллагаас эд хөрөнгө тоолж хүлээлцэх явцад мэдсэн бөгөөд 2019.05.24-ний өдөр олж авсан, одоо уг хөрөнгө ажиллагаагүй болж байгууллагад 614160 төгрөгийн хохирол учраад байгаа зэрэг зүйлүүд нь Н.Т нь тус байгууллагад ажиллах ёс зүйн хувьд нийцэхгүй гэдэг нь харагдаж байна. Иймд ажлаас халсан тушаалыг хэвээр үлдээж, Сум дундын шүүхийн 121 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т нь сумын ССО-д жүжиглэх урлагийн багшаар ажилласан боловч ажилласан цагаасаа эхлээд Соёл спортын ордны удирдлагыг маш олон байдлаар эсэргүүцдэг. Түүний нэг жишээ гэхэд 2019 оны 02 сард 136 цаг ажиллах байтал Т нь 48 цаг ажилласан байгаа нь тухайн ажлыг хийх ямар ч сонирхолгүй байгаа нь харагдаж байгаа. Соёл спортын ордны ямар ч үүрэг даалгавар өгсөн бай түүнийг хийхгүй. Мөн архи ууна. Архи уухаараа агсам согтуу тавина. Тэр нь даамжраад удирдлагынхаа өрөөнд орж агсам тавьсан байдаг. Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нь Соёл спортын ордны удирдлагын өрөөнд байхад нь Т орж агсам согтуу тавьсан байгаа байдал нь удирдлагаа үл тоодог, дээрэлхдэг, элэг барьдаг нь харагдаж байгаа юм. Энэ хүнийг цаашид ажиллуулах боломжгүй гээд ажлаас халсныг миний хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Тын хувьд байгууллага дээр зохион байгуулдаг ажилд оролцдоггүй. Өмнө нь ажиллаж байсан газрын тодорхойлолт байхгүй, төрийн албан хаагчийн анкет, хувь хүний намтар, мэргэжлийн диплом, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, ажилд орохыг хүссэн өргөдөл бүгд байхгүй. Хөдөлмөрийн гэрээг 2019.03.21-ний өдөр байгуулсан гээд байгаа. Ажлаас халагдсан тэтгэмжээ авахын тулд хөдөлмөрийн гэрээндээ гарын үсэг зурсан байсан. Мөн байгууллагын эд хөрөнгийг бусдад ашиглуулсан. Замын-Үүд сумын чөлөөт уран бүтээлчдийн нэгдэл ТББ-д ашиглуулаад, байгууллагад 600 000 гаран төгрөгийн хохирол учруулчихсан. Тиймээс ажлаас халсан нь үндэслэлтэй. Хариуцагчаас гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Н.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг унагах гэж зохиож бичээд, аймаг, сумын Засаг дарга нарт хүртэл миний нэр хүндийг унагаж байгаад гомдолтой байна.  Намайг байнга архи уудаг гэсэн байна, би 2018 оны 09 сараас хойш архи амсаагүй, үүнийг манай хамт олон, гэр бүлийнхэн бүгд мэдэж байгаа. Дорноговь аймагт анх удаа уран сайханы кино хийх гээд сум, орон нутгийн удирдлагуудтай уулзаад, мөн анх удаа хүүхэд, том хүнд зориулсан хошин шог хийх гээд ажил ихтэй байсныг Б сайн мэдэж байгаа. Намайг нэг ч ширээ, сандалгүй өрөөнд оруулчихаад ажил хийхийг шаардсан, харин ч би өөрөө ажил хийхийн тулд ширээ, сандал олж ирж тавиад хүүхдүүдтэйгээ тэнд байсан гэдгийг бүгд л мэдэж байсан. Хавтаст хэрэгт цагийн бүртгэл гээд өгсөн байна лээ. 2 сард Дорноговь аймагт тэмээний баяр болоод, түүнийг би хөтлөөд хөдөө яваад ирэхэд ажиллаагүй байна гэсэн. Тухайн үед нь би танд хэлсэн, ийм кино, хошин шог хийж байгаа гэдгийг өөрөө мэдэж байсан. Намайг жижүүртээ хэлээд явж байгаарай гэсэн. Аппаратны хувьд Хуягбат гэдэг хүн тэр бүх тоног төхөөрөмжүүдийг хариуцдаг. ССО ашиглалтанд ороогүй байхад төмөр замын соёлын ордонд бүх арга хэмжээгээ явуулдаг байсан. Түүн дээр хамтарч ажилла гээд Засаг дарга хэлсэн байгаа. Тэгээд Хуягбатад хэлээд жижиг аппарат хоёрыг  тавьчих. Нөгөө аппаратыг нь төмөр замын соёлын төвд түр ашиглая, шинэ жилээр түр солиод хэрэглэе тэх үү гэж эд хариуцагчаас нь хэлээд авсан. Тэр нь эвдрээгүй. Шингэн хийгээд тогонд залгаж халааж байгаад ажилладаг. Очоод авахдаа эд хариуцагч Хуягбатыг дагуулж очоод шалгуулаад авахгүй байж байхгүй хойгуур нь нярав очиж аваад ажиллахгүй байна гэсэн асуудлыг яриад байгаа. Бичиг баримтын хувьд би бүрдүүлж өгсөн. Өмнө нь би төрийн захиргааны байгууллагад ажиллаж байсан. Манай гэр шатаад хамаг бичиг баримтаа шатаачихсан юм. Дипломоос бусдыг нь бүгдийг бүрдүүлээд өгчихсөн байсан. Тэтгэмж авах гээд гэрээн дээр гарын үсэг зурсан гэх юм. Би тушаалаа авъя гэхэд та энэ дээр гарын үсэг зур гэсэн. Ер нь бол хөдөлмөрийн гэрээг хөрсөн дээрээ буулгаж байж гарын үсэг зуруулна л гэсэн. Хөдөлмөрийн гэрээ хавтаст хэрэгт байгаа. Засаг даргын тамгын газрын гэрээг тэр чигт нь Батдулам гэдэг нэрийг Б болгоод санд мэнд болгож гаргаад надаар гарын үсэг зуруулсан байгаа. Тэр хөдөлмөрийн гэрээг 2019.03.21 гэж бичсэн. Нөгөө хувьд нь өөрийнх нь бичсэн балаар нь гарын үсгийнх нь ард 21 гэж бичсэн. Засаг даргын тамгын газраас ирсэн он саргүй гэрээтэй усны дусал шиг адилхан байгаа. Би дараа нь энэ гэрээнүүдийг хуулбарлан авсан. Нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж авахад хөдөлмөрийн гэрээ хэрэг болдоггүй гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Учир мэддэг хүмүүс байж хүний нэр төрийг унагах гэж янз янзын зохиол бичээд байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. 2019.03.18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй 4 сар болж байна. Энэ чинь хүний л амьдрал. Өр зээлтэй байдаг. Тийм учраас энэ хугацааны цалин болох 2 628 740 төгрөгийг гаргуулж, нэр хүндэд алдсан тушаалаа хүчингүй болгож, олон нийтэд тараасан хэлбэрээр буюу бусад хэлбэрээр няцаалт хийхийг хүсч байна гэв.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёл, спортын ордонд холбогдуулан ажлаас буруу халсан болохыг тогтоож, тус ордоны жүжиглэх урлагийн багшийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж,  нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл /гомдол/ гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажлаас халсан тушаалыг мэдээллийн самбарт байрлуулж ажил хэргийн нэр хүнд болон нэр төр гутаасны сэтгэл санааны хохирол 10000000 төгрөг, дугуйланд суралцагчдын төлбөр буюу олох ёстой байсан орлогод нийт 6450000 төгрөг, нийт 16450000 төгрөг гаргуулж, мэдээ тараасан арга хэлбэрээр болон бусад аргаар няцаалт хийхийг хариуцагчид үүрэг болгохоор нэхэмжилжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёл, спортын ордоны дарга Г.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хөдөлмөрийн гэрээ байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажлын цаг, ажлын бус цагаар ажлын байранд, албан үүргээ гүйцэтгэхдээ согтуурсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар шийдвэрлэсэн гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг хэрэглэж нэхэмжлэгч Н.Тыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёл, спортын ордоны жүжиг заах арга зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаалыг нийтэд тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагчид үүрэг болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх сэтгэл санааны хохирол 10000000 төгрөг, олох байсан орлого 6450000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажлаас буруу халсан үеийн олговорт 1314370 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч “... хувийн хэрэг, ... боловсролын диплом гэрчилгээ зэрэг нэг ч баримт бүрдүүлж өгөөгүй нь ... ажилд тэнцэхгүй, эрхэлсэн ажилдаа үр бүтээлгүй, санаачилгагүй, хариуцлагагүй ханддаг, ... ажил тасалсан, ... хэрцгий балмад авирласан,... хөдөлмөрийн гэрээнд санаатайгаар гарын үсэг зураагүй, ... гэрчээр худал мэдүүлэг өгүүлсэн, ... Н.Т нь тус байгууллагад ажиллах ёс зүйн хувьд нийцэхгүй ... тул ажлаас халсан тушаалыг хэвээр үлдээж, ... шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

            Давж заалдах шатны шүүх хариуцагчийн  төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл  анхан шатны шүүх маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Нэхэмжлэгч Н.Тыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёл, спортын ордоны даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5.3-т заасныг үндэслэн “... хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг ноцтой зөрчсөн алдаа дутагдал гаргасан ...” гэж үзэж ажлаас халжээ.

            Хэрэгт цугларсан нотох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Тыг хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёл, спортын ордоны эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/02 дугаартай тушаалаар /хх-41/ тус байгууллагад жүжиг заах арга зүйн багшийн албан тушаалд томилсон байх боловч түүнтэй ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг тухайн цаг хугацаанд хуульд заасан нөхцөл журмын дагуу байгуулаагүй болох нь тогтоогдсон байна.

Энэ талаар анхан шатны шүүх “... хөдөлмөрлөх эрхийг дуусгавар болгосны дараа хөдөлмөрийн гэрээн дээр нөхөж гарын үсэг зуруулсан нь хууль зүйн үндэслэлгүй ... буюу хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

            Тодруулбал хэрэгт 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр огноолсон зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ /хх-43, 102/ авагдсан байх хэдий ч уг гэрээг нэхэмжлэгч Н.Т нь ажлаас халагдсаны дараа гарын үсэг зурж баталгаажуулсан талаар тайлбар гаргасныг хариуцагчийн төлөөлөгч үгүйсгээгүй ба анхан шатны шүүх энэ талаарх зохигчдын тайлбар, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар ажилтан нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн нь түүнд сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болох бөгөөд нэгэнт талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч Н.Тыг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

            Түүнчлэн ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэж хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байх боловч зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу байгуулагдаагүй тул нэхэмжлэгч Н.Тыг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

            Энэ нь анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Тыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёл, спортын ордоны жүжиг заах арга зүйн багшийн албан тушаалд эгүүлэн томилж, ажлаас буруу халсан үеийн олговрыг нөхөн олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, мөн нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалыг нийтэд ил самбарт байршуулсан нь түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж нэр төрийг гутаасан гэж дүгнэж, улмаар нийтэд тараасан хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагчийн төлөөлөгчид үүрэг болгосон нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т нийцжээ.

            Мөн анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзэж сэтгэл санааны хохирол 10000000 төгрөг, олох байсан орлого 6450000 төгрөг, нийт 16450000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Хариуцагчийн төлөөлөгч нь давж заалдсан гомдолдоо нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд санаатайгаар гарын үсэг зураагүй буюу хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй явдалд нэхэмжлэгчийг буруутай гэж дурдсан байх боловч ийнхүү нэхэмжлэгч санаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүйн гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах нь ажил олгогчийн үүрэг байхаар зохицуулсан тул үүнд нэхэмжлэгчийг буруутай гэж үзэх үндэслэлгүй юм.

            Улмаар хариуцагч нь давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч Н.Тыг ... хувийн хэрэг, ... боловсролын диплом гэрчилгээ зэрэг нэг ч баримт бүрдүүлж өгөөгүй нь ... ажилд тэнцэхгүй, эрхэлсэн ажилдаа үр бүтээлгүй, санаачилгагүй, хариуцлагагүй ханддаг, ... ажил тасалсан, ... хэрцгий балмад авирласан, ... ёс зүйн хувьд нийцэхгүй  зөрчил дутагдал гаргасан гэх боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар энэ талаар тогтоогдож нотлогдсон зүйлгүйн гадна эдгээр нь нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болсон эсэх нь тодорхойгүй болно.

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүйгээс дурдсан зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээнд заасан болон гэрээг цуцлах үндэслэл болгох сахилгын зөрчил болох нь тогтоогдоогүй, мөн хувийн хэрэг, ... боловсролын диплом гэрчилгээ баримтгүй, ажилд тэнцэхгүй гэх үндэслэлийн талаар зохигчид анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халаагүй байна.

            Хариуцагчийн хүсэлтээр 2019.05.10 /хх-75/, 2019.05.28 /хх-171/, гэрч Б.Батсайхан /хх-86/, Ё.Эрдэнэцогт /хх-89/, Н.Баттулга /хх-83/, Р.Мөнхзаяа /хх-225/, И.Чулуунаа /хх-224/ нараас,

            Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2019.05.17 /хх-96/ гэрч Ц.Д /хх126/, Т.Б /хх-128/, Ж.А /хх-130/, Ж.А /хх-132/, П.Г /хх-134/, Л.Х /хх-136/, Э.С /хх-138/, Т.С /хх-142/, Н.Б /хх-161/, А.С /хх-168/ нараас тус тус гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд эдгээр гэрчүүд нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Замын-Үүд сумын ССОд хариуцагчийн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгч Н.Т нарын хооронд болсон асуудал болон нэхэмжлэгч Н.Тыг ажлын байранд согтууруулах ундаа архи хэрэглэсэн эсэх, мөн хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг хэзээ байгуулсан талаарх үйл баримтыг нотолжээ.

            Эдгээр гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлбэл гэрч Б.Б-аас бусад гэрчүүд нэхэмжлэгчийг ажлын байранд ажлын цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг нотлоогүй, мөн нэхэмжлэгч Н.Ттай ажил олгогч хөдөлмөрийн гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулж, улмаар хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүрэг гүйцэтгүүлсэн гэж үзэх нөхцөл байдлыг нотлоогүй байна.

            Эндээс үзэхэд эдгээр гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй нөхцөлд тэдний мэдүүлгийг худал гэж үзэх үндэслэлгүй бөгөөд ийнхүү дээрх гэрчүүдийг  худал мэдүүлэг өгсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт дор дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Үүнд анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг хэрэглэхдээ ”Иргэний хуулийн” гэж хуулийн нэрийг орхигдуулсан тул энэ үндэслэлээр шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 137/ШШ2019/00121  дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “... 511 дүгээр зүйлийн ...” гэсний өмнө “Иргэний хуулийн” гэж, ард нь “511.1” гэж тус тус нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Г.Бгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёл, спортын ордон нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                           ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

                                                                                             Н.БАТЧИМЭГ