| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2017/0242/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/227 |
| Огноо | 2017-08-31 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2017/ШЦТ/227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,
Улсын яллагч П.Итгэл,
Иргэний нэхэмжлэгч Б.Наранбаатар,
Шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-од холбогдох эрүүгийн 1738000000004 тоот хэргийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.М-,
Шүүгдэгч Б.М- нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ... тоот хашаанаас иргэн Г.Х-гийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.М- нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ... тоот хашаанаас иргэн Г.Х-гийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Г.Х-гийн: “...2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр би эхнэрийнхээ хамт өөрийн Мустанг-5 маркийн мотоциклиор Мөрөнд ирсэн. Мөрөнд ажил хөөцөлдөж хоёр хоносон. Манай Мөрөнд байдаг нэг гэр маань Мөрөн сумын 14 дүгээр багийн ... тоотод байх дүү Д-н хашаанд байдаг юм. 2017 оны 6 дугаар сарын 17-ны өглөө 10 цаг болж байхад захаар хүнс бараагаа цуглуулахаар ороод явж байгаад буцаад ирсэн чинь манай хашаан дотор байх гэрийн баруун талд тавьсан байсан миний мотоцикль алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Б.Н-ын: “...2017 оны 6 дугаар сарын сүүлээр л юм. Өдрийг нь яг сайн мэдэхгүй байна. Би нэг өдөр Мөрөн сумын 5 дугаар багт байрлах хүнсний зах дээр явж байтал Б.М- гэдэг залуу нэг таксинд суугаад явж байснаа намайг хараад ирж зогсоод аав маань нас барчихлаа, надад мөнгө хэрэгтэй болчихлоо 100.000 төгрөг зээлээч гэхээр нь би надад зээлэх мөнгө байхгүй гэсэн чинь тэгвэл оронд нь нэг мотоцикль барьцаанд үлдээчихээд 2 хоногийн дараа авъя, би мотоциклио танай хашааны үүдэнд аваачаад тавьсан байгаа гэхээр нь би за гээд Б.М-ын хамт гэртээ ирсэн. Тэгээд гэрээсээ Б.М-од 100.000 төгрөг бэлнээр нь өгөөд хашааны үүдэнд байсан ногоон өнгийн мотоциклийг хашаа руугаа оруулж тавьсан. Үүнээс 2-3 хоногийн дараа Б.М- ирээд мөнгө олж ирээд авнаа, та байлгаж байгаарай гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр би голын зах дээр зүс таних хоёр ахтай хамт архи ууж байгаад 14 цагийн үед 9 дүгээр хороонд байдаг Хишигээ ахын гэр рүү ганцаараа алхаад явсан. Би алхаж явсаар байгаад 15 цаг өнгөрч байхад Х- ахын гэрт нь очсон чинь Х- ах гэртээ байхгүй байсан. Гэрийнх нь зүүн талд нь өөрийнх нь мотоцикль байхаар нь ороод мотоциклийг нь аваад гарсан. Би мотоциклийг нь маниулаар нь гишгэж асаагаад 2 дугаар 10-н жилийн арын гудамжинд байдаг ченж Б- ахын гэрт ирсэн чинь Б- ах байхгүй байхаар нь мотоциклио хашааных нь үүдэнд үлдээчихээд такси аваад зах дээр Б-р ахтай уулзсан. Тэгээд Б-р ахад мотоциклио Б- ахад барьцаанд тавих болоод Б- ахтай хамт гэрт нь ирээд 100.000 төгрөг авсан. Би мөнгөөрөө архи уугаад дуусгасан. Тэгээд нэг их удалгүй цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 21-22 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Хохирогч Г.Х- нь мотоциклио эрж хайсны зардалд 50.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, хохирлын тооцоог хийх боломжгүй байх тул дээрх зардлаа иргэний журмаар шүүгдэгч Б.М-оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах, харин шүүгдэгч Б.М-оос 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Наранбаатарт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М- нь урьд ял шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-46 дугаар хуудас/-аар тогтоогдож боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 1738000000004 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.М-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-од хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засахыг үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.М-оос 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Н-т олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Х- нь хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН